Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1799

 

 

“Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ремикон” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 217 092 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус компани нь “Шонхорын хүсэл” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНГ01/10-08 тоот дугаар бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу манай компаниас 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалдан авагч болох “Шонхорын хүсэл” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй 158 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч “Шонхорын хүсэл” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болох 158 000 000 төгрөг, тус гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 59 092 000 төгрөг, нийт 217 092 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани нь “Ремикон” ХК-иас 1000 м.куб бетон зуурмагийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч нь 158 000 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг манайд нийлүүлсэн. Гэвч бидэнд бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Манай компани барилгын салбарын эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалт зогссоны улмаас худалдан авсан бетон зуурмагийн үнэ 158 000 000 төгрөгийг төлөөгүй. Алданги 59 092 000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-иас 177 592 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 243 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-аас 1 045 910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр 19 592 000 төгрөгийн алданги төлүүлэх шаардлагыг хангасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй. Өмгөөлөгч миний бие 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд энэ өдөр товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцож, хэргийн материалтай танилцах боломж олгон, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ танилцуулсан боловч шүүх хүсэлтийг хангаагүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шүүх хуралдаанд мэтгэлцэх боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болсон.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй. Учир нь хэрэгт авагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний огноог 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэснийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр болгон зассан нь бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 1.3 дахь хэсэгт заасан гэрээ дуусгавар болох хугацаанаас харагдана. Дээрх нотлох баримт бол зохигчид 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдан авахдаа алданги төлөхөөр тохиролцож, бичгээр гэрээ байгуулаагүй, уг гэрээг хожим нөхөж хийсэн болохыг нотлох чухал ач холбогдолтой баримт юм. Гэтэл шүүх гэрээг нөхөж хийсэн болохыг нотлох чухал ач холбогдолтой баримтыг үнэн зөв үнэлээгүй. Зохигчид нэгэнт 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийж, алданги тооцох талаар гэрээнд тусгаагүй тул нэхэмжлэгч "Ремикон" ХК нь алданги шаардах эрхгүй байсан. Талуудын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан бөгөөд дээрх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмаг нийлүүлээгүй. Гэвч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэнээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгч 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй болох нь хангалттай тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын алдангид холбогдох 19 592 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 217 092 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНГ-01/10-08 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид бетон зуурмагийг нийлүүлэх, хариуцагч нь бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.                                                                                          /хх-5-8 дугаар тал/

            Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1000 м.куб бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь 1000 м.куб бетон зуумагийн үнэ болох 158 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй, харин алдангийн талаар талууд маргажээ.

 

Хэргийн 5-8 дугаар талд авагдсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр БНГ-01/10-08 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 4.3-т “гэрээгээр хүлээсэн төлбөрийн нөхцөлөө биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0,2 хувийн алданги тооцогдоно” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй нь бичгээр байгуулсан гэрээнд дэх анзын тохиролцоог үгүйсгэх, алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах тухай хүсэлт гаргасан боловч шүүх өмнө нь хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байсан гэсэн үндэслэлээр шүүх хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул хэргийн материалтай танилцах тухай хүсэлтийг хангаагүй, мэтгэлцэх боломж олгоогүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хариуцагчид 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхтэй, уг эрхийг хэрэгжүүлэхэд шүүх саад болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэргийн материалтай танилцуулаагүй, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Г.Намууны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 910 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ