Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 752

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

иргэдийн төлөөлөгч З.Алмагүл,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Даваа, Н.Наранбаатар

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012430826 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Г.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн ард аюушийн 4 дүгээр гудамж 72 тоот дахь иргэн Н.М-гийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа хохирогч Ү.Б-той маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалж биед нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д- мэдүүлэхдээ:

“...Маш их гомдолтой байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ 5.000.000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Эм тариа авч өгөхийн хувьд авч өгсөн. Ганц удаа ч уулзаж биеийг нь асууж байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр ч удаа буруу гарсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бийн өгсөн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн орчим манай хашаанаас урагш хоёр хашааны зайтай байдаг М-гийнх руу орсон. Тэгээд ортол М-гийнд О түүний найз эмэгтэй М- 3 архи уугаад сууж байсан. О ууж байсан архинаасаа хийж өгөхөд би түүнийг уусан. Ингээд яриад сууж байгаад би Оод тоглоомоор “чи найз охиноо М-тай танилцуулж яваа юм уу” гэхэд О уурлаад босож ирснээ миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Ингэтэл миний уруул амнаас цус гараад ирэхэд М- боль боль гээд хашаанаасаа гаргасан. Тэгээд би хашааны гадаа гарч шээчихээд буцаж М-гийнд ороод Ооос уучлалт гуйж гар бариад хамт архи ууж суусан. Уугаад сууж байхдаа би М-гаар ирлүүлэх гэж байсан хутгаа гаргаж ирээд хутга ирлээд өгөөч гэж М-д хэлэхэд М- “өнөөдөр согтуу юм чинь дараа больё” гэхээр нь хутгаа бариад сууж байтал О нилээд согтсон гуйваад босож ирснээ намайг “миний найз гээд ирэхээр нь би өөдөөс нь бүтэн тэвэрсэн, тэврэхдээ гарт барьсан хутгаараа санамсаргүй ар нуруу руу хатгасан. Тэрнээс би Оыг гэмтээгээгүй. Тухайн үед би согтсон, гартаа хутга барьснаа анзаараагүй байтал найз гэнэт тэврье гээд найгаад унаж ирсэн. Тиймээс би өөрийн согтуу болгоомжгүй байдлаас болж найзыгаа гэмтээсэндээ маш харамсаж байна.

Уг хутга нь бор хүрэн иштэй ажлын хэсэг нь төмөр бөгөөд ишнийхээ төгсгөлд шувууны толгойтой байгаа. Уг хэргийн материалд 2018.08.20-ны өдөр зургийг нь авч хавсаргасан хутга миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга мөн байна...” гэх мэдүүлэг/хх-н 48-49, 164-165/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн өгсөн:

            “...Би Оын төрсөн ах бөгөөд дүү маань манай 7 дахь дүү байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Оыг хүнд хутгалуулчихлаа гэхээр нь би госпиталд очиход Оын хавирга хугараад тэр нь уушиг болон дэлүүг нь нэвтэлсний улмаас цоройг нь цоолж их хэмжээний цус алдсан байсан бөгөөд ходоод нь гэмтсэн байсан. Мөн дотуур цус их алдсан учраас 3 литр орчим цус юүлсэн гэсэн бөгөөд энэ үед тархинд харвалт өгч түүнээс хэлгүй болсон. Одоо биеийн байдал нь хэлж ярьж чадахгүй, бичиж чадахгүй, ойлголт их удааширсан байдалтай байна. Гэхдээ ганцаараа явна, хоол ундаа идчихдэг боловч байнгын хүний асаргаанд байгаа. Оыг эмнэлэгт хэвтсэн цагаас нь Батсүх эмчилгээний зардлыг байнга гаргаж байсан бөгөөд биднээс эмчилгээний зардалд мөнгө гарсан тооцоо байхгүй. Гэхдээ цаашид удаан хугацааны эмчилгээ асаргаа хийх учраас тэр хугацаагаар мөнгө хэрэгтэй болно. Тэгэхээр тэр хэмжээний мөнгийг нэхэмжилж байна. Гэхдээ мөнгөний тоог хэлж чадахгүй байна. Эрүүл саруул байсан дүү маань өнөөдөр хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдаад хүний гарт орсон байгаа учраас гомдолтой байна.

            Батсүх нь өмнө өгсөн эмчилгээний зардал дээр нэмж өгсөн зүйл одоогоор байхгүй байна. Бид нартай ярих ч үгүй байна. Одоо дүү Оыг дахин шилжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа боловч бидэнд мөнгө байхгүй байна. Дүү олон cap эмчилгээ хийлгэж чадаагүйн улмаас унаж татдаг болсон. Мөн хэл яриа байхгүй учраас бусадтай ойлголцож чадахгүй бид нар ч өвчин зовиурыг нь ойлгож мэдэрч чадахгүй байна. Манай дүү О нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Алтай хүдэр компанид сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан боловч дутагдлаар халагдсан байгаа. Хэрэв манай дүү эрүүл саруул байсан бол дээрхи хэмжээний ажил хийгээд өөрийгөө болон гэр бүлээ тэжээж явах байсан. Иймээс манай дүү О нь 2018 оны 02 дугаар сарын 25-наас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хаанаас ч ямар тэтгэмж тэтгэлэг авч байгаагүй, ямар ч орлогогүй байсан учраас энэ хоорондох хугацааны олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр тооцон 480,000 төгрөг, мөн 2018 оны 5 дугаар сарын 01-нд групп-д орж сарын 155,000 төгрөгөөр 6 сараар тус тус тогтоогдсон. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөг, сарын группын мөнгө болох 155,000 төгрөг 2-н хоорондын зөрүү 85,000 төгрөг болж байгаа учраас уг зөрүү мөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тооцохоор нийт 990,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг Батсүхээс нэхэмжилж байна. Мөн О эд эрхтэн дутуу хэлгүй болсон учраас сэтгэл санаагаар маш их унаж байгаа тиймээс сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Дүү маань эрүүл мэндээрээ болон сэтгэл санаагаар маш их хохирч байгаа..” гэх мэдүүлэг /хх-н 98-99, 179-181/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Н.М-гийн өгсөн:

“...Би 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад танил дүү О эхнэр Нацагийн хамт надтай золгохоор 15 цаг өнгөрч байхад ирсэн. Бид 3 гадаа дулаахан байсан болохоор 1 шил 0,5 литрийн Хараа архи хуваагаад уугаад сууж байхад гаднаас танил дүү Батсүх ганцаараа халамцуу орж ирэхээр нь 1 хундага хийж өгсөнд уучихаад Оод чи дүүгээ Далайд өгөх гэж ирэв үү гэж ёжилж дооглосон маягтай хэлсэнд О Батсүхийн нүүрэн тус газар 1 удаа цохисонд Батсүхийн хамраас жаахан цус гарахаар нь би Батсүхийг яв гэж хэлээд хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд бид 3 манай гэрт ороод үүдний хэсэгт гал тогоондоо ширээ тойроод сууж байсан чинь 20 орчим минутын дараа Батсүх ганцаараа орж ирээд үгийн зөрүүгүй Оын нуруу руу цохих шиг болсон. Цохихдоо чи яасан их намайг зоддог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би харахад Батсүх гартаа хүрэн иштэй ойролцоогоор 20 орчим см урттай хутга барьсан харагдахаар нь би хутганаас нь бариад авсан чинь миний хутга барьсан зүүн гарыг зүсэж хутгаа сугалж татаж аваад гараад явчихсан. Тэгээд Оыг харсан чинь суудал дээрээ нуруундаа хутгалуулсан цус гарсан байдалтай байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Н-ийн өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би 15 цагийн орчим ажлаасаа тарах үед О Баянгол гэдэг дэлгүүрийн үүднээс тосож авсан. Тэгээд хоёулаа харья гэтэл О би гадуур хувцсаа Далай ахынд үлдээсэн байгаа” гэхээр нь би бас золгоогүй байсан учраас золгонгоо орсон. Тэгтэл Далай ах О хоёр нэг шил архи хувааж уусан шинжтэй архи нь бага зэрэг үлдсэн байсан. Тэгээд би М- ахтай золгоход О М- ах хоёр тэр архинаас нэг нэг татсан. Ингээд байж байтал Батсүх гаднаас согтуу орж ирэхэд уг архинаас М- ах Батсүхэд нэг хийж өгөхөд Батсүх тэр архийг уусан. Тэгээд нилээд удаан ярьж сууж байгаад Ооо “одоо энэ хүүхнээ Далай ахад зарах нь уу” гэсэн. Гэтэл О “юу яриад байна” гээд маргалдаж байснаа О Батсүхийн нүүр лүү нэг удаа цохиход Батсүх ах гэдэргээ саваад унасан. Тэгтэл Батсүхийн хамраас цус гарахаар нь тэрийг нь цэвэрлэж өгсөн. Тэр хооронд О Батсүх хоёр маргалдаад л байсан. Тэгтэл М- ах тэр хоёрт манай гэрт хэрүүл хийхгүй, зодоон цохион бас хийхгүй” гэхэд Батсүх гараад явсан. Тэгээд О М- ах бид гурав үлдээд жаахан яриад сууж байтал Батсүх гаднаас эргээд орж ирсэн. Батсүхийг орж ирэхэд би буруу хараад суусан байсан учраас гартаа хутга барьсан байсныг хараагүй гэтэл О "хайраа намайг дүрчихлээ” гэж хэлээд хутгалуулсан газраа гараараа дараад ширээ дэрлээд хэвтсэн. Тэгэхээр нь би эргээд хартал Батсүх гартаа хутга барьсан зогсож байхаар нь М- ахад хэлэнгүүтээ би Батсүхийн хутгатай гарнаас барьж байгаад М- ахаа хутгыг нь аваарай гэтэл М- ах тэр хутгыг нь авах гэж байгаад зүүн гарынхаа долоовор болон чигчий хурууг зүсүүлчихсэн. Гэтэл Бaтcүx гараад явсан бөгөөд М- ах бид хоёр 102 болон 103-т дуудлага өгөхөд цагдаа болон түргэний эмч нар ирсэн. О яаралтай хагалгаанд орсон. Дотуур цус их алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 100-101х/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ж.Оюунаагийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 8117 тоот дүгнэлт гаргасан байна. Энэ шинжилгээнд 1 ширхэг хутга ирүүлсэн ба хутган дээр ямар нэг толбо байгаагүй ба шалган шинжлэхэд цусны урвал өгөөгүй тул цус илрээгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг шинжилгээнд ирүүлсэн хутгыг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн дэд хурандаа С.Ганболд шинжилж 2733 тоот дүгнэлт гаргасан байх ба хутган дээр толбо илэрсэн ба толбон дээрээс дээж авч ДНХ-ийн шинжилгээ хийж цусны толбоны тогтоцыг гаргаж дүгнэлтэндээ тусгасан байна. Миний шинжлэх үед хутган дээр ямар нэгэн толбо байхгүй, өмнө хийгдсэн шинжилгээгээр арчигдаж зарцуулагдаж дууссан байсан тул цус болон цусны толбо илрэхгүй байх боломжтой. Одоо хутган дээрх ДНХ-ийн тогтоц тогтоогдсон байгаа тул зөвхөн хохирогч Ү.Б-, яллагдагч Г.Б нарын цусыг ДНХ тогтоцтой харьцуулахад хэний цус байх гэдэг нь 99.99% магадлалаар тогтоох боломжтой...” гэх мэдүүлэг /хх-н 184-185/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3127 тоот: 

           1. Ү.Б-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч өрц дэлүү, ходоодны ханыг гэмтээсэн шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал, зэрэг гэмтэл тогтоогдлоо.

           2. ШЭГЗТЖ-н 3.1.11 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг болно.

           3. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

           4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэх дүгнэлт /хх-н 28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан шинжээчийн 598 тоот: 

1. Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3127 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан агуулга тусгагдсан эсэхийг шүүх эмнэлэг тогтоохгүй.

3. Ү.Б- нь 2018.02.28-ны өдөр тархины MRI шинжилгээгээр зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, духны хэсэгт нягтрал ихэссэн, тархмал цус харвалттай байна гэх дүгнэлт /хх-н 105-106/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 796 тоот:

1. Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2. Г.Б нь сэтгэцийн эмгэггүй байна.

3. Г.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж байхгүй байна гэх дүгнэлт /хх-н 187-188/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 11030 тоот: 

1. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн иштэй хутганд наалдсан цусны толбо, байшингийн дотор талаас авсан гэх цусны толбоны ДНХ-ийн тогтоц №8118 дугаартай Ү.Б-ын гэх хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна гэх дүгнэлт /хх-н 190/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 838 тоот: 

Ү.Б- нь тархины цусан хангамжийн цочмог хямралын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн эдэд цус хомсролын шигдээс үүсчээ. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 943 тоот: 

Ү.Б- нь тархины цусан хангамжийн цочмог хямралын улмаас тархины зүүн тал бөмбөлгийн эдэд цус хомсролын шигдээс үүсчээ. Энэ нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх дүгнэлт,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-5/,

            - Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-н 59-91/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41х/

- гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 42/

- бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-н 43/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүн ард аюушийн 4 дүгээр гудамж 72 тоот дахь иргэн Н.М-гийн гэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа хохирогч Ү.Б-той маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалж биед нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулан, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Бийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ... О нилээд согтсон гуйваад босож ирснээ намайг “миний найз гээд ирэхээр нь би өөдөөс нь бүтэн тэвэрсэн, тэврэхдээ гарт барьсан хутгаараа санамсаргүй ар нуруу руу хатгасан. ...хэргийн материалд 2018.08.20-ны өдөр зургийг нь авч хавсаргасан хутга миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга мөн байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д-ийн “...Би Оын төрсөн ах бөгөөд дүү маань манай 7 дахь дүү байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Оыг хүнд хутгалуулчихлаа гэхээр нь би госпиталд очиход Оын хавирга хугараад тэр нь уушиг болон дэлүүг нь нэвтэлсний улмаас цоройг нь цоолж их хэмжээний цус алдсан байсан бөгөөд ходоод нь гэмтсэн байсан. Мөн дотуур цус их алдсан учраас 3 литр орчим цус юүлсэн гэсэн бөгөөд энэ үед тархинд харвалт өгч түүнээс хэлгүй болсон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Н.М-гийн “...Би 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ...Батсүх ганцаараа орж ирээд үгийн зөрүүгүй Оын нуруу руу цохих шиг болсон. Цохихдоо чи яасан их намайг зоддог юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би харахад Батсүх гартаа хүрэн иштэй ойролцоогоор 20 орчим см урттай хутга барьсан харагдахаар нь би хутганаас нь бариад авсан чинь миний хутга барьсан зүүн гарыг зүсэж хутгаа сугалж татаж аваад гараад явчихсан. Тэгээд Оыг харсан чинь суудал дээрээ нуруундаа хутгалуулсан цус гарсан байдалтай байхаар нь эмнэлэг, цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Н-ийн “...2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ...О "хайраа намайг дүрчихлээ” гэж хэлээд хутгалуулсан газраа гараараа дараад ширээ дэрлээд хэвтсэн. Тэгэхээр нь би эргээд хартал Батсүх гартаа хутга барьсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3127 тоот дүгнэлт, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалаар гаргасан шинжээчийн 598 тоот дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 11030 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 838 тоот дүгнэлт, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн 943 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Бийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд, шүүгдэгчийн учруулсан хохиролд төлсөн хохирлын баримт зэргийг харгалзан шүүгдэгч Г.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ү.Д- нь хохирол нэхэмжлэх талаар мэдүүлж байх тул хохирогч Ү.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.Бэд 9 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-т заасны дагуу хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 271 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 05 /таван/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 271 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

5. Шүүгдэгч Г.Б энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсын төлөөлөгч Ү.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Г.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ           

                   ШҮҮГЧИД                                  С.БОЛОРТУЯА                       

                                                                        Ч.ОТГОНБАЯР