Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2017/01518

 

Д.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаар магадлалтай,

Д.Чын нэхэмжлэлтэй

“М Ц Х”ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаярын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажлын орон тоонд зарлагдсан зарын дагуу ажлын байрны шалгаруулалтад орж тэнцэн “М Ц Х” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Х/04 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргаар ажилласан. Гэтэл “М Ц Х”ХК-ийн гүйцэтгэх захирал солигдмогц намайг гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтуудад үндэслэн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчиж байна. “М Ц Х”ХК-иас ажилтан надтай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 16 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Батмагнай, Д.Ч нарын хоорондын тохиролцоо биш бөгөөд ажил олгогч тал болох “М Ц Х”ХК, ажилтан Д.Ч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ юм. Уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу байнгын ажлын байр болохыг тодорхойлон тохиролцсон бөгөөд гэрээний хугацааг 1 жил гэж тохиролцоогүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1-д тодорхой заасан. Ийнхүү талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой хугацаа тохиролцоогүй байхад ажил олгогч тал дангаараа санаачлан гэрээний хугацааг нэг жил мэтээр тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь эрхийг минь зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Иймд намайг Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь орон нутагт “М Ц Х”ХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн, орлого, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, “М Ц Х”ХК-ийн гүйцэтгэх удирдлагын төлөөллийг орон нутагт хэрэгжүүлэх, тухайн холбооны газрын өмч хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний хариуцлагыг хүлээх эрх үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсноор хугацаатай байгуулах талаар зохицуулсан. Дээр дурдсанчлан тухайн аймгийн холбооны газрын дарга нь төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч, ажилтан нар нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт “...мөн хуулийн 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохирлцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч Д.Ч болон “М Ц Х”ХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 16 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд хууль болон Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбарт бүрэн нийцүүлж, харилцан тохиролцон хэн аль нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3-т гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгахаар зохицуулсан. Ийнхүү гэрээний нэг тал болох “М Ц Х”ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн За/40, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1 а/100 дугаар бүхий албан бичгээр мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чыг “М Ц Х”ХК-ийн Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, “М Ц Х”ХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 534 400 төгрөгийг гаргуулан Д.Чад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Чын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч “М Ц Х”ХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “М Ц Х”ХК-иас 55 500 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр хяналтын гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаар магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна: Нэг. Шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалт нь хариуцагч талаас засварлагдсан, нэхэмжлэгч талаас огт бичвэргүй гэрээнүүдийг ирүүлснээс үзэхэд ажил олгогч буюу хариуцагч “М Ц Х”ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахдаа хугацааны талаар тохиролцож ажилтанд нэг хувийг өгсөн гэж үзэх боломжгүй байна”... гэж дүгнэсэнд гомдолтой байна.

1.1 Нэхэмжлэгч Д.Ч нь шүүхэд гэрээний хугацааг нөхөж бичээгүй хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн боловч ажил олгогчид байгаа хөдөлмөрийн гэрээ хугацаатай байдаг. Түүнийг баталгаажуулж нэхэмжлэгч нь Д.Ч нь хуудас бүр дээр цэнхэр өнгийн балаар гарын үсгээ зурсан байсныг шүүх үнэлээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т: 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохыг заасан байх бөгөөд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь ажилтан, ажил олгогч хоёр тохиролцож, тодорхой үндэслэл шаардлага, шалтгаан хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцөлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 1.3, 1.9, 3.6, 4.2, 6.2.1 ,6.2.2, 8.1, 8.2, 9.3 дах заалтууд болон гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтуудад бүрэн тусгагдсаныг анхан шатны шүүх мөн л үнэлсэнгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан байх бөгөөд талууд харилцан тохиролцож гэрээний үргэлжлэх хугацаа буюу эхлэх, дуусах хугацааг тодорхой зааж харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д заасны дагуу хүчин төгөлдөр болсныг шүүх үнэлсэнгүй. Хоёр. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Өөрөөр хэлбэл ажил олгогч талаас ажилтантай ердийн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний төрөл болох контрактын гэрээний нэгэн адил ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам... зэргийг тохирч дээрх үүргийг ажилтан зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл гэрээг сунгах тухай тохиролцдог контрактын гэрээ биш юм... ” гэжээ.

2.1 Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 24.1-д Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байх бөгөөд нэгэнт байнгын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж болохгүй, харин байнгын ажлын байранд ажилтан ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн юм.

2.2 Түүнчлэн хөдөлмөрийн 21.1-д Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тохирно: Үүнд: ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл гэж заасан байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй. Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх бөгөөд нийцээгүй буюу дордуулсан бол хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар байна. Талууд гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1-д заасан гол нөхцлөөс гадна бусад нөхцлийг тохирч болно гэж заасан байхад анхан шатны шүүх ажлын гүйцэтгэл, төлөвлөгөө түүнийг дүгнэх журмыг хөдөлмөрийн гэрээнд тусгахгүй зөвхөн контрактад энэ талаар тусгадаг мэт дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байна. Гурав. Магадлалын хянавал хэсэгт: “Нөгөөтэйгүүр хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын гүйцэтгэлийн үр, үнэлгээнээс хамаарч гэрээг дүгнэж, цаашид сунгах эсэхийг шийдвэрлэдэг гэж тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн 2016 оны жилийн эцсийн аймаг дүүргийн холбооны газруудын үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэлийн баримтууд нь талуудын хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн гэх үйл баримт нотолгоо болохгүй юм...” гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээний үр дүнгийн үзүүлэлт, биелэлтийг Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь жилд 2 удаа дүгнэнэ гэж заасны дагуу аймаг дүүргийн холбооны газрын үйл ажиллагааны дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтээр Сэлэнгэ аймгийн үйл ажиллагаа нь хангалтгүй буюу 21 аймаг 2 дүүргийн холбооны газраас 19 дүгээр байрт орсон байдаг бөгөөд 2014, 2015 онуудад Сэлэнгэ аймаг нь 5 дугаар байрт орж байсан баримтыг мөн шүүхэд гаргаж өгснийг үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд талууд гэрээний хугацааг сунгах эсэхийг 5 хоногийн өмнө мэдэгдэхээр заасан боловч хариуцагч нь 1 сарын өмнөөс эхлэн 3 удаа мэдэгдсэн, нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн нэгтгэл зэргийг шүүхээс дахин үнэлж, ажил олгогчийн хууль болон гэрээнд заасан эрхийг хамгаалж өгөхийг хүсье. Иймд Д.Чын нэхэмжлэлтэй “М Ц Х”ХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2017/0122 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Чаас хариуцагч “М Ц Х” ТӨХК-д холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Хариуцагчийн хяналтын гомдолд заасан “...шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1, 23.1, 24.1 дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй, ...хугацаа тогтоосон гэрээний нөхцлийг анхаараагүй, ажлын үр дүнгийн үзүүлэлт буурсан баримтуудыг үнэлээгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө 3 удаа мэдэгдсэн байхад нэхэмжлэлийг хангасан нь буруу” гэх гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ажил олгогчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг баримтлан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал байнгын ажлын байр, гэрээнд хугацаа тохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Зохигчид гэрээг хоёр хувь байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгчид байгаа хөдөлмөрийн гэрээнд “хугацаа” заагаагүй, хариуцагчаас ирүүлсэн гэрээнд “1 жилийн хугацаа” заасан 2 өөр гэрээ хэрэгт авагдсан, гэрээ тус бүрийн хуудас болгон дээр нэхэмжлэгч гарын үсгээ зурсан байх боловч эдгээр баримтаар “хугацаа тохирсон” гэж үзэхэд эргэлзээтэй байна. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулж болохыг заасан ба гэрээнд хугацаа тохирох болсон үндэслэл, шалтгааныг заагаагүй байв.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээг  цуцалсан тул тушаалын үндэслэлд хамаарахгүй баримтууд буюу хариуцагчийн гаргасан 2016 оны жилийн эцсийн аймаг, дүүргийн холбооны газруудын үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэл, 2014, 2015 оны орон нутгийн холбооны газруудын үнэлгээ гэх баримтууд шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1706 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

    ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА