Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2020/0304

 

  “Н х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй, “Н х о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Н х о” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Н х о” ХХК-ийн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын менежментийн төлөвлөгөөг батлахыг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, Т.Ч нар давж заалдах гомдолдоо: “…  Манай компани Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Халзан давааны ам нэртэй газарт өрших ХУ-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Энэхүү тусгай зөвшөөрлийг сунгуулах зорилгоор 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 2019 оны 3 сарын 18-ны өдөр тус тус “Төлөвлөгөө хянуулах тухай” албан бичиг хүргүүлсэн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга, байгаль орчныг хамгаалах байцаагчид 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг даргаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 01/57 дугаартай албан бичгээр төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн.

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Мөн хуулийн 40.3-д “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан.

Харин 38.2 дахь хэсэгт "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, З8.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ" гэж заасан байгаа нь төлөвлөгөөг Сум дүүргийн Засаг дарга батлах үүргийг хүлээнэ гэж ойлгогдож байна.

Өөрөөр хэлбэл манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу төлөвлөгөөг 2019 оны 2 сарын 28-ны өдөр Засаг даргад хүргүүлсэн байх буюу хуулиар тогтоосон шаардлагыг нь биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл хариуцагч нь хууль /38.2/-д заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Ийнхүү татгалзсан гол үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талбай байрлах газар нутгийг Сумын ИТХ-аас тогтоол гарган тусгай хэрэгцээнд авсан шийдвэр байгаа, энэ шийдвэр хүчин төгөлдөр байх тул хайгуулын үйл ажиллагааг явуулах боломжгүй гэсэн хариуг 30 хоногийн дараа өгсөн байдаг.

Хариуцагч төлөвлөгөө батлагдсанаар хайгуулын үйл ажиллагаа шууд явагдана гэж ойлгосон учраас  хайгуулын үйл ажиллагаа явуулахаас эрс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь манай компанийн Засаг даргад хандсан гол зорилго нь хайгуулын тусгай зөвшөөрлөө хуульд заасан журмын дагуу сунгуулахад шаардлагатай баримт, бичгийг бүрдүүлэх байсан. Засаг дарга хуульд заасан хугацаанд батлан өгсөн тохиолдолд бид тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой болох байсан. Гэвч анхан шатны шүүх хэрэг маргаан хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх, үүрэгт үндэслэлгүйгээр халдаж, хохирол учруулсан гэж үзэж байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашиг малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь талд тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацааг буруу дүгнэсэн байна. Тодруулбал, XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 12 сарын 06-ны өдрийн Кадастрын хэлтсийн даргын 1645 дугаартай шийдвэрээр олгосон. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2006 онд тусгай  хэрэгцээнд авсан, мөн 2007 он, 2014 онуудад тус тус тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүд гарч байжээ. Эндээс үзвэл тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан арга хэмжээнүүдийг авах ёстой байна. Гэвч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын ИТХ гаргасан шийдвэрийнхээ дагуу нөхөн олговрыг олгоогүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу ХV-008953 дугаартай тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг 2018 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд тусгай зөвшөөрлийн эрх хадгалагдаж байгаа гэж дүгнэн шийдвэрлэсэн үйл баримт байдаг. Энэхүү шийдвэр, магадлал нь тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан, нөхөн олговор олгоогүй болохыг, нэхэмжлэгч буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үйл ажиллагаа явуулах эрхтэй болохыг тогтоосон үйл баримт гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Төвшрүүлэх сумын Засаг даргын хариу өгсөн 30 хоногийг буруу тайлбарласан гэж үзнэ. Учир нь шийдвэрт “Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын дээрх үйл ажиллагаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д ...” заасныг үндэслэн хуульд заасан хугацаанд хариу өгсөн гэж дүгнэсэн. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт заасан заалт нь илүү нарийвчилсан зохицуулалттай бөгөөд тусгайлан заасан байхад ерөнхий зохицуулалттай хуулийн заалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөө талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон Засаг дарга нарын Байгаль орчныг хамгаалах зорилгоор хүлээсэн үүргийг Засаг даргад эрх олгосон зохицуулалт хэмээн буруу ташаа тайлбарлан дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар ногдуулсан үүргийг Засаг дарга эрх олгогдсон гэсэн буруу ташаа ойлголтоор хязгаарлах үндэслэлгүй байна. Мөн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2004 онд анх тусгай зөвшөөрөл олгох, хайгуул хийх, ашиглалт явуулахыг хүлээн зөвшөөрсөн атлаа өнөөдөр үүнийхээ эсрэг хууль бус эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэхээр байна.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын дээрх эс үйлдэхүйгээс шалтгаалан Тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай баримт бичгийн бүрдэл алдагдаж тусгай зөвшөөрөл эзэмших эрх цуцлагдах үндэслэл болж байна. Сумын Засаг дарга тусгай хэрэгцээнд авсан газарт тусгай зөвшөөрөл анх удаа олгох, нэгэнт авсан тусгай зөвшөөрлийг сунгуулах хоёрыг ялгаж салган ойлгохгүй байгаа, эсхүл анхан шатны шүүх ялгаж салгалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаан улмаас XV-008953 дугаартай тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл бүрдээд байна. Зүй нь Засаг дарга хуульд заасанчлан 10 хоногийн дотор төлөвлөгөөг батлан тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан баримтуудыг бүрдүүлэн хугацаа сунгуулснаар маргаан бүхий асуудал үүсэн гарахгүй байх байжээ. Гэтэл хариуцагчийн үндэслэлгүйгээр татгалзаж эс үйлдэхүй гаргасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр “Н х о” ХХК-ийн эрх ашиг зөрчигдсөн байна.

Тодруулбал, анхан шатны шүүх дүгнэлт хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар “иймд нэхэмжлэгч нь XV-008953 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан асуудлаар эрх бүхий байгууллагатай тохиролцох, тухайн шийдвэр гаргасан байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор гаргуулах талаар нэхэмжлэл гаргах, уг асуудлаар маргавал шүүхэд хандах эрх нээлттэй болохыг тэмдэглэв” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Нөгөө талаар анхан шатны шүүхийн дүгнэсний дагуу нөхөн олговрын талаар шүүхэд маргаан үүсгэх тохиолдолд тусгай зөвшөөрөл нэгэнт дуусгавао болсон байх тул нөхөн олговрыг шаардах эрхтэй гэж үзэхгүй юм. Мөн нэхэмжлэгч тал Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006, 2007, 2014 оны тогтоолуудыг хүчин төгөлдөр бус талаар нэхэмжлэл гаргаагүй болно.

“Н х о” ХХК-ийн Засаг даргад хандан төлөвлөгөө батлуулах гол зорилго нь тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэхэд оршиж байсан. Харин сунгуулсны дараагаар тусгай зөвшөөрлийн талбайд эрэл хайгуулын үйл ажиллагааг Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу нөхцөл байдал үүсч, түүний дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой болно гэж ойлгож байна. Нэг үгээр хэлбэл сунгуулах нь эрэх, хайх, ашиглахаас өөр ойлголт гэж үзэж байгаа болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авснаар ашигт малтмал эрэх, хайх боломжгүй болох нь тусгай зөвшөөрлийг дуусгавар болгохоос өөр ойлголт байна.

Уг хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нөхөн олговор аваагүй тохиолдолд 14.6 дахь хэсэгт зааснаар үйл ажиллагаа нь үргэлжлэн явахаар зохицуулсан хуулийн заалт байна. Гэвч Засаг дарга өөрт хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нь хуулийн 14.6-д заасныг хэрэгжүүлэх боломжгүй болгоод байгааг анхан шатны шүүх буруу дүгнэн шийдвэрлэсэнд ихэд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Н х о” ХХК-иас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан "тус сумын Халзан давааны ам нэртэй газарт орших XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/57 дугаар албан бичгээр[1] “Н х о” ХХК-иас батлуулахаар хүргүүлсэн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг “сумын нутагт байрлах “Х д а”, “Х с а” хэмээх газруудад 200 гаруй айл өрх нутаглаж, 50 орчим мянган толгой мал бэлчээрлэдэг бөгөөд уг газруудыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 4, 2007 оны 03, 2008 оны 23, 2014 оны 06 дугаар тогтоолуудаар тус сумын тусгай хэрэгцээнд авсан” гэж батлахаас татгалзсан, шүүхэд гаргасан тайлбартаа “... тусгай хэрэгцээний газартай нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн талбай давхцаж байгаа, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой зардлыг орон нутгийн дансанд байршуулаагүй” гэжээ.

XV-008953 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1645 дугаар шийдвэрээр “М” ХХК-д олгосон, 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 369 дүгээр шийдвэрээр “А м” ХХК-д шилжүүлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 786 дугаар шийдвэрээр “А м” ХХК-иас нэхэмжлэгч “Н х оргил” ХХК-д уг тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар шүүхээр хэд хэдэн маргаан үүссэнтэй холбоотойгоор тухайн хайгуулын талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулсан эсэх, хэрэв явуулж байсан бол  Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө урьд нь батлуулж байсан эсэх, байгаль хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу үйл ажиллагаа явагдсан эсэх нь тодорхойгүй байх тул холбогдох баримтыг  цуглуулах шаардлагатай гэж үзлээ.

Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаар шийдвэрт  “... тус “А м” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-008953 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2016-2017 онд хийх Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг эрх бүхий этгээд болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга болон тус сумын байгаль орчны улсын байцаагчаар батлуулсан байна” гэж дурджээ.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нараас давж заалдах шатны шүүх хуралдаанд “ ... уг талбай дээр нэг ч удаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж байгаагүй, рашаан ус байдаг, малчид байдаг учраас огт төлөвлөгөө баталж байгаагүй” гэж зөрүүтэй тайлбарласныг тодруулах шаардлагатай. Учир нь хэрэв хариуцагч Засаг дарга нь тусгай хэрэгцээнд авсан тогтоолуудаас хойш уг тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж байсан бол одоо мөн шалтгаанаар татгалзах

нь хуульд нийцэх эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Мөн хариуцагчаас “ ... Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор “тус аймгийн Төвшрүүлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 42, 2007 оны 03 дугаар тогтоолуудаар[2] зарим газрыг тусгай хэрэгцээнд авсан, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай багтаж байгаа” гэж тайлбарлах боловч энэ талаарх нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн тус сумын Хурал болон Засаг дарга нь дээрх тогтоолуудаар тухайн талбайг тусгай хэрэгцээнд авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д заасны дагуу Кадастрын хэлтэст уг тогтоолуудыг зохих журмаар хүргүүлж, кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх, хэрэв зохих журмаар бүртгүүлсэн бол нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэсэн, тусгай хэрэгцээнд байгаа үед тусгай зөвшөөрлийн хугацааг ямар үндэслэлээр сунгасан зэргийг тодруулах шаардлагатай.

Энэ нь хариуцагчаас дээрх тогтоолуудыг албан ёсоор бүртгүүлээгүй атлаа уг үндэслэлийг заан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна.

Түүнээс гадна хариуцагч нь тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээ уламжлалт “Бор бургаст” рашаан ус байдаг, малчдын бэлчээр байдаг гэх бөгөөд нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан байгаль хамгаалахтай холбоотой тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ гүйцэтгэж байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлуулсан эсэх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулсан эсэх, уг үнэлгээ болон төлөвлөгөөнд уг рашаан устай гэх газар байдаг эсэх, хайгуулын үйл ажиллагаа нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх, түүнийг  хэрхэн сэргээхээр төлөвлөсөн зэргийг тодруулах шаардлагатай. Учир нь байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь анх тусгай зөвшөөрөл авахдаа гаргасан дээрх үнэлгээ, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй нийцэж байх ёстой бөгөөд тухайн талбайд рашаан ус, бэлчээр байгаа гэх тайлбарт нь дүгнэлт хийж хариуцагч Засаг даргын нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хуульд нийцсэн эсэх, төлөвлөгөө батлахыг даалгах үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулахад шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дэх хавтасны 19 дэх тал

[2] Хэргийн 1 дэх хавтасны 23, 27 дахь тал