| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2019/03426/И |
| Дугаар | 210/МА2026/00130 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2026/00130
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08348 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан 247 метр автозамыг хамтран эзэмшиж ашиглуулах, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гарган өгч, нэхэмжлэгчийн ачааны автомашиныг нэвтрүүлэх, автозогсоолын 25 хувийг нэхэмжлэгчид ашиглуулахыг тус тус хариуцагчид даалгаж, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* ХК нь комплекс барилга байгууламжийн зарим хэсгийг худалдаж, эзэмшил газрыг шилжүүлж, Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасны дагуу *******ХХК-тай хөрш залгаа газар, эд хөрөнгө эзэмшигч, өмчлөгч /хөршүүд/ болж байгаа учраас гэрээндээ тусгайлсан нөхцөл, болзлыг тодорхой оруулж өгсөн. Тухайлбал: Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17 дахь заалтад "Хавсралт 1-ийн 1-р цэгээс зүүн тийш 167 метр, баруун тийш 84 метр урттай 7.7 метр өргөнтэй автозамыг талууд 50*50 хамтарсан өмчлөлд байлгаж, түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч, ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрөл олгон худалдан авагч талын харуул хамгаалалт хяналтын дор нэвтрүүлнэ. Сургуулийн зүүн талын 20*86 метрийн хэмжээтэй автозогсоолыг худалдагч тал 25 хувиас хэтрүүлэхгүй ашиглах ба энэхүү талбайг зөвхөн автомашины зогсоолын зориулалтаар ашиглана" гэж маш тодорхой заасан. Эд хөрөнгийг худалдан авагч талд шилжүүлсний дараа худалдагч тал хөрш залгаа эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрх нь хязгаарлагдаж, зарим үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж чадахгүйд хүрч, хөршийн эрх нь зөрчигдөх учраас ийм заалт оруулсан. Манай компани 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр *******ХХК-д албан бичиг явуулж, хамтран өмчилж байгаа автозамаа ашиглах боломж олгож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан боловч тус компани нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12 тоот албан бичгээрээ маргаж буй автозамыг ашиглуулах боломжгүй, манайд хамаагүй гэсэн утгатай хариуг ирүүлсэн тул асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрч байна.
Түүнчлэн тус компани одоог хүртэл тусгай гэрээгээр *******ХХК-ийн бохир усыг өөрийн цэвэрлэх байгууламжаар дамжуулан төв шугамд дамжуулж, цэвэр усаар хангаж байгаа болно. Шүүхийн процесс эхэлснээс хойш *******ХХК нь 2021 оны 303 тоот, 2022 оны 04, 133, 149, 163 тоот, 2022 оны 201 тоот албан бичгүүдээр манай компанийн хашаан дотуур явсан бохир усны далд шугамд гэмтэл гарсан асуудлаар машин механизм, ажилчдыг оруулах зөвшөөрөл олгох хүсэлтийг тавьсан. Энэ нь манай 2 компани бие биеэсээ харилцан хамааралтай гэдгийг нотолж буй нөхцөл байдал юм.
******* ХК-ийн агуулах, үйлдвэрийн барилгын ачаа бараа буулгах, тээвэрлэх, машин механизм нэвтрэх том хаалга нь бүгд урагшаа буюу хоёр хөршийн хилийн зааг болох шинээр барьсан хашаа руу харсан, зайлшгүй шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай учраас ийм заалтыг 2 тал ярилцаж, хүлээн зөвшөөрч оруулсан.
Иргэний хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт зааснаар дээрх шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 135 дугаар зүйлийн 135.3, 135.4, 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтуудыг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.17-д заасан замыг хамтран ашиглах, эзэмших, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гаргаж өгч, нэхэмжлэгчийн ачааны машиныг нэвтрүүлэх, авто зогсоолын 25 хувийг нэхэмжлэгчид ашиглуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэрээний 1.18 дахь заалтад "Худалдан авагч нь 1 дүгээр цэгээс баруун тийш 209 метр урт, 7.7 метр өргөнтэй автозам дээр ямар нэгэн барилга байгууламж барихгүй гэдгийг нотолж байна. Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд худалдагч талд 40,000,000 төгрөгийн төлбөрийг төлнө гэж зааснаар 40,000,000 төгрөгийн торгуулийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь *******ХК болон *******ХК гэсэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх тул тус гэрээний дагуу үүсэх аливаа эрх үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад буюу *******ХК болон *******ХК нарт хамааралтай байна.
*******ХХК нь ******* *******ХХК-тай 2013 онд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Зайсан гудамжинд байршилтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 243.98 м.кв талбайтай уурын зуухны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай, 365 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-******* дугаартай, 3732 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-*******дугаартай, 1152 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн дор болон эргэн тойрны эдэлбэр газрыг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* *******ХХК-аас шилжүүлж авсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тухайн зам болон зам байрлаж байгаа газрыг өмчлөх, эзэмших эрх худалдан авагч талд 100 хувь бүрэн шилжээгүй, худалдан авагч тал замыг дангаараа эзэмших, ашиглах эрхгүй болохыг нотолж байна гэж тайлбарласан хэдий ч өнөөдрийн байдлаар хариуцагч нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 тоот шийдвэрийг үндэслэн олгосон 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 000314397 дугаартай гэрээ, гэрчилгээний дагуу 17881 м.кв хэмжээтэй газрыг эзэмшиж байна.
Иймд *******ХК болон *******ХК гэсэн талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний дагуу үүсэх аливаа эрх, үүрэг, хариуцлага зэрэг эрх зүйн үр дагавар нь зөвхөн гэрээнд оролцогч талуудад хамааралтай бөгөөд хариуцагчид хамаарахгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2, 138 дугаар зүйлийн 138.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан хариуцагч *******ХХК-ийн эзэмшилд байгаа 247 метр автозамыг хамтран ашиглах, түүний араар барьсан хашаанд баригдсан 2 хаалгаар нэхэмжлэгч ******* ХК-ийн эзэмшлийн ачааны зориулалттай автомашиныг нэвтрүүлэхийг хариуцагч *******ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх авто зогсоолын 25 хувийг ашиглуулахыг даалгах, торгууль 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428,150 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Шүүх алдаатай дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр гаргасан тухайд:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгчийн маргаж буй асуудлыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар, эсхүл хөршийн эрхийн асуудлаар шаардлага гаргаж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай гэж дүгнэсний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нийт 4 удаа тодруулж, хөршийн эрхийн асуудлаар маргаж байгаа гэж тодорхойлсон.
Гэвч нэхэмжлэлийн шаардлагуудыг хөршийн эрхийн хүрээнд шаардаж байгаа гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн шаардлага нь "*******" ХК ("*******" ХК) болон "*******" ХК-ийн хооронд байгуулагдсан 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Г-4/7101 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн тодорхойлогдсон байх бөгөөд хөршийн эрхийн шаардлагад (тодорхой үйлдэл хийхийг таслан зогсоох, зайлуулах, нөхөн төлбөр авах гэх мэт) хамааралгүй өөр бусад шаардлагуудыг (хашаанд хоёр хаалга гаргаж өгөх, ачааны машин нэвтрүүлэх, автозогсоолыг ашиглуулахыг даалгах гэх мэт) гаргасан байгаа тул нэхэмжлэгч талыг хөршийн шаардах эрхийн хүрээнд бус гэрээний заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь маргаан бүхий 247 метр автозамыг зөвхөн гэрээнд заасан 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр, 1 дүгээр цэг хүртэл баруун тийш 84 метр гэж тооцон гаргасан ба уг 1 дүгээр цэг нь хариуцагчийн эзэмшлийн газрын кадастрын зургийн аль координатын солбицол цэгт байрлаж байгаа нь тодорхойгүй, төрийн эрх бүхий байгууллагын албан ёсны баримт бичгээр баталгаажсан баримт байхгүй. Гэрээний 1.17 дахь заалт болон гэрээ байгуулагдах үед гараар зурсан тэмдэглэгээ бүхий гэрээний хавсралтыг үндэслэж 1 дүгээр цэгийг тодорхойлсон байна. Түүнчлэн 1 дүгээр цэгээс зүүн тийш 163 метр гэж тооцоод байгаа газар нь www.egazar.gov.mn газрын цахим системд зааснаар хэний ч өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжээгүй нийтийн эзэмшлийн зам талбай байх бөгөөд 247 метр замаас хэдэн метр нь нийтийн эзэмшлийн замд хамаарч, хэдэн метр нь хариуцагчийн эзэмшлийн газарт хамаараад байгаа нь тодорхойгүй байхад шүүхээс шууд 247 метр автозамыг хариуцагчийн эзэмшилд байгаа гэж дүгнэж, хамтран ашиглуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй үндэслэлгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас автозамын асуудлыг тодруулж өгөх хүсэлтийг гаргасан боловч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/2376 тоот албан бичгээр автозамыг тодорхойлсон зургийг шинжээч томилуулан хэмжилт боловсруулалтын үр дүнгээр тодорхойлох боломжтой" гэсэн. Улмаар хэрэгт цугларсан баримтаар автозамын хэмжилт тодорхой болоогүй, албан ёсоор баталгаажуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй. Тиймээс шүүхийг үндэслэлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайг хариуцагчийн эзэмшилд байгаа гэж, мөн түүнийг ашиглуулахыг хариуцагчид даалгасан гэж үзэх үндэслэлтэй байна.
4.2.Анхан шатны шүүхээс "...нэхэмжлэгч "*******" ХК болон хариуцагч "******* *******" ХХК нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул "*******" ХК болон "*******" ХК нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүргийн хүрээнд шаардах эрхгүй" гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх боловч гэрээний заалт үндэслэн шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 134.1, 134.2, 138.1 дэх заалтыг баримтлан хуулийг буруу тайлбарлаж, алдаатай буюу логик уялдаагүй дүгнэлт хийсэн.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16-д "...Нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн агуулах буюу складыг зориулалтын дагуу ердийн аж ахуйн зориулалтаар ашиглахад Иргэний хуулийн 139.1-д заасан зохигч талын ... бетонон хашаа босгосон, хаалга гаргасан байдалтай боловч ашиглах боломжгүй, нийтийн эзэмшлийн замд хүрэхийн тулд хариуцагчийн эзэмшлийн замаар дайран өнгөрөх болон харуул хамгаалалтын байр хүртэлх замаар нэвтрэх эрхийг хязгаарласан саад төвөг буюу ердийн ашиглалтын нөлөөлөл байна... Энэ нь ноцтой нөлөөлөл биш ч хариуцагч тал автомашин нэвтрүүлэхийг хүлцэн тэвчих боломжтой" гэж дүгнэжээ. Гэвч Улсын дээд шүүхийн 2010 оны 16 дугаар тогтоолоор баталсан тайлбарт Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан "нөлөөлөл" гэдэг нь хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс уг эд хөрөнгөө эзэмших, ашиглах явцад нөгөө этгээдийн эд хөрөнгөө эзэмших, ашиглахад саад төвөг учруулах хүчин зүйл гэж ойлгоно. Эдгээр нь дуу чимээ, доргио, утаа, гэрэлтүүлэг, хорт хий, өндөр, үелзэл, хог хаягдал,цацраг идэвхт бодис, хөрсний бохирдол зэрэг эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгийн хилээр нэвтрэх хэлбэрээр илэрнэ. Уг нөлөөлөл нь эд хөрөнгийг ашиглах тухайн хэлбэрт зайлшгүй гарах учиртай эсхүл гарах боломжтой бөгөөд ноцтой үр дагаврыг үүсгээгүй байна" гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хөршийн нөлөөлөл нь эзэмшигчийн хянах боломжгүй байдлаар хилээр нэвтрэх хэлбэрээр илрэх бөгөөд тухайн нөлөөлөл нь ноцтой үр дагаврыг үүсгэж байж хөршийн шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдана.
Гэтэл хариуцагчийн эзэмшил газарт нэвтрэхээр байрлуулсан автомашины хаалт нь хариуцагчийн хянах боломжтой байдлаар газарт нэвтрэхээр байрлуулсан хийгдсэн, нэхэмжлэгч талын хилээр нэвтрээгүй тул хөршийн нөлөөлөлд тооцогдохгүй, нөлөөллийн шинжийг хангахгүй байна. Мөн нэхэмжлэгч талаас автомашины хаалтыг Иргэний хуулийн дагуу хэрхэн яаж нөлөөлж, ямар ноцтой үр дагаврыг үүсгэж байгааг тодорхойлоогүй, зөвхөн үйлдвэрийн агуулах урагшаа хашаа руу харсан учраас шинэ хөршийн барьсан хашаа, замаар нэвтрэх шаардлагатай байна гэж тайлбарладаг.
Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 135.4 дэх хэсгийг үндэслэн тодорхойлсон байхад шүүхээс 135.1, 135.2 дахь хэсгийг баримтлан шийдвэр гаргасан. Гэвч тус заалтуудад хөршийн ноцтой үр дагавар үүсгээгүй, ердийн ашиглалтын нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, нөлөөлөлд өртсөн талын хүлцэн тэвчих нөлөөллийн талаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нөлөөлөл үүсгэж буй талыг хүлцэн тэвчих ёстой гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.
Харин Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар хөршийн эзэмшил, ашиглалтад байгаа газраар дамжин өнгөрөх зам, шугам, хоолойг тавих эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугамд холбогдох зорилгыг хэрэгжүүлэх зорилготой байх бөгөөд бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй газар эзэмшигчид эрх олгосон заалт болно. Гэтэл ******* ХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын *******дугаартай газар нь нийт 4 газартай хил залгаа оршдог бөгөөд зүүн урд болон баруун урд тал руугаа нийтийн эзэмшлийн замд хүрэх гарцыг гаргах боломжтой, одоог хүртэл боломж гаргаж баруун талаараа нийтийн эзэмшлийн замд хүрч байсан нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог.
Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар илтгэгч шүүгчээс нэхэмжлэгчид хандан "Хариуцагч байгууллагаар дамжихгүйгээр танайх орох боломж байна уу" гэж асуухад нэхэмжлэгчийн өмгөөлөгч "Жижиг зөөврийн машинаар зөөвөрлөж байгаа" гэж тодорхой хариулсан. Үүнээс нэхэмжлэгчийг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгааг, нийтийн эзэмшлийн замд хүрэх гарцтай болохыг, агуулахаа саадгүйгээр ашиглаж ирснийг харж болно.
Гэтэл яагаад зөвхөн манай талбайгаар дамжиж өнгөрөх гээд байгаа үндэслэлээ нэхэмжлэгч тал хангалттай гаргаж ирээгүй, холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүхээс "... баруун талын хаалгаар агуулах хүрэх зам урт хөрс зөөлөн газар дор 80 см зайнд инженерийн шугам сүлжээ, худаг, байгалийн мод бүхий хэсгээр ачааны автомашин агуулахын хаалганд хүрэх боломжгүй, инженерийн шугам сүлжээ гэмтэх эрсдэл илүү өндөр болох нь илэрхий нөхцөл байдал тогтоогдсон" гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Шүүх үзлэг хийхдээ зөвхөн тухайн хэргийн нөхцөл байдлыг үзэж танилцаж, тэдгээрийг тэмдэглэл үйлдэх замаар баталгаажуулдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газарт 2 удаа 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үзлэг хийсэн. Гэвч хоёр дахь үзлэгээр шүүгч өөрийн үзэмжээр автомашин нэхэмжлэгчийн агуулахын хаалганд хүрэх боломжгүй гэж, мөн инженерийн шугам сүлжээ гэмтэх эрсдэл илүү өндөр зэрэг мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудалд эрх хэмжээгээ хэтрүүлэн дүгнэлт өгсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үзвэл, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 3/2277 тоот албан бичгээр "... цэвэр болон бохир усны шугамуудыг хэрхэн хүчитгэсэн нь тодорхойгүй тул том оврын автомашин зорчих боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй байна" гэсэн хариуг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн байгууллагаас газар дор усны шугамын талаарх мэдээллүүд дутуу байгаа учир автомашин явах боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн, улмаар нэхэмжлэгч болон хариуцагчийн өмчлөлийн газар дээр шугам сүлжээний эвдрэл үүсэх эсэх, ачааны автомашин зорчиж болох эсэх нь тогтоогдоогүй. Гэтэл шүүхээс газар дор 80 см зайнд инженерийн шугам сүлжээ гэмтэх эрсдэл илүү өндөр болох нь илэрхий гэж гагцхүү нэхэмжлэгчийн өгсөн мэдээлэлд үндэслэн хэт нэг талыг барьсан дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч талыг нийтийн эзэмшлийн замд хүрэх гарцгүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгч нь зөвхөн үйлдвэрийн агуулахад ачааны автомашин шууд нэвтрүүлж ашигламаар байгаа учраас л гэрээнд заасан 247 метр замыг хамтран ашиглах хүсэлтэй байгаа бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн бидэнд хамгийн анх удаа шаардлага тавьсан 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/47 тоот албан бичгээс тодорхой харагдана.
Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар шүүгчээс нэхэмжлэгчид хандан "Эрх зөрчигдсөн хугацаагаа хэзээнээс гэж үзэж байгаа вэ" гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "өөр өөр компанид шилжих үед нь ******* ХК мэдэгдэж байсан. Хаалга гаргаж өгөөрэй гэж удаа дараа хэлж байсан" гэж хариулсан. Гэтэл ******* ХК-аас 2018 онд анх удаа гэрээний 1.17-г үндэслэн шаардлага тавьсан ба тэр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчээс ямар ч шаардлага тавьж байгаагүй, мөн хөршийн шаардах эрхийн талаар мэдэгдэж шаардаж байгаагүй болно.
4.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 17-д ... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй" гэж дүгнэн 247 метр автозамыг хамтран ашиглах, нэхэмжлэгч талын автомашиныг нэвтрүүлэхийг даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.
Гэвч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх заалтууд нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл тогтоогдож, уг саадыг арилгаснаар өмчлөгч эрхээ хамгаалуулах үр дагавартай. Үүний тулд нэгт, нэхэмжлэгч нь өмчлөгч байх ёстой, хоёрт, өмчлөх эрх ямар нэг байдлаар зөрчигдсөн байх ёстой, гуравт, тухайн зөрчил нь хариуцагчийн идэвхтэй үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой, дөрөвт, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болох үйлдэл нь хууль бус байхыг шаарддаг.
Гэтэл анхан шатны шүүхээс гэрээнд дурдсан 247 метр автозамыг яагаад хамтран ашиглах, хашаанд 2 хаалга гаргах болсон үндэслэлийг тодорхой заагаагүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн урьдчилсан нөхцөл хэрхэн хангагдсаны үндсэн дээр хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагчийн хувьд өөрийн өмчлөлийн газарт аливаа хууль тогтоомж зөрчихгүйгээр автомашины хаалт тавьсан бөгөөд уг хаалт нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн газрын хил хязгаарыг даваагүй, газрын кадастрын зураг болон бусад эрх бүхий байгууллагын шийдвэрээр маргаан бүхий 2 хаалгад гарц гаргахаар шийдвэрлэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй.
4.4.Түүнчлэн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэмэлт тайлбар гаргасан. Гэвч Газрын тухай хуулийн 48.2-т заасан "бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрх" нь мөн хуулийн 48.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон газар эзэмшигчийн хооронд тохиролцоо хийгдсэн байхыг, мөн уг тохиролцоо нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1.6-д заасны дагуу "газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах гэрээ"-гээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаарддаг.
Гэтэл "******* *******" ХХК-ийн 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, мөн "******* *******" ХХК-ийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн болон 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээнд манай үйлдвэрлэлийн зориулалттай 17871 м.кв талбайтай газрыг "*******" ХК-д хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулахыг зөвшөөрсөн агуулга тусгагдаагүй, энэ талаар гэрээгээр зохицуулаагүй, талууд харилцан тохиролцоогүй, бүртгэлийн мэдээллийн санд түүнийг нотлох баримт байхгүй. Гэтэл шүүх энэ талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч талын гаргасан үндэслэл нь өөрсдийн тодорхойлоод буй шаардлагынх нь үндэслэл болоогүй, Иргэний хуульд заасан хөршийн шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж, талуудын хооронд үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хэргийг тал бүрээс нь бодитой хянан шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг хэргийг шийдвэрлээгүй 5 жилийн хугацаа өнгөрсөн. Хариуцагч тал шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Анхнаасаа бүтэн объектын нэг хэсгийг худалдсан, үлдсэн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх нь хязгаарлагдах учраас хөршийн эрхийн зохицуулалтаар дээрх заалтууд гэрээнд тусгагдсан. Шинэ замын ар талаар хашаа барьж 2 хаалга хийж өгнө, замын доод хэсгийн газар шилжихгүй, хамтын эзэмшилд байна, зүүн талын 2 объект руу орж болохгүй учраас хөршийн эрхийг хамгаалах үүднээс тухайн заалтыг гэрээнд тусгасан. Нэхэмжлэгч компани нь үйлдвэрийн барилгыг ашиглаж чадахгүй болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
5.2.Гомдолд дурдсанаас 247 метр зам байх эсэх нь хамаагүй, социализмын үед ч байгаагүй. Хариуцагч нь шинээр хашаа барихдаа 2 хаалга гаргаж, гэрээний заалтыг хүлээн зөвшөөрсөн. Одоог хүртэл тухайн 2 хаалга нь байгаа, чөлөөтэй онгойлгох боломжтой.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч компанийн бохир усыг зайлуулж нийтийн цэвэрлэх байгууламж руу оруулдаг, мөн цэвэр усаар хангадаг.
Тухайн 2 хаалганы дор инженерийн шугам сүлжээ байхгүй. Харин цементэн замын доогуур ерөнхий шугам сүлжээ байрладаг. Цементэн хаалганаас үйлдвэрийн том хаалга руу ороход 7-8 метр шороон зам байгаа. Тухайн замыг хүчитгэн тэгшилж хамгаалалт хийж автомашиныг том хаалга руу оруулж ашиглах боломж бүрдэнэ. *******ийн үйлдвэрийн үндсэн барилга нь том, урт барилга бөгөөд 2 давхрын хойд тал нь оффис конторын зориулалттай, урд тал нь үйлдвэрлэлийн зориулалттай байдаг. Гэтэл хариуцагч хашаа барьсан учраас нэхэмжлэгч компани нь үйлдвэрийн байранд нэвтрэх боломжгүй болсон. Өөрийн үйлдвэр рүү нэвтрэн орохын тулд замыг хамтран ашиглахаар болсон. 2 хаалгаар орохын тулд тус замаар зорчдог.
Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч байгаа газар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд хамаарах бүх үүргийг хүлээх ёстой. Байнгын автомашин нэвтэрч хариуцагч байгууллагад саад учруулсан зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрх хязгаарлагдаж, бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй болсон учраас гэрээнд тусгайлан заасан. Энэ нь хөршийн эрхийн зохицуулалтад хамаарна.
Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний 1.17-д заасан 247 метр автозамыг хамтран эзэмшиж ашиглуулах, түүний араар барьсан хашаандаа 2 хаалга гарган өгч, нэхэмжлэгчийн ачааны автомашиныг нэвтрүүлэх, автозогсоолын 25 хувийг нэхэмжлэгчид ашиглуулахыг тус тус хариуцагчид даалгах, гэрээний 1.18-д зааснаар торгууль 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ *******ХК-тай байгуулсан 2001 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээний 1.17-д заасныг үндэслэсэн байх ба уг заалтад "Хавсралт 1-ийн 1-р цэгээс зүүн тийш 163 метр, баруун тийш 84 метр урттай 7.7 метр өргөнтэй автозамыг талууд 50:50 хамтарсан өмчлөлд байлгаж, түүн дээр ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглоно. Худалдан авагч нь шинээр барих хашаандаа 2 хаалгыг барьж өгч, ачаатай машиныг уг хаалга болон төв хаалгаар худалдагч талын хүсэлтээр чухал шаардлагатай үед нь тухай бүрт нь тусгай зөвшөөрөл олгон худалдан авагч талын харуул хамгаалалт хяналтын дор нэвтрүүлнэ. Сургуулийн зүүн талын 20 метр*86 метрийн хэмжээтэй автомашины зогсоолыг 2 тал ашиглахдаа нэгдүгээрт худалдагчийн тал түүний 25 хувиас хэтэрч ашиглахгүй, хоёрдугаарт, энэхүү талбайг зөвхөн автомашины зогсоолын зориулалтаар ашиглана" гэж тусгагджээ.
3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн барилгын зүүн урд талын хаалганаас хариуцагчийн зүүн хойд талын хашаа хүртэлх газар доогуур цэвэр, бохир ус, дулааны шугам хоолой байгаа эсэх, уг газраар том оврын автомашин зорчих боломжтой эсэх асуудлаар шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШЗ2023/00753 дугаар захирамжаар Барилгын хөгжлийн төвийг, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2023/08076 дугаар захирамжаар Зам, тээврийн хөгжлийн яамыг, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2024/04204 дугаар захирамжаар Нийслэлийн замын хөгжлийн газрыг тус тус шинжээчээр томилсон боловч тухайн байгууллагууд нь тэдгээрийн чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэж дүгнэлт гаргаагүй, шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/13952 дугаар захирамжаар томилсон Ус сувгийн удирдах газар нь газрын доогуур цэвэр ус түгээх ф100 мм-ийн голчтой шугам болон дулааны шугамыг таслах хаалт бүхий худаг, бохир усны ф150 мм-ийн голчтой салбар шугам тус тус байрласан боловч тэдгээрийг хэрхэн хүчитгэсэн нь тодорхойгүй учир том оврын автомашин зорчих боломжтой эсэхийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэжээ. (3хх 27, 32, 41, 71)
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дээрх асуудлаас гадна гэрээний хавсралт гараар зурагдсан, 1 дүгээр цэг нь бодит газар дээр хаанаас эхэлж байгааг тодорхойлох боломжгүй үндэслэлээр гэрээний 1.17, 1.18-д заасан газруудын зургийг мэргэжлийн байгууллагаар гаргуулах талаар тусгасан байх боловч уг асуудал шинжээчид тавигдаагүй байна. (3хх 17)
3.2.Үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлтэд гэрээнд тусгагдсан автозам хаана, хэрхэн байршиж байгаа, хариуцагчийн эзэмшил газрын аль хэсэгт давхцаж байгаа нөхцөл байдлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас тодруулахыг хүссэн байх ба уг байгууллагын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 3/2376 тоот албан бичигт захирамжинд дурдсан автозамыг тодорхойлсон зургийг шинжээч томилуулан хэмжилт боловсруулалтын үр дүнгээр тодорхойлох боломжтой гэжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд ******* ХК-ийн байрны зүүн урд хаалганаас хариуцагч *******ХХК-ийн зүүн хойд талын хаалгаар дамжаад Зайсангийн оргил худалдааны төвийн зүүн талын хойноос урагш чиглэсэн төв автозам хүртэлх автозам /247 м урт автозам/-ыг тодорхой харуулсан тухайн орчны кадастрын зураг, тухайн автозам /247 м урт автозам/-ын нийтийн эзэмшлийн болон хувийн эзэмшилд олгогдсон хэсгийг ялган тодорхойлсон зураг, хэмжилтийн үр дүн зэргийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас гаргуулах гэж тусгасныг шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2024/13488 дугаар захирамжаар бичгийн нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэжээ. (3хх 86, 4хх 20)
3.3.Нэхэмжлэгч нь Яргай зам ХХК-аар гүйцэтгүүлсэн Улаанбаатар (11) хотын Хан-Уул дүүрэг (22), 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ХК-ийн ******* нэгж талбарын барилгыг 1979 оны Барилга, зам талбайн масштаб 1:500 тоон зураг дээр дижитайзи буюу давхцуулсан байдал гэсэн баримтыг шүүхэд гаргасан байх ба уг баримтаас гэрээнд заасан 1 дүгээр цэг болон түүнээс зүүн тийш 163 метр, баруун тийш 84 метр урттай 7.7 метр өргөнтэй автозам нь хариуцагч *******ХХК-ийн газар дээр байршиж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна. (4хх 31-43)
4.Талуудын маргааны зүйл болсон 247 метр урттай 7.7 метр өргөнтэй автозам хариуцагч компанийн эзэмшлийн газар дээр хэрхэн байршиж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын дээрх хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл тусгай мэдлэг шаардагдах асуудлаар хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан байхад шүүх шинжээч томилох арга хэмжээ аваагүйгээс уг үйл баримт тогтоогдоогүй байна. Хариуцагч талын гаргасан хэрэгт цугларсан баримтаар автозамын хэмжилт тодорхой болоогүй, албан ёсоор баталгаажуулсан эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.
5.Дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08348 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ЗОЛЗАЯА