Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01142

 

 2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/01142

         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайт 17 дугаар гудамж, 224 тоотод оршин суух, Удган овогт Бадамын Дархижав /РД:ПЮ62011711/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Энгельсийн гудамжинд байрлах, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох,

           тэтгэмжийн зөрүү 11 547 850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:  

  

            Нэхэмжлэгч Б.Дархижав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...1 сарын дундаж цалин 1 783 537 төгрөг, хамтын гэрээний нэмэлт өөрчлөлт 8.5 дахь  заалтын дагуу 12 сарын тэтгэмж 14 935 600  төгрөг олгох байтал надад 3 387 750 төгрөгийг олгосон, харин олгогдоогүй тэтгэмжийн зөрүү 11 547 850 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зорчигч тээврийн  нэгтгэл” ОНӨААТҮГ нь автобус-1, автобус-3, Цахилгаан тээвэр гэсэн 3 баазыг нэгтгээд нэг байгууллага болгосноос бий болсон. Нэхэмжлэгч Б.Дархижав нь тухайн үед нэгдүгээр баазад ажиллаж байгаад зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т очиж ажилласан. 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар анх ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан байгаа. Хамтын гэрээний 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зааснаар 12 сарын тэтгэмж олгох ёстой байтал 3 сарын тэтгэмж олгосон учраас олгогдоогүй сарын тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сарын дундаж цалинг нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 1 783 530 төгрөгийг 12 сараар үржүүлээд 21 402 444 төгрөгийг олгох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцсон байгаа тул одоо 7 589 594 төгрөгийг нэмж нийтдээ  19 137 444 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Б.Дархижав нь манай байгууллагад 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар ажилд орсон бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өөрөө хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа. Тухайн үед өндөр настны тэтгэвэрт гарахдаа нэхэмжлэгч Б.Дархижавт 3 сарын цалин хөлстэй тэмцэх хэмжээний 3 387 775 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч талын үндэслээд байгаа хамтын гэрээ нь Автобус нэгдүгээр бааз болон түүний дэргэд ажилладаг үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 1 жилийн хугацаагаар байгуулсан гэрээ юм. 2014 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 дугаар захирамжаар Автобус-1 татан буугдаад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ болж өөрчлөгдөн байгуулагдсан. Ийм учраас дээрх хамтын гэрээг мөрдөхгүй, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд  мэдэгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө, мөн тус хуулийн 14.2-т аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу шинээр хамтын гэрээ байгуулах асуудлыг үйлдвэрчний байгууллагад ярилцаад тодорхой асуудалд хүрч чадаагүй учраас энэ хамтын гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч талаас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага 11 547 850 төгрөг дээр 7 519 594 төгрөгийг нэмэгдүүлээд нийт 19 137 444 төгрөгийг болгож нэмэгдүүлсэн үндэслэлийн тухайд манай тал өөр байр суурьтай байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр Б.Дархижавын 12, 11, 10 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй, мөн хоол унааны бүх мөнгө, амралтын цалин гэх зэргийг дэлгэрэнгүй гарч ирсэн. Үүнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дэх хэсэгт ажилтны хөнгөлөлтөөр олгох хоол, түлш, унааны гэх зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасны дагуу тооцож нэг сарын дундаж цалин хөлс нь 1 129 250 төгрөгөөр тогтоогдож байгаа тул зөрүү гарч байгаа. Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Дархижав нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн зөрүү 19 137 444 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.Дархижав нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус-1” компанийн захирлын 2001.11.27-ны өдрийн 110 тоот тушаалаар Шархад-1 бригадад жолоочоор орсон, харин “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2017.01.10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан үндэслэлээр 2017.01.17-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна.

 

            Б.Дархижав нь тасралтгүй 15 жил ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, ажлаас халагдсаны тэтгэмжид 3 387 750 төгрөг хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Автобус-1” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2013.02.05-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 2014.01.22-ны нэмэлт өөрчлөлтийг хариуцагч байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй, Хамтын гэрээний дагуу 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй гэж тайлбарласан, харин хариуцагч тал “Автобус-1” ОНӨҮГ татан буугдсан, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болон өөрчлөгдсөн учир өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөх үндэслэлгүй  тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

   Автобус нэг ОНӨҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан  2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн /2014.01.22-ны/ 8.5-д “өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр буюу ...11-15 жил ажилласан бол 12 сарын тэтгэмж олгоно” гэж заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 дэх заалтад нийцсэн байна.

 

2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэг талаас ажил олгогч “Автобус-1” ОНӨҮГ, нөгөө талаас ажилтны төлөөлөл буюу Үйлдвэрчний эвлэл хэлэлцэн тохиролцож хамтын гэрээг байгуулсан, уг гэрээнд 2014.01.22-нд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд хамтын гэрээ болон нэмэлт өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт тус тус бүртгүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт  заасны дагуу хамтын гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

   Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийг эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийн дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ийн эд хөрөнгө, эрхийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ шилжүүлэн авсан гэдэгт хариуцагч маргаагүй,  өөрчлөгдөн зохион байгуулагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т шинээр хамтын гэрээг байгуулаагүй байгаа байна.

 

Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооны 2017.03.21-ний өдрийн 05 тоот зөвлөмжид өмнө байгуулагдсан хамтын гэрээний ...8.2, 8.5 дахь заалтыг мөн авто тээврийн салбарын хамтын хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.1.12 дахь заалтуудыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлж ажиллахыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Автобус 1-р баазын захиргаанд зөвлөмжилсөн байна.

 

2014.01.22-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэнээр хүчин төөлдөр болох бөгөөд гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж заасан байх тул уг хамтын гэрээг мөрдөхгүй, дуусгавар болсон гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно. 

 

Иймд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 4, 7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилласан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс  1 129 250 төгрөгийг 12 сараар тооцоход 13 551 000 төгрөг олгохоос, тэтгэмжид олгогдсон 3 387 750 төгрөгийг хасч үлдэх 10 163 250 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 974 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Б.Дархижавын нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, цалин хөлсний дэлгэрэнгүй тооцоог үндэслэн хөнгөлөлтийн орлого хасагдсан дүн буюу сүүлийн 3 сарын цалин хөлс 3 387 750 төгрөгний дундаж цалин хөлс 1 129 250 төгрөгөөр тооцсон болно.

 

            Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 10 163 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дархижавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 974 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177 561 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.  

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ                                               Д.ЭНХЦЭЦЭГ