Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 1706

 

 Д.Ч нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ч хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажлын орон тоонд зарлагдсан зарын дагуу ажлын байрны шалгаруулалтад орж тэнцэн “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Х/04 дүгээр тушаалаар Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргаар ажилласан.

 Гэтэл “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал солигдмогц намайг гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтуудад үндэслэн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчиж байна.

“МЦХ” ТӨХК-иас ажилтан надтай 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 16 дугаартай хөдөлмөрийн гэрээ нь тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Батмагнай, Д.Ч нарын хоорондын тохиролцоо биш бөгөөд ажил олгогч тал болох “МЦХ” ТӨХК, ажилтан Д.Ч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ юм.

Уг гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу байнгын ажлын байр болохыг тодорхойлон тохиролцсон бөгөөд гэрээний хугацааг 1 жил гэж тохиролцоогүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.1-д тодорхой заасан.

Ийнхүү талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой хугацаа тохиролцоогүй байхад ажил олгогч тал дангаараа санаачлан гэрээний хугацааг нэг жил мэтээр тайлбарлаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь эрхийг минь зөрчсөн хууль бус үйлдэл болсон.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Аймаг дүүрэг дэх салбар болох холбооны газрын дарга нь орон нутагт “МЦХ” ТӨХК-ийн үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах, холбооны бүх төрлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд нээлттэй, шуурхай, чанартай хүргэж байгууллагыг үр ашигтай ажиллуулж ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн гэрээний хавсралтаар баталсан менежментийн, орлого, зарлагын төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллах, “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагын төлөөллийг орон нутагт хэрэгжүүлэх, тухайн холбооны газрын өмч хөрөнгийг хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлсний хариуцлагыг хүлээх эрх үүрэгтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах талаар зохицуулсан.

Дээр дурдсанчлан тухайн аймгийн холбооны газрын дарга нь төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд энэхүү онцлог нөхцөл байдлыг харгалзан ажил олгогч, ажилтан нар нь хуульд заасны дагуу харилцан тохиролцож жил бүр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт “...мөн хуулийн 23.2.2-т дээрх гэрээг "талууд харилцан тохирлцсоноор хугацаатай" байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцсоны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Д.Ч болон “МЦХ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын хооронд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 16 дугаартай хөдөлмөрийн гэрээг талууд хууль болон Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбарт бүрэн нийцүүлж, харилцан тохиролцон хэн аль нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.3-т гэрээний хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах талаар санал тавиагүй бол гэрээг анх байгуулагдсан хугацаагаар сунгахаар зохицуулсан.

Ийнхүү гэрээний нэг тал болох “МЦХ” ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3,  хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтад үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн За/40, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1 а/62, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1 а/100 дугаар бүхий албан бичгээр мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чыг “МЦХ” ТӨХК-ийн Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, “МЦХ” ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 534 400 төгрөгийг гаргуулан Д.Чад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Ч дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг тооцон авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч “МЦХ” ТӨХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “МЦХ” ТӨХК-иас 55 500 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалт нь хариуцагч талаас засварлагдсан, нэхэмжлэгч талын бичвэргүй гэрээнүүдийг ирүүлснээс үзвэл ажил олгогч буюу хариуцагч “МЦХ” ТӨХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахдаа хугацааны талаар тохиролцож ажилтанд нэг хувийг өгсөн гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Д.Ч нь шүүхэд гэрээний хугацааг нөхөж бичээгүй хөдөлмөрийн гэрээг ирүүлсэн боловч ажил олгогчид байгаа хөдөлмөрийн гэрээ хугацаатай байдаг. Түүнийг баталгаажуулж нэхэмжлэгч нь хуудас бүрт нь цэнхэр өнгийн балаар  гарын  үсгээ  зурсан  байсныг  шүүх  үнэлээгүй  шийдвэр  гаргасан  нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохыг заасан.

Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нь ажилтан, ажил олгогч нарын хоорондын  хүсэл зоригоо илэрхийлсэн нөхцөлүүд нь хөдөлмөрийн гэрээний 1.3, 1.9, 3.6, 4.2, 6.2.1, 6.2.2, 8.1, 8.2, 9.3, мөн гэрээний 1, 2, 3 дугаар хавсралтуудад бүрэн тусгагдсаныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Талууд харилцан тохиролцож гэрээний үргэлжлэх хугацаа буюу эхлэх, дуусах хугацааг тодорхой зааж харилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр болсныг шүүх үнэлсэнгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...өөрөөр хэлбэл ажил олгогч талаас ажилтантай ердийн журмаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний төрөл болох контрактын гэрээний нэгэн адил ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам зэргийг тохиролцож, дээрх үүргийг ажилтан зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл гэрээг сунгах тухай тохиролцдог контрактын гэрээ биш" гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан. Нэгэнт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулж болохгүй, харин байнгын ажлын байранд ажилтан, ажил олгогч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахыг хуулиар зөвшөөрсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тохирно гэж заасан. Үүнд: ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцлийг... гэж заасан.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.

Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байх бөгөөд нийцээгүй буюу дордуулсан бол хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар байна.

Талууд гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан гол нөхцөлөөс гадна, бусад нөхцлийг тохирч болно гэж заасан байхад анхан шатны шүүх ажлын гүйцэтгэл, төлөвлөгөө, түүнийг дүгнэх журмыг хөдөлмөрийн гэрээнд тусгахгүй, зөвхөн контрактад энэ талаар тусгадаг мэт дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг сунгах эсэхийг 5 хоногийн өмнө мэдэгдэхээр заасан боловч хариуцагч нь 1 сарын өмнөөс эхлэн 3 удаа мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийн нэгтгэл зэргийг шүүхээс дахин үнэлж, ажил олгогчийн хууль болон гэрээнд заасан эрхийг хамгаалж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                        ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч “МЦХ” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч МЦХ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Х/59 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх заалтыг баримтлан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. /хх-4-5 дугаар тал/

Зохигчид хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтын талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь “... хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан ...” гэж, хариуцагч тал, “... ажил, үүргийн онцлогоос шалтгаалан гэрээг хугацаатай байгуулсан, ... талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон, ... гэрээг цааш сунгагдахгүй талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдсэн ...” гэж маргажээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүй байгуулж болохоор, мөн зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор гэрээний үргэлжлэх хугацаа бичигдээгүй хөдөлмөрийн гэрээг, хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан тайлбарлаж, хугацаа бичсэн хөдөлмөрийн гэрээг шүүхэд тус тус нотлох баримтаар гаргаж өгчээ.

Хөдөлмөрийн харилцааг тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Д.Ч ажиллаж байсан Сэлэнгэ аймгийн холбооны газрын даргын албан тушаал нь байнгын ажлын байр болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч нь аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалыг чиг үүргийн хувьд онцлог гэж мэтгэлцэх боловч гэрээг хугацаатай байгуулахаар талууд харилцан тохиролцсон хуульд заасан шаардлага бий болсон гэх байдал хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнд талуудын хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байгаа хэдий ч хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний 1.9 дэх хэсэгт бичигдсэн хугацааны тэмдэглэгээ нь засвартай, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээний 1.9-д хугацаа тавиагүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний хавсралт болох ажлын гүйцэтгэлийн үр дүн, үнэлгээнээс хамаарч гэрээг дүгнэж, цаашид сунгах эсэхийг шийдвэрлэдэг гэж тайлбарлан шүүхэд гаргаж өгсөн 2016 оны жилийн эцсийн аймаг, дүүргийн холбооны газруудын үйл ажиллагааны үнэлгээний нэгтгэлийн баримтууд нь талуудын хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн гэх үйл баримтын нотолгоо болохгүй юм.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хууль зүйн үндэслэлгүй халсан гэж дүгнэн, түүнийг Сэлэнгэ аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                           ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Ч.ЦЭНД