Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 00285

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Өлзийт гэр хорооны 9-12 тоотод оршин суух, Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох, гэм хорын хохирол 39469000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00192/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 29 настай, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Өлзийт гэр хорооны 9-12 тоотод суух, Боржигон овогт Нямын Ганхөлөг /РД: ГМ88062611/, түүний өмгөөлөгч Г.Гочоо, иргэдийн төлөөлөгч А.Лхагвасүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 онд төрсөн, 31 настай, дээд боловсролтой, Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д хуулийн зөвлөх ажилтай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Урт булаг багийн 5-21-81 тоотод оршин суух, Чонод овогт Сүхбаатарын Энхбат /РД: ФД85092219/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нь Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баяннуур сумын төвд газраас дээш 6-7 метрийн шонд бэхлэгдсэн тасарсан цахилгааны утсыг бэхлэх ажил үүрэг гүйцэтгэх үедээ 10 мянган хүчдэлийн тогонд цохиулж, шонгоос унаж 2 гар, зүүн гуя, баруун хавирга, бусад эрхтэнээ гэмтээж, түлэгдсэний улмаас Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж, хагалгаа хийлгүүлэн, өөрийн арьсаар түлэгдсэн хэсгээ нөхүүлж, мөн Солонгос улсад очиж эмчлүүлэх зэргээр нэг жил хоёр сар гаруй эмч, эмнэлгийн хяналтанд байнга үхлийн ирмэгт эмчлүүлж, байнгын хүний асрамжинд сэтгэл санаа, ахуй амьдрал, бие махбодийн хүнд байдалд хоног сарыг өнгөрөөж байна. Миний хоёр гараас бусад бие эрхтэн одоогоор гайгүй болж байгаа. Харин хоёр гар ямар ч ажиллагаагүй, юм хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвараа 79%-иар алдаж, тахир дутуу болсон. Би залуу хүн учраас цаашид Солонгос улсад хагалгаа хийлгүүлж хоёр гараа эмчлүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Солонгос улсад очиж шинжилгээ хийлгүүлж намайг гурван удаа хагалгаанд орж, эмчлүүлэхийг зөвлөж албан ёсны өвчний онош болон холбогдох эмчилгээний зардлын тооцоог гаргаж өгч яаралтай эмчлүүлэх шийдвэр гаргасан. Миний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг миний ажиллаж байсан байгууллага гэрээний 6.2-т зааснаар хариуцах ёстой, би хохирох ёсгүй. Иймд Солонгос улсын эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэхэд 2 хүний ирж очих зардал монгол мөнгөөр 2500000 төгрөг, байр түрээсийн хөлс 1400000 төгрөг, эмчилгээний зардал 29000000 төгрөг бүгд 32900000 төгрөг, үүнээс гадна би 71%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хоёр хүний ирж очих зардал 2249000 төгрөгийг давхардуулж буюу илүү нэхэмжилсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2249000 төгрөгөөр багасгаж байна гэв.

Хариуцагч Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Ганхөлөгт үйлдвэрлэлийн осол гарсан үед 1000000 төгрөгийг анхны эмчилгээний зардал болгон өгсөн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Мөн Булган салбарын үйлдвэрчний эвлэлийн хороо 600000 төгрөг, ажилчдаас 2600000 төгрөг хадивласан. Үйлдвэрлэлийн осол гарсан шалтгаан нь Н.Ганхөлөгийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон. Н.Ганхөлөг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх зэрэг заалтуудыг, мөн ажил гүйцэтгэхдээ диспетчерийн өгсөн зааварчилгааний дагуу аюулгүй ажиллагааны дүрмийн зарим заалтыг мөрдөж ажиллаагүй. Үүнд: Аюулгүй ажиллагааны дүрмийн №231 ажлын байр бэлтгэх үед хүчдлийг салгасан байх ёстой, Хүчдлийг тасалсан Цахилгаан дамжуулах агаарын шугамд ажил гүйцэтгэх үед уг шугмын элементүүд нь хүчдэлтэй байгаа бусад Цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйдэл дамжуулах хэсэгт 1 дүгээр хүснэгтийн 3 дугаар баганад зааснаас дотогш ойртохоор бол хүчдэлтэй Цахилгаан дамжуулах агаарын шугам, Аюулгүй ажилагааны дүрмийн №622 Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн хариуцагчаас жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож 360000 төгрөг, жилд 4320000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь манай байгууллагад 2013 оноос монтероор ажиллаж байсан. Тэрээр 2015 оны 07 дугаар сарын 24-ний үйлдвэрлэлийн осолд орсон. Н.Ганхөлөг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, Аюулгүй ажиллагааны дүрмийн №231, 622 дахь заалтуудыг зөрсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар тогтоогдож байгаа. Үйлдвэрлэлийн осолд бүртгэгдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Энэ үйлдвэрлэлийн осол болоход байгууллагын гэм буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй учраас эмчилгээний зардлыг гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөрийг байгууллагаас нэг удаа олгосон байгаа гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь үйлдвэрлэлийн осолд өртөн биедээ гэмтэл авсан тул эмчилгээний зардал 35149000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 79% алдсантай холбогдуулан жилд 4320000 төгрөг, нийт 39469000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 37220000 төгрөг болгон багасгажээ.[1]

Хариуцагч Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч ..манай байгууллага Н.Ганхөлөгт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг болон Үйлдвэрчний эвлэлийн хороо, байгууллага, ажилчдаас 4200000 төгрөг нийт 15463338 төгрөгийн тусламж үзүүлсэн. Үйлдвэрлэлийн осол гарахад Н.Ганхөлөгийн тодорхой хэмжээний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.[2]

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 2105 цагийн үед тасарсан А фазын утсыг татаж чангалах агшинд 0,4кВ-ийн агаарын шугамтай огтлолцсон 10кВ-н шугамын С фазад шүргэж хүчдэлд нэрвэгдэн, түлэгдсэнээс гэмтэл аван, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан болох нь Үйлдвэрлэлийн осол тогтоосон 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн акт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байна.[3] Энэ үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Ажил олгогч Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, ажилтан Н.Ганхөлөг нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажилтан уг харилцааны явцад буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг шаардсан гэж дүгнэх үндэслэлтэй байх тул маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх учиртай. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхээр заасан ба мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д энэ төрлийн хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх арга хэлбэрийг заасан байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг тухайлсан хуулиар зохицуулна гэж зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хоорондох харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой ба үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд тусгагджээ.

Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн бус харин Иргэний хуулийн зохицуулалтаар тухайн маргааныг шийдвэрлэх нь тусгайлсан зохицуулалт бүхий хуулийг тухайн харилцаанд хэрэглэх хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй болно.

Үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд ажил олгогч үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан ялгамжтайгаар тодорхой хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэйг заажээ. Энэ үүргийнхээ дагуу Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Н.Ганхөлөгт 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон байна.[4] Харин ажилтны хөдөлмөрийн чадвараа алдсанаас одоогийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлж сард 360000 төгрөг, жилд 4320000 төгрөгийг байгууллагаас гаргуулж байх үүргийг ажил олгогчид ногдуулсан эрх зүйн хэм хэмжээ /ажил олгогчоос шаардах эрх зүйн үндэслэл/ энэ зүйлд болон Хөдөлмөрийн тухай хуулийн бусад зүйл, заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ч тусгагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т заасан зохицуулалт үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан ялгамжтайгаар тодорхой хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг ажил олгогч нэг ба түүнээс дээш удаа олгосон байх нь нийгмийн даатгалын сангаас болон бусад үндэслэлээр тэтгэвэр болон тэтгэмж авах эрхийг хязгаарлахгүй, энэхүү тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг багасгаж тооцох үндэслэл болохгүйг тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Н.Ганхөлөгийг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд өртсөн, энэ осолд байгууллага буруутай тул хохирлыг ажил олгогч буюу байгууллагаас гаргуулах ёстой гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулснаас хариуцлага ногдуулахын тулд хариуцагчийн хууль бус ажиллагаа, түүний гэм буруу байх ёстойгоос гадна гэм хор учирсан байх, уг гэм хор болон хууль бус үйлдлийн хооронд шалтгаант холбоо үүссэн байх шаардлагатай. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалт хариуцлага хүлээх этгээдийн хууль бус болон гэм буруутай ажиллагаа байгаа тохиолдолд хамааралтай болно.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх учиртай байна.

Хариуцагч Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хууль бус бөгөөд гэм буруутай ажиллагаа тухайн осол гарахад нөлөөлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад туссан зүйл үгүй байгаагаас гадна ажил олгогч гэм буруутай эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осол гарсан нөхцөлд ажилтанд учирсан гэм хорыг арилгана гэх зохицуулалт Иргэний хуульд заагдаагүй учир Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасан хариуцлагыг Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.2.-т зааснаар ажилтны эрүүл мэндэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох заалтаар зөвхөн мөн зүйлийн 141 дүгээр зүйлийн 141.1.6-д заасан буюу эмэгтэй болон насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажил гүйцэтгүүлсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хүнд ачааг өргүүлсэн, зөөлгөсөн, насанд хүрээгүй хүнийг хэвийн бус нөхцөлтэй болон түүний оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах ажлын байранд, эсхүл амралтын өдөр, шөнө буюу илүү цагаар ажиллуулсан тохиолдлуудад нөхөн төлүүлэх боломжтой байна.

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т заасан хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэх зохицуулалтын агуулгаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулсан тусгайлсан хэм хэмжээ байгаа нөхцөлд, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд Иргэний хуулийн зүйл, заалтыг баримтлах талаар тухайлан заагаагүй тохиолдолд Иргэний хуульд заасан эрх зүйн хэм хэмжээнд хөдөлмөрийн эрх зүйн харилцааг хамааруулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул, Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 372200000 /гучин долоон сая хоёр зуун хорин хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ

 

 

[1] хх 1-2 тал

[2] хх 139-140 тал

[3] хх 4, 14-15 тал

[4] хх 141 тал