Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0290

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч О.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Э-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрээр: “...Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хууль /1996 он/-ийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6/614 дүгээр тушаалын 2 дахь заалтад заасан хугацааг зөвтгөн тооцох, 3 дахь заалтад заасан 36 сарын нэг удаагийн тэтгэмжийг зохих журмын дагуу тооцож олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7 дугаар зүйлийн 2-т тус тус заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 3 дугаар бүлгийн 19 дүгээр зүйлийн 1-д “Офицерын цол бүхий иргэн Монгол Улсын Зэвсэгт хүчний зохих албан тушаалд цэргийн алба хаахыг офицерын алба гэнэ”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Дотоодын цэргийн тухай /1995/ хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын цэргийн тангарагийг өргөж, дотоодын цэргийн аль нэг байгууллагад алба хааж, суралцаж байгаа Монгол Улсын иргэнийг дотоодын цэргийн алба хаагч гэнэ”, 14 дүгээр зүйлийн 2-т “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний дагаж мөрддөг хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна” гэж тус тус заасныг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга, дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр ажилласан хугацааг шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч цэргийн жинхэнэ алба хааж байсан тухай шүүх хуралдааны явцад тогтоогдсон үйл баримтыг шүүх буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр томилогдож тус албан тушаалд 2,2 жил ажилласан байна. Тус албан тушаал нь цэргийн цолтойгоор томилогдох байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгч нар энгийн болно, эсхүл хууль батлагдсаны дараа цэргийн цолыг нөхөж олгоно гэсэн үндэслэлээр энгийнээр ажиллаж байсан юм. Нэхэмжлэгчийн тасгийн даргаар ажилласан хугацаанд батлаагүй болон огт байхгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дүүрэн дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолыг үндэслэж хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн Цагдаагийн байгууллагад ажилласан байсан хугацааг “цэргийн албанд нийт 21 жил, 10 сар, 19 хоног нь нэмэгдэж 23 жил, 3 сар, 19 хоног болж байгаа хэдий ч энэ тушаалын 2 дахь заалтыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж шүүх хугацааг зөв тодорхойлсон хэдий ч маргаан бүхий актын 2 дахь заалтыг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийн бусад ажилласан хугацааны уялдаа холбоонд хамааралгүй мэт дүгнэсэн нь нэхэмжлэгчийн шаардлага болон зөрчигдсөн эрхийг сэргээх зүйн байдлыг дээрдүүлэх зэрэгт хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/614 дүгээр тушаалаар хошууч О.Эыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн ээлжийн даргын үүрэгт ажлаас нь хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгохоор чөлөөлж, цэргийн албанд биеэр 20 жил 09 сар 19 хоног, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацааны нэмэгдэл 01 жил 01 сарыг сарыг нэмж тооцон, цэргийн албанд нийт 21 жил 10 сар 19 хоног ажилласнаар тооцож, 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр маргажээ.

  • Дорноговь аймгийн Дүүрэнгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар 1985-1990 онд ажилласан 5 жил 2 сарын нэмэгдэл 1 жил 3 сарыг офицерын бүрэлдэхүүнд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хасч тооцсон,
  • Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан 2 жил 2 сарыг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож, нэмэгдэл 0,5 жилийн нэмэгдэл олгоогүй,
  • 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ажилчны районы Цагдан сэргийлэх хэлтэст /хуучнаар/ жижүүрийн мөрдөн байцаагч, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Чойрын Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгч, 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж хугацааны нэмэгдэл 1 жил, 3 сарыг оруулан тооцоогүй,
  • 2012-2015 он хүртэл 409 дүгээр хаалттай хорих анги нь чанга дэглэмтэй байсан учраас 3 сарын нэмэгдэл тооцох ёстой байтал 2 сараар тооцож багасгасан, өөрөөр хэлбэл 1 жилийг 1 жил 3 сараар бодох ёстой байсан хэмээн тайлбарласан байна.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд цэргийн алба хаагч нэг удаагийн тэтгэмж авах тохиолдлыг нэрлэн зааж, цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохоор, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтаас үзэхэд цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогчоос “цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй жил алба хаах” гэж тусгайлан заажээ.                                                                                                  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэж, “...нэхэмжлэгчийн цэргийн алба хаасан хугацаа нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байх тул 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй” хэмээн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.                                                         Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: 1) цэргийн цолтойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнаар томилогдох байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн найруулагдаж бүх ахлах болон шийдвэр гүйцэтгэгчид энгийн болно, хууль батлагдсаны дараа цэргийн цолыг нөхөж олгоно гээд энгийнээр ажиллаж байсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002/ холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, 2) 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дүүрэн дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацааг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолыг үндэслэж хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн” гэсэн 2 үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

1. Энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцоогүй гэх гомдлын тухайд: Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2001 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/290 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Эыг 2001 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх тасгийн даргаар, 2002 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/540 дүгээр тушаалаар Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дэд дарга, ахлах гүйцэтгэгчээр томилж, 2003 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/660 дугаар тушаалаар 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан, уг хугацаанд нэхэмжлэгч нь цэргийн цолгүй энгийнээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон байна.                                                                                                          

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ”, 135 дугаар зүйлийн 135.2-т “хорих байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж,  мөн хуулийн 137 дугаар зүйлийн 137.3-д “шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн ...137.2-т /цэргийн цол, зэрэг, дэвийн нэмэгдэл олгох/ зааснаас бусад баталгааг эдэлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгчийн цэргийн цолгүй, энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцохгүйгээр ялгаатай байхаар зохицуулсан тул нэхэмжлэгчийн энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулаагүй гэсэн гомдол үндэслэлгүй.  

Түүнчлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад орших бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй”, 5-д “... шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч” гэж нарийвчлан зохицуулснаас үзэхэд нэхэмжлэгч О.Эын 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох ёстой гэж хууль зүйн хувьд дүгнэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчийн 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Дүүрэн дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид ээлжийн даргаар ажилласан хугацаанд нэмэгдэл олгоогүй, хэрэгт байхгүй нотлох баримтыг үндэслэсэн гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч О.Э нь Дүүрэн дэх Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан хугацаа нь цэргийн алба хаасан хугацаанд орж тооцогдож байгаа бөгөөд харин БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1980 оны 413 дугаар тогтоолоор хорих ангид 1980 оноос 1993 онуудад хянагч болон хянагч-сувилагчаар ажиллаж байсан алба хаагчдад нэмэгдэл олгохоор заасан нь нэхэмжлэгчийн ээлжийн даргаар ажиллаж байсан хугацаанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл ээлжийн даргын алба хашиж байсан хүмүүст нэмэгдэл олгохоор заагаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                            ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

                            ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

                            ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ