Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 57

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашдорж,

шүүгдэгч С.Ариунбаяр түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар  зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зая боржигин овогт Соронзонболдын Ариунбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000391 дугаартай хэргийг 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “Алтан бэрс” ХХК-нд дизайнер ажилтай, ам бүл 4, эмээ, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 60-40 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зая боржигин овогт Соронзонболдын Ариунбаяр /РД:АЮ88071016/

 

Шүүгдэгч  С.Ариунбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан төгрөг дэлгүүрийн хойд замд Тоёота Приус маркийн 57-34 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган зорчигч 13 настай эмэгтэй Э.Сувдыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч С.Ариунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Одоогоор нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч  С.Ариунбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан төгрөг дэлгүүрийн хойд замд Тоёота Приус маркийн 57-34 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган зорчигч 13 настай эмэгтэй Э.Сувдыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжпэн судлагдсан дараах баримтууд болох:

Зам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэрэг үзлэгээр тогтоосон байдал,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 4-8 дугаар хуудас/

 

Насан хүрээгүй хохирогч Э.Сувдын “Би 2016 оны 04 дүгээр сарын 21-нд өглөө 07 цаг 20 минутын үед гэрээсээ сургууль руугаа ганцаараа явсан. Би Алтантөгрөг дэлгүүрийн ард талын замын явган хүний гарцаар хойноосоо урагшаа ганцаараа гарч явсан. Хаанаас машин гарч ирээд ямар автомашин намайг мөргөсөнг мэдэхгүй. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэг дээр сэргэсэн. Эмнэлэгт 8 хоносон. Тархины хагалгаанд орсон. Би удаан жоохон алхахаар нуруу руу өвдөөд байгаа. Тэгээд баруун хөл өвдөж байна. Өөр зовиур байхгүй байна. Жолооч эм тариа бүгдийг авч өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашдоржийн “Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй. Одоогоор бие нь гайгүй байна. Өвдөж байгаа зүйл байхгүй. Миний охиж Энхжаргал нь дүлий, мөн хэл муутай хөгжлийн бэрхшээлтэй учраас уг хэрэгт би оролцож байгаа юм. Зээ охин Э.Сувдыг маань осолд орсоноос хойш жолооч залуу Ариунбаяр нь бүхий л эмчилгээний зардлыг гаргасан. Манай гэр бүлийн зүгээс эм тариа аваагүй, эмчилгээг жолооч Ариунбаяр хийлгэж өгч байгаа. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/

 

Гэрч Д.Ганболдын “Би тухайн өдрийг санахгүй байна. Өглөөний 07 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хороолол явах замд би ногоон өнгийн Тоёота Приус 54-29 УНА дугаартай автомашинтай явж байхад урд талд явган хүний гарцаар эмэгтэй хүүхэд хойноос урагшаа чигт гарч байхад нь хажуугаар Тоёота Приус маркийн  автомашин хурдтай орж ирээд явган хүний гарцаар гарч байсан хүүхдийг урд хэсгээрээ мөргөсөн. Тэр хүүхэд нэг метр гаран газарт шидэгдэж унасан. Тэгээд ослын газарт зогсоод өөрийн 86841703, 99192446 дугаарын утаснуудаас 102 дугаарт залгаж ослын талаар мэдээлэл өгсөн. Тухайн өдөр миний автомашин явдаггүй дугаар байсан учраас цагдаагийн алба хаагчид утсаар дахин залгаад явлаа гэж  хэлээд явсан. Би ганцаараа явж байсан ба нэгдүгээр эгнээгээр явж байхад хоёрдугаар эгнээгээр Тоёота Приус маркийн автомашин хурдтай орж ирээд миний хойд талаас сигналдаад л орсон. Тэр үед охин хойноосоо урагшаа явган хүний гарцаар гүйгээд ороод ирэхээр нь би тэр охиныг хараад хурдаа хассан. Харин хоёрдугаар эгнээгээр орж ирсэн автомашин зогсолгүй тэр охиныг мөргөсөн. Тэр автомашинд хэдэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ч байсан мөргүүлсэн хүүхдийг эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5644 дугаартай актад:

1.Сувдын биед баруун чамархайгаас доош суурь яс, чихний суваг, хөхлөг сэртэн дайрсан шугаман хугарал, тархины баруун чамархай, зулайн хатуу хальсан дээрх цус хуралт, тархины баруун чамархайн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дах хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.Toyota Prius маркийн 57-34 УНЗ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч С.Ариунбаяр нь Монгол Улсын замын хөдлөгөөний дүрмийн 13.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Э.Сувд нь Монгол Улсын Замын хөдлөгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 29 дүгээр хуудас/

С.Ариунбаярын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Иймд С.Ариунбаяр нь Тоёота Приус маркийн 57-34 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа  Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчин явган зорчигч 13 настай эмэгтэй Э.Сувдыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон уг гэмт хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ариунбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 53 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн хуудсанд  бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Ариунбаяраас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож нийт 3.624.650 төгрөг төлсөн бөгөөд энэ мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Дашдорж нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “Зээ охин Э.Сувдыг маань осолд орсоноос хойш жолооч залуу Ариунбаяр нь бүхий л эмчилгээний зардлыг гаргасан, манай гэр бүлийн зүгээс эм тариа аваагүй, эмчилгээг жолооч Ариунбаяр хийлгэж өгч байгаа гомдол санал байхгүй” гэжээ. /хэргийн 15 дугаар хуудас/

Иймд шүүгдэгч С.Ариунбаяр нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нэмж төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч С.Ариунбаяр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа ойлгон гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэв.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зая боржигин овогт Соронзонболдын Ариунбаярыг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар С.Ариунбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

                                     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар С.Ариунбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.           

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар зааснаар С.Ариунбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар С.Ариунбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар С.Ариунбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Ариунбаярын В ангилалын 981540 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Ариунбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.АЛТАНХУЯГ