Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01287

 

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2017/01287

           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 14-527 тоотод оршин суух, Соёолон бор овогт Лхагвасүрэнгийн Болд-Эрдэнэ /РД:ШЕ84061710/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа дахь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Шолпан нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдөр аюулгүй байдал, хамаалалтын албанд харуул хамгаалалтын ажилд орсон бөгөөд тасралтгүй 11 жил ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчтой хугацаагүй байгуулсан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаж байгаагүй. Харин байгууллага дотор болон байгууллагаа төлөөлөн олон уралдаан тэмцээн арга хэмжээнд оролцож шагнал урамшуулал авсан. Мөн 2013 онд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хүний амь нас аварч байгууллагаас мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Гэтэл байгууллагын захирал 2017 оны 3 сарын 06-ны өдрийн Б/133 тоот тушаалаар намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан байна. Ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 2017 оны 2 дугаар сарын 17-нд үүрэг гүйцэтгэж байхдаа удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхин явсан, 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан хэмээн бичжээ. Ажил олгогч нь нэг талын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаагаа тусгайлан заагаагүй бөгөөд ажил олгогч сахилгын шийтгэлийг давхардуулан хэрэглэж ажлаас үндэслэлгүйгээр халсан. 2016 онд сахилгын шийтгэл авсан үндэслэл нь ажлын бус цагаар ажлаа тараад хөдөө явсан. Тэр өдрийн шөнийн 4 цагийн үед бэлэн байдлын сургалт зарласан байдаг. Түүнийг өмнө нь  урьдчилж хэлээгүй байсан. Тухайн үед шөнийн 4 цагт мэдээ авчихаад өглөө ирэхэд сургалт нь тарсан байсан. Би ажилд орсноос хойш ажилдаа идэвхтэй сайн оролцдог, ажлаа тасалдаггүй байсан. Намайг ээлжинд гарах үед буюу 2017 оны 02 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хамгийн сүүлийн нислэг Токиогийн нислэг байсан. Тухайн үед манай дүү ирж хүүхдийн бие муудаад байна гэж хэлэхээр нь дүүгээ явуулчихаад, би өөрөө бүх ажлаа дуусгаж, ээлжийн ахлагчид хэлэхээр очиход ээлжийн ахлагч байгаагүй, станцаар дуудахад авахгүй байсан. Тэгээд хүүхэд өвдөөд байгаа учраас хүүхэд рүү яараад явсан. Тэгээд гэртээ ирээд эгчийг дуудаж ирүүлээд хүүхдээ үзүүлсэн. Тухайн үед сандарсандаа утсаа машин дотор орхисон байсан. Тэгээд өглөө нь харахад над руу залгасан байсан. Ингээд намайг явсан хойгуур ажлын газар зөрчил гарсан зүйл байхгүй, тухайн үед надтай хамт н.Дүгэржав нь илтгэх хуудсанд бичиж өгсөн байдаг. Илтгэх хуудсаар ноцтой зөрчил гарсан гэж үзэхгүй байна. Иймд ажил олгогчийн 2017 оны Б/133 тоот тушаалыг хүчингүй болгож, хуучин албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч талаас сахилгын шийтгэл давхардуулан ногдуулж ажлаас халсан гэж нэхэмжлэл гаргасан. Манай талаас сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулаагүй. Л.Болд-Эрдэнэ нь 2017 оны 02 сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө ажлаа орхиж явсан байдаг. Энэ талаар тодорхой баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Мөн 2017 оны 03 сарын 04-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдах албан тушаалтанд хэлэхгүйгээр ажлаа орхиж явсан. Тухайн үед ямар нэгэн албан ёсоор чөлөө зөвшөөрөл аваагүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулаад, ажлаас халсан байгаа. Уг ажлаас халахад тушаал болон хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчил болох ажилтан хариуцсан ажлын байраа орхисон гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа. Энэ заалттай холбоотой тайлбар хэлэхэд яагаад энэ заалтыг оруулсан нь мэдэгдэхгүй, тушаал гарах процессын алдаа гарсан юм шиг байна. Ажлаас халсан гол үндэслэл нь ажлаа орхиж явсан нь зөрчил, мөн хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14-т удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чанаргүй биелүүлсэн гэх зэрэг үндэслэж гаргасан. Л.Болд-Эрдэнэ нь тухайн ээлжинд гаргахдаа тухай удирдах албан тушаалтнаас үүрэг өгдөг. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.2 ү,х, сахилгын зөрчил оногдуулсан хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т заасан үндэслэлээр ажлаас халсан. Өмнө нь сахилгын арга хэмжээ авагдаж байсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гүйцэтгэх захирлын 2017.03.06-ны өдрийн Б/133 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл нь тодорхойгүй, тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан аль үндэслэлээр нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

Нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнэ нь ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй болно.

“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.3.6.14, 3.3.6.17, 3.10.1, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.ү, 4.2.3.х заалтыг тус тус үндэслэн 2017.03.06-ны өдрийн Б/133 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг гаргажээ.

Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын  3.3.6.14-т “удирдах албан тушаалтнаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг бүхэлд нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй буюу чанаргүй биелүүлсэн, 3.3.6.17-д “хариуцсан нэгж, хэсгийн даргадаа мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхисон үеэр тухайн цэгт зөрчил гарсан тохиолдолд”, талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний 4.2.3.ү, 4.2.3.х заалтад дээрх үндэслэлийг адилхан тусгаж, ноцтой зөрчилд тооцохоор тохирсон байна.

Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх боловч Л.Болд-эрдэнэтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.3.ү, 4.2.3.х заалтын “ноцтой зөрчил” гарсаныг нотолсон баримтгүй байх тул зөрчил тогтоогдоогүй гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардах бөгөөд Л.Болд-эрдэнийн “2017.02.17-ноос 2017.02.18-нд шилжих шөнө, мөн 2017.03.04-нд 8 цаг ажил тасалсан” гэх үйлдэлд тушаалын үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тохироогүй байна.

    Иймд Л.Болд-Эрдэнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

            Хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Санхүү, эдийн засгийн хэлтэсийн 2017.05.23-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн Л.Болд-эрдэнийн дундаж цалинг 976 000 төгрөгөөр, ажилгүй байсан хугацааг 3 сараар тооцож нийтдээ 2 928 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул Л.Болд-Эрдэнийн ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч талд  даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 61 797 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Болд-Эрдэнийг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүй байдал, хамгаалалтын албанд харуул хамгаалалтын ажилд эгүүлэн тогтоосугай.

 2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар   хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 2 928 000 төгрөг гаргуулан Л.Болд-Эрдэнэд олгож, түүний ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Болд-Эрдэнийг  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, хариуцагч “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас 61 797 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ