Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1533

 

С.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох

 

            Нийт 20.485.283 төгрөг буюу 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, нийт 18.748.278 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                    Т.Ууганбаяр  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Т.Оюунгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Лувсансамбуу шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 1994 оноос 2015 оны 5 дугаар сарын 1-ийг хүртэл 21 жил ажилласан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн ба тушаалыг миний бие эс зөвшөөрч, Захиргааны хэргийн шүүхэд 2015 оны 9 дүгээр сарын 8-нд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн. Миний бие нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 9358 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдлийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 төгрөгийг хариуцагчаас гаргуулж харин урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож чадаагүй байгаа тул холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сарын үндсэн цалинг 864.211 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гарсан өдөр болох 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 305 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /864.211:21.1=40,958 /нэг хоногийн цалин /х 305 /хоног/=12.492.190+3.128.044/ төрийн албан хаагчийн зэрэг дэвийн нэмэгдэл / + 3.128.044 /төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл/, нийт 18,748,278 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн хамт мөн шууд зардал болох өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700, бүгд 20.485.283 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Лувсансамбуу нь "Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дугаар тушаал илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр capын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр С.Лувсансамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн С.Лувсансамбууг ажлаас чөлөөлөх тухай Б/90 дугаар тушаалыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 11.004.354 төгрөгийг С.Лувсансамбууд олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Иймд С.Лувсансамбуугийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт зааснаар "Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна" гэж заасан. Иймд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ "Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож чадаагүй" гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.6 дахь хэсэгт "Энэ хуулийн 67.5-д зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдах ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй" гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул урьдах ажил, албан тушаалтай дүйцэх албан тушаалд томилж ажиллуулах санал тавьж Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн даргаар 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон боловч С.Лувсансамбуу нь уг ажил албандаа ирэхгүй өдийг хүрсэн. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2617001560 дансанд 11.004.354 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 170.200 төгрөг, нийт 11.174.554 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл С.Лувсансамбуу нь уг олгогдсон 11.004.354 төгрөгийг давхардуулан Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зөрчиж байна. Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Иргэний хэргийн шүүхээр гүйцэтгэх боломжгүй тул С.Лувсансамбуугийн иргэний хэргийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 60.600 /жаран мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж, С.Лувсансамбууд олгож 20,424,683 /хорин сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.376 /хоёр зуун жаран мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Лувсансамбууд олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Лувсансамбуу давж заалдах гомдолдоо: ..Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй өнөөдрийг хүртэл үргэлжилсэн хэвээр байгааг харгалзан үзэлгүй хөөн хэлэлцэх хугацааг Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн тоолсон нь хуулийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Миний бие Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган тус шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 9358 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй явагдсан хэвээр байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргааны талаар гомдол гаргах хугацааны асуудал нь үүгээр авч үзэх боломжтой. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээний талууд гэх хэсэг миний эрх зүйн байдалд дүйцэхгүй. Хуулийн энэ хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд гэдэгт тооцон оруулж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Миний бие Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн тушаалаар ажлаас халагдсан буюу ажлаас чөлөөлөгдөж, үр дүнгийн гэрээ /хөдөлмөрийн гэрээ/ дуусгавар болсон. Үүнээс хойш дээрх эрх бүхий албан тушаалтны урьд эрхэлж байсан ажилд томилсон тухай тушаал шийдвэр гараагүй буюу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүрэг хүлээн аваагүй болно. Намайг хөдөлмөрийн гэрээний тал гэж үзэх хуулийн үндэслэл огт байхгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний талд гэдэгт хамааруулан шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 20.424.683 /хорин сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга зургаан зуун наян гурав/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Лувсансамбуу нь хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчийн зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд 18.748.278 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 800.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын 770.305 төгрөг, тээврийн зардал 166.700 төгрөг нийт 20.485.283 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргасан байна. 

 

Нэхэмжлэгч С.Лувсансамбууг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/90 дүгээр тушаал илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11.004.354 төгрөгийг нэхэмжлэгчид олгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна. /хх 9-19/

 

Хэрэгт авагдсан бичгийн баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 11.004.354 төгрөг шилжүүлсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр С.Лувсансамбуугийн ХААН банкин дахь дансанд 10.236.105 төгрөгийг шилжүүлсэн тус тус  үйл баримт тогтоогдсон байна. /хх38, 48-49, 69/

 

            Нэхэмжлэгч ажилгүй байсан  хугацааны цалин хөлстэй тэнцэх 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагаа 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан байна.                                                                           /хх 1 дүгээр хавтасны ар тал/

             Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Лувсансамбуу хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзсэн нь зөв болжээ.

             

           Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаа буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандаж гомдлоо гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хэтрүүлсэн гэх  үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18.748.278 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй болно.

 

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага нь шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 770.305 төгрөг болон өмгөөлөгчийн хөлсөнд 800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

  Нэхэмжлэгч С.Лувсансамбуу нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Хууль зүйн сайдын 2013 оны А/181 дүгээр тушаалын хавсралтаар тодорхойлсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журмын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд 770.305 төгрөг, мөн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээний дагуу эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд өмгөөлөгчид төлсөн 800.000 төгрөгийг тус тус төлсөн байна. 

 

             Талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгчээс төлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болон өмгөөллийн хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр буруу биш болжээ. 

            Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хариуцагч байгууллагаас тээврийн зардалд 60.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01083 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Лувсансамбуугийн давж залдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа С.Лувсансамбуугаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260.376 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ          

 

                                    ШҮҮГЧИД                                 Т.ТУЯА

 

                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО