| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/01441/И |
| Дугаар | 210/МА2025/02002 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/02002
******* газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07349 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******од холбогдох,
Түрээсийн төлбөр, алданги, бусдад ашиглуулж олсон орлого болон олох байсан орлогод нийт 122,936,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Засварын зардалд 120,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 92 дугаар тогтоол, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/512 дугаар захирамжаар ******* ӨЭМТ-ийн балансад бүртгэлтэй 42,203,840 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийг ******* газарт балансаас балансад шилжүүлсэн.
1.2.******* нь нийслэлийн өмч болох ******* ӨЭМТ-ийн хуучин байрыг 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр тооцон 108 м.кв талбай бүхий байрыг 5 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг cap бүрийн 25-ны өдрийн дотор Нийслэлийн төрийн сангийн ******* тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
1.3. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч талаас үүргийн зөрчлийг арилгуулахаар 2021 оны 01 сарын 08-ны өдрийн 4/26 дугаар, 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 4/181 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн ба шуудангаас буцаасан, хүлээж аваагүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн оршин суух хаягаар очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй буцаасан байна.
1.4. Түүнчлэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29/32 дугаар тогтоолоор нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай жагсаалтад тус өрхийн эмнэлгийн байр орж батлагдсан тул уг барилгын хувьчлах ажлын бэлтгэл ажил хийгдэж байна.
1.5. Иймд*******оос түрээсийн гэрээний үндсэн төлбөр 8,640,000 төгрөг, алданги 4,816,800 төгрөг, барилгыг хууль бусаар бусдад ашиглуулж олсон 60,880,000 төгрөг, мөн 2021 оны 03 сараас гэрээ дуусах хүртэлх түрээсийн төлбөрт олох байсан орлогыг хохиролд тооцож 48,600,000 төгрөг, нийт 122,936,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, тус байрыг чөлөөлсөн. Одоо иргэн ******* үйл ажиллагаа явуулдаг.
2.2. 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 cap хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй. Учир нь тухайн өрхийн эмнэлгийн байр ашиглалтын шаардлага хангаагүй, нүүгээд 6 жил болсон байр, ашиглах боломжгүй болчихсон байсан.
2.3. Уг барилгыг завсар хийвэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж ******* гэх хүнтэй тохиролцсон. Гэтэл дарга нь солигдоод ойлгомжгүй болсон.
2.4. Хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу 2020 оны 07 сарын 01-ний өдөр завсар оруулсан ба тог цахилгаангүй байсан. Гэтэл Ковид-19 цар тахал дэгдэж, урдаас татсан бараа орж ирэх боломжгүй нөхцөл байдал бий болсон.
2.5. Хариуцагч нь түрээсийн төлбөрт маргаан байхгүй. Харин бид 129,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Иймд cap болгон төлөх байсан түрээсийн төлбөр 8,640,000 төгрөг, мөн 52,080,000 төгрөг манай дансаар орсон учраас зөвшөөрч байгаа, харин оруулсан хөрөнгө оруулалтыг хасаж тооцуулах саналтай байна гэв.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. Хариуцагчийн түрээсэлсэн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ӨЭМТ-ийн хуучин барилга нь тухайн үед аливаа этгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй, эзэнгүй байсны улмаас орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг, шууд ашиглах ямар ч боломжгүй зүйлийг хариуцагчид хүлээлгэж өгсөн. ******* газрын даргатай зөвшилцөн засаж сайжруулаад ингээд засварт зарцуулсан зардлаа түрээсийн төлбөрт суутгуулан явахаар тохиролцсон юм.
3.2. Гэтэл ******* газрын зүгээс засаж сайжруулаад ашиглах боломжтой болгосны дараа гэнэт өмнө хэлэлцэж тохиролцсон тохиролцоо болон гэрээгээ зөрчин миний нэр дээр нэхэмжлэл гаргаж байр чөлөөлүүлэх, мөнгө түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна.
3.3. 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний 3.3-т түрээслэгч нь нийслэлийн өмчийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Тус заалтын хүрээнд өмнөх удирдлагатай ярьж тохиролцсоны дагуу бид анх түрээсийн барилгыг бүрэн засварлаж нийт 120,000,000 төгрөгийн зардал гаргасан.
3.4. 2020 оны 07 сарын 01-ний өдрийн Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн гэрээний 1.6-д түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн түрээсийн нөхцөлд байна. гэж, Иргэний хуулийн 332 дугаар зүйлийн 332.3-т Түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан.
3.5. Нэгэнт түрээслүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул миний бие түрээсийн байрыг засаж сайжруулсан, зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассан, мөн зассан зүйлийг түрээсийн байрнаас салгах боломжгүй тул засварын зардалд зарцуулсан нийт 120,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга:
4.1. Хариуцагч засвар, засан сайжруулалт хийхдээ манайхаас болон холбогдох газраас зөвшөөрөл аваагүй, түрээсийн төлбөрийг засварт тооцох талаар харилцан тохиролцсон зүйл байхгүй.
4.2. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний 2.9-д нийслэлийн өмчийн эд хөрөнгөд хийсэн засварын хөрөнгийг гэрээ цуцалсны дараа түрээслэгч буцаан авах эрхгүй гэж заасан, үүнийг хүлээн зөвшөөрч хариуцагч нь гэрээ байгуулсан. Тиймээс засварын зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар хариуцагч*******оос 74,336,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* газарт олгож, нэхэмжлэлээс 48,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* газраас 64,998,405 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******од олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 55,001,595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* газрыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч*******оос 529,634 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, нэхэмжлэгч ******* газраас 482,942 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******од олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх... гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн түрээсийн объект нь шууд ашиглах боломжгүй, үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй хөрөнгө байсан эсэхтэй нэхэмжлэгч огт маргадаггүй. Хэнд ч түрээсэлсэн, хэн ч түрээсэлсэн заавал засвар хийж байж л үйл ажиллагаа явуулах боломжтой болох байсан талаар хэргийн оролцогч хэн аль нь маргадаггүй
6.2. Энэ тохиолдолд засварын зардлыг хэрхэн шийдвэрлэх, яах байсан талаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй тохиролцсон байх бүрэн боломжтой бөгөөд үүнийг тодруулах зорилгоор гэрчээр *******ыг асуулгах нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан байна.
6.3. Мөн шүүх ... уг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрх нь нээлттэй байхад шүүх хуралдаанд гаргасан хүндэтгэн үзэх шалтгааныг нотлоогүй гэж үзээд хүсэлтийг хэлэлцэлгүй шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр ч удаа гаргасан бөгөөд тухай бүрд шүүх хангахаас татгалзсан байна.
6.4. Түүнчлэн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т зааснаар) гаргах эрхтэй. Энэ хүрээнд өмнө бичгээр гаргаад хангахгүй байхад хариуцагч шүүх хуралдаан дээр гаргаж тухайн хүсэлт ямар ач холбогдолтой талаар мэтгэлцэж шийдвэрлүүлэх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.
6.5. Хэрэв ******* гэрчээр оролцоод үнэхээр засварын ажлын талаар амаар тохиролцсон гэвэл тус хэргийн шийдвэрт өөрчлөлт орох байсан уу гэдэгт шүүх дүгнэлт хийх хэрэгтэй бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдвол хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад чухал ач холбогдолтой байна.
6.6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай бүрэн танилцаагүй байхад шүүх хуралдааныг хийсэн үйл баримт мөн тогтоогдож байгааг энд дурдах нь зүйтэй байна.
6.7. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, цонхгүй, халуун хүйтэн усгүй, дулааны шугам хагарсан, хаалга, үүд цоож байхгүй, орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг байсан барилгыг шилжүүлэн өгсөн тул үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй засвар хийсэн ... гэж тайлбарласан байна.
6.8. Маргаан бүхий барилгын засварын ажил бодитой хийгдсэн эсэх, гарсан зардал хэдэн төгрөг болсон талаар ******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 29-ний өдөр хийсэн үнэлгээгээр 129,996,810 төгрөг гэж тогтоосон байхад сөрөг нэхэмжлэлээс 55,001,595 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
6.9. Энэхүү хариуцагчийн тайлбар үнэн зөв эсэхийг гэрчлэх, энэхүү үйл баримт буюу нэхэмжлэгчийг тухайн үед итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй энэ талаар ярилцаж тохирсон байсан эсэхийг тодруулахаар гэрч оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангаагүй. Гэрчээр *******ыг оролцуулах нь хэргийг тал бүрээс нь хууль, шударга ёсонд нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байхад түүнийг оролцуулахгүй шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна.
6.10. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07349 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч талын гаргасан гомдолтой танилцсан. ******* нь гэрээ байгуулагдах цаг хугацаанд ******* газрын дарга байсан этгээд мөн. Гэвч түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан. ******* гэх этгээдтэй тухайн үед юуны талаар тохиролцсон эсэхийг мэдэхгүй.
7.2. Хариуцагч талаас нэг удаа очоод гэрээ байгуулсан явдал биш, гэрээг байгуулахад хэд хэдэн удаа түрээслэх гэж буй объектод очиж үзэн, нөхцөл байдлыг мэдэж байсан талаар тайлбарладаг. Нөхцөл байдлын талаар мэдсээр байж гэрээг байгуулсан. Хэрэв түрээсэлж буй объект нь хөрөнгө оруулалт, засан сайжруулалт хийгдэх зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хөрөнгө оруулалт, засан сайжруулалтыг хянаж баталгаажуулан, зөвшөөрөл авч хийх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас баталгаажуулах байсан.
7.3. Хариуцагч цаашид үйл ажиллагаа явуулахад хангалтгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, засан сайжруулалт хийж, 2020 оны 07 сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээг байгуулсан. Засан сайжруулалт хийх талаар талууд тохиролцсоныг нотолсон баримт шүүхэд өгч байгаагүй. Нотлох баримт огт байхгүй. Цаг хугацаа өнгөрсний дараа буюу 5 жилийн дараа тохиролцоо хийсэн тухай тайлбар хэлдэг. Тийм ч учраас шүүгч *******ыг гэрчээр оролцуулахаас татгалзсан гэж үзэж байна.
7.4. Шүүх хуралдааны үед шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас хэргийн материалтай танилцах уу гэж асуухад маргааны талаар гэрээ байгуулагдсан үеэс эхлэн мэдэх учир хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж тайлбар хэлсний дагуу шүүх хуралдаан үргэлжилж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
8.1. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж байна. Хариуцагч талаас гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй буюу анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг аливаа байдлаар хангаагүй гэх нь үндэслэлгүй.
8.2. ******* газрын даргаар ажиллаж байсан *******ыг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хангаагүй гэж тайлбарладаг. Анх шүүх хуралдаанд 2021 онд нэхэмжлэл гаргаж, 2 удаа анхан шатны шүүх хуралдаан хянан хэлэлцэгдсэн. 2021 онд гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан.
8.3. Мөн анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа гэрчээр асуулгах тухай хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буй талаар үндэслэл бүхий дурдаж шийдвэрлэсэн. Үүнд ******* нь ******* газрын даргаар ажиллаж байсан буюу нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэхийг тогтоох нотлох баримт байхгүй тул хүсэлтийг хүлээж авахаас татгалзах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
8.4. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон ******* 2024 онд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон шүүх хуралдаанд оролцож байсан. Уг этгээд нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс оролцсон учир хэргийн материалтай танилцах шаардлагагүй, хэргийн үйл баримтын талаар мэдэх учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн учир шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
8.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ын эрхийг зөрчсөн, хязгаарласан үйл баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч*******од холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,671,043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь түрээсийн төлбөр болон түрээсийн зүйлийг бусдад ашиглуулж олсон орлого 52,080,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, засварын зардалд 120,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Прокурорын газар нь нэхэмжлэгчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 06 сарын 07-ны өдрийн 92 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 сарын 05-ны өдрийн А/512 дугаар захирамжаар ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ӨЭМТ-ийн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг ******* газарт шилжүүлсэн;
3.2. ******* газар нь*******той 2020 оны 07 сарын 01-ний өдөр Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, тус гэрээгээр ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ӨЭМТ-ийн 108 м.кв талбай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 1 м.кв талбайн үнийг 10,000 төгрөг байхаар тохиролцсон;
3.3.******* нь *******тай 2023 оны 07 сарын 02-ны өдөр Ажлын байр хөлслөх гэрээ байгуулж, уг гэрээгээр эмнэлгийн зориулалттай 110 м.кв байрыг 1 жилийн хугацаатай, сарын 4,500,000 төгрөгөөр хөлслүүлэхээр харилцан тохиролцсон байна.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* газрын оноосон нэр ******* газар гэж өөрчлөгджээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
5. Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч*******оос бусдад түрээсэлж олсон орлого 60,880,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* газарт олгож, нэхэмжлэлээс 48,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт болон нэхэмжлэгч ******* газраас 64,998,405 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******од олгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.
6. Хариуцагч нь түрээсийн төлбөрт 8,640,000 төгрөг, алданги 4,816,800 төгрөг, нийт 13,456,800 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.
6.1. Нэхэмжлэгч нь ... хариуцагчийн эзэмшил ашиглалтад байсан хугацааны түрээсийн гэрээний үүрэгт 2020 оны 07 сарын 01-нээс 2021 оны 02 сарыг хүртлэх 8 сарын түрээсийн төлбөрт 8,640,000 төгрөг, болон алданги гаргуулна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарыг хүртэлх 8 сарын түрээсийн төлбөрт 8,640,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан байх боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй, төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт тус тус зааснаар уг гомдлыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй.
6.2. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.7-д Түрээслэгч түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулан төлөхөд хүрвэл төлбөрийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож, түрээсийн төлбөр дээр нэмж төлөх үүрэг хүлээнэ гэж зохицуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 заасан анзын тохиролцоог бичгээр байгуулах хуулийн шаардлага хангажээ.
Анхан шатны шүүх хариуцагч нь 2020 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 сарыг хүртэлх 8 сарын түрээсийн төлбөрт 8,640,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, алдангид 4,816,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс 55,001,595 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1. Хариуцагч нь ... түрээсийн зүйл нь үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, цонхгүй, халуун хүйтэн усгүй, дулааны шугам хагарсан, хаалга, үүд цоож байхгүй, орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг байсан барилгыг шилжүүлэн өгсөн тул засварын зардалд 120,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан.
7.2. Анхан шатны шүүх засварын зардалд гаргасан зардал болох хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тайланд дурдсан 129,996,810 төгрөгийн 50 хувь болох 64,998,405 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэсэн эрх зүйн дүгнэлт буруу байх тул давж заалдах шүүхээс залруулна.
Хариуцагч нь ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ӨЭМТ-ийн хөрөнгөд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд засан сайжруулалт хийсэн үйл баримтад талууд маргаагүй боловч засан сайжруулалтын зардлын хэмжээ нь маргааны зүйл болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн шинжээчээр томилж, 2024 оны 05 сарын 29-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланд ... Улаанбаатар хот, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ******* өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн үнэлгээ 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаарх бодит үнэ цэнэ 129,996,810 төгрөг байна гэж гаргасан байх ба уг дүгнэлт нь түрээсийн байранд засвар хийх үеийн гүйцэтгэлийн үнэлгээг гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй баримт гэж үнэлэхгүй.
Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч******* нь түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөд 120,000,000 төгрөгийн засан сайжруулалт гүйцэтгэсэн гэх боловч энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагаас 64,998,405 төгрөгийг гаргуулж, хариуцагч*******од олгож шийдвэрлэсэн хэсгийг нэхэмжлэгч ******* газар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн прокурорын газар нараас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хөндөхгүй.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлын хангах үндэслэлгүй.
8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гэрч *******ыг оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
8.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй, шүүх хэргийн материалтай танилцуулах эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/07349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
С.ЭНХБАЯР