Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 269

 

 Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Булган,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалтай, 201526022112 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан Гөрөөс овогт Дисдаабазарын Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон Д.Буяннэмэхийг цагаатгаж, түүнийг энэ хэрэгт 27 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Д.Буяннэмэхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “шүүгдэгч Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 27 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэснийг “шүүгдэгч Д.Буяннэмэх нь энэ хэрэгт 45 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай” гэж өөрчилж, цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдол болон улсын яллагч Б.Жаргалын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат, Т.Булган нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр миний ганц хүү М.Пүрэвсүрэнг алуурчин Д.Буяннэмэх онц хэрцгийгээр 21 удаа хутгаар сийчин, хоолойг нь боож амь насыг нь хөнөөсөн. Энэ гэмтэл нь хүнийг шууд үхэлд хүргэж хөдлөх ямар ч боломжгүй болгодог талаар эмч нар хэлсээр байхад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79, 80 дугаар зүйлд заасныг зөрчсөн. Мөн миний хүүг биеэ хамгаалах чадваргүй болж, атиралдан хэвтсэн байхад нь хутгалсаар байгаад үхэлд хүргэж байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Д.Буяннэмэх үнэхээр биеэ хамгаалсан юм бол миний хүүг машинаас буулган хаяж, хэргийн газраас оргож явахдаа цагдаа нарт хаашаа ч зугтах боломжгүйгээр баригдсан нь санаатай алсныг харуулж байна. Бусдыг дээрэмдэхээр хутга бэлдэн явсан бол ээжийгээ, найзыгаа дуудан байж дээрэм хийдэг үйл явдал байх боломжгүй. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хэргийг тал бүрээс нь нотолж, үнэлэлт өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас гэмт этгээд ял завшиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг зөрчиж алуурчныг гадуур чөлөөтэй гаргаснаас болж хутга Д.Буяннэмэхийнх болохыг тогтоох  болон хэргийн бусад үнэн зөв байдлыг тогтоох боломжгүй болсон. Алуурчин этгээдийн “... намайг алж, мөнгийг минь авахаар улайран дайрсан ...” гэх үгээр шүүх шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрч чадахгүй. Д.Буяннэмэхийн цээжний зүүн дээд хэсэгт нэвтэртэл хатгагдан зүсэгдсэн шархыг цагдаа харангуутаа өөрөө өөрийгөө хутгалсан байх магадлалтай. Ийм гэмтэл авсан хүн ямар ч идэвхтэй үйлдэл удаан хугацаагаар хийх боломжгүй гэдгийг шүүх эмнэлгийн эмч хэлдэг. Эмнэлгийн сувилагч Мөнхбаяр нь Д.Буяннэмэхийн танил бөгөөд “Д.Буяннэмэх өтгөн, шингэнээ гаргасан” гэж мэдүүлдэг боловч энэ нь үнэн, худал эсэхийг хэн ч мэдэхгүй. Д.Буяннэмэх өөрийн хувийн хэрэгцээнд зориулж мөнгө авсан байхад шүүх “... утас авах зорилгоор банкнаас мөнгө авсан ...” гэж үзсэн. Д.Буяннэмэхэд учирсан гэмтэл нь түүнийг нэг ч хөдөлгөөн хийх аргагүй болгох төдийгүй, миний хүүг үрэгдсэний дараа олдсон гэсэн эмчийн тайлбарыг шүүх анхаараагүй. Онц харгис хэрцгийгээр хүн алсан байхад аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт заасан “... сэжигтэн, яллагдагч гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ...” гэснийг зөрчин хэргийн ерөнхий дүр зургийг Д.Буяннэмэхийн дүрслэн бий болгосноор үнэлж дүгнэн хэрэгт авагдсан бусад дамжмал нотлох баримтуудыг түүнд нийцүүлэн тайлбарлаж Эрүүгийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчмыг алдагдуулж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зөрчсөн. Д.Буяннэмэхийн “... Пүрэвсүрэн араас нуруу, дал руу хутгалсан, ... нүд рүү хутгалсан нь орчныг харах боломжгүй болгосон ...” гэх мэдүүлгийг үндэслэн аргагүй хамгаалалт хийжээ гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчих замаар хууль буруу хэрэглэн тайлбарлаж гэмт этгээдэд ял завшуулж байна. Д.Буяннэмэхийн энэ мэдүүлэг нь шинжээч эмчийн “... нуруун дээрх нэг удаагийн зүсэлт, нүдний хажуу дахь нэг удаагийн зүсэлт ...” гэсэн дүгнэлтээр няцаагддаг. Учир нь дээрх гэмтэл нь хутгалуулснаас биш, амь насаа хамгаалан тэмцэж байсан хохирогчийн маажсан хумснаас учирсан байгааг харуулж байна. Шүүх хуралдааны үед эдгээр сорви гэх зүйл бүрэн арилсан байгааг шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчин үнэлэлт дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлийг бий болгосон. Мөн Д.Буяннэмэхийн араас Пүрэвсүрэн довтлоогүйг харуулж байхад шүүх шүүгдэгчийн мэдүүлгээр хэргийн бусад байдлыг тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Д.Буяннэмэх “... хохирогч Пүрэвсүрэн намайг хутгалмагц би ... хутгыг булааж аваад зөрүүлж хутгалсан, ... нүд рүү хутгалсан байсан болохоор юу ч харж чадаагүй, ... цээжинд минь хутгалсан байсан ...” гэж мэдүүлдэг. Гэтэл энэ нь шинжээч эмчийн шүүх хуралдаан дээр өгсөн “... Д.Буяннэмэхийн цээжний хөндийг хатгасан гэмтэл нь Пүрэвсүрэнг амь насаа алдсаны дараа авсан гэмтэл бөгөөд энэхүү гэмтлийг авсан хүний цээжний хөндийд хоромхон зуур агаар дүүрч, ямар ч хөдөлгөөн хийх чадваргүй болдог. Тэрээр баруун гартаа барьсан хутгаараа өөрийгөө хутгалж гэмтээх боломжтой ...” гэсэн тайлбараар няцаагдана. Д.Буяннэмэх өөрийгөө хамгаалсан нь үнэн бол хутган дээрх сүүлчийн цус Пүрэвсүрэнгийн цусны бүлэгтэй тохирох байсан. Мөн шинжээч эмчийн “... Буяннэмэхийн цээжин дэх шарх нь Пүрэвсүрэнг нас барсны дараа олсон гэмтэл мөн ...” гэсэн хэргийн хамгийн гол зангилаа болсон мэдүүлгийг шүүх анхаарч үзээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчсөн байгааг харуулж байна. “... Цээжний хөндийд агаар орсноор хоромхон зуур хөдлөх тэнхэлгүй болдог гэсэн ...” шинжээч эмчийн мэдүүлэгт шүүх үнэлэлт өгөөгүйгээс болж хөдөлгөөн хийх чадваргүй гэмтэл авсан Д.Буяннэмэх хохирогч Пүрэвсүрэнтэй удаан хугацаанд амь өрссөн тэмцэл тулалдаан хийж амиа хамгаалсан мэт болж хэргийн бодит үнэн алдагдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийг ноцтой зөрчсөнтэй холбоотой. Хэрэгт Д.Буяннэмэхийг аргагүй хамгаалалт хийсэн гэдгийг шууд нотлох баримт байхгүй, харин хэргийн нөхцөл байдлыг харуулсан шууд бус дамжмал нотлох баримтуудыг Буяннэмэхийн мэдүүлэгт  нийцүүлэн түүнд ашигтайгаар шүүх тайлбарласан. Д.Буяннэмэхийн “... Пүрэвсүрэнгийн хутгыг булааж аваад ...” гэсэн мэдүүлэг нь хохирогч хутгагүй, гар мухар болж довтолгоон гэх үйлдэл зогсож аюул арилсан байгааг харуулж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” гэсэн эрхэнд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд “аргагүй хамгаалалт” гэсэн ойлголт зүйлчлэлийг хууль тогтоогчид бий болгосон. Энэ нь хязгаарлагдмал хүрээнд үйлчлэхээс биш гэмт этгээд өөрт ашигтайгаар тайлбарлаж ярьснаар үйлдэл, үр дагавар болон шалтгаант холбоо болгонд хэрэглэгдэхгүй. Д.Буяннэмэхийн мэдүүлснээр хохирогчийн хутга түүнд шилжсэнээр халдлага төгссөн байна. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заагдсан эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн халдлага эхэлсэн, үргэлжилж байгаа, дуусаагүй үед хийсэн хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны хамгаалалт гэж үзнэ. Д.Буяннэмэхийн үйлдэл нь хуульд байхгүй онц харгис хэрцгий аргаар аргагүй хамгаалалт гэгчийг хэрэгжүүлж, зэвсэггүй гар мухар хүний өөрийгөө хамгаалахаар амь тэмцэн тэмцэлдэж буй амьд үлдэх хүсэл зоригийн эсрэг хийгдэж буй үйлдэл юм. Санаа сэтгэл хүчтэй цочирон давчдах гэмт хэргийн тайлбараар “... хяналтаа алдсан сэтгэл хөдлөлийн улмаас хийгдэх нэг удаагийн огцом үйлдэл хөдөлгөөний улмаас хүний амь хохирохыг ойлгох ...” тухай заасан байхад улсын яллагч хууль буруу тайлбарлан шүүхэд ирүүлснийг шүүх анхаарч үзээгүй. Энэ гэмт хэргийн үед хурдан хугацаанд гэрэл цахилгаан мэт болж өнгөрөхийг шаарддаг байтал нэг цаг орчим хугацаанд үргэлжилсэн гэмт хэргийг анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Хэргийн ээдрээ, түвэгтэй онц хүнд гэмт хэргийн хэв шинжийг агуулсан, хохирогчийн талаас зүйлчлэл хүндрүүлэхийг шаардаж байгааг мэдсээр байж шүүх нэг хүний бүрэлдэхүүнтэйгээр шийтгэх тогтоол гаргасан нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр тогтоол гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ... Мөн 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн “...Д.Буяннэмэхийн сэтгэцийг тогтоох боломжгүй, хэрэг хүлээх чадвартай...” гэсэн дүгнэлт алга болсон байна. Тус дүгнэлт алга болсны дараа хавтас хэргийн 240 дүгээр хуудсанд дахин шинэ дүгнэлт гарч ирсэн бөгөөд тус дүгнэлтэд “...Сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдыг алсан...” гэж дүгнэсний дагуу прокурор энэ хэргийг Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Гол нотлох баримт болох хутга нь хохирогчийн эзэмшилд байгаагүй нь, талийгаачид үүссэн хутганы шархны тоогоор Д.Буяннэмэх хутгыг эзэмшиж байсан болох нь нотлогдсон. Мөн талийгаач хутга авч яваагүй нь түүний орсон, гарсан дэлгүүр, халуун ус, үсчин зэрэг бүхий л газруудын хүмүүсээс авсан мэдүүлгээр харагддаг. Д.Буяннэмэхэд учирсан гэмтлүүд нь 170504 тоот шинжээчийн дүгнэлтээс харахад “... цээжний зүүн дээд хэсэгт өнгөц нэвтэрсэн гэмтлийн хүнд зэргийн шарх, цээж, баруун зүүн бугалга, хэвлий болон бусад газар зөвхөн зүсэгдсэн болон язарсан хөнгөн зэргийн гэмтэл” байсан нь тогтоогдсон. Энэ нь Д.Буяннэмэхийн “... араас хэд хэд цохих шиг болсон хутгаар дүрж байсан юм байна лээ” гэсэн мэдүүлэгтэй зөрж байна. Учир нь 19 настай залуу гартаа хутга бариад Д.Буяннэмэхийг цохих хэмжээний үйлдэл хийхэд хэзээ ч 5-6 удаа зүсэх хэмжээний шарх үүсгэх боломжгүй. Мөн шинжээч эмч Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д.Буяннэмэх ийм хүнд гэмтэл авсны дараа талийгаачид үүсгэсэн хэмжээний олон тооны гэмтэл үүсгэх, машин барьж явах зэрэг идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, биеийн урд хэсэгт өөрийн гар хүрэх газар үүссэн гэмтэл тул өөртөө үүсгэх боломжтой ...” гэсэн тайлбарт шүүх ач холбогдол өгөөгүй. Д.Буяннэмэхийн эхнэр нь нөхрөө ирэхгүй болохоор 10 гаруй удаа залгахад Д.Буяннэмэх яарч, талийгаачид уурлаж бухимдсан байх үндэстэй. Энэ нь гэмт хэрэг гарах улмаар хүний амь нас хохирох үндсэн шалтаг болсон гэж үзэж байна. Үүнийг насанд хүрээгүй гэрч Э.Мөнхсүлдийн мэдүүлэг нотолдог. Хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэхдээ хэт нэг талыг барьж гэм буруутай этгээдийг цагаатгасанд гомдолтой байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Т.Булган хяналтын шатны шүүх хуралдаанд: “... анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Д.Буяннэмэхийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хангалттай тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Д.Буяннэмэхийн үйлдэлд сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан шинж байдаг. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар  аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Буяннэмэхийг цагаатгасан нь буруу гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна ...” гэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, цагаатгах тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын явцад шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан заавал нотолбол зохих нөхцөл байдлыг шалгаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд дараах нөхцөл байдлыг зайлшгүй бүрэн шалгаж, тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдолтой гэж дүгнэв.

Нэг. Д.Буяннэмэхийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн №17054 дугаар дүгнэлтэд “... Д.Буяннэмэхэд цээжний зүүн дээд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндийн хий хуралдалт, арьсан доорх хий хуралдалт, зүүн хацар, цээж, баруун, зүүн бугалга, зүүн дал, хэвлийд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэж бүхэлдээ “хүнд” гэсэн гэмтлийн зэрэгт хамааруулахаар дүгнэсэн байх тул аль гэмтэл нь хөнгөн, хүндэвтэр, хүнд зэрэгт хамаарах, аль нь зүсэгдсэн эсхүл хатгагдсан, шархны чиглэл зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Хоёр. Д.Буяннэмэхэд учирсан цээжний зүүн дээд хэсэгт нэвтэрсэн шарх нь тухайн үед өмсөж явсан хувцастай байх үед болон ил байх үед, эсхүл шархны хэмжээнээс шалтгаалан ямар хугацаанд цээжний хөндийд агаар орж уушгинд авчийлт үүсэх боломжтойг, улмаар хэрэг гарсан газраас цагдаатай таарах хүртэлх замыг хэр хугацаанд ямар хурдаар туулж болох эсэх, энэ хугацаанд дээрх шархыг авсан хүн автомашин жолоодох, бусадтай гар утсаар харьцах, цагдаад болсон асуудлын талаар хэлж ярих бололцоотой байсан эсэхийг огт шалгаагүй, энэ талаар анагаахын шинжлэх ухааны бодит шалгуурт үндэслэсэн дүгнэлт хийгдээгүй байна.

Гурав. Энэ хэргийн улмаас амь хохирсон М.Пүрэвсүрэнгийн цогцост үзлэг хийсэн шинжээч Д.Мөнхбат анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед “...талийгаачийн биед 27 тооны шарх үүссэн...” гэсэн боловч энэ мэдүүлгийн талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2124 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... талийгаач М.Пүрэвсүрэнгийн биед цээжний хөндий рүү нэвтэрч зүрхийг гэмтээж хатгагдаж, зүсэгдсэн шарх, үүний улмаас хурц цус алдаж нас барсан...” талаар тусгагдсан бөгөөд  хохирогчийн биед учирсан бусад гэмтлийг гэмтлийн ямар зэрэгт хамаарах талаар нэг бүрчлэн дүгнэлт хийж, шарх зүсэгдсэн эсхүл хатгагдсан эсэх, түүний чиглэл зэргийг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Дөрөв. Хавтаст хэргийн материалд Д.Буяннэмэхийн сэтгэцийн талаар хоёр зөрүүтэй дүгнэлт авагдсан, үүний нэгийг нь шүүх үнэлж, нөгөөг нь үнэлээгүй орхигдуулсан үндэслэлээ дурдаагүй байгаа бөгөөд энэ талаарх зөрүүг гаргахаар шинжээч томилох шаардлагатай гэж үзнэ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Дамдинсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Д.Ганбат нарын дээрх ажиллагаатай холбогдуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах талаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дээр дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 560 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн 201526022112 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг прокурорт буцааж, Д.Буяннэмэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ