Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01365

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж,  шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1509 дүгээр магадлалтай,

Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Э.Ц-т холбогдох,

Мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай үндсэн,

Мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагч Э.Ц-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ц нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Tseren Enebish нэртэй фэйсбүүк хаягтаа Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, Боловсрол шинэчлэх нэрээр бүхий шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явж байна, Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Н-ын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна, Зөв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, Яахаар Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов гэх бодит байдалд үл нийцсэн гүтгэлгийн шинжтэй мэдээ тараасан. Э.Ц- нь дээрх мэдээллийг 2014 оноос хойш олон нийтийн сүлжээгээр түгээсэн. Б.Н- нь Монгол хэлний үг, үсэг засдаг эрх бүхий этгээд биш, үүнийг хэл шинжлэн судлаач нарын зөвлөгөөг үндэслэн эрх бүхий этгээд болох төрийн хэлний зөвлөл баталдаг. Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиосон гэх үйл баримтын хувьд ор үндэсгүй гүтгэлэг болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 6044 тоот захирамжаар тогтоосон. Э.Ц- нь хэд, хэдэн телевизийн нэвтрүүлгээр нийтэд цацсан ба түүний уг гүтгэлгийн шинж чанартай үйлдлээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан. Иймд, Э.Ц-т мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н-ыг хэд, хэдэн мүүний гаж урсгалыг тахин шүтдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг баталдаг. Монгол Улсын боловсролын тогтолцоо, цаашдын ирээдүйн бодлогын салбарыг гаж урсгалтай шашин шүтдэг хүн толгойлж байгаад харамсдаг. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч тал энэхүү мэдээ, мэдээллээс болоод ажил, албан тушаалаа өгсөн гэж олон нийтэд мэдээлсэн боловч тодорхой хугацааны дараа буцаж ажил, албан тушаалдаа орж, ажил үүргээ гүйцэтгэсээр байна. Facebook хаягт тавьсан мэдээ, мэдээлэл бол хувь хүний хардах эрхийнхээ хүрээнд тавьсан мэдээлэл бөгөөд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газарт тус тус хандсан боловч тухайн байгууллагууд мэдээллийг нарийн шалгаагүй, гэвч Хууль зүй, дотоод хэргийн яам энэхүү асуудлыг шалгаж, ажлын хэсэг томилогдон шалгаж байгаа. Дээрх мэдээ, мэдээллээс улбаалан нэхэмжлэгч талд хохирол учраагүй, нэхэмжлэгч ажил, орлогоо алдаагүй, хөдөлмөрлөх болон чөлөөтэй зорчих эрх нь хязгаарлагдаагүй учраас түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэж үзэхгүй. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Н өөрийн Facebook хуудаст 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр намайг галзуу солиотой хүнтэй юу ярих бэ, шүүхэд өгөөд гүтгэсэн гэдэг нь тодорхой тул учир олдоно гэсэн уужуу ухаан маань хүн худалдаж, амь зогоогчдыг улам давруулсан юм, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ, манай ажлын гадаа байна гэнэ, шийддэг газар нь шийдэх биз гэж, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн захидалдаа намайг тус гишүүнээс санхүүждэг, мүүн гэдэг нэрээр боловсролын салбарт хийсэн бүх зүйлийг харлуулах, улмаар Лу.Гантөмөр сайдын эсрэг н.Мөнхбаясгалан, судлаач н.Батзориг, н.Цэрэн гэдэг хүмүүс бүлэглэн дайрч байгааг АН-ын шинэчлэл, удирдлагын төлөөх далд хирнээ ил тэмцэл харж байна гэх нийтлэлээр миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Энэ байдлаас Цэрэн тур нэртэй аялал жуулчлалын компанийнхаа үйл ажиллагаа явуулж чадахгүй байдалд хүрснээс гадна кафегаа худалдахад хүрч, ажил болон ажил хэргийн нэр хүндэд хохирол учирсан. Иймд, нэхэмжлэгчид мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгахыг даалгаж, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан мэдээ, мэдээллийг би түүнд хандаж бичээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тавьсан мэдээллийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулгад хандаж бичсэн. Цэнхэр үст н.Цэрэн гэж хүнийг Монгол даяар танин гээд байх юм, гэтэл галзуу солиотой хүн бол н.Цэрэн хэмээн хэлээгүй, бичээгүй. Э.Ц- энэхүү мэдээллийг өөртөө хамааруулж байгааг ойлгохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Н-ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Н-ын шууд удирдлага дор ажиллаж байна, Гурван цагийн хэлэхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна гэх мэдээллийг уг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Э.Ц-т даалгаж, нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг тус тус үндэслэн хариуцагч Э.Ц-ын нэр төр, алдах хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Галзуу эмэгтэй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн болон Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн гарчигтай мэдээллийг мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг нэхэмжлэгч Б.Н-т даалгаж, сөрөг нэхэмжлэлээс уучлалт гуйх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1509 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Ц- нь 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Tseren Enebish гэсэн нэртэй Facebook хуудасаар “...эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Н-ын шууд удирдлага дор ажиллаж байна, гурван цагийн хэлхээс ажиллах ёстой, боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна...” гэсэн мэдээллээр нэхэмжлэгч Б.Н-ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Э.Ц-т даалгаж, нэхэмжлэлээс “...Боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, зүв зүгээр хэрэглэгдэж байсан монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, яахаар солонгос хүн монгол хэлний сурах бичиг зохиох болов ...” гэсэн мэдээллээр нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээх, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийлгэхийг хүссэн болон албан ёсоор бичгээр уучлалт гуйлгуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н- нь Nasanbayar Baavgai гэсэн Facebook хуудсаар 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “....галзуу солиотой хүнтэй юу ярих бэ...”, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “...галзуу эмэгтэйтэй би юу ярих бэ , 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “....н.Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргаж байгаа болно...”, 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа гэсэн мэдээллээр тус тус хариуцагч Э.Ц-ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг нэхэмжлэгч Б.Н-т даалгаж, сөрөг нэхэмжлэлээс “уучлалт гуйхыг хариуцагчид даалгуулах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 11- ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 03-ны өдрийн 1509 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга буюу төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл гэж үзсэн атлаа иргэн Б.Н-т холбогдуулсан тодорхой фактын талаар бус гэж нэг асуудалд хоёр өөр байдлаар тайлбар хийсэн агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл Б.Н- нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаал эрхэлдэг тийм учраас түүнд хамаатуулан тус мэдээллийг гаргаж байгаа нь ойлгомжтой юм. Э.Ц- өөрийн фэйсбүүк хуудаст Б.Н-ын талаар мэдээлэл өгөхдөө бодит байдалд үл нийцсэн үйл баримтын бичсэнээс улбаалан Б.Н-ын хуулиар хамгаалагдсан нэр төр, алдар хүндэд хохирол учруулж худал мэдээллийг тарааж, мэдээллийг түгээсэн боловч үүнийхээ үнэн зөвийг болон Б.Н-тай хамаатай эсэхийг бодит байдал дээр нотолж чаддаггүй мөн нотлогддоггүй юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хэн нэг этгээдийг гэмт үйлдэл хийсэн мэтээр биш хийсэн байж болзошгүй, мөн тэр нь тодорхой баримт нотолгоогоор үндэслэгдэж байх ёстой. Гэтэл ямар ч нотолгоогүй мөн тус үйлдлүүдийг хийсэн мэтээр нийгэмд тараан түүнийгээ улам цааш түгээхийг уриалсныг Анхан болон давж заалдах шатны шүүхээс эрхийн хүрээнд байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Харин өөрийн үндэслэлгүй мэдээлэл тарааснаас болсон байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01652 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1509 дугаар магадлалын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Э.Ц-т холбогдуулан “... Tseren Enebish гэсэн нэртэй Facebook хуудаст бичигдсэн “...боловсрол шинэчлэх нэрээр бүх шатны нэгжийг задалсан, одоо их сургуулиудыг хувьчлах хуулийн төсөл явагдаж байна, ...эрх мэдлээ давуулан ашиглаж, Монголын бүх аймаг, нэгжийн боловсролын газарт мүүний гаж урсгалаар тархиа угаалгасан залуу шавь нар нь Б.Н-ын шууд удирдлага дор ажиллаж байна, ...Монголын бүх түвшний боловсролын уламжлал аргыг санаатайгаар эвдэн гуйвуулж, хүүхэд залуусыг хэл соёлоо өв тэгш хүртэх өөрсдийгөө илэрхийлэх боломжийг боомилж, шинэчлэх нэрээр өөрчлөлт байн байн хийж байна, ...гурван цагийн хэлхээс ажиллах ёстой боловсролын салбарыг гэгээрч дуусаагүй өөрийн гаж урсгалын залуусаар өргөн тэлсээр байна, ...зүв зүгээр хэрэглэгдэж байсан Монгол хэлээр оролдож, үсэг, хасч, үгэнд өөрчлөлт оруулсан, ...яахаараа Солонгос хүн Монгол хэлний сурах бичиг зохиох болов ...” гэсэн мэдээлэл нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч марган, улмаар Б.Н- нь өөрийн Facebook хуудсаар “...галзуу солиотой хүнтэй юу ярих бэ…, ...Цэрэн гэдэг хүн одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 10 гаруй зүйл заалтын дагуу гэмт хэрэг шинжтэй үйлдэл гаргасан, ...” 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн  “Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга танаа” гэх мэдээллийг олон нийтэд тарааж нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр хэрэгслээр нь няцаалт залруулга хийлгэж, албан ёсоор уучлалт гуйлгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг. 

Өөрсдийн Facebook хуудсанд бичсэн мэдээллийн үнэн зөвийг зохигчдын хэн аль нь нотолж чадаагүй, зарим мэдээлэл бодит байдалд нийцсэн нь тогтоогдоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан нь зөв боловч үлдэх шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулан шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ. 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах”  талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1509 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ