Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/01511

 

С.Л-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1533 дугаар магадлалтай,

С.Л-гийн нэхэмжлэлтэй,

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл 18.748.278 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700 төгрөг нийт 20.485.283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч С.Л-, Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 1994 оноос 2015 оны 5 дугаар сарын 01-ийг хүртэл 21 жил ажилласан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба тушаалыг миний бие эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 8-нд нэхэмжлэл гаргаж гурван шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож чадаагүй байгаа тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сарын үндсэн цалинг 864.211 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 305 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 864.211:21.1=40.958 /нэг хоногийн цалин /х 305 /хоног/=12.492.190+3.128.044/ төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл 3.128.044 /төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл/, нийт 18.748.278 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт мөн шууд зардал болох өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700 төгрөг нийт 20.485.283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр capын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр С.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 төгрөгийг С.Л-д олгож шийдвэрлэсэн. Иймд С.Л-гийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна" гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 67.5-д зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Л-гийн ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул урьдах ажил, албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилж ажиллуулах санал тавьж Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон боловч С.Л- нь уг ажил албандаа ирэхгүй өдийг хүрсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 дансанд 11.004.354 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 170.200 төгрөг, нийт 11.174.554 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл С.Л- нь уг олгогдсон 11.004.354 төгрөгийг давхардуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хэргийн шүүхээр гүйцэтгэх боломжгүй тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 60.600 /жаран мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж, С.Л-д олгож 20,424,683 /хорин сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.376 /хоёр зуун жаран мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Л-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1533 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Л-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа С.Л-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.376 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний эргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 32/ШШ2017/01083 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1533 дугаар магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс тус маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг энэхүү маргаанд хэрэглэх үндэслэлгүй юм. Учир нь, хуулийн тус заалтаар хөдөлмөрийн гэрээний харилцаатай ажилтан болон ажил олгогч хоорондын маргаан шийдвэрлэх хугацааг тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй билээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халсны дараа ажилд нь эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарсан боловч, хариуцагч нь түүнийг ажилд томилоогүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч учир хариуцагч байгууллагатай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэг хүлээж байгаа Тус үүргээ зөрчсөнөөс болж нэхэмжлэгч цалин хөлс авч чадаагүй хохирсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэж байгаа. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 1 хэсгээр тогтоосон ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хамаарах юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж буйтай холбоотой хуулийн дагуу урамшууллын хөлс 770.305 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч сайн дураар төлсөн төлбөр гэж үзэхгүй юм. Харин хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчилж. нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч С.Л- нь хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 18.748.278 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700 төгрөг нийт 20.485.283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 60.600 төгрөгийг хангаж, үлдэх 20.424.683 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан боловч зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрч, гэрээ байгуулсан байна. 

Эвлэрлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч С.Л- нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.525.488 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс С.Л-г Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилсон 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 18.959.795 /Арван найман сая есөн зуун тавин есөн мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны нийгмийн даатгал, ХАОАТ-ыг нөхөн төлж, бичилт хийхээр харилцан тохиролцжээ.

Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т “хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заажээ. 

Зохигч эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т заасан талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэсэн шаардлагад нийцсэн байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1533 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Л- нь нэхэмжлэлийн шаардлагаа 18.959.795 төгрөг болгон багасгасныг хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 260.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ