Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 1843

 

 

П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04905 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Очирчуулганд холбогдох

 

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 38 680 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням,

Хариуцагч Т.Очирчуулган,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Дэлгэрмөрөн нь Т.Очирчуулгантай 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Бэлэглэлийн гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус хийж түүний эзэмшлийн “Цаст богдын оргил” ХХК-ийн бүх эрх болон тус компанийн үйл ажиллагаа явуулж байсан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны зам гудамж, “Панорама” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах байрны дотоод тохижилт, бүх тоног төхөөрөмжийн төлбөрт өөрийн эхнэр Т.Лхагважаргалаар дамжуулан 23 500 000 төгрөг өгсөн. Мөн бааранд өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийж 2014 оны 4 дүгээр сараас үйл ажиллагаа эхэлсэн. Гэтэл баарны сандал ширээ, тоног төхөөрөмж зэрэг бүх эд зүйлийн эзэмшигч нар эд зүйлсээ авч эхэлснээр цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй байсан. Т.Очирчуулганд компаниа буцааж аваад авсан мөнгөө буцааж авахыг шаардахад удахгүй өгье гэсэн тул 2014 оны 7 дугаар сараас би тус бааранд үйл ажиллагаа явуулахаа больсон юм. Гэвч Т.Очирчуулган нь өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан өгөхгүй байгаа ба одоо өөрөө тус баарныхаа үйл ажиллагааг явуулсаар байгаа. Харин надад зөвхөн “Цаст богдын оргил” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг байна. Иймд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дахь хэсэгт бэлэглэлийн гэрээг байгуулахдаа хүлээн авагчид тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан заалтыг зөрчиж хийсэн энэхүү “Бэлэглэлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу Хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу өгсөн 23 500 000 төгрөгийг хариуцагч Т.Очирчуулганаас гаргуулна. Мөн тус баарны засвар үйлчилгээнд зориулсан мөнгө болох 15 180 186 нэмэгдүүлж байгаа ба ингээд нийт 38 680 186 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 2 дугаар сараас эхэлж тус баарыг худалдаж авахаар тохиролцон гэрээ байгуулсан байдаг. Тухайн байранд үйл ажиллагаа явуулахын тулд засвар үйлчилгээ хийсэн. Гэрээн дээр 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан боловч 2014 оны 2 дугаар сараас эхэлж авсан. 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж тус компани эрх шилжүүлэн авах, ширээ сандал, хөгжим зэргийг нийт 7 600 000 төгрөгийн үнэтэй зүйлийг эрх шилжүүлэн авагч буюу худалдан авагчид шилжүүлэн өгсөн. Уг гэрээ бэлэглэлийн гэрээ гэсэн нэртэй боловч хариу төлбөртэй байсан. Дээрх худалдах-худалдан авах гэрээний үнэ 30 000 000 төгрөгөөс 23 000 000 төгрөгийг төлсөн. Хэдийгээр бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч Худалдах-худалдан авах гэрээг халхавчилж, хууран мэхэлж хийсэн хэлцэл учраас тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан заалтыг зөрчөөгүй байна. Хэрвээ нэхэмжлэгч тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа бол худалдах-худалдан авах гэрээгээр энэ асуудлыг зохицуулдаг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлд тусгайлан заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ойлгомжгүй байгаа тул 23 500 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Дэлгэрмөрөн нь энэ байгууллагыг ашигтай ажиллаж байгааг судалж үзээд 2014 оны 4 дүгээр сард “Цаст богдын оргил” ХХК-ийг байнгын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй гэдгийг мэдэж худалдан авсан. Эрх шилжүүлэх албан ёсны гэрээ нь хэдийгээр бэлэглэлийн гэрээ гэж бичигдсэн боловч худалдах-худалдан авах гэрээг талууд 2014 оны 4 дүгээр сард хийж шилжүүлэн өгсөн. Тухайн компаний үйл ажиллагааг хүлээж авснаас хойш 7 сар хүртэл өөрсдөө үйл ажиллагаа явуулж тодорхой ашиг олсон. 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 2 залууд сарын 5 000 000 төгрөгөөр түрээсэлж 3 сарын төлбөр болох 15 000 000 төгрөгийг авсан. 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг өөрийн танил н.Чимгээд өгөөд, 5 000 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Үйл ажиллагаа эрхэлж олох ёстой байсан орлогыг дундаа авч ашигласан байна. Олж байсан орлогын баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Нийтдээ 11 дүгээр сараас 12 дугаар сарын орлого 5 000 000 төгрөг болж байдаг. Үүнээс бусад зардал ашиг нь 5 000 000 төгрөг болж байгаа болохоор нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн, Т.Лхагважаргал нар нь 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл 9 сарын хугацаанд ийм орлого олсон байдаг. Хэрвээ нэхэмжлэгч тал ажиллуулаагүй бол хариуцагч Т.Очирчуулган нь тухайн ашгийг олох байсан. Иймд олох байсан орлого 45 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар П.Дэлгэрмөрөнгөөс нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.Очирчуулган анх хэлэлцэж тохирсон гэрээгээ зөрчсөн. Тухайн баарны үйл ажиллагааны олох байсан орлого нь тайчих үзүүлбэр байсан. Нийслэлийн засаг даргын баарны үйл ажиллагаа эрхлэгчид зориулсан тайчих үзүүлбэрийн тусгай зөвшөөрлийг Т.Очирчуулган гаргаж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй. Энэ тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно гэсэн заалтыг зөрчсөн. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэл дээр дурдаж байгаа 2 залууг 5 000 000 төгрөгөөр 3 сарын төлбөр нь 15 000 000 төгрөгөөр түрээсэлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримттай зүйл биш. Мөн н.Чимгээ гэдэг хүнд 5 000 000 төгрөгөөр түрээслүүлээгүй талаар гэрч Т.Лхагважаргал мэдүүлсэн. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56,1.8, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Т.Очирчуулганд холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 38 680 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнгийн нэхэмжлэл, П.Дэлгэрмөрөнгөөс олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Очирчуулганы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511 000 төгрөгөөс 351 351 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 000 төгрөгөөс 382 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 159 649 төгрөгийг нэхэмжлэгчид, 50 төгрөгийг хариуцагчид улсын төсвөөс тус тус гаргуулж буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч Т.Очирчуулган Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ зөрчиж биет байдлын болон эрхийн зөрчилтэй хөрөнгө худалдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хариуцагч, гэрч нарын шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна. Гэтэл эд хөрөнгийн доголдлын талаарх худалдагчийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 256 дугаар зуйлийн 256.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүх хариуцагчаар уг доголдол, хохирлыг арилгахыг даалгаж хэргийг шийдвэрлэх байтал хуулийн дээрх заалтуудыг хэрэгжүүлэн хэргийг шийдвэрлэлгүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн нь энэхүү худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн хэргийг тал бүрээс нь хуулийн дагуу шинжлэн судлаж шийдвэрлэлгүй хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь хариуцагч Т.Очирчуулганд холбогдуулан эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 38 680 186 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч олох байсан орлого 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь хууль зөрчсөн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хэлцлийн дагуу шилжүүлсэн 23 500 000 төгрөг, засвар хийсэн зардал 15 180 186 төгрөг нийт 38 680 186 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Т.Очирчуулганаас компанийн эрх, тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаа явуулж байсан баарны сандал ширээ, тоног төхөөрөмжийг 23 500 000 төгрөгөөр эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваад үйл ажиллагаа явуулж байтал уг баарны сандал ширээ бусад тоног төхөөрөмж Т.Очирчуулганых биш болж эзэд нь авсан, мөн тайчих үзүүлбэр үзүүлэх тусгай зөвшөөрлийг гаргуулж өгөөгүй гэрээгээ зөрчсөн тул мөнгөө авч компанийг буцааж өгье гэтэл өнөөг хүртэл өгөөгүй, баарыг ажиллуулж байгаа гэх үндэслэлүүдийг заажээ.

 

Хариуцагч Т.Очирчуулган гэрээний хувьд бэлэглэлийн нэртэй боловч компанийн эрх болон тусгай зөвшөөрөл баарны ширээ сандал, гэрэлтүүлэг, тоног төхөөрөмжийг 23 500 000 төгрөгөөр худалдсан, баарны тоног, төхөөрөмж нь “Панарома” ХХК-ийн хөрөнгө байсныг түрээсээр авч ажиллуулж байсан, нэхэмжлэгч уг баарыг ажиллуулж байснаа 2014 оны 7 дугаар сараас бусдад түрээслүүлж байгаад түрээсээ төлөлгүй орхисон, “Панарома” ХХК баарыг ажиллуулж түрээсээ төл гэсэн тул 2015 оны 1 сараас хойш баарыг ажиллуулж байгаа гэж тайлбарлажээ.

 

Дээрх гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлсийн зарим хэсгийг Т.Очирчуулган буцаан авч хэрэглэж байгаа талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Т.Очирчуулган нь нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөнд гэрээний дагуу шилжүүлж өгсөн зүйлсийн зарим хэсгийг буцаан авч гэрээнээс татгалзсантайгаар холбоотойгоор өөрт учирсан хохирлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч П.Дэлгэрмөрөн нь эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноор хариуцагчаас юу шаардаж байгаа нь тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл аль нь болохыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхээс маргааны талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавартай холбон тайлбарласан бол хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо арилгуулах гэсэн агуулгатай байхад шүүх нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл ойлгомжгүй болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар арилгуулах гэсэн үндэслэл зааж байгаа боловч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн бөгөөд уг гэрээний дагуу шилжүүлсэн эд зүйлд эрхийн доголдол байсан эсэх талаар талууд маргаантай байна.

 

Хэрэв гэрээний нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах тухай шаардлага гаргасан бол нэхэмжлэгч нь доголдлын талаар нотлох үүрэгтэй, харин хариуцагч нь хохирол шаардаж байгаа бол хэний буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан, гэм буруу, хохирлын шалтгаант холбоо, хохирлын хэмжээг өөрөө нотлох үүрэгтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж 38 680 186 төгрөгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нөхцөл байдлыг тодруулснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай эсэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтран тооцогдох эсэхийг тодорхойлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлүүдийг талууд хэрхэн нотолсон байдлын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх учиртай.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/04905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ