Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.Б нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Б 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Б.Б нэр дээр эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэрээр:

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 17 дугаар зүйлийн 17.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 9 дүгээр зүйлийн 9.1, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б.Б нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаар үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Д.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Гуравдагч этгээд Б.Б 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн өмчлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 32/12 дугаар орон сууц захиалгын гэрээ, “Г” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 110/31, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/02 дугаар албан бичиг зэргийг үндэслэн маргаан бүхий орон сууцыг Б.Б нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Миний бие 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн газарт “шүүх, цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган хүлээж байгаа тул урьдчилсан тэмдэглэл хийж өгнө үү” гэж хүсэлт гаргаж орон сууцандаа урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн. Гуравдагч этгээд Б.Б нь намайг урьдчилсан тэмдэглэл хийлгэснээс хойш 11 сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдүүлэг гаргасан байдаг. Мөн “Г” 32 айлын орон сууцыг ашиглалтад оруулаагүй өнөөдрийг хүртэл улсын комиссын акт гараагүй байгаа билээ.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02-03/3798 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1/7100 дүгээр албан бичгээр нотлогддог. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 он) 14 дүгээр зүйлийн 14.1.5-т “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч...”, 14.1.6-д “хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” мэдүүлэг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн (2003 он) 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4-т “Шинээр баригдсан барилга байгууламж, нийтийн орон сууцны зориулалттай барилгын өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах шаардлагыг хангасан байвал зохино”, 4.4.2-т “хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл тодорхой тусгасан “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт” /хавсралт дугаар/-ыг улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-т заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж заасан байна.

Гэтэл хариуцагч Б.Б мэдүүлэг, түүнд хавсарган өгсөн баримтад улсын комиссын акт байхгүй, миний бие урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн маргаантай байхад мэдүүлэг хүлээн авахаас татгалзалгүй, түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ гарган өгч байгаа нь хууль бус юм.

Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч байрны төлбөрөө бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна, орон сууцны өмчлөх эрхийг иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг өөрчлөн бүртгүүлэх боломжтой байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Миний “Б.Б нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд миний орон сууцны үнийг бүрэн төлсөн эсэх хамааралгүй болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар” нэхэмжлэл гаргаж болно гэж заасан. Иймээс маргаан бүхий орон сууцанд 10 гаруй жил амьдарч, урьдчилсан тэмдэглэл хүртэл хийлгэсэн миний бие өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Шүүх маргаан бүхий орон сууцны үнэ төлсөн эсэхэд бус улсын бүртгэл хуульд нийцсэн эсэх, Б.Б мэдүүлэгт хавсаргасан баримт нь бүрэн гүйцэд эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх ёстой юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны өмчлөлтэй холбоотой маргаан шийдвэрлэгдэж байсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6771 дүгээр захирамжаар “захиргааны хэргийн шүүхийн маргааныг шийдвэрлэж дууссаны дараагаар шийдвэрлүүлэх хэрэгтэй” гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Улсын бүртгэл хүчингүй болсны дараа Б.Б болон миний бие хэн аль нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь иргэний шүүхээр тогтоогдсоны дараагаар өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 32 дугаар байрны 12 тоот 36 м.кв 2 өрөө орон сууцыг Б.Б нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгуулах үндэслэлээ нэхэмжлэгч Д.Б: 

а/уг орон сууцыг 2005 онд “Г” ХХК-тай байгуулсан захиалгын гэрээний дагуу худалдаж авсан, 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа,

б/2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэснээс хойш дээрх бүртгэл хийгдсэн гэж тус тус тайлбарлах бөгөөд хариуцагчийн тайлбарт 2 дахь үндэслэл буюу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэдгийг үгүйсгээгүй боловч “…хуульд заасан шаардлага хангаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам” зөрчиж хийгдсэн тэмдэглэл…” гэжээ.

Хэрэгт Д.Б “Г” ХХК-тай байгуулсан 2005 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Орон сууц захиалгын 32/12 тоот гэрээ /нийт үнэ ...... ам.доллар/, уг гэрээний хавсралт болох төлбөрийн хүснэгт /....... төгрөгийн төлбөр хийгдсэн тэмдэглэгээтэй, компанийн санхүүгийн тамга дарагдсан/, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 32 айлын орон сууцны захиалга /12 тоот орон сууцны захиалагч Д.Б/ гэсэн баримтууд авагдсан байхад эдгээрийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхойгүйгээс гадна журам “зөрчиж” хийгдсэн гэх урьдчилсан тэмдэглэгээг хэрхэн хүчингүй болгосон болох, өөрөөр хэлбэл тухайн үед улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гаргасан мэдүүлгийг үндэслэн “улсын бүртгэгч бүртгэв” гэсэн тэмдэглэгээ болон улсын бүртгэгчийн хувийн дардас дарагдаагүй байсан гэх хариуцагчийн тайлбарласнаар ойлгоход маргаан бүхий орон сууцны бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн болохыг чухам хэрхэн мэдсэн болох, мөн хэзээ, хэрхэн хүчингүй болгосон талаарх баримтыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Учир нь шаардлага хангасан эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчээс 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх хүсэлт гаргасан, хариуцагчийн зүгээс тэмдэглэгээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг, урьдчилсан тэмдэглэгээг хууль, журамд нийцүүлж хийх нь хариуцагчийн үүрэг бөгөөд магадгүй шаардлага хангаагүй хүсэлт гаргавал тухайн үед нь буцаах, шаардлага хангуулж авах боломж байсан.

Түүнчлэн хариуцагчийн бичгийн тайлбарт буй “Г” ХХК-иас улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн 32 дугаар байрны захиалагчдын жагсаалтад 12 тоот орон сууц захиалагчийн нэргүй ирсэн гэх баримтыг тус компаниас хэдийд гаргасан болохыг тодруулах, холбогдох баримтыг цуглуулах нь зүйтэй.

Учир нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, эрүүгийн ...... дугаартай Ж.Мр нарт холбогдох хэрэгт авагдсан жагсаалтад 12 тоотын захиалагч Д.Б байсан болохыг дээр дурдсан.

“…нэхэмжлэгч төлбөр төлөх нь байтугай, захиалгын гэрээ ч байгуулаагүй, компанийн зүгээс түүнтэй огт харьцаагүй…” гэх гуравдагч этгээдийн Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Г” ХХК-ийн захирал Ж.М болон холбогдох бусад этгээдээс хэрэгт авагдсан захиалгын гэрээ болон төлбөрийн хүснэгт, дарагдсан санхүүгийн тамга зэргийг ч тодруулан шалгах нь хэргийг бүх талаас нь, бүрэн гүйцэт шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдол бүхий нөхцөл байдлууд байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 914 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН