Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01990/и

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2017/01990

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, “Ремикон” үйлдвэрийн байр хаягт байрлах “Ремикон” ХК /РД:5191823/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол,  68 дугаар байр 1а тоотод байрлах “Шонхорын хүсэл” ХХК /РД:5917298/-д холбогдох,

 

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 217.092.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч Г.Намуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ремикон” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус компани нь барилгын үндсэн материал болох бетон зуурмаг үйлдвэрлэж барилга угсралтын компаниудад бүтээгдэхүүнээ борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний хөрөнгө оруулалт бүхий нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь “Шонхорын хүсэл” ХХК-тай  2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БНГ01/10-08 тоот дугаартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж гэрээний дагуу манай компаниас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бетон зуурмаг худалдан авсан. Бидний зүгээс бүтээгдэхүүнийг цаг тухай бүрт тохиролцсон хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд худалан авагч болох “Шонхорын хүсэл” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй өнөөдрийн байдлаар 158.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр олгогдсон шаардах эрхийн дагуу худалдан авагч “Шонхорын хүсэл” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр болох 158.000.000 төгрөг, тус гэрээний 4.3-т зааснаар худалдан авагч нь төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцож Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 59.092.000 төгрөг, нийт 217.092.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Манай компани нь “Ремикон” ХК-аас 1000 м3  бетон зуурмагийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр худалдан авахаар тохирч нэхэмжлэгч нь 158.000.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг манайд нийлүүлсэн. Гэвч бидэнд бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй. Компани барилгын салбарт нүүрлээд буй эдийн засгийн хүндрэл бэрхшээл, хөрөнгө оруулалт зогссоны улмаас өнөөдрийг хүртэл худалдан авсан бетон зуурмагийн үнэ 158.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Харин нэхэмжилж буй алданги 59.092.000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангитай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн  тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу бетон зуурмагийн үнэ 158.000.000 төгрөг, алданги 59.092.000 төгрөг, нийт 217.092.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК нь бетон зуурмагийн үнэ 158.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч “Ремикон” ХК нь хариуцагчид  захиалгын дагуу бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК нь бетон зуурмагийг хүлээн авч үнийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-5-8/.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 1000 м3 бетон зуурмаг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч түүний үнэ 158.000.000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдан авсан бетон зуурмагийн үнэ төлөхийг шаардах эрхтэй.

 

Мөн нэхэмжлэлд 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хугацааны 187 хоногийн алданги 59.092.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 4.3 дахь хэсэгт гэрээгээр хүлээсэн төлбөрийн нөхцлөө биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.2 хувийн алданги тооцогдоно, гэрээний 4.2 дахь хэсэгт бетон зуурмагийн төлбөрийг цутгалт хийснээс хойш ажлын 3 хоногт багтаан төлж барагдуулахаар тус тус заажээ.

 

Хариуцагч алдангийг татгалзахдаа талууд бичгийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан, 2016 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдөр бетон зуурмаг нийлүүлээд гэрээг нөхөж хийсэн, гэрээний огноо засвартай, гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс хүчинтэй гэж заасан гэж маргаж байна.

 

Гэрээний огноо 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэснийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэж зассан байх боловч хариуцагч уг зассан огноон дээр тамгаа дарснаар тухайн хугацааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан гэж үзэх тул энэ үндэслэлээр гэрээг нөхөж хийсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч гэрээг нөхөж хийсэн гэх байдлыг нотлох бусад баримтыг шүүхэд гаргаагүй.

 

Иймд зохигчдыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэстэй ба хариуцагч нь бетон зуурмагийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай тул нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн алданги тооцож байх боловч нэхэмжлэлдээ хариуцагчийн “баталгаа” баримтыг хавсаргажээ. Уг баталгаанд хариуцагч нь бетон зуурмагийн үнэд 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 50.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 58.000.000 төгрөг тус тус төлөхөө илэрхийлсэн байх ба энэ хугацааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд хариуцагчийг дээрх хугацаанаас эхлэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэх үндэстэй ба нэхэмжлэл гаргасан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тооцвол нийт 62 хоног хугацаа хэтрүүлсэн байх ба уг хугацаанд алданги 19.592.000 төгрөг /158.000.000*0.2%*62/ тооцогдоно.

 

Дээр дурдсаныг шүүх хянан үзээд хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-аас бетон зуурмагийн үнэ 158.000.000 төгрөг, алданги 19.592.000 төгрөг, нийт 177.592.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-аас 177.592.000 /нэг зуун далан долоон сая таван зуун ерэн хоёр мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.243.410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Шонхорын хүсэл” ХХК-аас 1.045.910 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ремикон” ХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА