| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 108/2017/0055/э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2017-06-15 |
| Зүйл хэсэг | 181.2.1, |
| Улсын яллагч | С.Энхмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 418
Т.Муратбект холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхмаа,
ялтан Т.Муратбекийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/03 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Т.Муратбект холбогдох 201701080064 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Черуши овогт Түнсэлийн Муратбек, 1985 оны 10 дугаар сарын 4-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УР85100416/;
Т.Муратбек нь 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Рагчааг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөн догшин авирлаж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журам зөрчин танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Т.Муратбект холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Черуши овогт Түнсэлийн Муратбект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 181.1 дэх хэсэг болгон өөрчилж, Т.Муратбекийг бусдад илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар Т.Муратбект 3 cap 5 хоног баривчлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Т.Муратбект оногдуулсан 3 cap 5 хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Т.Муратбек нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Рагчаа нь эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.
Прокурор С.Энхмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс шүүгдэгч Муратбекийн үйлдлийг хохирогчийн хамар луу нь мөргөн түүний бие махбодид хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай хүч хэрэглэн учруулахдаа нийтээр дагаж мөрдөх зан заншил, ёс суртахууны хэмжээг үл тоомсорлон олны өмнө ичгүүр сонжуургүй авирлан хохирогчийг доромжлох, иргэдийн амгалан тайван байдлыг удаан хугацаагаар алдагдуулсан цээртэй бүдүүлэг үг хэлж үргэлжлүүлэн хараах зэргээр хүмүүсийн туйлын жигшил зэвүүцлийг төрүүлсэн үйлдэл хийгээгүй байх тул түүнийг догшин авирлан танхайрсан гэж хүндрүүлэн үзэх боломжгүй гэж дүгнэн яллагдагч Т.Муратбекийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирлан танхайрах явцдаа иргэн Б.Рагчааг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг болгон зүйлчлэл хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Учир нь шүүх шүүгдэгч Т.Муратбекийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл заасан “танхайрах” гэмт хэрэг гэж дүгнэсэн атлаа “танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” Улсын дээд шүүхийн 2007 оны 10 дугаар capын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.5 дахь хэсэгт “Догшин авирлаж” олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүй авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах явцдаа бусдын бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан, эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн зэргийг догшин авирласан гэж үзнэ” гэж тайлбарласныг зөрчсөн болно.
Мөн шүүгдэгч Т.Муратбек нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Рагчаагийн “...Муратбек ирээд яагаад байгаа юм чи гэхээр нь яасан юм дүүгээ босгох гэж байна гэсэн чинь миний хамар луу үгийн зөрүүгүй мөргөчихсөн. Тэгээд би тухайн үед манараад доошоо тонгойгоод суусан чинь миний хамарнаас цус гараад байсан. Арав орчим минут сууж байгаад Шонхооныг явъя гээд чирээд аваад явсан ба хариад унтаад өгсөн юм. Би тэр залуутай муудалцаж, маргалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 08шэ/94 дугаар “...Рагчаагийн биед хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.
Ялтан Т.Муратбекийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Анхан шатны шүүх Т.Муратбекийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж дүгнэсэн атлаа түүний энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Рагчаагийн бие махбодид “...хамар ясны хугарал, баруун зүүн нүдний доод зовхинд цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал...” гэсэн хөнгөн гэмтлийг учруулан догшин авирлаж үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүүнийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд энэ талаар эсэргүүцэл бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Т.Муратбект холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурор С.Энхмаагийн бичсэн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/03 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Муратбект холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Муратбект урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Д.ОЧМАНДАХ