Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/01581

 

Л.Б-нийнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаар магадлалтай,

Л.Б-ний нэхэмжлэлтэй

Ч Х ОУ Н Б ТӨААТҮГ-т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргий

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагайгийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч Х ОУ Н Бд 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аюулгүй байдал, хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилд орсон бөгөөд тасралтгүй 11 жил ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой хугацаагүй байгуулсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин байгууллага дотор болон байгууллагаа төлөөлөн олон уралдаан тэмцээн арга хэмжээнд оролцож шагнал урамшуулал авсан. Мөн 2013 онд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хүний амь нас аварч байгууллагаас мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Гэтэл байгууллагын захирал 2017 оны 3 сарын 06-ны өдрийн Б/133 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 2017 оны 2 дугаар сарын 17-нд үүрэг гүйцэтгэж байхдаа удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхин явсан, 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан хэмээн бичжээ. Ажил олгогч нь нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тусгайлан заагаагүй бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэлийг давхардуулан хэрэглэж ажлаас үндэслэлгүйгээр халсан. 2016 онд сахилгын шийтгэл авсан үндэслэл нь ажлын бус цагаар ажлаа тараад хөдөө явсан. Тэр өдрийн шөнийн 4 цагийн үед бэлэн байдлын сургалт зарласан байдаг. Түүнийг өмнө нь урьдчилж хэлээгүй байсан. Тухайн үед шөнийн 4 цагт мэдээ авчихаад өглөө ирэхэд сургалт нь тарсан байсан. Би ажилд орсноос хойш ажилдаа идэвхтэй сайн оролцдог, ажлаа тасалдаггүй байсан. Намайг ээлжинд гарах үед буюу 2017 оны 02 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хамгийн сүүлийн нислэг Токиогийн нислэг байсан. Тухайн үед манай дүү ирж хүүхдийн бие муудаад байна гэж хэлэхээр нь дүүгээ явуулчихаад, би өөрөө бүх ажлаа дуусгаж, ээлжийн ахлагчид хэлэхээр очиход ээлжийн ахлагч байгаагүй, станцаар дуудахад авахгүй байсан. Тэгээд хүүхэд өвдөөд байгаа учраас хүүхэд рүү яараад явсан. Тэгээд гэртээ ирээд эгчийг дуудаж ирүүлээд хүүхдээ үзүүлсэн. Тухайн үед сандарсандаа утсаа машин дотор орхисон байсан. Тэгээд өглөө нь харахад над руу залгасан байсан. Ингээд намайг явсан хойгуур ажлын газар зөрчил гарсан зүйл байхгүй, тухайн үед надтай хамт н.Дүгэржав нь илтгэх хуудсанд бичиж өгсөн байдаг. Илтгэх хуудсаар ноцтой зөрчил гарсан гэж үзэхгүй байна. Иймд ажил олгогчийн 2017 оны Б/133 тоот тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч талаас сахилгын шийтгэл давхардуулан ногдуулж ажлаас халсан гэж нэхэмжлэл гаргасан. Манай талаас сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулаагүй. Л.Б нь 2017 оны 02 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ажлаа орхиж явсан байдаг. Энэ талаар тодорхой баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн 2017 оны 03 сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдах албан тушаалтанд хэлэхгүйгээр ажлаа орхиж явсан. Тухайн үед ямар нэгэн албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулаад, ажлаас халсан байгаа. Уг ажлаас халахад тушаал болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил болох ажилтан хариуцсан ажлын байраа орхисон гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа. Энэ заалттай холбоотой тайлбар хэлэхэд яагаад энэ заалтыг оруулсан нь мэдэгдэхгүй, тушаал гарах процессын алдаа гарсан юм шиг байна. Ажлаас халсан гол үндэслэл нь ажлаа орхиж явсан нь зөрчил, мөн хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14-т удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чанаргүй биелүүлсэн гэх зэрэг үндэслэж гаргасан. Л.Б нь тухайн ээлжинд гаргахдаа тухай удирдах албан тушаалтнаас үүрэг өгдөг. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2 ү,х, сахилгын зөрчил оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Болд-Эрдэнийг Ч Х ОУ Н Б аюулгүй байдал, хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч Х ОУ Н Б-аас 2 928 000 төгрөг гаргуулан Л.Бд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Б-нийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 61 797 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “2 928 000” гэснийг “3 779 659” гэж, 3 дахь заалтын “61 797” гэснийг “75 296” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61 800 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдөх тул 25 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Л.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай хяналтын гомдолдоо: Шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2017/01287 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд Хөдөлмөрийн тухай хуулийн “...37.1.8-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан 40.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг зааж өгөх учиртай.” гээд “...ажлаас халах сахилгын шийтгэлийг хэрэглэхээр бол үр дагавар нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчилд хамааруулж ойлгох юм.” гээд ажил олгогчийг буруутай гэж үзсэн нь шүүх дүгнэсэн зөв талаар бичжээ. Гэтэл хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцааг зогсоож болох 3 төрөл байна.

а/ Нэгдүгээрт Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тодорхой 7 нөхцөл байх бөгөөд Монгол хэлний тайлбар толинд дуусгавар болгох гэдгийг “төгсгөх” гэж тайлбарласан байна. Мөн 37 дугаар зүйлийг үзвэл ажил олгогч ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь тодорхой хугацаатай байсан нь дууссан эсвэл гадны буюу гуравдагч хүчний нөлөөллөөс болж хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж буй нөхцлүүдийг дурдсан байна. б/ Хоёрдугаарт хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40, 41 дүгээр зүйлд тодорхой заасан нөхцлүүд байх бөгөөд цуцлах гэдгийг Монгол хэлний тайлбар толинд “юмыг бутаргах, тараах, задлах” гэсэн агуулгатай байх бөгөөд гэрээг цуцлах гэдгийг “хэлэлцээрийг цуцлах, тохиролцоог цуцлах” үйл үг гэж тайлбарласан байна. Тухайн зүйлүүд нь хуульд болон ажилтан ажил олгогч хоорондоо харилцан тохиролцож заасан тодорхой нөхцлүүд бий болох, бүрдэх үед нэг талын санаачилгаар тухайн хөдөлмөрийн харилцааг, гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхой заажээ. в/ Гуравдугаарт ажилтныг ажлаас халах буюу хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д заажээ. Халах гэдгийг Монгол хэлний тайлбар толинд “халуун болох, галд халууцах, согтох, ам халах, нүүр халах, тодорхой үйлдэл хийсний улмаас бие тогтворжих” гэсэн бол ажлаас халах гэдгийг “ажлаас бүр мөсөн чөлөөлөх” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл нь ажил олгогч ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам болон тухайн байгууллагад мөрддөг дүрэм, журмыг их болон бага хэмжээгээр зөрчиж гүйцэтгэснээс хүлээлгэх хариуцлагын арга хэмжээнүүдийг заасан бөгөөд Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолд “...сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй” гэжээ. Л.Болд-Эрдэнийн хувьд өмнө нь сахилгын шийтгэлтэй байсан бөгөөд нэг жилийн хугацаа дуусаагүй байхад 2017.02.17-оос 2017.02.18-нд шилжих шөнө ажлын байраа дур мэдэн орхиж явсан, тухайн асуудлыг хэрхэх талаар шийдвэр гаргаагүй байхад дахин 2017.03.04-нд ажлаа тасалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.3-д заасан ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон. Л.Б нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбар болон гаргасан нэхэмжлэлдээ үүнийгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй талаар гомдол гаргасан байдаг. Үүнийгээ мөн дээд шүүхийн 33 дугаар тогтоолтой холбож тайлбарладаг. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15-д “Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргана. Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтанд олгоно” гэж тайлбарласан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад л хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-ийг баримтлахаар заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ажлаас халах үед 40.1-ийг баримтлах талаар тайлбарлаагүй байна. Иймд иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул хүчингүй болгож хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг хуульд нийцүүлэн тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим хэрэгжсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Ч Х ОУ Н БТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан” гэж нэхэмжлэлийг татгалзаж, мэтгэлцсэн байна.

Ажил олгогчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/133 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14, 3.3.6.17, 3.10.1, хөдөлмөрийн гэрээний 4.2.3.ү, 4.2.3.х дэх заалтуудыг зааж, Л.Б нь 2017 оны 02 дугаар сарын 17-нд албан үүргээ гүйцэтгэж байхдаа удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхин явсан, 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж тодорхойлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийг тушаалд заагаагүй нь тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл биш боловч шүүх ажилтны гаргасан үйлдлийг зөрчил гэж үзэх эсэх, ноцтой зөрчил гаргасан эсэх маргааны зүйлийн талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийсэн байна.

Тушаалд заасан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.ү-д “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн”, 4.2.3.х-д “...ажлын байраа орхисон үеэр тухайн цэгт зөрчил гарсан бол ноцтой зөрчилд тооцох... гэсэн зөрчил нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхин явсан гэх ажилтны үйлдэлд хамаарахгүй, мөн 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 8 цаг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 4.2.3.б-д заасан “..ажлын 3 өдөр буюу 24 цаг ажил тасалсан байвал ноцтой зөрчил” гэж үзэх заалтад нийцээгүй, ажилтан зөрчил гаргаагүй тул гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1855 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА