Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01507

 

Н.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалтай,

Н.Гийн нэхэмжлэлтэй

“Э Б Ц Т С” ТӨХК-д холбогдох

Гэм хорын хохирол 39 496 000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргий

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбатын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нь “Э Б Ц Т С”ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баяннуур сумын төвд газраас дээш 6-7 метрийн шонд бэхлэгдсэн тасарсан цахилгааны утсыг бэхлэх ажил үүрэг гүйцэтгэх үедээ 10 мянган хүчдэлийн тогонд цохиулж, шонгоос унаж 2 гар, зүүн гуя, баруун хавирга, бусад эрхтэнээ гэмтээж, түлэгдсэний улмаас Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж, хагалгаа хийлгүүлэн, өөрийн арьсаар түлэгдсэн хэсгээ нөхүүлж, мөн Солонгос улсад очиж эмчлүүлэх зэргээр нэг жил хоёр сар гаруй эмч, эмнэлгийн хяналтанд байнга үхлийн ирмэгт эмчлүүлж, байнгын хүний асрамжинд сэтгэл санаа, ахуй амьдрал, бие махбодийн хүнд байдалд хоног сарыг өнгөрөөж байна. Миний хоёр гараас бусад бие эрхтэн одоогоор гайгүй болж байгаа. Харин хоёр гар ямар ч ажиллагаагүй, юм хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвараа 79%-иар алдаж, тахир дутуу болсон. Би залуу хүн учраас цаашид Солонгос улсад хагалгаа хийлгүүлж хоёр гараа эмчлүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Солонгос улсад очиж шинжилгээ хийлгүүлж намайг гурван удаа хагалгаанд орж, эмчлүүлэхийг зөвлөж албан ёсны өвчний онош болон холбогдох эмчилгээний зардлын тооцоог гаргаж өгч яаралтай эмчлүүлэх шийдвэр гаргасан. Миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг миний ажиллаж байсан байгууллага гэрээний 6.2-т зааснаар хариуцах ёстой, би хохирох ёсгүй. Иймд Солонгос улсын эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэхэд 2 хүний ирж очих зардал монгол мөнгөөр 2500000 төгрөг, байр түрээсийн хөлс 1400000 төгрөг, эмчилгээний зардал 29000000 төгрөг бүгд 32900000 төгрөг, үүнээс гадна би 71%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хоёр хүний ирж очих зардал 2249000 төгрөгийг давхардуулж буюу илүү нэхэмжилсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2249000 төгрөгөөр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Гт үйлдвэрлэлийн осол гарсан үед 1000000 төгрөгийг анхны эмчилгээний зардал болгон өгсөн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Мөн Булган салбарын үйлдвэрчний эвлэлийн хороо 600000 төгрөг, ажилчдаас 2600000 төгрөг хандивласан. Үйлдвэрлэлийн осол гарсан шалтгаан нь Н.Гийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон. Н.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх зэрэг заалтуудыг, мөн ажил гүйцэтгэхдээ диспетчерийн өгсөн зааварчилгааний дагуу аюулгүй ажиллагааны дүрмийн зарим заалтыг мөрдөж ажиллаагүй. Үүнд: Аюулгүй ажиллагааны дүрмийн №231 ажлын байр бэлтгэх үед хүчдлийг салгасан байх ёстой, Хүчдлийг тасалсан Цахилгаан дамжуулах агаарын шугамд ажил гүйцэтгэх үед уг шугмын элементүүд нь хүчдэлтэй байгаа бусад Цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйдэл дамжуулах хэсэгт 1 дүгээр хүснэгтийн 3 дугаар баганад зааснаас дотогш ойртохоор бол хүчдэлтэй Цахилгаан дамжуулах агаарын шугам, Аюулгүй ажиллагааны дүрмийн №622 Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн хариуцагчаас жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож 360000 төгрөг, жилд 4320000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “Э Б Ц Т С” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Г нь манай байгууллагад 2013 оноос монтероор ажиллаж байсан. Тэрээр 2015 оны 07 дугаар сарын 24-ний үйлдвэрлэлийн осолд орсон. Н.Г нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, Аюулгүй ажиллагааны дүрмийн №231, 622 дахь заалтуудыг зөрсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар тогтоогдож байгаа. Үйлдвэрлэлийн осолд бүртгэгдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Энэ үйлдвэрлэлийн осол болоход байгууллагын гэм буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй учраас эмчилгээний зардлыг гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлснээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөрийг байгууллагаас нэг удаа олгосон байгаа гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул, “Э Б Ц Т С”” ТӨХК-иас 372200000 /гучин долоон сая хоёр зуун хорин хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтанд “372200000 /гучин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Э Б Ц Т С”” ТӨХК-иас “ 34.971.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Гт олгосугай” гэж, 2 дахь заалтанд хариуцагч “Э Б Ц Т С”” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 332.800.0 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай” гэж, Шийдвэрийн “2, 3, 4” дэхь заалтыг “3, 4, 5” болгон дугаарласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат хяналтын гомдолдоо: Тус компани гэм буруугүй болох нь хавтаст хэрэгт буй дараах нотлох баримт нотлогдож байна.

1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн №231/ ажлын байр бэлтгэх үед хүчдэлийг тасалсан байх ёстой. Үүнд: хүчдэлийг тасалсан ЦДАШ-д ажил гүйцэтгэх үед уг шугамын элементүүд нь хүчдэлтэй байгаа бусад ЦДАШ-ын баганад зааснаас дотогш ойртохоор бол хүчдэлтэй ЦДАШ-ийн хүчдэлийг таслах, №622 ЦДАШ-ын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна, №626 Хүчдэлтэй байгаа ЦДАШ-тай огтлолцсон алгасалтад утас солих буюу татах үед утсыг огтлолцлын хоёр талд нь газардуулах ёстой/ гэсэн заалтуудыг зөрчсөн. /хх131/

2. Н.Г нь Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мэдэж байсан ба энэ нь хавтаст хэрэгт байгаа утсаар зааварчилгаа өгсөн тухай тэмдэглэсэн зааварчилгааны хуудасны хуулбар, 15136 дугаартай сертификатын хавсралтын хуулбар, мэргэжлийн групп, зэрэг олгох шалгалт өгсөн ажилчдын бүртгэлийн хуудасны хуулбар /75 хувиар тэнцэж 3-р зэрэг авсан/ хавтаст хэргийн-134 хуудас, зааварчилгааны хяналтын хуудасны хуулбар.

3. Тухайн осол болоход хажууд нь байсан гэрч З.Сүхтөмөрийн мэдүүлэг /...Монтёр Н.Г нь ажлын багаж хэрэгсэл хамгаалах хувцас өмссөн тулгуурт гарсан. Гарах үед нь 10 кв-ын хөндлөн давуулалт байна болгоомжтой үзээрэй гэсэн тулгуурт гаран 10 кв-ын шугамын “А” фазын трассыг татсан татахдаа хүчтэй угзарсны улмаас 10кв-ын “С” фазад хүрч хүчдэлд өртсөн.../ хх142-143/

4. Компанийн Ерөнхий инженерийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр баталсан №12 дугаар заавар болох “Ажиллагаатай байгаа агаарын шугамтай огтлолцсон алгасалд ажиллах үеийн аюулгүй ажиллагааны заавар” /1.1/ ажиллагаатай байгаа АШ-тай огтлолцсон алгасалд ажиллах хүн нь ААД болон энэхүү зааврын заалтыг чанд биелүүлэх ёстой/, 3.1 /АШ-ын утсыг угсрах, солих үед угз таталгүй, алгуур татах ба татлагыг хүчдэлтэй байгаа утсанд татаж байгаа утас нь ойртох буюу орооцолдохооргүй чиглүүлэн байрлуулж татвал зохино/ гэснийг зөрчсөн.

5. Ажлын байрны тодорхойлолт /3 дугаар зүйл. Бэлтгэсэн ажлын байранд нарядын заалттай тохирч байгааг, ажлын байранд тавьсан газардуулга хаалт, хашилт, аюулгүй байдлын плакат, тэмдэг, залгуурын цоож, түгжээний тоноглолыг бүрэн бүтэн байгааг шалгаж цахилгаан байгууламжийн цахилгаан гүйдэлд бригадын гишүүд нэрвэгдэхгүй байх аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах/ гэсний зөрчсөн.

6. Н.Гтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /5.3-т ажил, үйлдвэрлэл үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлэх..../, 5.5-д /Хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг чанд мөрдөж үйлдвэрлэлийн аваар, осол, саатлаас урьдчилан сэргийлж ажил үйлдвэрийн технологийн горимыг хатуу сахиж ажил үйлдвэрийн чанарыг дээшлүүлэх / гэснийг зөрчсөн. /хх124-125/ зэргээр нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн Иргэний хуулийн 497.2 /гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө./-ыг баримтлалгүйгээр гэм буруугүй болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэн Иргэний хуулийн 505.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус компаниас 34 971 000 төгрөг гаргуулж Н.Гт олгохоор шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн үйлдвэрлэлийн осолтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд тухайлан зохицуулсан байхад Иргэний хуулийг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Үйлдвэрлэлийн осол гарахад Н.Г гэм буруугүй болохыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, тус компанийн буруугүй болохыг нотолсон дээрх нотлох баримтууд байхад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлгээгүй. Мөн нэхэмжлэгчид олгох 34 971 000 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үнэлж тогтоогоогүй. Н.Г нь Солонгос улсад байр түрээсэлсэн түрээсийн хөлс 1 400 000 төгрөгийг төлсөн гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад 34 971 000 төгрөгт оруулж тооцсон байна. Иймд Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадаагүй байх тул Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Г нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж биедээ гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан тул эмчилгээний болон бусад зардал 37 220 000 төгрөгийг “Э Б Ц Т С” ТӨХК-иас гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч “...ажилтны буруугаас шалтгаалж осол гарсан нь тогтоогдсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх хариуцагчаас 34 971 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

Шүүх тухайн маргааны үйл баримтын талаар эрх зүйн үүднээс бүрэн дүгнэлт хийхийн тулд зохигчид мэтгэлцээгүй боловч тухайн хэрэгт ач холбогдолтой эрх зүйн асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх, ач холбогдол бүхий байдлыг тодруулах шаардлагатайг анхаараагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Г нь “Э Б Ц Т С” ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр газраас дээш 6-7 метрийн шонд бэхлэгдсэн тасарсан цахилгааны утсыг бэхлэх үед өндөр хүчдэлд нэрвэгдэн, түлэгдсэний улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан үйл баримт тогтоогджээ.

Үйлдвэрлэлийн ослын талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гаргасан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн актад”....нэхэмжлэгч нь тасарсан А фазын утсыг залгахаар чангалах агшинд 0,4кВ-ийн агаарын шугамтай огтолцсон 10кВ-ийн шугамын С фазад шүргэж хүчдэлд нэрвэгдэн түлэгдсэн ...ажилтан аюулгүй ажиллагааны дүрмийн 231, 622, 626 дугаар заалтыг зөрчсний улмаас осол гарсан... гэж тогтоосон, уг актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч баталгаажуулсан байна. Харин актыг осолдогч буюу нэхэмжлэгчид гардуулсан, актыг мэдэгдсэн баримт  хэрэгт байхгүй байв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.18-д зааснаар Засгийн газар нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах үүрэгтэй ба 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг хавсралт ёсоор баталжээ.

Тус дүрмийн холбогдох зохицуулалтын дагуу ажил олгогч “Э Б Ц Т С” ТӨХКомпанийн үйлдвэрлэлийн осол тогтоох комиссын зүгээс үйлдвэрлэлийн ослыг бүртгэж, акт тогтоосон, тус аймгийн хөдөлмөрийн эрүүл ахуйн улсын байцаагч баталгаажуулсан байх боловч уг актыг осолдогчид танилцуулсан, актыг зөвшөөрөх эсэх, гомдол гаргах боломжийг олгосон эсэх асуудал хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ...акт дүгнэлтийг осолдогч зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт, эсхүл шүүхэд хандаж гаргах эрхтэй байдаг байна.

Нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн осолд өөрийгөө буруугүй гэж, үйлдвэрлэлийн ослын актыг хожим мэдсэн гэснээс гадна ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нөхцөл, шаардлагыг биелүүлсэн эсэх, ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангасан, мэргэжлийн сургалт явуулдаг эсэх, аюулгүй ажиллагааны зааврыг өгсөн эсэх талаар хэрэгт холбогдох баримт мэдээлэл байхгүй, үйлдвэрлэлийн осол тогтоосон актад энэ талаар дүгнээгүй тул осол гарсан шалтгааны талаар бүрэн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                                      П.ЗОЛЗАЯА