Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2020/0340

 

                               “А ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэртэй, “А ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлын сайдын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 178 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хийж гүйцэтгэсэн гэх 2014 оны Геодези зураг зүйн газраас сонгон шалгарсан мэргэжлийн эрхтэй аж ахуйн нэгжтэй хамтран Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон хилийн заагийг өөрчлөн 76 шон суурилуулж тэмдэгжүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3-д зааснаар гуравдагч этгээд М.Б-ны бие даасан шаардлагыг хангаж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалын хавсралтын 21-д байх “А ч” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамжийн М.Б-д холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжийн М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч “А ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дугаар зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн тушаасан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд М.Б-д олгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А давж заалдах гомдолдоо: “…  “Ач” ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар ашиглах эрхийг авсан газартай гуравдагч этгээд М.Б-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 420 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 442, 2015 оны А/454 дүгээр, А/902 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь давхацсан байсан тул тухайн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн маргаан бүхий газар нь Богдхан уулын дархан цаазат газарт багтах тул хамааран Байгаль орчин, ногаон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний газарт Нийслэлийн Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,3-д заасны дагуу илт хууль бус болно.

Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаартай Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоолоор “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг “...Яармагийн гүүрний зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрх авто замын гүүрний баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын 3 тоот шон...” гэж үгчлэн тодорхой зааж өгсөн. Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн шугам нь баруун талаасаа Яармагийн гүүрнээс Туул голын эргийн дагуу яваад Баянзүрх автозамын гүүрнээс голын эргийн шугамаас салж, түүний зүүн урд байх Хүрэлтогоотын амны доод талын төмөр замын гүүрний баруун талын шон рүү чиглэхээр заасан. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тогтоож чадаагүй тул үндэслэлгүй шийдвэр гаргасан.

“Туул гол дээгүүр гарсан гүүр биш, “зарим тохиолдолд “Хөлийн голын гүүр” гэж нэрлэдэг”, “Хөлийн гол” гэсэн бичигтэй шон бүхий жижиг гүүр нь тогтоолд заасан Баянзүрхийн авто замын гүүр”, “Туул голын эргээр гэсэн нь голын эргээс зайдуу байгаа байрлалд байгаа одоогийн төмөр замын хамгаалалтын бүсийн орчмыг энэ томъёололд ойлгож болохоор байна”, тогтоолд зааснаар гүүртэй холбогдсон байршил нь тодорхойлогдож буй 21 тоот шон нь түүнээс чанх урагш 1-2 км зайд байрлаж байгаа зэргээр буруу дүгнэлт хийсэн. Гэтэл хилийн заагийг Туул голын эргээр бус, тухайн үед ч байсан төмөр замтай холбож заах нь ойлгомжтой. Энэ тохиолдолд дархан цаазат газрын хилийн цэс нь 1995 онд Улсын Их хурлаас эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоосон “байршил, орон зайн цэг” бөгөөд гуравдагч этгээд болон шүүхийн дүгнэсэн “сайн харвал тоо нь харагддаг бетон шон” биш, өөрөөр хэлбэл шон байгаа эсэхээс үл хамааран цэг оршсоор байх юм.

Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч 21 шон мөн гэж хүлээн зөвшөөрөөгүй, шүүх хуралдаан дээр “гуравдагч этгээдийн заасан шон “21 тоот” мөн байлаа ч гэсэн хилийн цэсийн нэг цэг нь Баянзүрхийн автозамын буюу одоогоор Туул голын гүүр байх тул дархан цаазат газарт хамаарна” гэж тайлбарласныг шүүх буруу ойлгосон.

1995 онд газар нутгийн байршлаар тогтоогдсон гэж үзвэл 21 дүгээр шонгийн баруун талын цэг, хилийн зааг хаана байгаа нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл Яармагийн гүүрнээс Хөлийн голын гүүрийн урд байрлах шон хүртэл ямар байдлаар хилийн зааг тогтоогдож, хэрэв шулуун шугамаар холбоно гэвэл 15 км зайг доорх байдлаар холбогдсон атлаа дараагийн цэг “3 тоот шон” 1 км хүрэхгүй зайд заагдахгүй байх нь тодорхой байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрх олгохдоо Богдхан уулын дархан цаазат газрын 2014 оны үйлдэл, тодруулсан гэх хилийн цэсээс үл хамааран Улсын Их хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, сайдын 2015 оны 433 дугаар тушаалд дээрх маргаж байгаа үйлдэл, түүгээр тогтоосон гэх шонгийн байршлыг үндэслэл болгосон зүйл байхгүй байхад анхан шатны шүүхээс нэмэгдүүлсэн шаардлагатай шууд холбон 433 дугаар  тушаалыг илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй. Түүнчлэн дархан цаазат газрын хилийн цэсийг  тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй. Үүнээс үүдэн 21 тоот шон тохиолдол бүрт өөрөөр оршдог мэт байдал үүсээд байна. Иймд дээрх байдлаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 22 дахь хуудсанд Нийслэлийн болон дүүргийн Засаг даргын захирамжаар иргэн М.Батсайханд олгосон газрын байршлыг  тус дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт Туулийн гүүрний баруун талд гэж, харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “А ч” ХХК-д ашиглуулсан газрын байршлыг Хүрэлтогоотын ам гэх газарт тус тус заасан.

Үүнээс үзвэл анхан шатны шүүх Улсын Их хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дархан цаазат газрын хилийн зааг”-ийн 3 дахь хэсэгт заасан “... Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон...” гэж бичсэн байхад тухайн Баянзүрхийн авто замын гүүрийг яг хаана байрлалтай гүүр гэдгийг тогтоогоогүй ба гуравдагч этгээд болон төлөөлөгчийн үгээр дүнэсэн нь хууль бус байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэсэн ба Улсын Их хурлын 26 дугаар тогтоолд заасан үг үсгийг гуравдагч этгээдийн хэлсэн үгээр тодорхойлж илт хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрвээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг дурдснаар Туул голийн яг эрэг дагуу явах шаардлагагүйгээр Яармагийн гүүрний зүүн үзүүрээс 21 тоот шон руу чиглэх юм бол Зайсан орчмын тусгай хамгаалалттай газар  тусгай хамгаалалтын бүсээс гарах юм. Иймд тухай үеийн газар усны нэршил болон шонгуудын байршлаар тогтоосон тогтоолын үг үсгийг буруу ашиглан шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, маргааны үйл баримтыг буруу дүгнэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А ч” ХХК-иас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжийн М.Батсайханд холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 442, 2015 оны А/454, А/902 дугаар захирамжуудын М.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ... Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагт багтсан газрыг Нийслэл болон Баянзүрх дүүргийн Засаг дарга өөрийн чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарахгүй асуудал буюу газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхгүй байж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар  илт хууль бус акт гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 420 дугаар захирамжаар[1] М.Б-д тус дүүргийн 11-р хороо, Туулын гүүрний баруун талд, Наран шарлагын зориулалтаар 50000 м.кв газрыг эзэмшүүлэхээр,

Нийсэлийн Засаг даргын 2008 оны 442 дугаар захирамжаар[2] дээрх 420 дугаар захирамжаар М.Б-д олгосон газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулж, мөн Засаг даргын 2015 оны А/454 дүгээр захирамжаар[3] дээрх захирамжуудаар олгосон газруудыг дахин баталгаажуулж, газрын зориулалтыг цэцэрлэгт хүрээлэн болгож, түүний дараа 2015 оны А/902 дугаар захирамжаар[4] М.Батсайханд олгосон 50000 м.кв газрын талбайн хэмжээг 30950 м.кв, 13690 м.кв гэж 2 нэгж талбар болгон тус тус шийдвэрлэсэн байна.

Харин гуравдагч этгээд М.Б-аас “А ч” ХХК-д 2,52 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /тухайн үеийн нэрээр/ 2015 оны А/433 дугаар тушаалын холбогдох хэсгийг, Байгаль орчин, аялал жуулчлын яам болон түүний харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 онд Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн тогтоосон үйл ажиллагааг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргажээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т тусгай хамгаалалттай газар нутагт Засгийн газрын өргөн мэдүүлснээр ... дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрх хэрэгжүүлэхээр заасныг үндэслэн Монгол Улсын Их хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоолын[5] 1 дүгээр хавсралтын 3-д “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг[6] тогтоохдоо маргаан бүхий газрын хэсгийг “... Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, түүнээс зүүн тийш Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд 21 тоот шон, түүнээс зүүн урагш орших Хүрэл тогоотын амны доод тал 3 дугаар шон, ...” гэж үгээр илэрхийлжээ.

Анхан шатны шүүх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон хамгаалалтын захиргааны бүрэн эрх, чиг үүргийг зохицуулсан заалтыг хэрэглэлгүй, эрх хэмжээгүй этгээд дархан цаазат газрын хил тогтоосон гэж үзэж, хилийн цэсийг тэмдэгжүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, 30 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь дараах үйл ажиллагаа явуулна: 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, 2/ ... хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох ажиллагаанд зөвшөрөөл олгох, хяналт тавих,  7/ зөвшөөрөгдсөн бүс дэх ... барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих, 10/ ... зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтоох” гэх зэргээр яам болон хамгаалалтын захиргааны чиг үүргийг заажээ.  

Уг бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь  2014 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газартай хамтран УИХ-аас тогтоосон Богд хан уулын дархан цаазат газрын хилийг үгээр илэрхийлснийг кординатжуулан тэмдэгжүүлж 76 шон байрлуулсан /гэрээгээр[7] гүйцэтгүүлсэн/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд үүнийг дархан цаазат газрын хилийг тогтоосон гэж үзэхээргүй байна.

Тэрээр маргаан бүхий газар орчмын хилийг тэмдэгжүүлэхдээ Баянзүрхийн авто замын гүүр, Туул голын эргийн ойролцоо “75 дугаар шон”-г байрлуулсан /хожим зам барихтай холбоотой буулгасан гэх/ нь дээрх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын биелэлтийг хангасан үйл ажиллагаа байх бөгөөд уг тогтоолд заасан хилийн заагийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул хилийг тогтоосон гэж үзэхээргүй байна. Иймд дээрх хариуцагч нарын УИХ-ын тогтоолын дагуу  дархан цаазат газрын хилийг координатжуулан тэмдэгжүүлсэн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал хилийн цэсийг үгээр илэрхийлсэн бөгөөд тухайн үед гарсан зураглал олдохгүй, байрлуулсан зарим шон нь байхгүй болсон зэрэгтэй холбоотой дахин тэмдэгжүүлэн, зураглал үйлдсэн үйл ажиллагааг УИХ өөрөө болон бусад байгууллага хийх чиг үүрэггүй тул Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дархан цаазат газарт хамгаалалт, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон хамгаалалтын захиргаа нь холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулж гүйцэтгэснийг эрх хэмжээгүй, илт хууль бус ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэхэмжлэгч “А ч” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн “... дархан цаазат газарт хамаарахгүй тул эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох  шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Харин тухайн үед дархан цаазат газрын хил заагийг нарийвчлан координатжуулж тэмдэгжүүлсэн зураглал байгаагүйгээс хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг дарга нар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар дархан цаазат газарт газар эзэмшүүлж, ашиглуулах эрх хэмжээ олгогдоогүй байхад гуравдагч этгээд М.Б-д дархан цаазат газарт 50000 м.кв газрыг эзмшүүлсэн байх тул уг захирамжуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг няцаах болон бие даасан шаардлагын үндэслэлээ болгож буй УИХ-ын 26 дугаар тогтоолд дурдсан “21 дүгээр шон”-гийн одоо байгаа байрлалаар маргааны үйл баримтыг буруу дүгнэж, “... 21 дүгээр шон нь уг тогтоолын байршил заасан тэмдэглэгээтэй нийцэж байна”, “Хөлийн голын гүүрийг тогтоолд дурдсан Баянзүрхийн авто замын гүүр гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй” гэж, мөн  “... тогтоолд Туул голын эргээр гэдэг нь голын эргээс салгахгүйгээр тэмдэглэгдсэн гэж ойлгогдохооргүй, бодит байдалд голын эргээс зайдуу байрлалд байгаа хамгаалалтын бүсийн орчмыг ч гэсэн томьёололд хамааруулж ойлгож болохоор байна” гэж тус тус үзэн, дээрх хилийн заагийг тэмдэгжүүлсэн үйл ажиллагаа болон нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэрийг илт хууль бус гэж дүгнэсэн нь хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай болжээ.  

Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богд хан уулын дархан цаазат газрын хилийг анх удаа тогтоогоогүй бөгөөд үүнээс өмнө тогтоож байсан хэрэгт авагдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар зарлигаар[8]  Дархан цаазтай Богдхан уулын хилийн цэсийг баталсан байх бөгөөд маргаан бүхий газрын хэсгийг “... Яармагийн гүүрийн зүүн урд үзүүр, Туул голын урд эргээр Баянзүрхийн авто замын гүүрийн баруун урд “2” тоот шон, Хүрэл тогоотын амны доод талын төмөр замын гүүрийн баруун талын 3 тоот шон, ...” гэж зааснаас үзэхэд 26 дугаар тогтоолоор хилийг шинэчлэн тогтоохдоо хилийн зааг, эргэх цэгийг заасан гол, гүүр, төмөр замын байршил болон нийт хилийг тэмдэглэсэн 7 ширхэг шонгийн тоо өөрчлөгдөөгүй, харин маргаан бүхий газар орчимд байрлах “2 тоот шон”-г “21 тоот шон” гэж /26-р тогтоолын бичгийн машинаар бичигдсэн хувь/ өөрчлөгдсөнөөс үзвэл ганцхан цэгийг өөрчлөх боломжгүй тул хилийн зааг тэр үеэс өөрчлөгдөөгүй гэж үзэхээр байна.

Мөн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр 21 тоот шонгийн одоо байгаа байршлийг тогтоолгож, байршлийг тодруулсны дагуу ирүүлсэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2020 оны 2/132 дугаар албан бичигт “... 21 тоот шон гэх цэг нь Богд хан уулын дархан цаазат газрын хил заагт хамаарахгүй байна” гэжээ.

Түүнчлэн УИХ-ын 26 дугаар тогтоолоор үгээр илэрхийлж шонгуудын дугаарыг заасан боловч зарим шон нь алга болсон, байсан шонгууд нь авто зам, барилга байгууламж барьсан болон газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулсан зэрэгтэй холбоотой төрийн байгууллагын хяналт, хамгаалалтад байгаагүйгээс анхны байрлалдаа байгаа эсэхийг тогтоох боломжгүй болсон байх тул шонгийн дугаар байрлалаас илүүтэй УИХ-ын тогтоолд үгээр илэрхийлсэн байршил нь өөрчлөгдөөгүй газар усны нэр болон гүүр, төмөр зам зэргээр хилийн заагийг зөв тогтоож тэмдэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн үнэлснээр УИХ-ын тогтоолд “Яармагийн гүүрнээс зүүн тийш Туул голын урд эргээр” гэснийг эргээс зайдуу байж болно гэж үзвэл энэ хооронд үргэлжлэх зайд Туул голын урд эргээс аль хэсэгт хэр хэмжээтэй зайтайгаар дархан цаазат газрын хилийг заасан гэж үзэх нь ойлгомжгүй болохоос гадна хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн заримдаа “Хөлийн голын гүүр” гэж нэрлэдэг гэх “Баянзүрхийн авто замын гүүр” гэж заасан гүүр нь Туул голын эргээс зайдуу оршиж байгаагаас үзвэл Яармагийн гүүрээс шууд Туул голын эргээс салах цэгийг заахгүйгээр голоос зайдуу гүүрээр хилийн заагийг заах үндэслэлгүй байна. Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон хамгаалалтын захиргааны дархан цаазат газрын хилийг тэмдэгжүүлсэн үйл ажиллагаа нь хууль болон УИХ-ын тогтоолыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын төлөөлөгчийн гомдлууд үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/433 дугаар тушаалаар “А ч” ХХК-д 2.52 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д заасан бүхэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хууль ёсны захиргааны акт бөгөөд илт хууль бус гэж үзэхээргүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэж  бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус шүүх нэхэмжлэл болон бие даасан шаардлагын “дархан цаазат газарт газар эзэмшүүлсэн эсэх” үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчид усны хамгаалалтын газар, авто замын зурвас газарт газар ашиглуулсан эсэх зэрэгтэй холбоотой асуудалд дүгнэлт өгөөгүй болно.

 

 


[1] Хэргийн 2 дахь хавтасны 28-29 дэх тал

[2] Хэргийн 1 дэх хавтасны 64-66 дахь тал

[3] Хэргийн 1 дэх хавтасны 94-97 дахь тал

[4] Хэргийн 1 дэх хавтасны 147-148 дахь тал

[5] Хэргийн 1 дэх хавтасны 126 дахь тал

[6] Хэргийн 1 дэх хавтасны 129-130 дахь тал

[7] Хэргийн 2 дахь хавтасны 105-106, 109-112, 176-177 дахь тал

[8] Хэргийн 2 дахь хавтасны 247 дахь тал