Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2019/0929/З |
Дугаар | 221/МА2020/0326 |
Огноо | 2020-05-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2020/0326
О.Ж-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Ш.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ү, С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Ж-ын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Жы нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь заалтыг нэг мөр хэрэглэхгүй буруу хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг сахин биелүүлээгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг тодорхой тусгаж өгсөн байдаг.У хуулийн заалтаас үзэхэд гагцхүү нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж.
Баянзүрх дүүргийн Засаг дарга 2015 оны А/343 дугаартай захирамжаар иргэн О.Ж-д 208 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд халдаж, газар эзэмшүүлсэн зүйл байхгүй.
2015 оны Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 гудамжны нутаг дэвсгэрт байрлах 208 м.кв талбай бүхий газар төлөвлөгөөгүй байсан. 2015 оны нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 гудамжны нутаг дэвсгэрт байрлах 208 м.кв талбай бүхий газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад баталж байгаагүй учир дүүргийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд дээрх газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Улаанбаатарын Ус, сувгийн удирдах газрын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/122 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр гудамжны нутаг дэвсгэрт байрлах О.Ж-ы 208 м.кв талбай бүхий газар “инженерийн шугам сүлжээ бүхий газар” нь тогтоогдож байна гэж үзсэн.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасан хуулийн зохицуулалтаас үзэхэд нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээ бүхий газарт иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор газарт эрх олгох бүрэн эрхтэй.
Хэрэгт авагдсан баримт, албан тоот зэрэг нотлох баримтаас үзэхэд иргэн О.Ж эзэмших газар хуулийн дагуу олгогдсон нотлогдож байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч О.Ж-аас “нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/946 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газраар баталж байгаагүй ... ” хэмээн тайлбарлан маргажээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг хэрэгжүүлээгүй, оролцогчдын маргаж буй үндэслэлийг шалгаж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж дүгнэлт хийгээгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/343 дугаар захирамжаар О.Ж-д Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 1-28б тоотод гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 208 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгож, нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай” А/946 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д заасныг зөрчин нийслэлийн Засаг даргад олгогдсон бүрэн эрхэд халдаж, өөрт хуулиар олгогдоогүй инженерийн шугам сүлжээ бүхий байршилд захиргааны акт гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон 208 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
Шүүх энэхүү маргааны гол үндэслэл болсон нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 208 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт хамаарч байгаа эсэх, уг газар нь анх нэхэмжлэгчид эзэмшүүлэх үед Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д заасан хамгаалалтын зурваст орсон байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой байна.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/249 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын 2019 оны сансрын зурагтай давхцуулсан зураг, Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн кадастрын зураг болон хэргийн оролцогчдын ирүүлсэн зурган мэдээллүүд нотлох баримтаар авагдсан байх боловч эдгээр баримтуудад шүүхийн шалгах шаардлагатай нөхцөл байдлууд тодорхой тусгагдаагүй.
Түүнчлэн хавтаст хэрэгт “Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3/122 дугаар албан бичигт “...байршлыг зургийн 1 дүгээр цэгээс зүүн тийш 0,95 м-т, 2 дугаар цэгээс баруун тийш 1,34 м-т цэвэр усны диаметр 800 мм-ийн төвийн шугам байрлаж байна. Тухайн газрын байршлын зургийн 1 ба 2 дугаар цэгийн хооронд ... 03 дугаарын ус түгээх байр байрлаж байна. ... тухайн хамгаалалтын зурвас газрыг өмчлөх буюу эзэмших боломжгүй болно”[1], тус газрын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/2119 дүгээр албан бичигт “...О.Ж-ын эзэмшиж байгаа газрын байршлын 1 дүгээр цэгээс 5,6м, 6 дугаар цэгээс 5,1, 5 дугаар цэгээс 5,0 м зайд төвийн цэвэр усны диаметр 800 мм-ийн шугам байгаа болно[2]” гэсэн болон 1 дүгээр хавтаст хэрэгт Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, дүүргийн-1, 28б тоот, 1331301256 нэгж талбарын дугаар бүхий 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэвлэсэн огноотой кадастрын зураг зэрэг зөрүүтэй баримтууд авагдсан байхад уг эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгаж тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Мөн захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаж буй тохиолдолд бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байх шаардлагатай бөгөөд энэ тохиолдолд нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийн эзэмших эрх үүссэн газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газарт байршилтай буюу хамгаалалтын зурвастай давхацсан талаар хэрхэн шалгаж тогтоосон, энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргуулах, шаардлагатай тохиолдолд үзлэг хийж хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулах зайлшгүй шаардлагатай.
Нэхэмжлэгч нь инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар биш хэмээн маргасан байхад энэ талаар анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлт өгөөгүй, холбогдох баримтыг цуглуулаагүй байна.
Иймд дээр дурдсан ажиллагаанууд хийгдээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал,
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал,