Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 480

 

                                                                                                                                                                                                                                                   

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Д.Буяннэмэхэд холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

Цагаатгагдсан Д.Буяннэмэх, түүний өмгөөлөгч Т.Булган,  

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201526022112 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэх, 1983 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхай, цахилгааны болон барилгын инженер мэргэжилтэй, “Халзанбүргэдэй хайрхан” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны 1-1 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: АЗ83071710/,   

          Д.Буяннэмэх нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 19 дүгээр байрны хажуугийн грашны мухарт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэн өөрийг нь хутгалж довтолсны улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Буяннэмэхийг цагаатгаж, Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 45 /дөчин тав/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар Д.Буяннэмэхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Д.Буяннэмэхийн 37-98 УНТ улсын дугаартай, “Тоёота Приус-11” загварын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн улбар шар өнгийн хуванцар иштэй хутгыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хоёр ширхэг компакт дискийг хэргийн хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шалгаж байсан. Сүүлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйл болгож, эцэст нь шүүгдэгч цагаатгагдсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн өмгөөлөгч Г.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Буяннэмэхийн үйлдэл аргагүй хамгаалалт байх хэв шинжийг хангахгүй байна. Учир нь аргагүй хамгаалалт нь довтолгоон дуусаагүй байхыг ойлгодог. Гэтэл Д.Буяннэмэх хохирогчийн довтолгоон дууссан байхад хутгалсаар байсан. Хэргийн газарт ганцхан хутга байсан. Хохирогчийн барьж байсан хутга Д.Буяннэмэхийн гарт шилжсэн нь довтолгоон дууссан байсныг илтгэж байгаа юм. Монгол Улсын Дээд шүүх уг хэргийг хяналтын шатны журмаар хянан хэлэлцээд аргагүй хамгаалалт биш гэж үзсэн бөгөөд 4 зүйлд дүгнэлт хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Д.Буяннэмэхийн биед үүссэн гэмтлүүдийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Зүүн талын цээжний хөндийд үүссэн гэмтэл хүнд гэсэн юм бол баруун, зүүн бугалганы гэмтэл, хэвлийн хэсэг, дал мөрөнд учирсан гэмтлүүд нь хөнгөн үү, хүнд үү гэдгийг тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд Д.Буяннэмэхийн хоолойд хутгалсан шарханд шинжээчийн дүгнэлт гаргасан. Д.Буяннэмэх “хоолойд учирсан шархнаас болж дуу хоолой хаагдаж, дуугарч чадахгүй болсон” гэж мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлтэд “хоолойд хутгалснаас болж өөрийгөө хянах чадваргүй болж, сэтгэл санаа нь цочрон давчидсан” гэсэн. Гэтэл уг шархыг авсны улмаас дуу хоолойд нөлөөлөх үү, үгүй юу гэдгийг тогтоогоогүй. Д.Буяннэмэх дээрх шархыг авсны дараа үйлдэл хийх боломжтой юу, үгүй юу гэх зэрэг байдлыг тогтоогоогүй. Хоолойд учирсан шархны талаар дүгнэлт гаргаагүй. Мөн дахин шинжээч томилуул гэсэн боловч дахин шинжээч томилуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулж хэргийг шийдвэрлэсэн. Аргагүй хамгаалалт нь нэг удаагийн үйлдэл байдгаараа сэтгэл санаа цочирдон давчидахаас ялгаатай. Д.Буяннэмэх “би хутгалаагүй. Талийгаач яагаад цээжиндээ шарх авсныг санахгүй байна. Өөрийгөө хутгалсан байх” гэсэн нь өөрийн гэм бурууг хүлээхгүй байгаа хэлбэр юм. Учир нь хохирогч амь, биеэ хамгаалж тэмцсэн байдаг. Түүний 5-н хуруу тасарч алга болсон. Хутганы ирэн дээрээс барьсны улмаас хуруугаа тасдуулсан байдаг. Хэргийн нөхцөл байдал ийм байхад ямар юмных нь аргагүй хамгаалалт байх вэ. Д.Буяннэмэх амь хохирогч руу бүх бурууг чихсэн. Хэргийн бодит байдлыг тодруулаагүй гэж үзэж байна. Зөвхөн хэрэгт холбогдогчийн, шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэн ерөнхий дүр зургийг үндэслэн буруу дүгнэлт хийсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан нэмэлт ажиллагаануудыг хийлгэж өгнө үү” гэв.

 

Цагаатгагдсан Д.Буяннэмэх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хэргийг үнэн, шударгаар шүүдэг гэж ойлгож байна. Анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, санал байхгүй” гэв.

 

Цагаатгагдсан Д.Буяннэмэхийн өмгөөлөгч Т.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэл бүхий гарсан. “Довтолгоон дууссан эсэхийг тогтоогоогүй” гэж байгаад тайлбар хийхэд шүүгдэгч нь нүднийхээ зүүн талд хутгалуулж цус их гарсан, мөн гадаа харанхуй байсан тул ямар ч зүйл харах боломжгүй байсан гэдэг. Иймд довтолгоон дууссан эсэхийг харанхуйд харах боломжгүй нөхцөл байдалд байсан. Мөн машины дотор гэрэл унтарсан байсан. Талийгаач эхэлж Д.Буяннэмэхийн араас нь хутгалж эхэлснийг прокурорын яллах дүгнэлтэд бичсэн. Шинжээч эмч Энхбаяр далан дээр үүссэн шархыг ямар нэг байдлаар өөртөө үүсгэх боломж бага гэдгийг хэлсэн. Хутга ямар ч тээглүүргүй байсан тул цусанд хальтирч дээш, доош гүйсний улмаас хутгыг булаацалдаж байх явцад талийгаачийн хуруунууд тасарсан байх боломжтой. Д.Буяннэмэхийн гарт хутга байсан гэдгийг нотлох боломжгүй, нотлогдоогүй. Ноцолдож байх явцад хохирогч цээжний хөндий рүү хатгагдсан шархыг авсан байх боломжтой. Дээрх шархнууд нь өөрийн амь насыг хамгаалах гэж ноцолдож байх үед үүсгэгдсэн байх магадлалтай. Шинжээч эмч хоолой болон цээжний шархыг нэг шарх юм гэдгийг хэлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд цээжний зүүн дээд хэсгийн шарх гэсэн байдаг. Мөн уг гэмтэл нь хүнд гэмтэл гэдгийг шижнжээч эмч хэлсэн. Хоолойн доод хэсэгт хутгалагдсан байхад ямар үндэслэлээр цээжний зүүн дээд хэсэг гэснийг ойлгохгүй байна. Довтолгоон үүсээд хэзээ сэтгэл санаа цочирдон давчидсан бэ гэдгийг тогтоох боломжгүй гэдгийг сэтгэцийн дүгнэлт гаргасан эмч хэлсэн. Заавал тэр дүгнэлтийг баримтлах шаардлагагүй гэж шүүх үзсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Буяннэмэхийг Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хорооллын 19 дүгээр байрны хажуугийн гражны мухарт 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед 37-98 УНТ улсын дугаартай, “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл дотор амь хохирогч М.Пүрэвсүрэнд хутгалуулсны улмаас санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидаж, М.Пүрэвсүрэнг хутгалж санаатай алсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн үзэхэд Д.Буяннэмэх нь талийгаач М.Пүрэвсүрэнгийн санаачилж эхлэн хийсэн хууль бус үйлдлийн эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалсан болох нь тогтоогдож байна.    

Анхан шатны шүүх Д.Буяннэмэхэд холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хэрэг учрал болох үед амь хохирогч М.Пүрэвсүрэн болон шүүгдэгч Д.Буяннэмэх нараас өөр хүн байгаагүй бөгөөд М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэхээр барьцаалан зээлдүүлэх газрын барьцаанд байсан өөрийн 2 гар утсыг хямд үнээр чөлөөлүүлж, улмаар зарахаар тохирч, Д.Буяннэмэхийг бэлэн мөнгөний машинаас 2.100.000 төгрөг бэлнээр авахыг харсан, Д.Буяннэмэхийг дагуулан олон газраар орж гарсан, түүнчлэн хэрэг үйлдэгдсэн газар ирж хүн гарч ирэхийг хүлээн нэлээд удааж, автомашинд сууж байх үедээ эхлэн араас нь хэд хэдэн удаа хутгаар хатгах тухайн агшинд Д.Буяннэмэх эргэж харан дахин хутгалуулсан хэдий ч хутгыг булаан авч М.Пүрэвсүрэнгийн биед олон тооны шарх гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байна. Өөрөөр хэлбэл, М.Пүрэвсүрэн нь Д.Буяннэмэхийг ар нуруунаас нь цохих мэт хөдөлгөөн хийж хутгалж эхэлсэн цаг мөчөөс Д.Буяннэмэхийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал бодитой үүссэн байна.

Энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Э.Тунгалагтуяагийн мэдүүлэг /хх-135-136-I/, “Заяа” нэртэй мухлагийн камерын бичлэг /хх-53-54-I/, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-56-I/, Эмийн сангийн камерын бичлэг /хх-53-54-I/, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-60-I/, “Ариун төв” халуун усны газрын бичлэг, уг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-53-54, 58-I/, “Хаан” банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-64-I/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-47-I/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-65-70-I/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 17054 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-179-I/ зэрэг баримтуудаар тогтоогдсон ба эдгээр баримтуудаас амь хохирогч М.Пүрэвсүрэн нь гэмт үйлдлээр Д.Буяннэмэхийг эхлэн хутгалж амь биед нь аюултай довтолгоон хийсэн болохыг харуулж байна.

Мөн Д.Буяннэмэх нь амь хохирогчид хутгалуулсан даруй эргэж харан нүүр, зүүн суган тус газраа тус тус хутгалуулсан нь түүний амь насны эсрэг хийсэн халдлага довтолгоон төгсөөгүй, өөрөөр хэлбэл Д.Буяннэмэхийн амь бие, эрүүл мэндэд учирч болох аюул бодитой болсон байсан нь нотлогдож байна.

Прокуророос Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ үндэслэл болгосон болон яллах дүгнэлтэнд дурдагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэнгийн мэдүүлэг, Д.Буяннэмэхийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч З.Баяржавхлан, Э.Мөнхсүлд, гэрч Х.Мөрөн, гэрч Э.Баттэлмэн, Т.Сайнбаяр, Д.Өлзийхутаг, С.Довчинмахбал, Э.Тунгалагтуяа, Д.Буян-Өлзий, Б.Оюунмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Д.Буяннэмэхийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан гэм буруутайг шууд хөдөлбөргүй нотолсон баримт биш болохыг дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.

Хуулийн уг заалтанд хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, эсхүл учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн нэмэлт шаардлага тусгагдаагүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “..Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил, хуулиар хүлээлгэсэн үүрэг, албаны тусгай бэлтгэлээс хамаарахгүйгээр аргагүй хамгаалалт хийх эрхтэй. Хамгаалагч нийгэмд аюултай халдлагаас зайлсхийх, төрийн байгууллага, албан тушаалтан, бусад хүмүүсээс тусламж хүсэх боломжтой байсан эсэх нь аргагүй хамгаалалт хийх эрхэд нөлөөлөхгүй.” гэж заажээ.

Уг зохицуулалтаар, аргагүй хамгаалалт хийх эрхийг хүн бүр ямар нэгэн ялгаваргүйгээр эдлэх зарчим, мөн хамгаалалтыг идэвхтэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч тодорхойлсон байх бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд зугтах, эсхүл өөр байдлаар аюулыг зайлуулах, эсхүл бусдаас тусламж хүсэх, эсхүл халдаж буй этгээдэд идэвхтэй хариу үйлдэл хийхээс бусад аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд л хамгаалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүйг хоёрдмол утгагүйгээр тусгасан байна. Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхитэй хамгаалалтыг нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Хэрэг маргааныг эхлүүлэн, хутга барьж бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон М.Пүрэвсүрэнгийн халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн амь насыг хохироосон Д.Буяннэмэхийн санаатай, идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар Эрүүгийн хуульд тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

Д.Буяннэмэхийн хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн тогтоогдоогүй ба энэхүү зүйлээр хэргийг зүйлчлэхэд шүүгдэгч нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу хүндээр доромжлогдсоноос санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидах нөхцөл байдал үүссэн байхыг ойлгоно.

Гэтэл энэ хэргийн тухайд Д.Буяннэмэхийн амь насны эсрэг бодитой довтолгоон тулгарчээ. Иймд Д.Буяннэмэх нь М.Пүрэвсүрэнгийн довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалахад чиглэсэн үйлдэл хийсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 174 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.             

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН   

                 

                          ШҮҮГЧИД                                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.МЯГМАРЖАВ