Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01508

 

Б.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1639 дугаар магадлалтай,

Б.Дын нэхэмжлэлтэй

““З Т Н”” ОНӨААТҮГ-т холбогдох

Тэтгэмжийн зөрүү 11 547 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““З Т Н”” ОНӨААТҮГ нь автобус-1, автобус-3, Цахилгаан тээвэр гэсэн 3 баазыг нэгтгээд нэг байгууллага болгосноос бий болсон. Нэхэмжлэгч Б.Д нь тухайн үед нэгдүгээр баазад ажиллаж байгаад ““З Т Н”” ОНӨААТҮГ-т очиж ажилласан. 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар анх ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан. Хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зааснаар 12 сарын тэтгэмж олгох ёстой байтал 3 сарын тэтгэмж олгосон учраас олгогдоогүй сарын тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сарын дундаж цалинг нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 1 783 530 төгрөгийг 12 сараар үржүүлээд 21 402 444 төгрөгийг олгох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцсон байгаа тул одоо 7 589 594 төгрөгийг нэмж нийтдээ 19 137 444 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Б.Д нь манай байгууллагад 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар ажилд орсон бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өөрөө хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэхэмжлэгч Б.Дт 3 сарын цалин, хөлстэй тэмцэх хэмжээний 3 387 775 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч талын үндэслээд байгаа хамтын гэрээ нь Автобус нэгдүгээр бааз болон түүний дэргэд ажилладаг Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 1 жилийн хугацаагаар байгуулсан гэрээ юм. 2014 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 дугаар захирамжаар Автобус-1 татан буугдаад ““З Т Н”” ОНӨААТҮГ болж өөрчлөгдөн байгуулагдсан. Ийм учраас дээрх хамтын гэрээг мөрдөхгүй, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө, 14 дүгээр зүйлийн 14.2-т аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу шинээр хамтын гэрээ байгуулах асуудлыг үйлдвэрчний байгууллагад ярилцаад тодорхой асуудалд хүрч чадаагүй учраас хамтын гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр Б.Дын 12, 11, 10 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй, мөн хоол унааны бүх мөнгө, амралтын цалин гэх зэргийг дэлгэрэнгүй гарч ирсэн. Үүнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дэх хэсэгт ажилтны хөнгөлөлт өөр олгох хоол, түлш, унааны гэх зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасны дагуу тооцож нэг сарын дундаж цалин хөлс нь 1 129 250 төгрөгөөр тогтоогдож байгаа тул зөрүү гарч байгаа. Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ““З Т Н”” ОНӨААТҮГ-аас 10 163 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 974 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177 561 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1639 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 570 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан хяналтын гомдолдоо: ““З Т Н”” ОНӨААТҮГ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1639 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТ хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасан эрхийнхээ дагуу дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2017 оны 05 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар бүхий шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 1639 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч ““З Т Н”” ОНӨААТҮГ-аас 12 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмж 19 137 444 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Б.Д нь 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс “Автобус-1” компанид кондуктороор ажилд орж, 2014 онд уг байгууллагыг ““З Т Н”” ОНӨААТҮГазар болон өөрчлөн байгуулахад үргэлжлүүлэн ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах болсон гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгджээ.

Нэхэмжлэгч нь “Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”, уг гэрээнд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д заасан” өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан ...хугацаанаас хамаарч 2-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох” зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгожээ.

Хамтын гэрээ, уг гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн байна.

“Автобус-1” компани нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын А\778 тоот захирамжаар татан буугдаж, хэд хэдэн газрыг нэгтгэж, 2014 оны 10 дугаар 01-ний өдрөөс”“З Т Н”” ОНӨААТҮГазар болон өөрчлөн зохион байгуулагдсан баримт хэрэгт авагджээ. Автобус-1” ОНӨҮГ-ын эрх, үүрэг Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГазарт шилжсэн, үүнд хамтын гэрээний дагуу эдлэх эрх, хүлээх үүрэг багтсан, шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуйн нэгжийг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, хамтын гэрээг шинээр байгуулах эсэхийг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгч хэлэлцээр хийж байж шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд ажил олгогч болон үйлдвэрчний эвлэлийн хороо хэлэлцээ хийж, хамтын гэрээг шинээр байгуулаагүй тул өмнөх хамтын гэрээ үйлчлэх талаар шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийсэн байна.

Нэхэмжлэгч нь тус байгууллагад 15 жил ажилласан тул нэмэлт өөрчлөлт оруулсан хамтын гэрээний 8.5-д зааснаар 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авах эрхтэй байхад ажил олгогч нь 3 387 750 төгрөгийг олгосон тул үлдэх 10 163 250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй болно. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1639 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 177 570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА