Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 1639

 

Б.Дархижавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Дархижавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Тэтгэмжийн зөрүү 11 547 850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь автобус-1, автобус-3, Цахилгаан тээвэр гэсэн 3 баазыг нэгтгээд нэг байгууллага болгосноос бий болсон. Нэхэмжлэгч Б.Дархижав нь тухайн үед нэгдүгээр баазад ажиллаж байгаад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т очиж ажилласан. 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар анх ажилд орж, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б15 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан. Хамтын гэрээний 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 8.5 дахь хэсэгт зааснаар 12 сарын тэтгэмж олгох ёстой байтал 3 сарын тэтгэмж олгосон учраас олгогдоогүй сарын тэтгэмжийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Сарын дундаж цалинг нийгмийн даатгалын сүүлийн 3 сарын дундаж цалин буюу 1 783 530 төгрөгийг 12 сараар үржүүлээд 21 402 444 төгрөгийг олгох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу тооцсон байгаа тул одоо 7 589 594 төгрөгийг нэмж нийтдээ 19 137 444 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Б.Дархижав нь манай байгууллагад 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 110 дугаар тушаалаар ажилд орсон бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай өөрөө хүсэлт гаргасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэхэмжлэгч Б.Дархижавт 3 сарын цалин, хөлстэй тэмцэх хэмжээний 3 387 775 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгч талын үндэслээд байгаа хамтын гэрээ нь Автобус нэгдүгээр бааз болон түүний дэргэд ажилладаг Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 1 жилийн хугацаагаар байгуулсан гэрээ юм. 2014 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 132 дугаар тогтоол, НЗД-ын А/778 дугаар захирамжаар Автобус-1 татан буугдаад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болж өөрчлөгдөн байгуулагдсан. Ийм учраас дээрх хамтын гэрээг мөрдөхгүй, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1 дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т зааснаар хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө, 14 дүгээр зүйлийн 14.2-т аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна гэж заасны дагуу шинээр  хамтын гэрээ байгуулах асуудлыг үйлдвэрчний байгууллагад ярилцаад тодорхой асуудалд хүрч чадаагүй учраас хамтын гэрээ байгуулагдаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинээр Б.Дархижавын 12, 11, 10 сарын цалин хөлсний дэлгэрэнгүй, мөн хоол унааны бүх мөнгө, амралтын цалин гэх зэргийг дэлгэрэнгүй гарч ирсэн. Үүнд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын 4 дэх хэсэгт ажилтны хөнгөлөлтөөр олгох хоол, түлш, унааны гэх зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасны дагуу тооцож нэг сарын дундаж цалин хөлс нь 1 129 250 төгрөгөөр тогтоогдож байгаа тул зөрүү гарч байгаа. Тиймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 10 163 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дархижавт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 974 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 177 561 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болох нь дараах үндэслэлээс харагдана.

Шүүх хамтын гэрээг хуульд нийцүүлж дүгнээгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасныг баримтлан хамтын гэрээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/778 захирамжийг үндэслэн шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрийг хүртэл буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөх байсан.

Шүүх Автобус нэг, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨҮГ-уудыг татан буулгаж тэдгээрийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн хамтаар шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийлүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж дүгнэсэн хирнээ шинээр хамтын гэрээ байгуулаагүй хэмээн тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд хуулийн зүйл заалтыг дэндүү явцуу хүрээнд харж байгаа нь тодорхой байна.

Угтаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар Аж ахуйн нэгж байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ гэж заасны дагуу 2013 онд мөрдөж байсан хамтын гэрээг хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар захиргаа болон ҮЭ-ийн төлөөлөл хэлэлцээ хийгдээгүй болохыг тайлбарласан бөгөөд харин шинээр хамтын гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийгдэж талууд хамтын гэрээнд оролцох төлөөллийг томилон гэрээний төсөл солилцсон баримтыг шүүхэд гарган өгснийг анхааралгүй хэт нэг талыг барьж тодорхойлсонд гомдолтой байна.

Нийслэлийн Иргэдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр ОНӨААТҮГ-ууд нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалт буюу хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт нийцэж байгаа юм. Иймд тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Б.Дархижав нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 12 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 19 137 444 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Дархижав нь 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хариуцагч байгууллагыг Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус-1” компани байхад нь кондукторын ажилд орж, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ болсны дараа өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нийгмийн даатгалын дэвтэр, ажилд орсон, гарсан тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хэргийн 10-11 дүгээр тал/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Автобус-1” ОНӨҮГ-ийн захиргаа болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Хамтын гэрээ”-нд 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд “Энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд гэрээний нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж, 8.5 дахь заалтад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад ажилласан хугацаанаас хамаарч 2-12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгохоор тус тус заасан байна. Уг хамтын гэрээнд оруулсан өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэжээ. /хэргийн 12 дугаар тал/

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор “Автобус-1” ОНӨҮГ, “Автобус-3” ОНӨҮГ, “Цахилгаан тээвэр” ОНӨҮГ-уудыг татан буулгаж, тэдгээрийн үйл ажиллагааг хөрөнгийн эх үүсвэрийн хамт шинээр байгуулагдсан Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн байх тул шүүх “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх залгамжлан авсан этгээд нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

/хэргийн 19 дүгээр тал/

 

Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.Дархижавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлж, ажлаас халагдсаны тэтгэмж 3 387 750 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “…Аж ахуйн нэгж татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолын дагуу “Автобус-1” ОНӨҮГ-ын эрхийг залгамжлан авсан Нийслэлийн “Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ нь дээрх хамтын гэрээний заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 570 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                                 ШҮҮГЧИД                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                       С.ЭНХТӨР