Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/01602

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1986 дугаар магадлалтай,

С.Агийн нэхэмжлэлтэй

“Г Б Т”ТББ-д холбогдох

6 758 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, Н.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие АНУ-д мэргэжил дээшлүүлэн магистрт суралцахаар судалж үзсэний дүнд АНУ-д 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, АНУ-ын виз найдвартай гаргана гэсэн мэдээллийн дагуу “Г Б Т”ТББ-тэй холбогдож, улмаар 2016 оны 6 сарын 19-ний өдөр тус төвтэй 06/35 тоот "магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ"-г байгуулсан. АНУ-ын их, дээд сургуулиудад суралцахад TOEFL-ийн шалгалт өгч, тодорхой шалгуурыг хангасан байхыг шаарддаг тул миний бие гэрээ байгуулахдаа энэ талаар лавлаж тодруулахад “TOEFL-ийн оноо шаардлагагүйгээр 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, хөтөлбөрт хамрагдагсад сонирхсон мэргэжлийнх нь дагуу АНУ-ын их, дээд сургуулиудаас санал, урилга ирүүлэх бөгөөд АНУ-д очсоны дараагаар шаардлагатай тохиолдолд зохих шалгалтыг өгч суралцах боломжтой, ийнхүү урилга, санал ирсэн, мөн тус боловсролын төвөөс холбогдох тодорхойлолт бичгийг хийж өгснөөр АНУ-ын виз найдвартай гарна" гэх мэдээллийг өгч, танилцуулж байсан тул би дээрх хөтөлбөрийн үнэ, гэрээний төлбөрт 4 600 ам.долларыг төлсөн. Улмаар “Г Б Т”ТББ-аас холбогдож "чамд Линденвүүдийн их сургуулиас урилга ирүүлсэн" гэсний дагуу бусад бичиг баримтаа бүрдүүлэн АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлсэн. Гэтэл АНУ-ын элчин сайдын яамнаас “TOEFL-ийн оноо байхгүй учир АНУ-д магистрын сургалтад хамрагдах боломжгүй тул виз олгохоос татгалзах үндэслэл болж байна" гэсэн хариу өгсөн. Энэ нь надаас үл шалтгаалах, миний буруутай үйл ажиллагаа биш тул миний бие “Г Б Т”ТББ-д болсон үйл явдлыг танилцуулж, гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар хандаж 2016 оны 12 сарын 02-ны өдөр өргөдөл гаргасан. Гэвч тус төв нь дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөлгүй байсаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр 4 600 000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 1 862 ам.долларыг өгсөн бөгөөд үлдэх хэсгийг өгөлгүй өнөөдрийг хүрээд байгаа тул арга буюу гэрээний 6.4-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд гэрээний дагуу төлсөн 4 600 ам.долларын үлдэгдэл болох 2 738 ам.доллар буюу 6 758 000 буцаан гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхсоёл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай төв нь 2002 онд байгуулагдаж, монголын залуусыг олон улсын их, дээд сургуульд зуучилж оруулах, мөн сургалтын төлбөрөөс зохих хувийг хөнгөлүүлэх, боломжтой тохиолдолд оюутны төлбөрийг бүрэн хөнгөлүүлэх зэрэг эх орныхоо оюуны боловсролд зохих хэмжээний хувь нэмрээ оруулж байгаа байгууллага юм. С.А 2016 оны 6 сард “Г Б Т”ТББ-д хандсанаар 2016 оны 6 сарын 19-ний өдөр магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээг байгуулсан. С.Агийн нэхэмжлэлдээ дурдсан “TOEFL-ийн оноо шаардлагагүйгээр 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна, хөтөлбөрт хамрагдагсад сонирхсон мэргэжлийнх нь дагуу АНУ-ын их, дээд сургуулиудаас санал, урилга ирүүлэх бөгөөд АНУ-д очсоны дараагаар шаардлагатай тохиолдолд зохих шалгалтыг өгч суралцах боломжтой, ийнхүү урилга, санал ирсэн, мөн тус боловсролын төвөөс холбогдох тодорхойлолт бичгийг хийж өгснөөр АНУ-ын виз найдвартай гарна" гэх мэдээллийг өгсөн гэдэг нь үндэслэлгүй байна “Г Б Т”ТББ-аас ийм ташаа мэдээлэл огт өгөөгүй бөгөөд С.Атай байгуулсан гэрээний 1.1-т зааснаар "АНУ-ын их, дээд сургууль, коллежид элсэн суралцах шалгуур болзлыг хангасан 16-35 насны Монгол Улсын иргэнийг сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах болон энэхүү гэрээтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино" гэжээ. Гэрээний хавсралт 1-д тавигдах шаардлагын 6-д зааснаар IBT/TOEFL өгсөн, тус оноо нь 61-ээс дээш байх ба таны хүрэхгүй тохиолдолд АНУ-ын хэлний бэлтгэлд нэг жил сурч болно хэмээн заажээ. Мөн “Г Б Т”ТББ нь АНУ-ын визний асуудалд маш нухацтай ханддаг бөгөөд визний асуудал нь хувь хүнээс бүрэн шалтгаалдаг тул энэ асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Энэ тухайгаа ч гэрээний 3.12, 4.6-д заасан. С.Агийн хувьд АНУ-ын Линденвүүдийн их сургууль болон Сант-Францесийн их сургуулиудаас хэлний бэлтгэл үргэлжлүүлэн магистрт элсэн суралцах урилгууд тус тус ирсэн. Хэлний бэлтгэлд тэтгэлэг олгосон учир Линденвүүдийн их сургуулийг С.А өөрөө сонгосон. “Г Б Т”ТББ нь гэрээний 1.10 дахь хэсгийн В-д зааснаар 2017 оны 2 сарын 24-ний өдөр 1 862 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 4 600 000 төгрөгийг С.Ад хүлээлгэн өгсөн. “Г Б Т”ТББ-аас С.Атай холбоотой асуудал дээр бүхий л боломжоо гарган ажилласан бөгөөд үүний баталгаа нь түүнд ирсэн урилга, хэрвээ түүний виз гарсан бол ямарваа нэгэн асуудалгүйгээр цаашид сурч боловсрох бололцоог нээж өгсөн, сургуулиудын хөнгөлөлтийг авах эрхийг нээж өгсөн төдийгүй одоо ч түүний сургуулиудыг хөнгөлөлтийн эрх нь нээлттэй байгаа юм. Визний асуудалтай холбоотойгоор манай төв хариуцлага хүлээх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3-т зааснаар хариуцагч “Г Б Т”ТББ-аас 5 524 615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, үлдэх 1 234 275 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Г Б Т”ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 103 344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Ад буцаан олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1986 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3 ...” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Х.Юхяналтын гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/01840 дүгээр шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 сарын 6-ны өдрийн 1986 дугаартай магадлалтай С.Агийн нэхэмжлэлтэй, “Г Б Т”ТББ-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг хэт нэг талаас нь үнэлж дүгнэсэн шийдвэр болсон хэмээн хариуцагч талаас үзэж байна. Анхан шатны шүүх нь зохиогчдын хоорондын харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт заасан харилцаа буюу Хөлсөөр ажиллах гэрээ зохигчдын хооронд үүссэн гэж үнэлж дүгнэсэн бол... давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэг гэж үзэж буюу Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон гэж үзэж байна. Хариуцагч тал дээрхи үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ““Г Б Т”ТББ болон С.А нарын хооронд 2017 оны 6 сарын 19-ний өдөр хийгдсэн 06/35 тоот Магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гэрээ нь зохигчдын хооронд хийгдсэн зуучлалын гэрээ гэж үзэхээр байна. С.Ад АНУ-ын Линденвүүдийн Их сургууль болон Сант Францесийн Их сургуулиудаас хэлний бэлтгэлд 8800 ам долларын тэтгэлэг олгож, цаашдаа магистрт элсэн суралцахад 10,200 ам долларын тэтгэлэгтэй урилгууд тус тус ирсэн. Тэтгэлэг олгосон сургуулиудаас Линдэнвүүдийн их сургуулийг С.А өөрөө сонгосон. /нотлох баримт хавсаргав./ “Говь Боловсрол Төв”-с С.Атай холбоотой асуудал дээр бүхий л боломжоо ашиглаж ирсэн ба тэтгэлэг олгох гэрээний дагуу манай төв гэрээгээ 100 хувь биелүүлж, АНУ-ын Линденвүүдийн Их сургуулиас С.Атай холбоотой бүх материал цаг хугацаандаа ирсэн болно. Гэрээний үндсэн шаардлагад АНУ-ын Их дээд сургууль болон Монгол улсын Иргэний хооронд зуучлах асуудлын талаар дэлгэрэнгүй заасан байдаг бөгөөд манай байгууллагын хувьд 650 гаруй оюутан залуусыг 2002 оноос хойш гадаадын их дээд сургуульд тэтгэлэгээр сургаж байна. Мөн “Г Б Т”ТББ-с АНУ-ын визний асуудалд маш нухацтай ханддаг бөгөөд визний асуудал нь хувь хүнээс бүрэн шалтгаалдаг тул энэ асуудалд хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг. Гэтэл С.Агийн виз гараагүй асуудлаас болж “Г Б Т”ТББ-н гүйцэтгэсэн зуучлалын ажиллагаа үнэгүйдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үнэлж дүгнэж байгааг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд С.Агийн нэхэмжлэлтэй “Г Б Т”ТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн, шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргаж, “...С.Ад АНУ-ын Линденвүүдийн их сургууль болон Сан Францесийн ИХ сургуулийн хэлний бэлтгэл, магистрт суралцах тэтгэлэгийг олж өгч, гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийг хариуцахгүй, ...виз олгоогүй асуудалд манайх буруугүй ...” тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч “Г Б Т”төрийн бус байгууллагад  холбогдуулан 6 758 890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч татгалзаж,  маргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчдын байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн “магистрын зэргээр сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах” гэрээгээр  хариуцагч нь нэхэмжлэгчийг АНУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хамруулах, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны болон хөтөлбөрийн хураамжид нийт 5 100 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчдын хооронд ажил үйлчилгээ гүйцэтгэх, хөлс төлөх үүрэг үүсээгүй талаар давж заалдах шатны шүүх дүгнэж, талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ гэж үзэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл С.А нь зуучлалын хөлсөнд 500 ам.доллар төлөх үүрэгтэй ба сургалтын тэтгэлэгт хамрагдах төлбөрт 4 600 ам.долларыг төлсөн, хариуцагч 1 862 ам.долларыг нэхэмжлэгчид буцааж өгсөн байна. Харин виз олгогдоогүй тул нэхэмжлэгч нь тэтгэлэгт хамрагдаж, суралцах боломжгүй болсон, төлсөн 4600 ам.долларын үлдэх 2 738 ам.доллар буюу 6 758 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн байна.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн төлсөн 4600 ам.доллараас гэрээний дагуу төлөх ёстой зуучлалын хөлс 500 ам.доллар, хариуцагчийн буцааж өгсөн 1 862 ам.долларыг тус тус хасч, үлдэх 2 238 ам долларыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн гэж үзнэ. Зуучлалын гэрээ дуусгавар болж, хариуцагч нь нэхэмжлэгчийн тэтгэлэгт хамрагдахаар төлсөн 4 600 ам.долларыг авах эрхгүй тул буцаан гаргуулах нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1986 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Юмчмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 103 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР                                   

              ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА