Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 10

 

 

Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00192/И

 

        Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

        Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай шийдвэртэй,

 

      Булган аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Өлзийт гэр хорооны 9-12 тоотод оршин суух, Н.Ганхөлөгийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох гэм хорын хохирол 39496000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

        Нэхэмжлэгч Н.Ганхөлөг

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  М.Даваасүрэн       

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат    

        Нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

        Нэхэмжлэгч Н.Ганхөлөг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нь  “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баяннуур сумын төвд газраас дээш 6-7 метрийн шонд бэхлэгдсэн тасарсан цахилгааны утсыг бэхлэх ажил үүрэг гүйцэтгэх үедээ 10 мянган хүчдэлийн тогонд цохиулж, шонгоос унаж 2 гар, зүүн гуя, баруун хавирга, бусад эрхтэнээ гэмтээж, түлэгдсэний улмаас Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж, хагалгаа хийлгүүлэн, өөрийн арьсаар түлэгдсэн хэсгээ нөхүүлж, мөн Солонгос улсад очиж  эмчлүүлэх зэргээр нэг жил хоёр сар гаруй эмч, эмнэлгийн хяналтанд байнга үхлийн ирмэгт эмчлүүлж, байнгын хүний асрамжинд сэтгэл санаа, ахуй амьдрал, бие махбодийн хүнд байдалд хоног сарыг өнгөрөөж байна. Миний хоёр гараас бусад бие эрхтэн одоогоор гайгүй болж байгаа. Харин хоёр гар ямар ч ажиллагаагүй, юм хийх боломжгүй, хөдөлмөрийн чадвараа 79%-иар алдаж, тахир дутуу болсон. Би залуу хүн учраас цаашид Солонгос улсад хагалгаа хийлгүүлж хоёр гараа эмчлүүлэх шаардлагатай байна. Энэ талаар Солонгос улсад очиж шинжилгээ хийлгүүлж намайг гурван удаа хагалгаанд орж, эмчлүүлэхийг зөвлөж албан ёсны өвчний онош болон холбогдох эмчилгээний зардлын тооцоог гаргаж өгч яаралтай эмчлүүлэх шийдвэр гаргасан.  Миний эрүүл мэндэд учирсан гэм хорын  хохирлыг миний ажиллаж байсан байгууллага гэрээний 6.2-т зааснаар хариуцах ёстой, би хохирох ёсгүй. Иймд Солонгос улсын эмнэлэгт шинжилгээ, оношлогоо хийлгэхэд 2 хүний ирж очих зардал монгол мөнгөөр 2500000 төгрөг, байр түрээсийн хөлс 1400000 төгрөг, эмчилгээний зардал 29000000 төгрөг бүгд 32900000 төгрөг, үүнээс гадна би 71%-иас дээш хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хоёр хүний ирж очих зардал 2249000 төгрөгийг давхардуулж буюу илүү нэхэмжилсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2249000 төгрөгөөр багасгаж байна гэв.

 

Хариуцагч “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ”” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Ганхөлөгт үйлдвэрлэлийн осол гарсан үед 1000000 төгрөгийг анхны эмчилгээний зардал болгон өгсөн. Мөн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Мөн Булган салбарын үйлдвэрчний эвлэлийн хороо 600000 төгрөг, ажилчдаас 2600000 төгрөг хадивласан. Үйлдвэрлэлийн осол гарсан шалтгаан нь Н.Ганхөлөгийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон. Н.Ганхөлөг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, 18.2.7 өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх зэрэг заалтуудыг, мөн ажил гүйцэтгэхдээ диспетчерийн өгсөн зааварчилгааний дагуу аюулгүй ажиллагааны дүрмийн зарим заалтыг мөрдөж ажиллаагүй. Үүнд: Аюулгүй ажиллагааны дүрмийн №231 ажлын байр бэлтгэх үед хүчдлийг салгасан байх ёстой,  Хүчдлийг тасалсан Цахилгаан дамжуулах агаарын шугамд ажил гүйцэтгэх үед уг шугмын элементүүд нь хүчдэлтэй байгаа бусад Цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйдэл дамжуулах хэсэгт 1 дүгээр хүснэгтийн 3 дугаар баганад зааснаас дотогш ойртохоор бол хүчдэлтэй Цахилгаан дамжуулах агаарын шугам, Аюулгүй ажилагааны дүрмийн №622 Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчийн хариуцагчаас жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож 360000 төгрөг, жилд 4320000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлд дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагч “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ”” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь манай байгууллагад 2013 оноос монтероор ажиллаж байсан. Тэрээр 2015 оны 07 дугаар сарын 24-ний үйлдвэрлэлийн осолд орсон. Н.Ганхөлөг нь хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, 18.2.7, Аюулгүй ажиллагааны дүрмийн №231, 622 дахь заалтуудыг зөрсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын утас, троссыг угсрах, солих үед угзралгүй алгуур татах ба татлага оосрыг татаж байгаа утас хүчдэлтэй байгаа утсанд ойртох буюу орооцолдохгүйгээр чиглүүлэн байрлуулж татна гэж заасныг зөрчсөн нь Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар тогтоогдож байгаа. Үйлдвэрлэлийн осолд бүртгэгдсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаалаар 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11263338 төгрөг олгосон. Энэ үйлдвэрлэлийн осол болоход байгууллагын гэм буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй учраас эмчилгээний зардлыг гаргах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдуулан одоогийн мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнээр тооцож сард 360000, жилд 4320000 төгрөгийг ажиллаж байсан байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д зааснаар нөхөн төлбөрийг байгууллагаас нэг удаа олгосон байгаа гэв.

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул, “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 372200000 /гучин долоон сая хоёр зуун хорин хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг давж заалдах гомдолдоо: “...Ганхөлөг би 2015.07.14 нд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ Баяннуур сумын 10/0,4 кв-н АТП-7 дэд станцын 1-р гаргалгаа /урд гаргалгаа/-ны агаарын шугамын 0,4 кв-н 4-р тулгуураас зүүн тийш салбарласан 2 дахь тулгуурын А фазын утас тасарсны улмаас уг гэмтлийг устгах явцдаа Н.Ганхөлөг миний бие осолд өртсөн. Осолд өртсөн шалтгаан нь тасарсан А фазыг татаж чангалах үед 0.4 кв-н агаарын шугамтай огтлолцсон 10кв шугамын С фазад шүргэж хүчдэлд цохиулж дөрөө бүсэндээ дүүжлэгдэн биедээ 4-р зэрэг буюу 80%-ийн түлэгдэл авч ухаан алдан эрэмдэг, зэрэмдэг болон эмнэлэгт жил шахам эмчлэгдэн түлэгдсэн бие эрхтнээ хэвийн болгохын тулд өөрийн бие эрхтнээс шилбэ, гуя, гарын булчин зэргээс арьсаа өвчүүлж түлэгдсэн хэсэгтээ наалгаж арьсаа нөхүүлж жил шахам эмчлүүлсэн. Одоо 2 гар мэдээгүй болон үүнийгээ эмчлүүлэхийн тулд өөрийн ажиллаж байсан ЭБЦТС-ТӨХК-наас дээрх нөхөн төлбөрийг гаргуулж 2 гараа эмчлүүлж 2 гартай болохын тулд зорьж байгаа хэрэг гэтэл шүүх ЭБЦТС-ТӨХК-ийг буруугүй мэтээр хаацайлж миний нэхэмжилсэн мөнгийг гаргуулахгүйгээр хохироосон явдалд гомдолтой байна. Байгууллага тухайн үед нь маш ноцтойгоор буруутай байснаас тухайн үед би ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ бие эрхтнээ удаан хугацаагаар хохируулсан байгаа. Энэ нь цахилгаан шугам сүлжээний байгууллага үйлдвэрийн осол судлан бүртгэх төвийн комиссын 2015.08.05-ны актаар үйлдвэрийн ослын акт гэж тогтоогдсон бөгөөд цахилгаан шугам сүлжээний гол буруу нь шугамын хөндлөн огтлолцлын зай нь стандарт хэмжээнд хүрээгүйгээс осол гарсан Ганхөлөг би бие эрхийнээ гэмтээж үхлийн эрмэгт орсныг шүүх анхаарч үзэлгүй байгууллагыг зөвтгөх мэтээр дүгнэлт хийж жирийн ажилтан намайг хохироосон явдалд гомдолтой байна. Гэм хорын нөхөн төлбөрийг гаргуулахгүйгээр буруутан байгууллагыг нэг талыг баримтлан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Хамтын гэрээний 6.2-т заасан заалт мөн гэрээний 6.5-д зааснаар үйлдвэрийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх асуудлыг хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлээр шийдэх ёстой байсныг бүрэн баримтлаагүй хуулийг буруу хэрэглэж тахир дутуу болсон. Н.Ганхөлөг намайг хохироосонд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлыг шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж дээрх нөхөн төлбөрийг холбогдох байгууллагаас гаргуулж хохиролгүй болгож зөвтгөж өгнө үү.”  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т  заасан шаардлагыг хангаж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж биедээ гэмтэл авсны улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан тул эмчилгээний болон  бусад зардал 37,220,000 төгрөгийг “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Ганхөлөг “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баяннуур сумын монтёроор ажиллаж байхдаа 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тасарсан А фазын утсыг залгахаар чангалах агшинд 0,4кВ-ийн агаарын шугамтай огтолцсон 10кВ-ийн шугамын С фазад шүргэж хүчдэлд нэрвэгдэн түлэгдсэний улмаас хөдөлмөрийн чадвараа 79 хувиар алдсан болох нь зохигчдын тайлбар, үйлдвэрлэлийн осол тогтоосон 2015 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн акт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нотлогдож тогтоогдсон байна.  

Хариуцагч “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь нэхэмжлэгч Н.Ганхөлөгт Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 зааснаар 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 11.263.338 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн хороо, байгууллага, ажилчдаас 4.200.000 төгрөг нийт 15.463.338 төгрөгний тусламж үзүүлжээ.

Дээр дурьдсаныг  үндэслэн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.4, 97.1-д зааснаар ажил олгогчоос  нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохиролыг нөхөн төлсөн бөгөөд  нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцагчийг буруутай үйлдлээс болоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн зохих зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Н.Ганхөлөг нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд орсныг хариуцагч байгууллага манай буруугаас болоогүй гэж мэтгэлзэж байгаа боловч тухайн осол болоход гэм буруугүй болохоо бусад нотлох баримтаар нотлож чадаагүй  байх тул “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Булган салбар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2015-2016 оны хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2,6.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролыг /хоёр гарын судас, шөрмөс залгуулах мэс засалд Солонгос улсад орох зардал нэхэмжилснийг/ ажил олгогчоос гаргуулах  хууль зүйн үндэслэлтэй байна.

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай. Хариуцагч байгуулллага нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж байгаа татгалзлалаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар нотлож чадаагүй байх тул нэхэмжлэгч Н.Ганхөлөгт учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаар шийдвэрийн:

1 дэхь заалтанд “372200000 /гучин долоон сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ганхөлөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас “ 34.971.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ганхөлөгт олгосугай” гэж,

2 дахь заалтанд хариуцагч “Эрдэнэт-Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 332.800.0 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай” гэж,

Шийдвэрийн “2, 3, 4” дэхь заалтыг “3, 4, 5” болгон дугаарласугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ё.БЯМБАЦЭРЭН

 

            ШҮҮГЧИД                                                              С.УРАНЧИМЭГ

 

                                                                                           М.ХҮРЭЛБААТАР