Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 416

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,             

          Нэхэмжлэгч: Б ХХК,

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

          Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах”

Гуравдагч этгээд: О ХХК

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, Т.Э, гуравдагч этгээд О ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гэрч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани 1998 онд “З*******” ХХК-аас элс, хайрга, дайрга үйлдвэрлэх цехийн тоног төхөөрөмжийг /хуучнаар Орос Улсын компани үйл ажиллагаа явуулж байсан/ худалдан авсан бөгөөд хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн Сонсголонд 73 га талбай бүхий хайрганы уурхайн эдэлбэрт 2299А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 60 жилийн хугацаатайгаар эзэмшсэн. Тусгай зөвшөөрлийг эзэмшсэнээс хойш хуульд заасан хугацаанд Нийслэлийн газрын албатай газар ашиглах гэрээг байгуулж, зохих төлбөрийг хугацаанд нь хийж байсан. Тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаанд 340 мкв үйлдвэрийн ажилчдын орон сууц болон үйлдвэрт ажиллаж байсан 106 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2201******* дугаарт бүртгүүлэн 2002 оны 10 дугаар сарын 09-нд гэрчилгээ авсан ба уг гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа. Бид хуулиар хүлээн үүргээ биелүүлж, 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дайрга газартаа нөхөн сэргээлтийг хийх гэрээг Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулж, 300 гаруй сая төгрөгийн ажлыг гүйцэтгэн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөн сэргээлт хийсэн газраа акт үйлдэн хүлээлгэж өгсөн.

Мөн 2009 оноос хойш тухайн газарт Эко акуа парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр ажилласан бөгөөд 2013 он гэхэд урьд нь өөр компанийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон, эвдрэлд орж ухагдсан хэсэгт 3 усан сан байгуулан усан сан бүрт 7-8 төрлийн 1500 загас үржүүлэн тавьсан, 1 га газарт хөрс солин тэгшилгээ хийж зүлэгжүүлсэн, 13000 улиас, 4000 шилмүүст томдыг тарьсан бөгөөд эдгээр ажлуудыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс болон нийслэлийн байгаль орчны газраас өндрөөр үнэлж байсан. Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс болон нийслэлийн байгаль орчны газраас өндрөөр үнэлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст цэцэрлэгт хүрээлэн байгуулах газрыг нөхөн сэргээх тухай саналаа хүргүүлсэн бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн албан бичгээр төслийг сайшаан дэмжиж байна гэсэн хариу өгсөн. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 148 дугаар тогтоолоор манай компанийн “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах” саналыг дэмжиж эзэмшүүлэхийн тулд 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй гэж үзэж байсан.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар уг газрын зарим хэсгийг буюу 20000 мкв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлдвэрлэлийн зориулалтаар “*******” ХХК-д олгосон нь манай компанид маш их хохирол учруулж байгаа ба уг газарт бидний үл хөдлөх хөрөнгө гаргаж тохижуулж, засан сайжруулж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээсэн, уг ажлыг дэмжиж зохих шийдвэр гаргаж өөр аж ахуйн нэгжид газар эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 /Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж байна/, 27.6 /Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн нийтийн санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно/ гэж заасны дагуу манай компани газар эзэмших эрхийг давуу эрхээр олж авах атал тухайн газартай нэг хэсгийг өөр этгээдэд эзэмшүүлсэн нь биднийг ашиг сонирхлыг зөрчсөн байна. Тухайн асуудлаар Нийслэлийн Засаг даргад 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан боловч хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэрлээгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд ******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 20 дугаар хороонд 20000 мкв газрыг эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийг хүчингүй болгож, манай компанид газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны А/65 дугаар захирамжийг хүчингүй тооцуулахаар шаарджээ. Дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь нэхэмжлэгчийн эрх ашигт ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүйгээр халдаагүй учир маргаан бүхий гэх захирамжийг хүчингүй болгох нь хууль зүйн сөрөг үр дагавартай юм.

Учир нь Б******* ХХК-ийн ашиглаж байсан гэх газартай газрын кадастрын хувьд огт давхцалгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэлийн утга хэсэгт дурьдагдсан 1998 онд З******* ХХК-аас худалдан авч Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2299А дугаартай 73 га газрын ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь Ашигт малмтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн хэлтсийн даргын 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар шийдвэрээр хүчингүйд тооцогдсон байдаг. Түүнчлэн газар эзэмших, ашиглах эрх нь нэгэнт цуцлагдсан байтал өөрийн ашиглалтын газар мэтээр ойлгуулж нэхэмжлэл гаргасан байдал нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1.   Нэхэмжлэгчид газар эзэмших эрх болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх үүсээгүй тухайд: Энэхүү захиргааны хэргийн гуравдагч этгээд ******* ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 20000 метр квадрат  газрыг эзэмших эрх үүсч, мөн өдөр аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, газар эзэмших гэрээ байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд зургаа баталгаажуулсан болно.

Гэтэл Б******* ХХК манай эзэмшил газрыг өөрийн эзэмшил газар гэж маргаж эхэлсэн бөгөөд уг байдлыг Нийслэлийн газрын алба, Сонгинохайрхан дүргийн Газрын алба болон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс шалган тодруулахад тус компани нь уг газар дээр газар ашиглах, эзэмших эрх байхгүй, гэрээ гэрчилгээ тусгай зөвшөөрөл аваагүй болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 5/4312 дугаар албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн өмчийн харилцаа, газрын харилцааны албаны 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 825 дугаар албан бичиг, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/2642 дугаар албан бичиг зэргээс тодорхой боллоо. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс  захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан..., нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг ... захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /2016 оны/ 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэхүү хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны  ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан байдаг. Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой, шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн бол сэргээх үүрэгтэй юм. Гэтэл Б******* ХХК нь өөрийн эзэмшил газрыг манай эзэмшил бүхий газартай давхцалтай гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа боловч Б******* ХХК-д газар эзэмшүүлэх, ашигт малтмал эрх хайх, ашиглах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ байхгүй, мөн тус компани уг газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгогггүй байна. Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-д маргаан бүхий газарт газрын эрх зүйн харилцаа үүсээгүй тул уг газартай холбоотой ямар нэг эрх эдлэхгүй юм. Эндээс үзвэл нэхэмжлэгчид уг газартай холбоотой нь хуулиар олгосон субьектив эрх гэж байхгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тухайд: Дээр дурдсан албан бичгүүд, бусад нотлох баримтаас үзвэл манай компанийн эзэмшил газар нь аливаа этгээдийн эзэмшил ашиглалтад байгаа газартай  давхцалгүй гэдэг нь нотлогддог юм. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ “өмнө уг газар дээр дайрга олборлож байгаад нөхөн сэргээлт хийгээд хүлээлгэн өгсөн болон мөн 2009 оноос хойш манай эзэмшил газар дээр парк байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ажилласан тухайгаа тодорхой бичсэн байна. Эдгээр тайлбараас үзвэл манай компанийн эзэмшил газар нь Б******* ХХК-ийн нөхөн сэргээлт хийгээд буцаан хүлээлгэн өгсөн талбай мөн гэж байгаа бол уг газар нь нөхөн сэргээлт хийснээр тус компани ямар нэг шийдвэр, захирамжгүйгээр өөртөө авах, эзэмших эрх үүсгэж байгаа явдал биш болно.

Мөн аливаа газрыг Газрын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрээ гэрчилгээгүйгээр эзэмших эрх үүсэхгүй бөгөөд ийнхүү зөвшөөрөл аваагүй атлаа би төсөл хэрэгжүүлэх гэж байсан гэсэн тайлбараар түүнд газар эзэмших эрх үүсэх хууль зүйн үндэслэл огт байхгүй билээ. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар 2009 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 148 дугаар тогтоолоор төслийг дэмжиж шийдвэрлэсэн түүнд газар эзэмшүүлж байгаа шийдвэр огт биш юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газрыг цэцэрлэгт байгуулахаар тусгаайгүй байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч нь ийнхүү тусгасан мэтээр шүүхэд хууль бус худал тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дахь заалтын дагуу өөртөө газар эзэмших эрх түрүүлж үүсэх ёстой гэжээ. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 хэсэгт “Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалттгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, ау ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно” гэж заасан байна. Хуулийн энэ заалт нь ашиглалтгүй орхигдсон газар буюу өөрөөр хэлбэл хэн нэгнээс эзэмшиж ашиглаж байгаагүй эзэнгүй орхигдсон газрын тухай ойлголт байгаа болохоос хэн нэгэн өөртөө ашиглаж, ашигт малтмал олборлож, газрыг эвдрэлд оруучихаад түүнийгээ нөхөн сэргэсэн газрыг ямар нэгэн шийдвэргүйгээр эзэмших эрх үүсгэж байгаа ойлголт огт биш учир нэхэмжлэгч нь хуулийг буруу ойлгон, өөрийгөө эзэмших эрхтэй хэмээн тайлбарлаж байгаа нь хууль бус юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, мөн хуулийн 36 дугаар зүйлд талбайг буцаан өгөх харилцааг зохицуулсан. Эдгээр хуулийн зохицуулалтаар нөхөн сэргээлт хийсэн талбайг уг этгээд давуу эрхээр эзэмших эрх олгосон заалт, зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн өөрийгөө давуу эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэл огт байхгүй юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан байна. Хуулийн энэ заалтын дагуу ******* ХХК нь газар эзэмших хүсэлтээ гарган, бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй газар дээр газар эзэмших эрх олж авсан билээ. Харин Б******* ХХК нь хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ маргаан бүхий актыг гаргахаас өмнө гаргаж байгаагүй атлаа уг газрыг манай эзэмших ёстой газар гэж үзэж байгаа нь хууль бус болно. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсэг нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б******* ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар ******* ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна.

Шүүх  энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/65 дугаар захирамжаар ******* ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 20000 мкв газрыг Буянт цагаан бодь ХХК-аас шилжүүлэн эзэмшүүлсэн байна.  

Нэхэмжлэгчээс дээрх актыг хүчингүй болгох үндэслэлээ “нэхэмжлэгч компани нь тухайн газар дээр нөхөн сэргээлт хийсэн, мөн орц гарцаар ашиглаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6-д зааснаар газар эзэмших эрхийг давуу эрхээр олж авах эрхтэй байхад өөр этгээдэд эзэмшүүлсэн нь бидний ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б******* ХХК-д Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 185 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын 2299А дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Улмаар тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 262 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл цуцлагдаж, 2012 онд уг олборлолт явуулж байсан талбайд экологийн хохирол болон нөхөн сэргээлтийн зардал тооцуулсаны дагуу Б******* ХХК нь өөрийн зардлаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийхээр “Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ”-г Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газартай байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж хүлээлцсэн байна. Уг техникийн нөхөн сэргээлтийг 2299А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн болох нь Нийслэлийн байгаль орчны газраас 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02/159 дүгээр албан бичгээр ирсэн нотлох баримтаар нотлогдож байна.

Дээрх тусгай зөвшөөрлийн талбай нь ******* ХХК-ийн эзэмшил газартай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/964 дүгээр албан бичгээр ирүүлсэн кадастрын зургаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б******* ХХК нь гуравдагч этгээдийн газарт үл хөдлөх хөрөнгө байгаа гэж маргаж, хэрэгт 005******* дугаартай 340 мкв ажилчдын орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтаар өгсөн боловч маргаан бүхий газрын үзлэгээр ******* ХХК-ийн эзэмшлийн газарт 2 худаг байдаг, харин ажилчдын байр нь ******* ХХК-ийн эзэмшил газарт байхгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн сансрын зургаар тогтоогддог. 

Мөн нэхэмжлэгчээс Эко усан парк төсөл хэрэгжүүлэхээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Мэргэжлийн хяналтын газруудаар дэмжигдэж байсан, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5. Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно, 27.6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно” гэж заасны дагуу давуу эрх түрүүлж үүссэн, ашиг сонирхол байсан гэж тайлбарлах боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” заасны дагуу холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн газар эзэмших талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж байгаагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны албан бичгээр тогтоогдож байх нэхэмжлэгчийн эрх хууль ёсоор, түрүүлж үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар “*******” ХХК-д газар шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31, 32, 33 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нөхөн төлүүлэх шүүхийн зардал болох шинжээчийн зардлыг гуравдагч этгээд ******* ХХК урьдчилан төлсөн байх тул нэхэмжлэгчээс гаргуулж, гуравдагч этгээдэд олгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/65 дугаар захирамжаар “О” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 1,045,347,60 /нэг сая дөчин таван мянга гурван зуун дөчин долоон төгрөг жаран мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Б ХХК-аас гаргуулан гуравдагч этгээд О ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.ОЮУНГЭРЭЛ