Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 409

 

    Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Цолмон,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,

            ялтан Г.Маралмаа, түүний өмгөөлөгч Ц.Мандал,

            ялтан Т.Цогтын өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Цогт, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Ц.Дэлгэрням, ялтан Г.Маралмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох 2015250001693 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шарман овгийн Ганбатын Маралмаа, 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, охины хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 40 дүгээр гудамжны 44а тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-215 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан /РД: УХ90060889/,

2. Боржигон овгийн Тулгатын Цогт, 1985 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, криминалистикийн шинжээч мэргэжилтэй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянзүрх дүүрэг хариуцсан тасгийн криминалистикийн шинжээч ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1 дүгээр хотхон, 2 дугаар байрны  60 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 1-215 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЗ85122932/,

 

Г.Маралмаа, Т.Цогт нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 2-215  тоотод оршин суух гэртээ өмдөндөө баалаа, үгэнд орсонгүй гэж 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн дагавар охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийнх нь бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж, чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэргээр байнга зодож тарчлаасан,

Г.Маралмаа, Т.Цогт нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр талийгаач Ц.Оюу-Эрдэнийг модон могойгоор ороолгох, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлэх, суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Маралмаа, Т.Цогт нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, мөн бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмааг 23 жилийн хорих ял, Т.Цогтыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмааг 2 жилийн хугацаагаар хорих ял, Т.Цогтыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаад оногдуулсан 2 жилийн хорих ял, Т.Цогтод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, Т.Цогтод оногдуулсан 20 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаагийн цагдан хоригдсон нийт 776 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Т.Цогтыг 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 138 хоног, 2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 363 хоног, 2017 оны 2 дугаар сарын 9-нөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл 54 хоног, нийт цагдан хоригдсон 555 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөөгийн эд зүйлс болох модон могой 2 ширхэг, үзүүртэй шар өнгийн металл очиртой, 3 бөөрөнхий модыг холбосон 5 төмрөөр бөгжилсөн 52 см урттай эдлэл 1 ширхэг, үзүүртэй олон салаа суртай модон ташуур 1 ширхэг, төмөр арал дээрээ цагаан шонхор шувуу дүрсэлсэн цагдаагийн бүс 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүлэг уншиж буй талийгаач Ц.Оюун-Эрдэнийн бичлэг бүхий СД 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, хар өнгийн “Samsung” загварын гар утас 1 ширхэгийг Т.Цогтод, гадуураа улаан хүрэн өнгийн гэртэй “Скай” загварын цагаан өнгийн гар утас 1 ширхэгийг Г.Маралмаад тус тус буцаан олгож, “эмнэлэг зураг” гэх бичигтэй СД 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нараас тус бүр оршуулгын зардалд 2.324.420 төгрөг, нийт 4.646.839 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалд олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Г.Маралмаа давж заалдах гомдолдоо: “...Г.Маралмаа миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан онц хүнд зүйл ангиар зүйлчлэгдэж, тодорхой нотлох баримтгүй, үзсэн харсан гэрчгүй, хийгээгүй хэргийн төлөө Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ялын дээд хэмжээгээр шийтгүүлсэндээ маш их гомдолтой байна.

2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “Нотолбол зохих асуудлыг нарийвчлан шалгах тогтоогоогүй”, “шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй”, “Шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” гэсэн үндэслэлээр буцааж хэний, ямар үйлдлээс, ямар гэмтэл үүссэн, үхлийн гэмтлийг хэзээ, хэн учруулсан гэдгийг нарийн шалгаж тогтоо гэсэн байдаг. Гомдлын талаар:

1. Цэргийн хотхон 1-215 тоотод амьдарч байсан газраас эд мөрийн баримт болгон “бөөгийн олон тооны хэрэглэл”-ийг хураан авсан ч дээл, хувцас, гутал зэргийг шинжилгээнд өгөөгүй, хэнийх гэдгийг тогтоогоогүй устгуулсан. Т.Цогт нь дээрх хураалгасан бөөгийн хувцсыг өмссөн зураг, бичлэг нь хураагдсан “Samsung” загварын утсанд хадгалаастай байгаа.

2. 2015 оны 4 дүгээр сард хавтаст хэрэгтэй анх удаа танилцаж байхад “Цагдаагийн албан байгууллагаар шалгуулах шаардлагагүй тул хэргийг хааж өгнө үү” гэсэн Т.Цогтын гараараа бичсэн хүсэлт хавтаст хэрэгт хавсаргасан байсан нь одоо байдаггүй. Т.Цогт нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 72 цаг хоригдож, 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шинжээч Ганцолмон болон Батбаатар нарын батлан даалтад гарсан.

3. 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр байхдаа талийгаач охины ээж Өнөржаргал, Цогтын эгч Туяа, Болормаа нарт охины биеийн байдлын тухай мэдэгдсэн ч Өнөржаргал утсаа аваагүй, Туяа, Болормаа нар нь “хамаагүй, ээж аав нь байгаа биз дээ” гэх зүйл ярьж байсан атлаа одоо Маралмаа шиг муу хүн байхгүй, аймар хүүхэн байсан гэх зүйлийг ярьж байгааг нь гайхаж байна. Тийм аймар хүүхэн байсан юм бол 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 12 цагийн үед эгч Туяа нь “тайван бай, чи зодсон биш одоо очиж авна” гэх мессежийг бичихгүй байсан. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн утсанд үзлэг хийсэн хэсэгт баримттай байгаа.

4. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр анхан шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 211 дугаартай ялын дүгнэлтээр таслан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тус яллах дүгнэлт нь байцаалтын хэсэгт нас, гэрийн хаяг, бусад үг үсгийн маш их алдаатай, ойлгомжгүй байсан. Мөн энэ яллах дүгнэлтээр 2016 оны 7 дугаар сарын 27-ны шүүхээр Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгосон, 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн шүүхээр Т.Цогтыг цагаатгасан атлаа 2017 оны 4 дүгээр сарын 4-нд Т.Цогтыг ялласан нь ямар учиртай, хэнд ашигтай учраас утга, агуулга, үг, үсгийн асар их алдаатайгаар шийтгэх тогтоол гарсан нь ойлгомжгүй байна.

5. 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоол нь мөн адил Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол тодорхой, ойлгомжтой байх”, мөн хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэх заалтыг ноцтой зөрчсөн тогтоол гарсан. Үг, үсгийн алдаан дээр нэмээд Цогтын гэрийн хаяг, хоригдсон хугацаа, он, сар зөрүүтэй бичсэн байсан.

6. Г.Маралмаа би 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй цагдан хоригдсон. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл нийт 804 хоног хоригдсоныг 776 гэж буруу бичсэн. Т.Цогтын цагдан хоригдсон нийт 558 хоногийг 555 гэж буруу бичсэн байсан.  

7. 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр болон 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн анхан шатны шүүх дээр Цогтын бичсэн захидлыг нотлох баримтаар судлаагүй байж “хэрэгт ач холбогдолгүй” гэж үзсэнд гомдолтой байна. Цогтын бичиг мөн гэдгийг хохирогч Өнөржаргал нь нотолдог.

8. 2015 оны 2 дугаар сарын 15-ны оройноос эхэлж талийгаач охинд эмнэл зүйн шинж буюу “нурмайх, хөдөлгөөнгүй болох” шинж тэмдэг илэрсэн болох нь хэн хэнийх нь  сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл Т.Цогт нь 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд “2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс охины бие сулбайж эхэлсэн” гэж худал мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтээр “тархинд гэмтэл авсны дараа ахин цохиж, доргилт өгсний улмаас хүндэрч, үхлийн гэмтлийг авсан байх боломжтой” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Т.Цогтыг суран тэлээгээр зодсоноос хэсэг хугацааны дараа охинд дээрх шинж илэрснийг харгалзан үзээгүй.

9. Т.Цогт нь хэрэг гарахаас өмнө нь ч охинд гар хүрч, суран тэлээгээр зоддог байсан нь гэрч С.Отгонжаргалын мэдүүлгээр нотлогддог. Талийгаач охин Цогтоос ямар их айж, харцаар нь хөдөлдөг байсан нь гэрч Очтуяагийн мэдүүлгээр нотлогддог.

10. Шинжээч эмч М.Энхбаяраас “охины толгойд гэмтэл үүсэхдээ зулгаралт үүссэн байсан. Энэ нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх үү, суран тэлээгээр зодсоноос зулгаралт үүсэж үхлийн гэмтэл учрах боломжтой юу” гэх асуултад “Тэлээгээр зодоход зулгаралт үүсэх боломжтой. Үхлийн гэмтэл нь маш хүчтэй доргилт, цохилтоос  үүснэ. Тэлээгээр зодсоноос гэмтэл нь хүндэрч үхэлд хүрсэн байж болно” гэж хэлсэн. Үүнийг шинжээч эмч Ж.Ганцэнгэл ч дэмжсэн байдаг.

11. 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралд улсын яллагч Д.Цолмон нь “прокурорын байгууллагаас томилогдсон ажлын хэсэг шийтгэх тогтоол үндэслэлтэй тул Цогтыг цагаатгасан тогтоолд эсэргүүцэл бичээгүй” гэж мэдүүлсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх хуралд Цогтод 20 жилийн хорих ял сонсгосонд нь гайхаж байна. Ямар ашигтай учраас 2 өөр үзэл бодлоор, 2 өөр шийдвэр гаргах болов гэдэг нь сонин. Үүнд ашиг сонирхлын зөрчил байгаа нь харагдаж байна. Яагаад гэвэл Цогтын өмгөөлөгч Дэлгэрням, Тунгалаг нар нь хамт прокуророор ажиллаж байсан. Цаашлаад найзууд учраас үйлчлүүлэгчийнх нь эрх ашгийг илүү авч үзэж шийдвэр гаргасан байх боломжтой.

Т.Цогтын хувийн байдлыг тодорхойлохоор  Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн шинжээч Цагаанбарс гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ хүн Цогттой сайн найзууд юм. Цагаанбарс нь хэргийн газрын үзлэгт машстаб зураг, план зураг, унасан гэх шатны хэмжээс, газар зүйн байрлал гэх мэт хэрэгт ач холбогдолтой зүйл дээр шинжээчээр ажиллаж байсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Т.Цогт нь бөөгийн зан үйлийг тогтмол хийдэг байсан. Цагаанбарс, шинжээч Хонгорзул нар нь Цогтоор бөөгийн зан зүйл хийлгэж байснаа нууж төрийн албан хаагчийн тангарагаасаа няцаж хэрэгт чухал зүйлийг мэдүүлээгүй байсан. Зан үйл хийлгэж байсан нь хураагдсан утсан дээрх мессеж болон Facebook-н мессежнээс үзэхэд нотлогдоно. Үүнийг шалгаж үзээгүйд гомдолтой байна. Цогтод “шавь” гэх хүн байсан. Цогтоор бөөгийн зан үйлд багшлуулж зан үйл хийлгэдэг байсан. Мөн Т.Цогт нь талийгаач охин дээр ч бөөгийн зан үйлийг хийдэг байсан.

Уг хэрэг гарч бяцхан охин байхгүй болсонд маш ихээр харамсаж байна. Хохирогч Өнөржаргал үр хүүхдээсээ хагацах ямар хүнд хэцүү байдгийг ойлгож мэдэрсэн эх хүний үүднээс хэргийн жинхэнэ эзнийг тогтоолгож, хийсэн үйлдэлд нь тохирсон ял өгөхөд нь анхаараасай гэж хүсэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт хүнийг санаатайгаар алах явцдаа зориуд өвтгөн шаналгасан, зовоон тарчлаахыг хүсэж үйлдсэн, мөн үүнийгээ ухамсарлаж байсныг ойлгоно гэсэн Дээд шүүхийн зөвлөмж байдаг. Гэтэл надад дээрх зүйл ангийн гадаад илрэх хэлбэр, дотоод санаа зорилго аль нь ч тогтоогдоогүй. Мөн хүнийг санаатай алсан гэх зүйл анги дээр тодорхой нотлох баримт байхгүй, таамаглалд үндэслэсэн шийдвэрийг ахин хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэгжүүлж мөрдөн байцаалтад буцааж, туршилт хийж бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоож өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Хэдийгээр Т.Цогт бид хоёр нэг хэрэгт яллагдаж, 2 өөр байр суурьнаас хандаж байгаа ч бид хоёрын дундаас төрсөн охины маань үлдсэн амьдрал, ирээдүй, цаашид ямар хүн болж өсөх нь тодорхойгүй, анхаарал халамж тавих хүн байхгүй байгааг нь харгалзан үзээсэй гэж хүсмээр байна.

Хохиролд тооцогдсон мөнгөн дүнг ямар ч аргаар хамаагүй төлж барагдуулна. Хохирлыг төлөх сэтгэл байсан ч боломж бололцоо байгаагүй. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хоригдож байгаа учраас хохирогчтой биечлэн уулзах боломж олдоогүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт “шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй”, 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх хөнгөн ялтай хууль хэрэглэж болно” гэх заалтуудыг харгалзан үзэж талийгаач охинд зориулж чадаагүй бүхий л зүйлээ ганцхан настай бяцхан охиндоо зориулж, охиныгоо сайн сайхан хүн болгох боломжоор хангаж өгч шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Ялтан Г.Маралмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их харамсаж  байна. Хийсэн үйлдэдээ тохирсон ял авахыг хүсэж байна. Охинд шаардлагатай тусламж үзүүлсэн бол амьд байх боломжтой байсан. Талийгаачийг унахдаа элгээрээ тэгнэж унасан гэсэн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд ар дагзаараа унасан гэж өөрчлөгдсөн байсан. Би ингэж мэдүүлээгүй. Хэний, ямар үйлдлийн улмаас талийгаачид гэмтэл учирсныг нарийн тогтоож өгнө үү...” гэв.

Ялтан Г.Маралмаагийн өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Маралмаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Т.Цогт нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр охиноо зодсон бөгөөд шинжээч эмч нарын мэдүүлгээр “гэмтэл авсны дараа унтаа, хөдөлгөөнгүй болох шинжүүд илэрнэ” гэсэн нь Т.Цогтыг охиноо зодсоны дараах үетэй цаг хугацааны хувьд тохирдог. Харин Г.Маралмаа охиныг зодсоны дараа энэ шинж тэмдгүүд илрээгүй. Т.Цогт, Г.Маралмаа нар 2015 оны 2 дугаар сарын 15-ны орой 19-20 цагийн орчим охинд дээрх шинж тэмдгүүд илэрсэн гэдэг. Мөн шинжээч эмч “суран тэлээгээр цохиход тархины битүү гэмтэл учирч болно” гэж мэдүүлдэг. Г.Маралмаа охиныг эмнэлэгт авч очиход Т.Цогт нь бичиг хийж үлдээгээд охиныг авч явсан. Мөн хэрэг шалгагдаж байх үед “цагдаагаар шалгуулах шаардлагагүй” гэсэн бичиг хийж өгсөн гэдэг. Үүнийг хараагүй учир мэдэхгүй байна. Т.Цогт яагаад ийм зүйл хийж байна вэ. Г.Маралмаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “онц харгис, хэрцгий аргаар” гэх шинжид хамаарахгүй. Г.Маралмаа нь 2015 оны 10 дугаар сард төрсөн бөгөөд нялх хүүхэд  нь эгч дээр нь байдаг. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, туршилт хийж өгнө үү гэсэн хүсэлтийг дэмжиж байна. Г.Маралмааг гэм буруутай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Цогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Намайг эцэг хүний болоод хувь хүний хувьд ч байж боломгүй, аймшигт гэмт хэрэгт зөвхөн таамагт үндэслэн гэм буруутайд тооцож, ялласанд гомдолтой байна. Би болсон хэргийн талаар анхнаас нь үнэн зөвөөр мэдүүлж байсан. Гэвч Маралмаагийн өгсөн олон удаагийн тогтворгүй, тэнцвэргүй, худал мэдүүлэгт үндэслэн таамаглан яллаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна. Яагаад гэвэл хамгийн анх цагдаагаас бүхэл бүтэн ажлын хэсэг томилогдон ажиллаж байхдаа Т.Цогт миний болоод Маралмаагийн өгсөн мэдүүлэг байцаалтыг цаг тухай бүрт шалгаж, худал үнэнийг ялгаж салган хэргийг зүйлчлэхдээ намайг Эрүүгийн хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллан шүүхэд шилжүүлсэн. 2015 оны 6 дугаар сард анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасны дараагаар ганц удаа л надаас байцаалт авснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс надад хүнийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр амь насыг хохироосон гэм буруутайд тооцож 24 жилийн ял оноосон. Тухайн үед би намайг гүтгэж гүжирдэж, өөрөө гэм зэмгүй мэт олон удаагийн тогтворгүй тэнцвэргүй худал мэдүүлэг байцаалт өгч, итгэл хүлээлгэн охиноо үлдээж байхад амь насыг нь хохироосон Маралмаад үнэхээр их гомдож байсан. Миний жаахан охин ямар их зодуур, нүдүүр, тамлал дунд аавыгаа эзгүй хойгуур амсаж байсныг хавтаст хэргээс уншиж, Маралмааг гэхээс илүүтэйгээр өөрөө өөрийгөө хамгийн ихээр буруутгаж байсан. Ажилдаа яваад ирэхээр л охины минь нуруу, гар, хөл хөхөрчихсөн байдаг байсан. Маралмаагаас асуухад тоглож байгаад уначихсан, эсвэл шатнаас уначихсан гэх зэргээр хэлж, ярьж надад итгүүлж байсан. Мөн найз хүүхэдтэйгээ ирээд хүүхэд нь охиныг минь зодсон гэх мэтээр маш их худлаа хэлж байсан зэргийг мөрдөн байцаалтын явцад худал гэдгийг шалгаж тогтоосон. Үнэхээрийн Маралмаагийн худал мэдүүлэг шиг би төрсөн охиноо зодож цохидог байсан бол Б.Өнөржаргал надад итгэж охиныг минь өгөхгүй шүү дээ. Намайг Б.Өнөржаргалтай хамт амьдарч байхдаа охиндоо муухай хандаж байгаагүй гэдгийг гэрчүүд болон Б.Өнөржаргал ч өөрөө мэдүүлдэг. Өөрөөсөө ч илүү итгэж хайрлаж хүндэлж байсан хүн болох Маралмааг жаахан охиныг минь хэрхэн нүднээс далд зовоон тарчлааж эцэс сүүлд нь үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулж, түүнийгээ нуун дарагдуулах болон надад тохох гэж олон янзын өөр өөр худал мэдүүлэг өгч байсан зэргийг хавтаст хэргээс уншиж танилцаад үнэндээ надад хэлэх үг олдоогүй. Маралмааг маш их худал хэлдгийг хуучин нөхөр, хадам, ангийн багш, төрсөн эгч нь хүртэл гэрчилсэн баримт нотолгоо хавтаст хэрэгт авагдсан байдаг. Талийгаач охиныгоо хамгийн анх Б.Өнөржаргалаас 2014 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл авч байсан. Миний мэдэхээр хамгийн анх Маралмаа нь охиныг хөдөө яваад ирсэн буюу 2015 оны 1 дүгээр сард бөөгийн зан үйл хийсэн. Маралмаа онгод сахиусаа буулгаж, 3 хоног дарааллан зан үйл хийж, бузрыг нь арилгана, үүнийг хийхгүй бол амьдрал дордоно, охины амь насанд халтай гэсэн учир бөөгийн зан үйл бидний сайн сайхны төлөө гэж итгэж байсан. Маралмаа бөөгийн зан үйл хийхдээ хэрэглэдэг эд зүйл болох ташуур, тойвгуур зэрэг нь бүгд оосортой баруун гарт нь углаатай байдаг. Тэр бүхнийгээ бусдын тусламж дэмийг авахгүйгээр шууд ашигладаг байсан. 3 хоног дарааллан үйл хийхдээ эхний өдөр гэрэлтэй, дараагийн 2 өдөр өрөөний гэрэл унтраасан учраас юу хийж байсныг харах боломжгүй байсан.

            1. 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ломбардад тавьсан бөгжөө сунгуулахаар гэрээсээ гарахад охин сэргэлэн цовоо байдалтай үлдсэн. Намайг гэртээ ирэхэд талийгаач охины минь духны хэсэг болон гуяны дотор тал, эрүүний хэсэгт хөхөрчихсөн, дээд уруул зулгарсан байсан. Маралмаагаас асуухад “гадаа тоглож байгаад шатнаас уначихлаа, найз Сугарцэцэг бага хүүхэдтэйгээ ирсэн. Тэдний хүүхэд чихэр булаацалдаад Оюукаг зодоод эрүүн дээр нь хазсан” гэж хэлж байсан. Энэ нь худлаа болох нь тогтоогдсон. Тэр үед охин маань унжгар сул байхаар нь шатнаас унахдаа толгойгоо хөдөлгөсөн юм байх гэж бодсон. Охин толгой өвдөөгүй, бүдүүн гуяа заагаад өвдөж байна гэж хэлсэн. Маргааш нь намайг гарахад охин маань унтаад үлдсэн. Буцаад гэртээ харих замдаа Маралмаатай яриад охин өмдөндөө баасан, шээсэн гэхээр нь гар утаснаасаа мессеж бичсэн. Энэ мессежинд өөрийн төрсөн охиноо зодох болон тарчлаах ямар ч санаа зорилго байгаагүй... Би охинтойгоо ярилцахаар урдаа зогсоож, ахиж өмдөндөө бааж болохгүй гэдгийг хэлээд өөрийн өмдний суран тэлээг 4 нугалж, аралны хэсгээс барьж байгаад суран хэсгээр нь хувцастай байхад хонгон дээр нь 2 удаа ёс төдий байдлаар ороолгосон. Хэрэв би өмдний тэлээний төмөр арлаар нуруу болон толгой хэсэгт цохисон бол ул мөр заавал үлдэнэ. Энэ үйлдлээс охин минь тархиндаа үхэлд хүрэх аюултай хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон бол  надад цаазаар авах ял ч багадна. Гэвч миний хийсэн үйлдэл буруу боловч охинд минь гэмтэл учирсан гэх зүйл байгаагүй. Мөн миний энэ үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан гэдгийг тогтоогоогүй байна. Хэргийг үнэн зөвөөр шийдэж, хэний үйлдлийн улмаас талийгаач охин тархиндаа үхэлд хүрэх гэмтэл авсан гэдгийг ялгаж, хэргийг зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Улсын Дээд шүүхээс хэргийг “Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй” гэснийг зөрчиж тогтоол гаргасан гэж үзэн хэргийг буцаасан. Үүнийг миний бие Г.Маралмаагийн олон удаагийн тогтворгүй худал мэдүүлэгт үндэслэн намайг ялласан нь буруу гэсэн утгаар ойлгож байгаа юм. 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр анхан шатны шүүхээс намайг цагаатгасныг шүүх хэргийг бүх талаас нь харж зөв үнэлэлт, дүгнэлт өгч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэж бодож байсан. Гэсэн хэдий ч дотроо хайртай охиноо харж хамгаалж, эцэг хүнийхээ үүргийг биелүүлж чадаагүйнхээ төлөө өөрийгөө яллаж байсан. Намайг цагаатгахад прокурор эсэргүүцэл бичээгүй, хүлээн зөвшөөрсөн гэж би ойлгосон. Давж заалдах шатны шүүх хурал дээр намайг цагаатгасныг дэмжиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргасан. Тэгсэн атлаа хэрэг буцаад анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхэд намайг бусдын амь насыг хохироосон гэдэг. Улсын яллагч, төрд тангараг өргөсөн, төрийн тусгай албан хаагч хүн 2 шатны хурал дээр 2 өөр үзэл баримтлалтай байна гэдэг учир дутагдалтай юм. Хавтаст хэрэгт шинээр нотлох баримт ороогүй, шинээр үүссэн нөхцөл байдал байхгүй байхад өмнө нь цагаатгаж байсан хавтаст хэрэг дээр таамаглалд үндэслэж байгаад яллаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай байна. Шинжээч нар урьд өгч байсан шинжилгээний дүгнэлтүүдээс зөрүүтэй, өөрчлөгдсөн зүйл анхан шатны шүүх хуралдааны явцад яриагүй гэж би бодож байна. Миний 2 удаа ороолгосноос болж ямар гэмтэл учирсан бэ гэдгийг шалгаж тогтоогоогүй. Мөн ямар ул мөр үлдсэн болон гэмтлийн зэргийг тогтоогоогүй. Ийм байхад дахин таамаглалд үндэслэн яллаж байгаад гомдолтой байна. Яг юунд үндэслэж Г.Маралмаатай бүлэглэж өөрийн төрсөн охиноо хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар амь насыг нь хохироосон гэж үзээд байгааг ойлгохгүй бас хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хайртай охины амь насыг хохироосон тухай шүүх хурал болж байгаа тул би өчүүхэн ч худлаа ярих, нуун дарагдуулах гэсэн сэтгэлээр хандаагүй, анхнаас нь үнэн зөвөөр хэлж байсан. Миний буруутай үйлдэл бол мэргэжлийн эмч хүний үгэнд итгэж бичиг хийж өгөөд охиноо эмнэлгээс авч явсан, Г.Маралмаагийн үгэнд итгэж түүнд охиноо үлдээж орхисон явдал юм. Хэрвээ миний 2 удаа бөгсөн дээр нь ороолгосноос болж миний охин толгойдоо үхэлд хүргэх гэмтэл авч амь насаа алдсан бол би хамгийн хүнд ялаар шийтгүүлэхэд бэлэн байна. Гэвч миний энэ үйлдлээс болж ямар нэгэн гэмтэл учирсан гэх ул мөр болон гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Би Г.Маралмаатай бүлэглэн өөрийн төрсөн охиноо хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар амь насыг нь хохироогоогүй гэдгийг дахин хэлж байна. Харин охиноо хайрлаж, сайн хамгаалж чадаагүй гэдгээрээ хамгийн их гэм буруутай. Иймд хавтаст хэргийн материалтай сайтар танилцан, худал үнэнийг ялгаж салган хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнэн, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Ялтан Т.Цогтын өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан "Шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй" гэх заалтыг зөрчсөн бөгөөд Г.Маралмаагийн эрс зөрүүтэй мэдүүлгийг шийтгэх тогтоолын эх сурвалж болгож, Т.Цогтын эрх зүйн байдлыг эрс дордуулж, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Шүүхээс тус хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал, насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэл, гэрч Б.Алимаа, С.Отгонжаргал, Н.Хандрагчаа, Л.Наранмандах, Т.Туяа, Ш.Батсүрэн, О.Очирхуяг, Б.Сугарцэцэг нарын мэдүүлгүүдээр Т.Цогтыг өөрийн төрсөн охиноо бусадтай бүлэглэн, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд нь ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй.

Ер нь нийтийн байрны амьдрал, үйл явц нь тухайн нийтийн байранд амьдарч буй иргэдэд ил, тод мэдэгддэг бөгөөд талийгаач охины ээж Өнөржаргалын "Цогт охиноо огт зоддоггүй, охинтойгоо муухай ч харьцдаггүй, охиндоо их хайртай байсан" гэх мэдүүлгүүдээр Т.Цогт өөрийн төрсөн охиноо Г.Маралмаатай бүлэглэн зодоогүй, тарчлаагаагүй, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулаагүй, онц харгис аргаар алаагүй болохыг маш дэлгэрэнгүйгээр нотолсон. Мөн Маралмаагийн "би Цогт бид 2-ын дундаас төрсөн охиноо Цогтод үлдээе гэж шийдсэн байсан ..." гэж шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн мэдүүлгээс дүгнэхэд Цогт өөрийн төрсөн охиноо алахад оролцсон байсан бол Маралмаа хэзээ ч охиноо Цогтод үлдээе гэж бодохгүй байсан.

Бага насны амь хохирогчийг зовоон тарчлаасан үйлдлийг ялтан Г.Маралмаа байнга дангаараа үйлддэг байсан нь хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлон тогтоогдсон байхад шүүхээс талийгаачид учирсан гэмтлийг аль хэсгийг шүүгдэгч нарын хэн нь учруулсан болохыг салгаж тогтоох боломжгүй боловч ялтан нар нь субъектив санаа зорилгын хувьд нийлж, нэгдэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Т.Цогт нь Г.Маралмаатай хайр сэтгэлийн холбоотой, хэн хүнээс ч илүү түүнд итгэдэг байсан учраас охиноо шатнаас унасан талаар хэлсэн түүний үгэнд итгэж байсан. Цогт хэргийн материалтай танилцаад Маралмаа гэдэг хүнд үнэн зүйл гэж үгүйг нь уншиж мэдсэн байдаг. Т.Цогт нь өөрийн төрүүлсэн охиноо хайрладаг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Өнөржаргал асран хамгаалахаас татгалзан, бусдад өргүүлэх талаар хүсэлт гаргасан байхад эс зөвшөөрч, өөрөө асран хамгаалж эцгийнхээ үүргээ өөрийн чадлын хэрээр гүйцэтгэж явснаас гадна бусадтай бүлэглэн охиноо санаатай алсан гэмт хэргийн субъектив санаа зорилго огт байгаагүй болох нь нотлогддог.

Ялтан Т.Цогтын хувьд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд нь анхнаасаа тогтвортой, мөн амь хохирогч охиноо "...очиж байгаад арьсыг нь хуулаад өгнө гэж утсаар мессеж бичсэн... ирээд 2 удаа суран бүсээр бөгсөн тус газар нь ор нэр төдий Маралмаад ороолгосон дүр эсгэж харагдуулах гэж ороолгосон" бөгөөд охиноо  ороолгох гол шалтаг шалтгаан нь "Маралмаа Цогтыг эзгүйд охиныг нь шал руу тархиар нь түлхэж унагаад, түүний дараа зүгээр л өөрөө босоод бие засдаг байсан хүүхэд илтэд нурмайн, хөл дээрээ тогтож чадахгүй сулбайж, өмдөндөө бие зассан. Гэтэл Маралмаа Цогт луу дахин дахин залгаж, "охин чинь өмдөндөө шээчихлээ, баачихлаа, охин чинь баасаа цэвэрлүүлэхгүй байна, баасыг нь цэвэрлэх гэсэн чинь над луу нулимлаа" гэх мэтээр санаатайгаар зориуд дахин дахин мессеж бичсэн. Иймээс Цогт Маралмааг "охин чинь дахиад ингэчихлээ" гэж бичүүлэхгүйн тулд дээрх мессежийг бичсэн.

Цогтын энэхүү үйлдэл нь талийгаач охиныг үхэлд хүргэсэн гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсантай ямар ч шалтгаант холбоогүй юм.

Миний үйлчлүүлэгч Т.Цогтод холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналт, шүүх хуралдааны үйл ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан "хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох" гэсэн заалтыг зөрчсөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан буруу агуулгатай мэдээлэлд хэт хөтлөгдсөн байдлаар явагдаж, эцэстээ гэм буруугүй хүнд хийгээгүй хэргийнх нь төлөө ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 178 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцсныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Т.Цогтын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан "Тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх" зарчмыг зөрчсөн байна.

Ялтан Т.Цогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй болно.

Шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн тодорхойлсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал, насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэл, С.Отгонжаргал, Л.Нармандах нарын мэдүүлгүүдээр Т.Цогтыг яллаж байгаа нь үндэслэлгүй юм.

Харин ч эдгээр гэрч нарын мэдүүлгүүд нь Т.Цогт өөрийн төрсөн охиныг  Г.Маралмаатай бүлэглэн зодож, тарчлаасан, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулж, онц харгис аргаар алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна.

Бага насны амь хохирогчийг зовоон тарчлаасан үйлдлийг ялтан Г.Маралмаа байнга дангаараа үйлддэг байсан нь хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон байхад шүүхээс талийгаачид учирсан гэмтлийг шүүгдэгч нарын байнгын зодуурын улмаас учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Т.Цогт нь Г.Маралмаад мессежээр "..очоод арьсыг нь хуулаад өгье" гэж бичсэн хэдий ч өөрийн өмдний тэлээгээр охины бөгсөн дээр 2 удаа ороолгосон байдаг бөгөөд энэ талаар түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр гаргасан тогтвортой мэдүүлгүүдээр мөн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 408 тоот дүгнэлтэд бичсэн нас барсан шалтгаан нь Т.Цогт охины бөгсөн дээр бүсээр 2 удаа ороолгосонтой шалтгаант холбоогүй болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчийг зөвхөн ялтан Маралмаагийн мэдүүлгээр ял оногдуулсан. Ялтан Г.Маралмаа нь мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа тогтворгүй, үндэслэлгүй, худал, хэрэгт авагдсан  бичгийн  бусад баримтуудаар давхар нотлогдоогүй мэдүүлэг гаргаж байснаас гадна "...охиныг түлхэж толгойгоор нь савуулж унагаасан" талаарх мэдүүлгийг Цагдаагийн ажилтнуудын хүчирхийлэл дарамтад орсноос өгсөн гэж байсан хэдий ч мөрдөн байцаалтын ажиллагааны явцад энэхүү байдлыг шалгаж гэрч О.Очирхуяг, Ц.Алтангэрэл нарын мэдүүлгүүдээр бодит байдлыг тогтоосон. Мөн ялтан Г.Маралмаа алхам тутамдаа худал мэдүүлж, охины гэмтэл болон хэргийн бусад байдлын талаар байнга худал мэдээлэл өгч байсныг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шалгаж тогтоосон.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Цогтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрт байсан ганц охиноо хүний гарт алдсандаа харамсаж байна. Надад охиноос минь өөр юу ч байгаагүй. Г.Маралмаа “өөрийнхөө үсийг зулгааж, маажиж ийм болгосон” гэсэн байсан. Миний охин маш сэргэлэн, цовоо, хүний хэлснийг хурдан хүлээж авдаг хүүхэд байсан. Миний охин өөрийгөө цохиж, зодож, хүний үгийг сөрөх хүүхэд байгаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өнөржаргалын өмгөөлөгч Б.Манлайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Ялтан нар хэн аль нь охинд гар хүрсэн гэдгээ мэдүүлсэн бөгөөд Г.Маралмаа түлхсэн, Т.Цогт суран тэлээгээр 2 удаа бөгсөн дээр нь цохисон гэдэг. Охины биед олон тооны шарх гэмтэл тогтоогддог. Т.Цогт, Г.Маралмаа нарын үйлдэл болон амь хохирогч гурвын хооронд уг хэрэг гарсан бөгөөд Т.Цогт, Г.Маралмаа нарын зодсон үйлдлийн улмаас хохирогч нас барсан. Г.Маралмаагийн түлхсэн үйлдэл, Т.Цогтын бүсээр цохисон үйлдэл амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоотой байна. Энэ үндэслэлээр Т.Цогт, Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдыг онц харгис, хэрцгий аргаар, бүлэглэн алсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдэгдэх явцад Т.Цогт, Г.Маралмаа нар хамт байсан. Т.Цогт нь Г.Маралмаа охиныг зодож байхад эсэргүүцээгүй харин ч “очоод алаад өгье” гэж субъектив талын санаа зорилгоо илэрхийлж, үйлдлээ нэгтгэж үйлдсэн гэж үзэж байна. Хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учирсан  нь тогтоогдсон бөгөөд эдгээр гэмтлүүд нь амь хохирогч үхэлд хүргэх гэмтэл авахын өмнө учирсан уу, эсхүл тухайн үед авсан гэдгийг тогтоосон. Иймд онц харгис, хэрцгий аргаар алсан гэж үзсэн. Амь хохирогч 3 нас 11 сартай байсан бөгөөд бага насны буюу өөрийгөө хамгаалах чадваргүй байдал гэж үзнэ. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх үүднээс 2 шинжээчийг оролцуулж дүгнэлт гаргасан. Т.Цогт, Г.Маралмаа нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед үхэлд хүргэх гэмтэл учрах боломжтой гэдгийг шинжээч эмч мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Т.Цогт, Г.Маралмаа нарт ял оногдуулсан нь үндэслэлтэй.  Г.Маралмаа нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн өглөөнөөс эхэлж охиныг зодсон бөгөөд дараа нь Т.Цогт гэртээ ирж охиныг зодож, үхэлд хүргэх гэмтэл учруулсан. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгүүдээр 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогч гэмтэл авсан болох нь тогтоогдсон. Улсын яллагч шийдвэр гаргадаггүй, зөвхөн санал гаргадаг. Улсын яллагчийн зүгээс Т.Цогтыг яллахаас татгалзсан санал гаргаж байгаагүй. Зөвхөн Г.Маралмаагийн мэдүүлэг ч биш бусад нотлох баримтуудаар Т.Цогт охиныг суран бүсээр зодсон болох нь тогтоогддог. Т.Цогт бөгсөн дээр нь ороолгосон гэж мэдүүлж л байгаа болохоос ямар ч байсан эрх чөлөөнд нь халдаж суран бүсээр зодсон болох нь тогтоогдсон. Г.Маралмаа өмнө зодож гэмтэл учруулсан гэж үзэж болох ч нэмж зодоход мөн адил гэмтэл учирна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү..”  гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, гомдолд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Маралмаа, Т.Цогт нар нь бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 2-215  тоотод оршин суух гэртээ өмдөндөө баалаа, үгэнд орсонгүй гэж 3 нас 11 сартай Ц.Оюу-Эрдэнийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн дагавар охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийнх нь бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж, чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэргээр байнга зодож тарчлаасан,

Г.Маралмаа, Т.Цогт нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 2-ноос 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр талийгаач Ц.Оюу-Эрдэнийг модон могойгоор ороолгох, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлэх, суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 Хохирогч Б.Өнөржаргалын: “... 2014 оны  11 дүгээр сарын 2-ны өдөр Б.Цогт өөрөө охиныг надад авчирч өгсөн. Би маргааш  орой нь хүүхдээ усанд оруулах гээд хувцсыг нь тайлахад нурууны гол хэсгээс доош ахар сүүл ууц хүртлээ хөхрөөд ягаан өнгөтэй болчихсон байхаар нь охиноос нуруу нь яагаад хөхөрсөн талаар асуухад Г.Маралмаа аниа аавыг ажилдаа явахаар чамайг харахаас дургүй хүрээд байна гээд намайг зоддог, миний үснээс зулгаадаг гэж ярьсан. Энэ талаар Б.Цогтоос утсаар асуухад охин ээжийгээ санаад байна гэж гарч гүйж байгаад шатнаас унаад нуруу нь ийм болсон гэж хэлэхээр нь нуруу ууц нь гэмтчихсэн юм биш биз дээ эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухад үзүүлсэн, зүгээр гэж байна лээ гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш охин бас аав дээрээ очоод буцаж ирсэн ба би тэр өдөр, сарыг нь мэдэхгүй. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б.Цогт охиныг авч яваад өвлийн куртик, өмд, мөрөвчтэй өмд, зузаан плаж, гар нүүрний алчуур, хоёр футболка, 2 бандааш зэрэг зүйлийг аав нь авч өгөөд 5 хоногийн дараа буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн. Тэгж ирэхдээ тортой хувцас өгсөн ба зарим хувцас нь баастай байгаа шүү цэвэрлээрэй гэж хэлсэн. Охиныг гэртээ оруулаад хувцсыг нь тайлаад, тортой хувцсыг задлан үзэхэд цамц, өмд нь энэ тэндээ баас болчихсон байхаар нь би гайхаж байсан юм... 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 1 цаг 20 минутын үед  найз н.Шинэбаатарын машинтай манай найз н.Азжаргал, н.Энхмандах бид дөрөв охин Ц.Оюун-Эрдэнийг мөн 805 дугаар ангийн хажуу зам дээр зогсож байгаад  Б.Цогтыг ирэхээр нь өгч явуулсан. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өглөө 09 цагийн үед миний утас руу Б.Цогт залгаад охин Баянзүрх дүүргийн эмнэлгийн сэхээнд ухаангүй байна, яаралтай ир гэж хэлсэн... Би сэхээний өрөө рүү орж охиноо харахад охин ямар ч ухаангүй, аманд нь хуруу хэртэй амьсгалын  битүү гуурс хийчихсэн, 100 хувь аппаратаар  амьсгал хийж байна, танай хүүхэд өөрийн амьсгал байхгүй ирсэн гэж хэлсэн. Охины дух зүүн хэсэгт хөхөрсөн, эрүүний доор 2-3 газар хөхөрсөн байсан байх, мөн хоёр хөл гуяны урд хэсэгт хөхөрсөн, гар бугалага хэсэгт хөхөрсөн, охины бэлэг эрхтэн нь хоёр талдаа хөхөрсөн байсан ...” /хх 1-н 79-82/,

Насанд хүрээгүй гэрч Б.Нарангэрэлийн: “... Би Б.Цогт ахын талийгаач охиныг хардаг байсан ба тэгж байхад надад янз бүрийн зүйл ярьдаг байсан. Б.Цогт ах Б.Өнөржаргал хоёр салснаас хойш би талийгаач дүүтэй уулзаад ярих үед би Г.Маралмаа эгчтэй хамт баймааргүй байна, аав, ээжтэйгээ гурвуулаа л баймаар байна гэдэг байсан... Намайг гэрт нь очиж хонох үед Г.Маралмаа талийгаач охиныг байнга загнаж зандарч харьцдаг байсан, тэгээч ингээч, чамд хэлсэн биз дээ гээд буланд зогсоогоод эсвэл байнга суулгаад хөдөлгөхгүй байлгадаг байсан. Тэгээд коршокондоо шээгээд босоод явахаар би чамайг шээсээ асга гэдэг биз дээ гээд загнадаг байдаг байсан. Бас Г.Маралмаа бөө болж байна гээд талийгаач дүүг нэг модон могой шиг юмаар нуруу руу нь цохиод байдаг байсан, өмсгөлөө өмсөөд бөөлөөд байдаг. Дүү маань айгаад уйлаад байдаг байсан. Би яагаад цохиж зодоод байгаа юм бэ гэхэд эхийнх нь бузар шингэсэн байна гэдэг байсан. Олон удаа онгод нь бууж байна гээд талийгаач охиныг тэр модон могой шиг зүйлээр ороолгож, зоддог байсан. Нэг удаа бүр чармай нүцгэн болгож байгаад сүү цацаад зодож байсан. Би болиулж чадахгүй айгаад л сууж байдаг байсан...” /хх 1-н 139/,

Гэрч Б.Алимаагийн: “... 2014 оны 11 дүгээр сарын эхээр Б.Өнөржаргал бид хоёр  хүүхдээ усанд оруулж байхад Оюун-Эрдэнийн нуруун нь нилэнхүйдээ ахар сүүл хүртлээ хөхрөлт болчихсон байхаар нь би эхэлж хараад “хүүе энд хөхөрчихсөн байна шүү дээ” гэсэн чинь Өнөрөө тийм байна шүү дээ гэхээр нь би утсаар ярьж асуугаач, Б.Цогтын авгай нь зодоод байдаг юм биш үү, Б.Цогт арай төрсөн хүүхдээ ингэхгүй байлгүй дээ аймар болгосон байна гэтэл Б.Өнөржаргал Б.Цогт руу залгаад охины нуруу хөхөрчихсөн байна яасан юм бэ гэсэн чинь Б.Цогт “өөрөө л тоглож байгаад шатны уруу уначихсан шүү дээ” гэж хэлж байсан. Тэгээд Өнөрөө бид хоёр Ц.Оюун-Эрдэнээс нь  асуухад Г.Маралмаа аниа, чамайг харахаас дургүй хүрээд байна гээд аавыг ажилдаа явсан хойгуур намайг зоддог гэж хэлсэн. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр шиг санагдаж байна. Б.Цогт охинд өвлийн хувцас авч өгнө гээд авч яваад эргүүлж Б.Өнөржаргал дээр авчирсан юм. Тэгэхэд Ц.Оюун-Эрдэнийн баруун хөлнийх нь өвдгөн дээр нь нилэнхүйдээ хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь Б.Өнөржаргал бид хоёр яасан бэ гэсэн чинь Ц.Оюун-Эрдэнэ “Г.Маралмаа аниа, аав хоёр  тавчикаар зодсон гэж хэлсэн. Тэгсэн чинь Өнөрөө уурлаад хүүхэд зодоод байдаг юм уу хаашаа юм бэ, Б.Цогтынд очоод ирэх болгондоо хөх няц болчихсон байх юм Б.Цогттой уулзаж ярихаас гэж байсан. Сүүлд надад Б.Өнөржаргал хэлэхдээ Ц.Оюун-Эрдэнэ надад Г.Маралмаа аниа аавыг ажилдаа явсан хойгуур зоддог, бас Г.Маралмаа аниаг уурлахаар аав намайг зоддог гэж хэлсэн гэж байсан...” /хх 1-н 106-108/,

Гэрч С.Отгонжаргалын: “...2014 оны 10 сарын 25-ны орой Маралмаа  манай өрөөнд орж ирээд “өнөө орой сахиус бууна, үзэх үү” гэсэн болохоор би өрөөнд нь орсон. Тэгээд Маралмаа бөөгийнхөө зан үйлийг хийгээд байж байхдаа гэрт нь байсан жаахан охин Оюу-Эрдэнийг загнаад байхаар нь тухайн үедээ “ямар сонин юм бэ, ингэдэг л юм байхдаа” гэж бодоод чимээгүй гараад явсан. Түүнээс хойш 3 хоногийн дараа 2014 оны 10 сарын 28-нд ажлаа тараад гэртээ 16 цагийн үед иртэл Цогтын өрөөнд хүүхэд уйлаад байхаар нь яваад орсон чинь нүүрний пудер шингээгч гээд цацдаг юмаар Оюу-Эрдэнийн нүд рүү нь цацчихсан, нөгөө охин нүд рүүгээ пудер шингээгч цацуулчихсан болохоор нүдээ аних гээд аних гэхээр нь л Маралмаа загнаад “чи яах гээд байгаа юм наад нүдээ нээ” гээд уурлаад загнаад байхаар нь би өмөөрөөд “чи хүүхдийг яаж байгаа юм бэ” гээд Оюу-Эрдэнэ охиныг өвөр дээрээ аваад нүдийг нь алчуураар арчиж өгсөн. 3 настай хүүхдийн санаанаас гарахгүй санаатай эх шигээ зэвүүн хүүхэд байгаа юм гээд зэвүүцсэн маягтай Оюу-Эрдэнэ рүү харчихаад хэлээд байхаар нь охиныг өрөвдөөд гэртээ аваад орсон... Би Цогтыг байхгүй үед л өрөөнд нь ордог байсан. Тэгээд орох болгонд Маралмаа дарамтлаад байнга зодоостой, яагаад тэгдэгийг мэдэхгүй байнга завилуулаад суулгачихсан байдаг байсан. ... 2014 оны 11 сарын үед гэрт нь нэг удаа яваад орсон чинь Маралмаа Оюу-Эрдэнийг аймаар чанга хацар луу нь алгадаад авсан. Яасан гэсэн чинь энэ муу дандаа ингэдэг байхгүй юу гээд аль хацар луу нь билээ гараараа их л чанга алгадаад авч байсан ба тэр үед Оюу-Эрдэнэ бие засах гэж байгаад угаадсыг нь татаад асгачихсан юм байна лээ... 2015 оны 2 сарын эхээр байхаа яг тодорхой сайн санахгүй байна өдрийг нь багцаагаар хэлэхээр 2, 3-ны үед байхаа өдрийн 16 цагийн үед Цогтын өрөөнд тэр өдөр Цогт байхгүй байх шиг байсан Оюу-Эрдэнэ уйлаад Маралмаа аниа намайг битгий зодооч дээ, одоо болно шүү дээ, одоо болно шүү гээд тэр үгийг дахин давтаж хэлээд бархираад цурхирч уйлаад байсан. Тэр үеийн миний төсөөлөл гэвэл хүн яг амь тэмцээд юм самардаад аймаар аргаа бараад одоо болно шүү дээ гээд уйлаад байсан...” /хх 1-н 176-179/,

Гэрч Н.Хандрагчаагийн: “... 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Г.Маралмаа гэрт ус байхгүй байна хүүхэд орондоо баасан байна гэхээр нь 25 литрийн ус 09 цагийн үед гэрт нь оруулж өгөхөд Т.Цогт ажлаасаа буугаагүй ирэхээр нь худаг орно гэж хэлж байсан. Гэтэл 4 настай охин ямар ч хувцасгүй цонхны доор суучихсан, цонхны салхивч онгорхой байсан. Би хүйтэн өдөр байсан болохоор хувцсыг нь өмсүүлсэн. Гэтэл Г.Маралмаа хүлээж бай футболка, дотуур өмд авч өгнө гэж зандрангүй хэлэхээр нь хүүхэддээ юм хэлж байна гэж бодоод анзаараагүй. Тэгээд би наад цамц, ноосон өмдөө өмсчих гэж хэлээд өмсүүлчихээд гарч байсан...” /хх 1-н 164-166/,

Гэрч Л.Нармандахын: “...2015 оны 2 сарын 13-ны өдөр 13-14 цагийн үед байх эхнэр Отгонцэцэгийн хамт Жаргалсайхан ахын хашаанд очиж чингэлэгнээс үхрийн өвчүү авсан юм. Машинаа чингэлэг рүү ухраагаад машинаас буугаад ирэхэд Жаргалсайхан ахын өвлийн байшингийн гадаа хашаан дотор байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын  урд буланд 4-5 орчим насны эмэгтэй хүүхэд тоглоод байж байсан. Тэгээд өвчүүгээ аваад гараад ирэхэд намайг хараад зогсож байхаар нь би машин дотроосоо чихэр аваад нөгөө охиныг дуудаж өгөхөд баярлалаа гээд авсан... Сэргэлэн цовоо байдалтай байсан бөгөөд нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэг хөхөрсөн болон гэмтсэн гэмтэл шарх харагдаагүй...” /хх 1-н 210/,

Гэрч Т.Туяагийн: “...2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гурвуулаа манай ажил дээр ирсэн. Тэгээд Б.Цогт утсаар яриад гараад явсан байсан би талийгаач охинтой уулзаад ярихад духан дээр нь хавдаад булдруу болсон байсан. Би яагаад хүүхэд ийм болгож байгаа юм гэж Г.Маралмаагаас асуухад өөрөө хана мөргөөд гэсэн би юу гэж хүүхэд ингэж байх юм гээд талийгаач охиноос өөрөөс нь асуухад “аниа миний толгой өвдөөд би тэгсэн юм” гээд айсан байдалтай байсан. Би Маралмаад чи хүүхдийн толгойд жин тавиад янзлахад яасан юм гэхэд тэгвэл наадах чинь даварчихна гэсэн. Тэгээд би охинд чихэр өгөөд халаасанд нь хийж өгсөн, охин чихрээ авах гээд халаасандаа гараа хийхэд чи гараа аваач гээд загнаад байсан...”  /1-р хавтас 148-149/,

Гэрч Ш.Батсүрэнгийн: “...2015 оны 2 сарын 16-ны өдөр 16 цагийн үед буузны мах татаад гэртээ сууж байтал гадуураа халаад өмссөн хүүхэн гэрийн хаалга цохиод “би танай байшинд орсон хүн байна та утсаараа яриулаач би нэгжгүй болчихоод байна” гэж хэлэхээр нь чи хаашаа ярих гэж байгаа юм гэж асуухад “би нөхөр лүүгээ ярих гэсэн юм” гээд нилээд сандарсан байдалтай орж ирсэн учраас дугаарыг нь хийгээд би өөрийнхөө 89644470 дугаараас нөхөр рүү нь залгуулж байх хооронд нөгөө хүүхэн “та манай гэрт ороод хүүхэд хараад өгөөч хүүхэд татаад байна” гэж хэлэхээр нь утсаараа залгаастай хүүхний араас дагаад байшин руу ороход байшинд шалан дээр газраар матрас гудас дэвссэн түүн дээр 3-4 насны бололтой жаахан охин хэвтэж байсан. Охиныг харахад хагас ухаангүй байдалтай яг татаагүй, нэрээр нь дуудахаар мэдээд нүдээ нээх гээд өрөөсөн нүд нь хагас нээгдээд нөгөө нүд нь татаад байгаа бололтой нээгдэхгүй, мөн дуудахаар муухан “аа” гээд  дуугараад байсан. Тэр охин үс, толгой нүүр нь нойтон хувцас нь дээгүүрээ нойтон эрүү духны хэсэгт хөхөрсөн байхаар нь би тэр эмэгтэйгээс энэ “яагаад норчихсон нойтон байгаа юм бэ яагаад дух эрүү нь хөхөрчихсөн юм бэ” гэж асуухад ухаан алдахаар нь ус цацсан, сүү цацаж байгаад ус цацсан, манай хүүхэд наашаа нүүгээд юм зөөж байхад шатан дээрээс унасан юм” гэж надад хэлэхээр нь хүүе тэгвэл тархи нь хөдлөөд удсан юм биш үү гэж хэлсэн. ... Намайг анх ороод тэр хүүхдийг харахад духныхаа зүүн дээд хэсэгт хөхөрсөн, эрүүн дээрээ 2 газар жижигхэн хөхөрсөн харагдсан, түргэн дуудаад ирэхгүй болохоор нь такси бариад эмнэлэг явуулъя гээд нөгөө охины ээж эмэгтэйг гараад такси барь гээд гаргах үед би охины хувцсыг өмсүүлэх гээд ээжийнх нь гаргаж өгсөн триког өмсүүлж байхад охины 2 гуяных нь нэг тал лав хөхөрчихсөн харагдсан...” /хх 1-н 200-201/,

Гэрч О.Очирхуягийн: “...Эрүүгийн ахлах Алтангэрэлийн хамт уулзаж охин ямар байдлаар гэмтэл авсан, үнэн зөвөөр нөхцөл байдлын талаар дүгнэн асуулт хариултын журмаар асуухад Г.Маралмаа нь өөрөө чимээгүй сууж байгаад урьд өмнө нь 2015 оны 1 дүгээр сард охины толгой руу шилэн аягаар цохиж байсан, эхлээд шатнаас охиныг унасан гэж байснаа дараа нь нилээн бодож байснаа тамхи байна уу тамхилаач гэхээр нь би тамхи өгсөн чинь тамхиа татаад би болсон асуудлыг ярья гээд охиныг зодсон талаараа ярьсан. Ярихдаа охин намайг нулимсан, тэгэхээр нь түлхсэн чинь толгойгоороо шалан дээр ар дагзаараа унасан, тэгээд гуя гэлүү бөгсөн дээр нь гэлүү алгадсан гэж ярьж байсан юм. Тэр үед мөрдөн байцаагч Лхамсүрэн Г.Маралмаагаас мэдүүлэг авсан юм. Миний хувьд болон бид нарын зүгээс Г.Маралмааг алгадсан, үснээс нь зулгаасан ингэж тэгж хэл гэж шахалт үзүүлсэн, хүчээр хэлүүлсэн зүйл байхгүй...” /хх 2-н 31/,

Гэрч Б.Баттөгсийн: “... Ц.Оюу-Эрдэнийн биеийн байдал маш хүнд тархины хүнд зэргийн няцрал, тархины баруун талын хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт хүнд хэлбэрийн комын байдал, тархи дарагдалт үхлийн өмнөх байдалтай ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт ирж яаралтай мэс засалд орж, тархины баруун тал бөмбөлгөөс тархины хатуу хальсан доорх бүлэг, няцарсан тархины эдийг авах мэс засал хийлгэсэн...” /хх 1-н 228-229/,

Гэрч Д.Санжаажамцын: “... Намайг 2015 оны 2 дугаар сарын сарын 16-ны орой жижүүрийн эмчийн хөтөлдөг үзүүлэгчийн бүртгэлийг үзэж байхад Ц.Оюу-Эрдэнэ 4 настай эмэгтэй гэсэн тэмдэглэл байсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан Эрдэнэболд эмчээс асуухад “эцэг нь миний охин шатнаас унасан, хэвтэж эмчлүүлэхгүй, санал гомдолгүй  гээд аваад явсан. Уг нь би “тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн гэмтэл гэдэг онош тавиад хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн юм” гэж хэлж байсан. Тухайн үед охины ар гэрийнхэн нь аваад явчихсан байсан ...” /1-р хавтас 239/,

Гэрч Б.Батнарангийн: “... 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тасгийн жижүүрийн эмчээр 16 цагаас эхэлж ажилласан. Ажиллаж байхад 18 цаг дөхөж байхад хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирсэн ба хүүхэд нь таталттай ирсэн. Хүүхдэд менитол дусал, анальгин, демидрол тарьж хүчилтөрөгч залгасан. Хүүхдийн таталт тавигдаж хөдөлгөөний идэвхтэй болсон. Эмчилгээ эхлэхээс өмнө яасан талаар нь асуухад 4 хоногийн өмнө хувийн орон сууцны 1 давхрын шатнаас унасан, би ажил ихтэй болохоор үзүүлж амжаагүй байсан, дөнгөж сая 30 минутын өмнө татахаар нь өөрөө авч ирлээ гэсэн. Эмчилгээ хийж байхдаа би унасан учир компьютер томограф зураг авах шаардлагатай гэхэд тэр хүүхэн “манай ажил ойрхон, би Баянзүрх дүүргийн цагдаад ажилладаг, мөнгөө аваад ирье” гэсэн. Хүүхэд унасан учир ГССҮТ-д үзүүлэх шаардлагатай учир тийшээ хүргэж өгөхөөр болсон. ...” /хх 1-н 218-219/,

Гэрч Б.Эрдэнэболдын: “...Тэгээд хүүхдийг үзэхэд хүүхэд ухаантай, орчиндоо харьцаатай, команд биелүүлсэн байдалтай байсан. Үзлэгийг хийгээд хүүхдийн толгойн зураг авч үзэхэд зураг дээр илэрхий хугарал цуурал байгаагүй. Тэгээд яаж гэмтсэн талаар болон өмнө нь таталт өгч байсан эсэх талаар тодруулж асуухад шатнаас 4 хоногийн өмнө унасан гэж хамт ирсэн эмэгтэй хэлж байсан. Өмнө нь ингэж уналт таталт өгч байгаагүй гэж хэлсэн. Тэгээд хүүхдийг өмнө уналт таталт өгч байгаагүй учраас тархины гэмтэл байж болзошгүй гэж үзэн эмнэлэгт хэвтүүлэх гэтэл эмнэлэгт хэвтэхээс татгалзаж эхэлсэн. Яагаад эмнэлэгт хэвтүүлэхгүй байгаа юм бэ гэж асуухад бид 2 хоёулхнаа явж байна, хувцас хунар авч ирж өгөх хүн байхгүй гэсэн шалтгааныг тавьсан. Хувцас хунарыг хүүхэд эмнэлэгт хэвтсэний дараа яваад аваад ирж болно гэдгийг хэлсэн. Аав нь ажилтай болохгүй гээд байхаар нь өөрөө ээж нь үү гэж асуухад үгүй би эгч нь гэж хэлж байсан. Тэгэхээр нь энэ хүүхдийн талаар шийдвэр гаргах эрхтэй хүнийг дууд гэж хэлсэн. Тэгээд түр хүлээлгэсэн цаг орчмын дараагаар аав нь гэх цагдаа хувцастай залуу орж ирсэн. Аавыг нь ирсний дараа эмнэлэгт хэвтүүлэх талаар дахиад хэлэхэд эмнэлэгт хэвтэх боломжгүй гээд эмнэлэгт хэвтээд юу хийгдэх талаар асуусан. Би Цогт гэдэг залууд хүүхэд уналт, таталт өгсөн учраас эмнэлэгт хэвтүүлж эмийн эмчилгээ хийнэ, толгойд компьютерийн томографийн шинжилгээ хийх талаар хэлсэн... Тэгтэл Цогт эмнэлэгт хэвтүүлэхгүй, зөвлөгөө аваад хүүхдээ аваад явна гэж хэлсэн. Тэгээд асран хамгаалагч эцэг нь учраас эмнэлэгт хэвтэхээс татгалзаж байгаагаа бичиж өгөхийг хүссэн. Тэгэхэд аав нь зөвшөөрөөд бичиж өгсөн...” /хх 1-н 222-224/,

Г.Маралмаагийн сэжигтнээр 3 дахь удаагаа өгсөн “...Т.Цогт гэртээ орж ирээд охин Ц.Оюун-Эрдэнийг загнаж, чи өөрөө наад баасаа цэвэрлэ гээд загнахад Ц.Оюун-Эрдэнэ өөрөө хувцсаа тайлахаар нь би охиныг усанд оруулаад алчууран дээр зогсоогоод баастай өмдийг нь угаасан. Намайг охины баастай өмдийг угааж байхад Т.Цогт нь охин Ц.Оюун-Эрдэнийг өмднийхөө тэлээгээр ороолгож зодож эхэлсэн. Тэр үед Т.Цогт охиныг зодохдоо нилээд хүчтэй ороолгож чанга цохиж уйлуулаад байсан болохоор нь санаа зовоод чи одоо боль, эмэгтэй хүүхдийг ямар чанга цохидог юм бэ гээд хорьсон. Тэр үед Т.Цогт охин Ц.Оюун-Эрдэнийн үснээс нь зулгааж, чи дахин өмдөндөө баах уу гээд загнаж байсан. Мөн Ц.Оюун-Эрдэнийн аманд гараа хийгээд чи намайг харж байхад одоо бөөлжөөдөх, чи дахиж бөөлжих уу гээд чанга хашгираад загнасан...” /хх 2-н 151/,

Т.Цогтын яллагдагчаар өгсөн “...Миний анх сэжигтнээр өгсөн мэдүүлэг бол тухайн үед Г.Маралмааг хаацайлсан мэдүүлэг өгсөн юм. Анхны мэдүүлэгт би гэртээ байхад охин гадаа гараад гаднаас орж ирэхдээ шатан дээрээс уначихлаа гэж мэдүүлэг өгсөн нь худлаа. Би Оюукаг гадаа гаргаад охин гаднаас шатан дээрээс уначихлаа гэж орж ирээгүй юм. 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдөр намайг ломбард явчихаад ирэхэд Г.Маралмаа охиныг шатан дээрээс уначихсан гэснээс өөр юм хэлээгүй. Тэгэхэд духныхаа хавьд шалбарчихсан, доод уруулны баруун хэсэгт арьс нь хууларчихсан, эрүүний баруун хажуу хэсэгт нь хөхөрчихсөн байсан. Тэгээд би хаагуур өвдөөд байна толгой нь өвдөөд байгаа юу гэсэн чинь Ц.Оюун-Эрдэнэ  толгой өвдөхгүй байна, энүүгээр өвдөөд байна гээд хоёр цавиа заагаад байхаар нь хувцсыг нь тайлаад үзсэн чинь хоёр гуя нь урд талаараа компьютерийн маузны хэмжээтэй улайчихсан хөх туяатай толбо гарчихсан байсан...” /хх 2-н 175/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн задлан шинжилгээний 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 408 дугаар дүгнэлтийн онош хэсэгт:  “Хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал. Баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх тархмал цусан хураа. Зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, баруун уушигны няцрал, гавлын хөндийг нээж тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хурааг /120 мл/ авах, цус тогтоох, гуурс тавих 1 удаагийн /2015.2.17/ мэс засал, нүүр, толгой, мөчдийн олон тооны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи, уушигны эрс илэрсэн хаван, тархины дарагдал, уушигны гялтан дахь цэгчилсэн цус харвалт, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал” гээд дүгнэлтэд: Ц.Оюу-Эрдэнийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оноошид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг ямар ч байрлалд /босоо, суугаа, хэвтээ/ байхад авах боломжтой бөгөөд талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас нас баржээ. Гавал тархины гэмтлийн үед тухайлбал тархины хатуу хальсны доор цусан хураа үүссэн үед хэсэг хугацаанд үйл хөдлөл хийх, амьд явах боломжтой. Ц.Оюу-Эрдэнийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач Ц.Оюу-Эрдэнэ нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх 1-н 247-249/, мөн 408 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх 2-н 1-2/,

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх 1-н 40-44/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 45-51/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон зургийг үзүүлэлтүүд /хх 1-н 51-68/ зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Б.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт болон хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс Г.Маралмаа, Т.Цогт нарыг бүлэглэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2015 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр амь хохирогч Ц.Оюун-Эрдэнийг модон могойгоор байнга зодох, эхийн бузар арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь нүүрний будаг арилгагч шингэн цацах, алгадах, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлсэн, Т.Цогт нь Г.Маралмаагийн дээрх үйлдлийг таслан зогсоолгүйгээр үл барам, идэвхитэйгээр дэмжиж, арцыг арвайн будаатай хольж идүүлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлд заасан тарчлаах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

Гэвч “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар Г.Маралмаа, Т.Цогт нарт тус бүрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Г.Маралмаа нь 2015 оны 2 дугаар сарын 15-ны өглөө амь хохирогчийг өмдөндөө баалаа гэх шалтгаанаар түлхэж унагаан зодож, улмаар Т.Цогт нь гаднаас орж ирээд өмдний тэлээгээр зодсоны улмаас Ц.Оюу-Эрдэнэ орой нь нурмайж, орчиндоо үйлчлэл багасаж, тухайн шөнөдөө огт унтахгүй, орондоо тийчлээд хоносон, маргааш өглөө нь буюу 2 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед сэрээд хөл нь гишгиж чадахгүй байсан ба удалгүй таталт өгсөн бөгөөд Баянзүрх дүүргийн эмнэлэгт очоод анхны тусламж аваад улмаар Гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Гэтэл Т.Цогт ирээд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, хэвтэн эмчлүүлэхээс татгалзаж, бичгээр хүсэлт гарган /хх 1-н 5/ талийгаач охиныг гэр лүүгээ авч явсан бөгөөд маргааш нь буюу 2 дугаар сарын 17-ны өдөр талийгаач бүрэн комд орсон болох нь Г.Маралмаагийн 3 дахь удаа сэжигтнээр өгсөн “...Цогт охиныг өмднийхөө тэлээгээр ороолгож, зодож эхэлсэн, нэлээд хүчтэй ороолгож, чанга цохиж, уйлуулаад байсан болохоор нь би боль гээд хорьсон...” /хх 2-н 151/, Т.Цогтоос Г.Маралмаагийн утас руу “очиж байгаад наадахыг чинь арьсыг нь хуулаад өгнө өө” гэж бичсэн мессеж /хх 2-н 113/ зэргээр тогтоогдож байна. Т.Цогт, Г.Маралмаа нарын дээрх үйлдлүүдийн улмаас хохирогч гавал тархины битүү гэмтэл болон баруун уушгины няцрал зэрэг хүнд гэмтэл авч, нас барсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн Т.Цогт, Г.Маралмаа нар нь талийгаач охиныг 2015 оны 2 дугаар сарын 15-ны өдөр үйлдлээрээ нэгдэн зодож,  2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй, авч яваад байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.      

Хохирогч Ц.Оюун-Эрдэнийн бие махбодид нь олон тооны шарх, гэмтэл учирсан, мөн хохирогч бага насны буюу 3 нас 11 сартай байсан нь тус тус нотолсон тул ялтан нарыг гэмт хэрэг үйлдэхдээ онц харгис хэрцгий аргаар, мөн хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд ялтан Г.Маралмаа, ялтан Т.Цогт, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүд нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байх тул тэдний гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй байна.