Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2017/01083

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 15 өдөр

   Дугаар 182/ШШ2017/01083

Улаанбаатар хот

                                                                                                                                       

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:С.Л нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ЭМНДЕГт холбогдох  

нийт 20,485,283 төгрөг буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нийт 18,748,278 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770,305 төгрөг, тээврийн зардал 166,700 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Л би Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 1994 оноос 2015 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл 21 жил ажилласан. Миний бие олон жил үр бүтээлтэй ажилласныг төр өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнаж, байгууллага маань системийн хэмжээнд эхний таван байранд удаа дараа шалгарч байсан юм. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба  тушаалыг миний бие эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 08-нд нэхэмжпэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар тогтоолоор миний нэхэмжпэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 05 дугаар сарын 01 -ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11,004,354 төгрөгийг нэхэмжпэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг ЭМНДЕГт даалгаж шийдвэрлэсэн билээ. Миний бие нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 9358 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдлийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11,004,354 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, харин урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож чадаагүй байгаа тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сарын үндсэн цалинг 864,211 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 305 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /864.211:21.1=40,958 /нэг хоногийн цалин / х 305 /хоног/=12,492,190+3,128,044/төрийн албан хагчийн зэрэг дэвийн нэмэгдэл/ + 3,128,044 /төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл/, нийт 18,748,278 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт мөн шууд зардал болох өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770,305 төгрөг, тээврийн зардал 166,700, бүгд 20,485,283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч ЭМНДЕГ шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:               

С.Л нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дугаар тушаал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр С.Лгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн С.Лг ажлаас чөлөөлөх тухай Б/90 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11,004,354 төгрөгийг С.Лд олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0204 магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 197 тоот тогтоолоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Иймд С.Лгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна” гэж заасан. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм.

Нэхэмжпэгч нь нэхэмжлэлдээ “Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож чадаагүй” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67.6-д “Энэ хуулийн 67.5-д зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжпэгч С.Лгийн ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул урьдах ажил, албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилж ажиллуулах санал тавьж Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон боловч С.Л нь уг ажил албандаа ирэхгүй өдийг хүрсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 дансанд 11.004.354 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 170,200 төгрөг, нийт 11,174,554 төгрөгийг шилжүүлсэн.

Гэтэл С.Л нь уг олгогдсон 11.004.354 төгрөгийг давхардуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчиж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт “Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч С.Л нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг байхад Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хэргийн шүүхээр гүйцэтгэх боломжгүй тул С.Лгийн иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Л нь ЭМНДЕГт холбогдуулан нийт 20,485,283 төгрөг буюу 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нийт 18,748,278 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770,305 төгрөг, тээврийн зардал 166,700 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлага гаргажээ.   

Хариуцагч тал нь түүний ажилгүй байсан хугацааны олговорт 11,004,354 төгрөгийг олгосон, түүний ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар томилж ажиллуулах санал тавьж тушаал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

С.Л нь Өвөрхангай аймгийн Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 629 тоот захирамжаар Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна /хх 7-8/.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 05 дугаар сарын 01 -ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11,004,354 төгрөгийг нэхэмжпэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ /хх 9-34/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 12,492,190 төгрөг, төрийн албан хаагчийн зэрэг дэв, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 6,256,080 төгрөг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан байхад нэхэмжлэгч С.Л нь Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлээгүй байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан маргаан нь мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар шүүх хянан шийдвэрлэх маргаан бөгөөд хуулийн 129.1-д заасан маргаан шийдвэрлэх байгууллага гэдэгт шүүх орно гэж ойлгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т “...хяналтын шатны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 176.2.1-176.2.3-т заасан тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд хяналтын шатны шүүхийн тогтоол 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гарсан байгаа тул тогтоол гарсанаар хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн нь тогтоогдоогүй бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгч С.Лгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,748,278 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Л нь хариуцагч ЭМНДЕГын буруутай шийдвэрийн улмаас өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 800,000 төгрөгийн, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770,305 төгрөг, тээврийн зардалд 166,700 төгрөгийн төлбөр төлсөн тул үүнийг гаргуулна гэж тайлбарлажээ. Хэдийгээр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өмгөөлөгч Ч.Б-тай Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, гэрээний 4.1-д зааснаар 800,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохиролцсон /хх36-37/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ байгуулсан /хх-35/ байх боловч дээрх төлбөрүүдийг өмгөөлөгч болон шийдвэр гүйцэтгэгчид өгсөн эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд шүүх өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770,305 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин тээврийн зардалд 166,700 төгрөг нэхэмжилсэн боловч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20,000 төгрөгийн /хх-39/, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20,300 төгрөгийн /хх-41/, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 20,300 /хх-39/ төгрөгийн тээврийн хөлс төлсөн баримтыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0204 тоот магадлал зэргийг үндэслэн дээрх шүүх хуралдаанд оролцсон байгааг харгалзан нийт 60,600 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан байна гэж үзэж, хариуцагчаас гаргуулж, тээврийн зардлаас 106,100 төгрөгийг холбогдох бусад баримтаар нотлогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,376 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ЭМНДЕГаас 60,600 /жаран мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, С.Лд олгож, 20,424,683 /хорин сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,376 /хоёр зуун жаран мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч С.Лд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.НАРАНЧИМЭГ