Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 809

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Н.Э- түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан,

шүүгдэгч Г.П- түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Г-ийн П-, Б овогт Н-гийн Э- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1905025710758  дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ... -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл... , эхнэр ...хүүхдийн хамт ....... дүүрэг ... дүгээр хороо ...  дугаар байр ... тоотод оршин  суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр  сарын 08-ны  өдрийн 872 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Х овогт Г-ийн П-. 

 

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр ...... аймаг ... суманд төрсөн, ... настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой ам бүл ... эхнэрийн хамт .... дүүрэг ... дүгээр хороо, .... гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийнгийн Э-

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.П- нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод иргэн Н.Э-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод иргэн Г.П-тэй  маргалдан гараараа толгойн тус газар цохиж тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.П- мэдүүлэхдээ: “Би гар хүрсэн зүйл байхгүй. Би эмэгтэй хүн рүү дайрсан асуудал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Э- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр бид хоёр зодолдсон зүйл байхгүй. Адилхан барилцаж авсан. Бие биенийгээ зодсон зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Г.П- мэдүүлэхдээ: “Э-ийг манайхаас яв гэхэд нүүхгүй, явахгүй гээд шууд намайг заамдаж авсан. Би гарыг нь тавиулаад байж байхад охин нь орж ирээд энийг алчихъя гээд хоёулаа нийлээд дайрсан. Манай эхнэр намайг авч гарсан. Гадаа байж байхад охин нь араас гарч ирээд маажиж, өвдөглөсөн. Э- тухайн үед чулуу бариад дайрах гэж байхад эхнэр нь болиулсан. Нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Н.Э- мэдүүлэхдээ: “П-ийн мэдүүлж байгаа зүйл худлаа. Би түрээсэлж байсан зүйл байхгүй. Бид хоёр барьцалдаж авсан. Надад учирсан гэмтлийг П- учруулсан. Энэ үйлдлээс болоод хүнд гэмтсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Н.Э- нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод иргэн Г.П-тэй  маргалдан гараараа толгойн тус газар цохиж тархи доргилт, хоёр хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.П-ийн “2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн оройн 21 цагийн үед эхнэр Яын хамтаар 1 дүгээр хороололд байрлах гэрээсээ гараад Баянгол дүүргийн ....... хорооны нутаг дэвсгэрт байрлах ........ дугаар байрны ард байрлах өөрийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй буусан Э-ийг манай хашаанаас нүүгээч гэж хэлэх гэж очсон. Ингээд очоод хэлтэл ингэж удаан танай грашийг түрээсэлж байхад нүүж чадахгүй гэж хэлэн Э- заамдан авсан. Би гарыг нь арагш түлхсэн. Бид нар хашаагаа авна гэж хэлтэл бид нар эндээс нүүхгүй насан туршдаа амьдарна гэж хэлсэн. Би энхэрийнхээ хамтаар зүүн талын орон дээр сууж байхад Э-ийн эхнэр охин С-г утсаар дуудсан байсан. Удалгүй С- орж ирсэн. С- надруу дайраад та яагаад байгаа юм бэ, яагаад аав, ээжийг минь дээрэлхээд байгаа юм бэ өмөөрөх хүнгүй гэж бодоо юу  гээд миний нүүр лүү гараараа цохиод байсан. Энэ үед Э- босож ирээд орон дээр дараад нүүр лүү гараа зангидаад цохисон. Мөн миний нүүрийг маажсан. Миний хөл рүү өшиглөөд байсан. Би энэ үед хариу үйлдэл үзүүлж чадахгүй манараад байсан. Энэ үед мөн Э-ийн эхнэр С- ирээд Э-ийг салгах гээд нүүр лүү цохиод байсан. Э- салахгүй мөн надруу дайраад байсан. Би байшингаас нь зугтаад гарсан. Гадаа эхнэр Я цагдаа дуудаад зогсож байсан. Миний араас С- гарч ирээд намайг хөөгөөд маажаад, бие рүү өвдөглөөд байсан. Мөн Э- гарч ирээд нүүр лүү гараараа цохисон. Энэ үед Э-ийн эхнэр нь ирж салгаад Э- цохиод түлхээд байсан. Э- газраас том чулуу аваад над руу дайраад энийг энд нь алчихъя гээд дайртал түүний эхнэр Э-ийг цохиод унагасан. Энэ үед эхнэр Я ирж салгах гэтэл С- түлхээд цохиод Э- эхнэрийг үснээс нь зулгаагаад хашаанаас гараад грашийн урд зогсож байтал хоёр цагдаа ирсэн.

...Толгой руу гараараа 10-20 удаа цохисон. Бие рүү, гэдэс рүү, цээж рүү гараараа цохисон. ...Эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 110-111 дүгээр хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6466 дугаартай:

“1. Г.П-ийн биед тархи доргилт, хоёр хацар, баруун нүдний дээд зовхи, хүзүү, баруун өвдөгт цус хуралт, баруун хацар, эрүү, уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, баруун гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Х.Я-ын “2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нөхөр П- ажлаа тараад ирэхээр нь гэрээсээ  гараад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн хашаанд байрлах грашийг өөрийн төрсөн дүү А-д түрээслүүлэхээр хашаанд очоод Э-ийн барьсан жижиг байшинд ороод за сайн байна уу гэхэд Э-ийн эхнэр С- цай хийж өгсөн. Түүнийг уугаад ойр зуурын юм  яриад нөхөр хагалгаанд орсноо ярилцаад суусан. Ингэж байгаад нөхөр грашаа түрээслэхээр болсноо хэлээд урд байгаа айлыг нүүлгэнэ, танайх нүүх боломж байна уу гэж хэлсэн чинь Э-, С-  хоёр орилоод эхэлсэн. Э- нөхөр П-ийг өмсөж байсан куртикнээс нь заамдаад ална гэсэн. Нөхөр яагаад байгаа юм бэ, би чамтай хэрүүл хийх гэж ирээгүй шүү гэж хэлээд гарыг нь арагш нь түлхээд доороо суусан.  Энэ үед С- нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй 2 минутын дараа хаалгаар охин С- орж ирээд ханцуйгаа арагш нь шамлаад муу хулгайчаа чамайг ална гээд нөхөр П- рүү дайраад нөхрийн хоолойг боогоод арагш нь түлхсэн. Энэ үед би босч ирээд юу болж байгаа юм бэ гэсэн чинь Э- босч  ирээд мөн нөхөр рүү дайрсан. Нөхөр хариу үйлдэл үзүүлж чадаагүй. Би хориод дийлэхгүй байсан болохоор утсаар цагдаа дуудсан. Энэ үед нөхрийг ухаан алдсан байна гэж бодоод алчихлаа гэж орилсон. С- нөхөр Э-гээ татаад болиулсан. Би нөхөр П-ийг аваад хаалгаар гадагш гарсан. Би нөхрийгөө чи биеэ хамгаалж чаддаггүй юм уу гэж хэлсэн. Нөхөр би хуулийн дагуу явна гэж хэлсэн. Бид хоёр гадаа гараад 2-3 минут болж байсан чинь араас Сансараа орилоод гараад ирсэн. Гарч ирээд нөхрийг заамдаад авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 117-118 дугаар хуудас/

 

Гэрч Х.А-ы “... би  гэрээс гараад хашаа даваад хартал Э- гэрээсээ гарч ирээд намайг чи яах  гээд байгаа юм бэ гэж хэлсэн. П-ийн эхнэр гадаа тонгойгоод суусан байсан. П-ийг эхнэрийнх нь ойролцоо С-, Сансараа хоёр П-ийг барьсан зогсож байсан.  С- намайг чи цаашаа бай чи илүү гэж хэлсэн.  Ингээд зодоон болоогүй салаад Э-, С-, С- гурав гэртээ орсон. ... Зодоон болохыг би  хараагүй. Би дуусаж байх үед нь хашаан дээгүүр харсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 119 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдсон тогтоогдсон байна.

 

Харин прокуророос шүүгдэгч Г.П- нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... гудамжны ... тоотод иргэн Н.Э-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Э-ийн “Би эхнэр Ц.Э-ы хамтаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун ард аюушийн 1 дүгээр гудамжны 3 тоот хаяганд одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 оноос хойш амьдарч байгаа юм. Г.П- намайг анх автомашины дулаан грашийн сахиулаар сар бүр цалин өгч ажиллуулсан юм. Хэрэг болсон тухайн өдөр би гэртээ эхнэр Ц.Э-ы хамт гэртээ 21 цагийн үед байж байхад гаднаас Г.П- эхнэр Яын хамтаар орж ирээд шууд одоо энэ хашаанаас яв гэхээр нь би би явж болж байна, гэхдээ чи ажлын цалин, энэ грашид 2007 оны 5 дугаар сард тавиад эзэн нь алга болсон тул уг автомашины төлбөрийг өдөр бүрийн тооцоог өөрт  чинь өгсөн, мөн энэ хашааны хойд хэсэгт би өөрийн мөнгөөр 2х3 харьцаатай байшин барьсан тул 5.000.000 төгрөг гаргаж өг, эсвэл надад 5 ханатай Монгол гэр авч өг, би танай хашаанаас явахад надад амьдрах гэр орон байхгүй, энэ  асуудлыг шийдээд өгвөл би танай хашаанаас нүүхэд бэлэн байна гэхэд хариуд нь П- надад 1.000.000 төгрөг өгье гэхээр нь 1.000.000 төгрөгөөр ямар гэр авах юм гэж хэлээд би уурлаад босч очоод П-ийн цамцны энгэрээс баруун гараараа заамдаад авсан чинь зөрүүлээд миний цамцны энгэрээс заамдаж бооход би унахдаа хажууд байсан модон шкафыг ор болгоод газар тавьсан байсныг баруун талаараа цохиж баруун гараараа тулахад манай эхнэр хажуугаас та нар одоо боль гээд П- бид хоёр хоёр тийшээ болсон. Тэгвэл манай охин С- гэрт орж ирээд та ягаад аавыг дандаа дээрэлхэж байдаг юм гэж П-эд хэлээд хэн нь эхэлж хэнийгээ заамдсаныг хараагүй, нэг мэдсэн чинь манай охин С- Г.П- хоёр нэг нэгнийхээ энгэрээс  заамдаж байгаад гэрээс гараад эхнэр бид 2 гэрт үлдсэн. Тэгтэл гадаа манай охин С-, П- 2 чанга чанга дуугарч хоорондоо маргалдаад  байхад хашаагаар хүн  даваад орж ирж байгаа чимээ сонсогдохоор нь би  гэрээсээ ганцаараа гараад очиход хашааны гадна П-ийн хашааг түрээсэлж байгаа Баяраа гэх залуу болон манай охин С-, П- нар зогсож байсан. Нэг нэгнийгээ заамдсан болохоос биш ямар нэгэн байдлаар зодолдсон асуудал бол байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 108 дугаар хуудас/

           

Гэрч Х.Яын “... Ингээд байж байтал Э-, С- хоёр хаалган дээр хараад зогсож байснаа Э- байшингийн булангаас  том чулуу  авснаа одоо би алчих уу гээд нөхөр лүү дайрсан. Энэ үед С- ирээд Э-ийг цохиод унагачихсан. Э- газраас босч ирээд хүний машины хамар дээр гараараа цохиж эхэлсэн. Дахиад хоёр дахь машины хамар дээр гараараа цохих үед Сайхнаа Э-ийн нүүр лүү гараараа машины өрөнд орох гээ юу гээд цохисон. Би цагдаа ирэхгүй болохоор нь цагдаа дуудсан. Энэ үед С- хараад наадах чинь бичлэг хийгээд байна, наадахынхаа утсыг эвд гэж хэлсэн.  Э- миний утсыг эвдэх гээд хөөсөн. Энэ үед би зугтсан. Энэ үед С- намайг гараараа миний нүүр лүү цохисон. Би цаана нь унасан. Ингээд ухаан балартаад байж байхад Э- ирээд миний үснээс чирсэн. Энэ үед С-  ирээд Э-ийг цохиод гэртээ оруулсан. Би уйлаад сууж байтал хашаа даваад миний дүү А- орж ирээд яасан бэ гэсэн. Эгч нь зүгээрээ ахыгаа ав гэсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 117-118 дугаар хуудас/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6483 дугаартай:

“...1. Н.Э-ийн биед цээж, зүүн даланд цус хуралт, хамар, баруун шанаа, цээж, хэвлий, зүүн мөр, зүүн дал, бүсэлхий, зүүн бугалга, баруун тохой, зүүн шуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Э-, Г.П- нар нь газрын маргааны улмаас хоорондоо маргалдаж улмаар Н.Э- нь Г.П-ийг заамдан авч хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан, харин Г.П- нь энэ үед Н.Э-ийг заамдан авч түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл Н.Э- нь эхэлж илэрхий, хүч хэрэглэсэн довтолгоо хийж Г.П-ийг заамдан авч нүүрэн тус газар нь цохисон байх бөгөөд түүний үйлдэл нь Г.П-ийн эрүүл мэнд болон хууль ёсны эрх, ашиг сонирхолд хор хохирол учрах, эсхүл хор хохирол учруулах бодитой шууд аюул тулгарах нөхцөл байдал бий болжээ.

Өөрөөр хэлбэл хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан заамдан авч, хэд хэдэн удаа цохисон Н.Э-ийн үйлдэл нь Г.П-ийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

Иймд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Г.П-ийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус хадлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж шүүх дүгнэж, түүнд холбогдох хэргийг  гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал бий болсон тул хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.П-, Н.Э- нар баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй, хохирогч Г.П-, Н.Э- нар хохирол нэхэмжлээгүй тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүх  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Э-ийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж,  шүүх цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаагаар  хэсэгчлэн  тогтоов.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г-ийн П-ийг холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ийнгийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Э-ийг  450.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар Н.Э- нар торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Н.Э- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  Г.П-, Н.Э- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, Н.Э- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.П-, Н.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ