Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/01641

 

“Р”ХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1799 дугаар магадлалтай,

“Р”ХК-ний нэхэмжлэлтэй

“ Ш Х” ХХК-д холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 217 092 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь ““ Ш Х”” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНГ01/10-08 тоот дугаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу манай компаниас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох ““ Ш Х”” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй 158 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч ““ Ш Х”” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болох 158 000 000 төгрөг, тус гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 59 092 000 төгрөг, нийт 217 092 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь “Р”ХК-иас 1000 м.куб бетон зуурмагийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч нь 158 000 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг манайд нийлүүлсэн. Гэвч бидэнд бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Манай компани барилгын салбарын эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт зогссоны улмаас худалдан авсан бетон зуурмагийн үнэ 158 000 000 төгрөгийг төлөөгүй. Алданги 59 092 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ““ Ш Х”” ХХК-иас 177 592 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р”ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 243 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““ Ш Х”” ХХК-аас 1 045 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р”ХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1799 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Г.Намууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 910 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №101/ШШ2017/01990 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №1799 тоот магадлалыг эс зөвшөөрч хариуцагч ““ Ш Х”” ХХК-ийн өмгөөлөгч Г.Намуун миний бие дараах гомдлыг гаргаж байна. Зохигч нар нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр бетон зуурмаг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч “Р”ХХК нь 2016 оны 08 дугаар сарын 14, 2016 оны 08 дугаар сарын15-ны өдрүүдэд 1000м3 бетон зуурмагийг нийлүүлсэн байдаг. Ийнхүү бетон зуурмагийн үнэ болох 158 000 000 төгрөгийг хариуцагч ““ Ш Х”” ХХК нь төлөх үүрэг хүлээсэн боловч эдийн засгийн хямралаас болж төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийг ятгаж урьд тохиролцоогүй байсан алданги төлөхийг шаардаж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах хэлцэлд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ гэх №БНГ-01\10-08 тоот бичгийн гэрээг нөхөн хийсэн байдаг. Уг гэрээний 4.3 дахь хэсэгт төлбөрийн нөхцлөө биелүүлээгүй хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү хожим нөхөн хийсэн хүчин төгөлдөр бус бичгийн гэрээнд үндэслэж шүүхэд 56 092 000 төгрөгний алданги шаардсан нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр 19 592 000 төгрөгний алданги төлүүлэх шаардлагыг хангасан бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр болон магадлал нь дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд: 1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Өмгөөлөгч миний бие 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцож, “Хэргийн материалтай танилцах боломж олгон, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” хэмээн бичгээр гаргасан хүсэлтээ танилцуулсан. Гэтэл өмгөөлөгч миний гаргасан хүсэлтийг шүүгч хангаагүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, намайг мэтгэлцэх боломжоор хангаагүй. Шүүгчийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 25.1.1 дэх хэсэгт “25.1.1 .эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх;” гэж заасныг зөрчсөн байтал давж заалдах шүүх дээрхи үндэслэлээр гаргасан өмгөөлөгч миний гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэн хангаагүйд гомдолтой байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигч нар нь өмгөөлөгч авах эрхтэй гэж заасан байдаг ба өмгөөлөгчөө солих эрхийг хуульчлан, хязгаарлаагүй байдаг. Иймд хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрөх тухай эрх зүйн үндсэн зарчим дээрх тохиолдолд алдагдсан байх бөгөөд үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөө сонгон авах, өмгөөлөгчөөсөө татгалзах, өөр өмгөөлөгчийг сонгон авч хууль зүйн туслалцаа авах эрхийг ч мөн зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй. Анхан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.2 дахь хэсэгт “40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу үнэлж чадаагүй. Учир нь талуудын байгуулсан гэх бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний он сар өдрийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байсныг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр болгон зассан болох нь хэрэгт авагдсан гэрээн дээрээс харагддаг. Энэ нь мөн гэрээний 1.3 дахь хэсэгт заасан гэрээ дуусгавар болох хугацаан дээр 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэж бичигдсэн байгаагаас ч мөн харагдана. Дээрх нотлох баримт бол зохигч нар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдаж, худалдан авахдаа алданги төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулаагүй, уг гэрээг хожим нөхөж хийсэн болохыг нотлох чухал ач холбогдолтой баримт юм. Гэтэл шүүгч гэрээг нөхөж хийсэн болохыг нотлох чухал ач холбогдолтой баримтыг үнэн зөв үнэлээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 232.3 дахь хэсэгт “232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан бөгөөд зохигч нар нэгэнт 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж, алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэгч “Р”ХХК нь алданги шаардах эрхгүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэх бичгээр хийсэн Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нөхөж хийгдсэн бөгөөд дээрх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмаг нийлүүлээгүй. Гэвч шүүгч нотлох баримтыг буруу үнэлсэнээс хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Гэвч мөн л давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг хангаагүй бөгөөд уг нотлох баримтын тухайд ямар нэг тайлбар өгөхгүй, талуудын дунд бичгээр хийсэн гэрээ байгаа тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзсэнд миний бие гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэх үүрэгтэй байдаг. Иймд хэрэгт цугласан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй алдангийн тухайд харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулаагүй болох нь хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох 19 592 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Р”ХК нь хариуцагч ““ Ш Х”” ХХКомпаниас худалдсан эд зүйлийн үнэ 158 000 000 төгрөг, алданги 59 092 000 төгрөг нийт 217 092 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн төлбөрийг зөвшөөрч, алдангийг төлөхгүй  гэж маргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдол гаргахдаа “...2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн амаар байгуулсан хэлцлийн дагуу бүтээгдэхүүнийг 8 сард хүлээн авсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээг бичгээр нөхөж байгуулсан, ...анхнаасаа алданги төлөх тохиролцоо байхгүй..., гэрээний он сар өдрийг өөрчилсөн нь гэрээг хожим бичгээр байгуулсан гэдгийг нотолно..., алданги төлөх үндэслэлгүй, мөн шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэсэн үндэслэл гаргаж, алдангийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсчээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн БНГ-01/10-08 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч 1000м3 бетон зуурмаг нийлүүлсэн, уг эд хөрөнгийн үнэ 158 000 000 төгрөг, хариуцагч үнийг төлөөгүй үйл баримтыг зохигчид маргаагүй юм. Харин гэрээний нэмэлт үүрэг болох алданги төлөх эсэх талаар маргасан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан тул хариуцагч нь хүлээн авсан бетон зуурмагийн үнэ 158 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. 

“ Ш Х” ХХКомпани нь гэрээний 4.2-т зааснаар хүлээн авсан бетон зуурмагийн төлбөрийг цутгалт хийснээс хойш ажлын 3 хоногт төлж барагдуулах үүрэгтэй  байна.

Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 58 000 000 төгрөг төлөх хугацааг тогтоож, худалдагч “Р”ХК-д мэдэгдсэн атлаа уг хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээний 4.3-т зааснаар алданги төлөх үүрэгтэй болжээ.

Анзын тохиролцоог талууд бичгээр хийсэн, үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

Гэрээг бичгээр хожим байгуулах нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нь гэрээний зүйл, түүний үнэ, үүрэг гүйцэтгэх хугацааг маргаагүй, зөвхөн алдангийн тохиролцоог маргасан байна. Хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан, бетон зуурмаг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн, алданги төлөх нөхцлийг гэрээнд тодорхой тусгасан байхад гэрээний тохиролцоог ойлгоогүй гэж үзэх боломжгүй юм.

Шүүх зохигчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна. Хэргийн оролцогч шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй бөгөөд үүнд өмгөөлөгч авах, хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцах, бэлтгэх үүрэг хамаарна. Анхан шатны шүүх өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хариуцагчийн эрхийг хангаж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан байхад 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1799 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                      ШҮҮГЧ                                                П.ЗОЛЗАЯА