Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01324

 

Л.Б, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00762 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1294 дүгээр магадлалтай,

Л.Б, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

“И” ХХК холбогдох

50.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Цогтоогийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрчулуун, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Б, “З” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “З” компанийн өмч болох 90-20 УН улсын дугаартай Лиүгонг /LIUGONG/ маркийн экскаваторыг түрээслэх, үр ашгийг нь хүртэх эрхийг Л.Бд олгосон. Үүний дагуу түрээсийн гэрээг Л.Б “И” ХХК-тай 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс 2016 оны 8 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд экскаваторыг ачин хүргэн өгсөн. Гэрээнд зааснаар сарын төлбөр нь 16.000.000 төгрөг, түрээслүүлэгч нь уг төлбөрийг 7 хоног бүрт 4.000.000 төгрөгөөр төлж байхаар тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацаа дуусахад экскаваторыг бид өөрсдийн зардлаар тээвэрлэн авчирсан. Түрээсийн гэрээний хугацаанд түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас экскаватор зарим өдрүүдэд ажиллаагүй байдаг. Түрээслэгчийн усан буу эвдэрснээс ажил түр зогссон. Уг усан буу руу экскаватороор шороо хийдэг. Усан буу эвдэрсэн учир ажил зогссон. Улаанбаатар хот руу усан буугаа засахаар явуулж байсан. Түрээслүүлэгчийн буруугаас болж ажил зогсоогүй учир түрээсийн төлбөрөө бүтнээр нь нэхэмжилж байгаа. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг Л.Бд олгож шийдвэрлэж өгнө үү. Иймд гэрээний дагуу 2 сарын түрээсийн төлбөр 32.000.000 төгрөг, алданги 16.000.000 төгрөг, тээврийн зардал 2.500.000 төгрөг, нийт 50.500.000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасны дагуу “З” ХХК нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг хавсаргаагүй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж үзэж байна. Мөн “З” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00762 дугаар шийдвэрээр:Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “И” ХХК-иас 48.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, үлдэх 2.500.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 410.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 397.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дүгээр сарын 02-ны өдрийн 1294 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/00762 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас 48.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2.500.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “З” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан гаргасан 50.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай” гэсэн 2 дахь заалт нэмж, шийдвэрийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 болгон өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа У.Түвшингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Цогтоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 02-ны өдрийн 1294 дугаартай магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалд “Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч “И” ХХК-тай 2016 оны 6 сарын 09-ны өдөр Экскаватор түрээслэх гэрээг байгуулсан ... түрээслүүлэгч Л.Б нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө шаардах эрхтэй” гэсэнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 2016 оны 06 сарын 09-ны өдөр түрээсийн гэрээг “З ХХК-тай байгуулсан болох нь хавтаст хэргийн 6, 8, 9 авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй мөн хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд энэ тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлсээр байтал зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 181 /ШШ2017/00762 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 02-ны өдрийн 1294 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх замаар хэргийн оролцогч бидний хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б, “З” ХХК нь хариуцагч “И ХХК-с 50.500.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг түрээсийн төлбөр 32.000.000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алданги 16.000.000 төгрөг, тээврийн зардал 2.500.000 төгрөг гэж тодорхойлжээ.

Зохигчдын хооронд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь Л.Б нь LIUGONG маркийн экскаваторыг “И” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 2 сарын хугацаагаар шилжүүлэх, хариуцагч нь сар бүр 16.000.000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжтэй байх ба энэ талаарх  шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Түрээслэгч хөлс төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь “...мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбараа нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5.-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг. Түүнчлэн мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.2.-т “хөлсийг тогтмол хугацаанд төлөхөөр тогтоосон бол уг хугацаанд төлнө”, 292.4.-т “хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй байх нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлт, үүрэг зөрчигдсөн байдал, түрээсийн төлбөрийн тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 48.000.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн “З” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн “...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх” талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1294 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Т.Цогтоогийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 398.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ