| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 185/2017/0152/Э |
| Дугаар | 470 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 181.3., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 470
Т.Жамъяншаравт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Мөнх-Од,
Ялтан Т.Жамъяншаравын өмгөөлөгч Б.Билгүүн,
Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч З.Болдбаатар, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Жамъяншаравын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор Т.Жамъяншаравт холбогдох эрүүгийн 2016 2502 1925 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гүен овгийн Туулын Жамъяншарав, 1990 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны 50 дугаар байрны 45 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УУ90092234/;
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Т.Жамъяншарав нь танхайн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2016 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө, 01 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станцад “PGO BR150AN 3” загварын 4 дугуйтай цасны мотоцикл ашиглан хохирогч М.Нарантуяаг дайрч, санаатай алахыг завдаж, түүний биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Т.Жамъяншаравын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Т.Жамъяншаравт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг болгон өөрчилөн зүйлчилж, Т.Жамъяншаравыг тээврийн хэрэгслийг зэвсгийн чанартай хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлан танхайрч, бусдад хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Т.Жамъяншаравыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Т.Жамъяншаравт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээж, Т.Жамъяншарав цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “PGO BR-150 AN” загварын, А ангилалтай, 2008 онд үйлдвэрлэсэн, RFVBR2C5281001553 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, УБ 79-12 улсын дугаартай, цасны мотоцикл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, УБ 79-12 улсын дугаартай цасны мотоциклийг иргэний нэхэмжлэгч Д.Түмэндэмбэрэлд олгож, Т.Жамъяншараваас 1.600.000 төгрөгийг гаргуулан төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Ялтан Т.Жамъяншаравын өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “... Т.Жамъяншаравыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан буюу хохирогч М.Нарантуяаг танхайн сэдэлтээр, санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна” гэж дүгнэсэн боловч энэ хэргийг зүйлчлэхдээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь, Улсын Дээд шүүхийн “танхайрах гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг болон захиргааны зөрчлөөс ялгаж, зөв зүйлчлэхэд анхаарах зарим асуудлын талаар” тайлбарласан 41 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “... “Танхайрах гэмт хэрэг” нь гэмт этгээд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрнэ.” Мөн тайлбарын 2.2 дахь хэсэгт “Танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтойг хэргийг зүйлчлэхдээ анхаарвал зохино” гэж тайлбарласан.
Гэтэл Т.Жамъяншаравын үйлдэл нь, авсан бензиний мөнгийг төлөхгүй гээгүй, хэд хэдэн хэлбэрээр төлъе гэж гуйсан. Мөн төлбөр хийх мөнгөгүй очиж, бензин аваад санаатайгаар танхайрч бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл гаргаагүй гэдэг нь гэрч Хишигжаргалын мэдүүлгээс харагддаг. Мөн энэ хэрэг шөнийн 2-3 цагийн хооронд болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Нарантуяагийн мэдүүлгүүд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, гэрч Ц.Мөнхсайхан, Ш.Булгантамир нарын мэдүүлэг зэргээр нотлогддог. Уг хавтаст хэрэгт авагдсан CD-ний бичлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн Т.Жамъяншаравын мэдүүлэг зэргээс үзвэл Т.Жамъяншарав нь хохирогч М.Нарантуяатай маргалдаагүй, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах хүч хэрэглээгүй, хэрэглэхийг завдаагүй гэдэг нь харагддаг ба түүнийг унаж явсан цасны мотоциклоор мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан байдаг.
Иймд шүүх энэ гэмт хэргийн зүйлчлэлийг солихдоо дээрх хүчин зүйлсийг анхаараагүй. Т.Жамъяншаравын үйлдэл нь бусдын бие махбодид санаатай хүндэвтэр гэмтэл учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг юм. Иймд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт “шүүх сонсгосон ялыг хөнгөрүүлэх эрхтэй” гэж заасны дагуу зүйлчлэлийг өөрчилж өгнө үү.
Хэрэв давж заалдах шатны шүүхээс энэ хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүй тохиолдолд Т.Жамъяншарав нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа, бусдад төлөх төлбөр байхгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.
Прокурор Б.Мөнх-Од тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Т.Жамъяншаравын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянав.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.
Т.Жамъяншарав нь бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2016 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө, 01 цаг 40 минутын үед, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станцад “PGO BR150AN 3” загварын 4 дугуйтай цасны мотоциклоор хохирогч М.Нарантуяаг мөргөн унагааж, түүний бие махбодид тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Нарантуяагийн “... Мотоциклтой хоёр хүн хүрч ирээд бензин авсан. Тухайн үед тэр хоёрт Булгантамир 10.000 төгрөгийн бензин хийж өгсөн. Харин би дотор өрөөнд сууж байгаад гараад улаан өнгийн “Приус 20” загварын автомашинд бензин хийж өгсөн. Энэ үед мотоциклтой хоёр залуу Булгантамирт “бензиний мөнгөө хаячихсан” гэхлээр нь би гарч очоод тэр хоёрт хандан “юу яриад байгаа юм, бензин авсан бол мөнгөө өгөх ёстой юм биш үү, цагдаа дуудна шүү” гэхэд “хаячихсан юм чинь чи яахын, мобайл байвал шилжүүлье, маргааш өгье” гэхээр нь мотоциклынх нь урд зогсоод, урд талын төмөрнөөс нь барихад “чамайг дайрлаа” гээд урагш хөдлөөд байхаар нь “яадаг юм” гээд арагшаа савж унахад миний дээгүүр гараад явсан. Би бас яг юу болсныг санахгүй байна. Тэрхэн хугацаанд түр зуур ухаан санаа сарниж балартсан байсан ...” /1-р хх 48-50, 51-52, 124-126/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мөнхсайханы “... Т.Жамъяншарав замдаа “колонкиос бензин авъя” гээд бид хоёр “МТ” шатанхуун түгээгүүр дээр очиж зогсоод түгээгч залууд “10.000 төгрөгөнд бензин хийчих” гэж хэлээд бензинээ авч дуусчихаад халаасаа үзтэл 20.000 төгрөг алга болчихсон байхаар нь түгээгч залууд “мөнгөө хаячихсан байна” гэтэл “утсаа барьцаанд үлдээ” гэсэн. Тэгтэл Т.Жамъяншарав “гэртээ очиж мөнгө авчихаад ирье” гэхээр нь би түүний мотоциклоос буугаад хүлээж байя гээд түгээгч залуутай юм яриад зогсож байтал цаанаас нэг түгээгч эмэгтэй “танай найз чинь намайг дайрчихлаа” гэж хэлээд газар сууж байсан. ...сүүлд Т.Жамъяншараваас асуухад “хөлөн дээгүүр нь дайраад явчихсан” гэж хэлсэн. Яагаад дайрсан бэ гэвэл манай найз гэртээ хариад бензиний мөнгөө аваад ирье гэтэл тэр эмэгтэй явуулахгүй гээд байсан юм байна лээ. Тэгэхээр нь айлгаж холдуулах гэж байгаад л хөлөн дээгүүр нь мотоциклоороо гарчихсан юм байна лээ. ...Т.Жамъяншарав мотоциклдоо суугаад явах гэтэл нөгөө эмэгтэй явуулахгүй урд нь зогсоод байсан. Тэгтэл Т.Жамъяншарав шууд мотоциклынхоо хаазыг нэмээд урагш явсан ба түгээгч эмэгтэй хойшоо ухарч явсаар унасан. Тэгтэл Т.Жамъяншарав мотоциклоо ухрааж, маневр хийгээд хойшоогоо зуслан руу яваад өгсөн ...” /1-р хх 54-55, 127-129/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Юндэнгийн “... эхнэрээсээ юу болсон талаар тодруулж асуухад “4 дугуйтай мотоцикл унасан хоёр залуу ирээд 10.000 төгрөгөнд бензин хийгээдэх гэж хэлэхээр нь манай эхнэрийн газрын эрэгтэй бензин хийж өгчихөөд мөнгөө нэхтэл мөнгө байхгүй гэсэн юм билээ. Тэгээд тэр хоёр маргалдаад байж байтал эхнэр Нарантуяа дотор сууж байгаад “хөөе наана чинь юу болоод байгаа юм” гэж хэлээд нөгөө хоёр залуугаас мөнгөө нэхтэл “мөнгө байхгүй” гэж хэлээд манай эхнэрийг мотоциклоороо шууд дайрч мөргөөд, зугтаагаад явчихсан” байна лээ ...” /1-р хх 58-59/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Отгон-Эрдэнийн “... дуудлагаар очиход 40 орчим насны эмэгтэй, цэнхэр өнгийн дүрэмт хувцастайгаа колонкийн байран дотор сандал дээр суучихсан байж байсан. Тэр эгчээс юу болсон талаар асуухад “4 дугуйтай мотоциклтой хоёр залуу ирж шатахуун авчихаад мөнгөө өгөхгүй байсан гэсэн. Тэгэхээр нь тэр эмэгтэй мотоциклынх нь урд хаагаад зогсож байтал нэг залуу нь шууд мөргөөд дээгүүр нь мотоциклоороо дайраад гарсан гэсэн. Харин нөгөө залуу нь үлдээд, мотоцикл унасан залуу нь зугтаагаад явчихсан” гэж ярьж байсан ...” /1-р хх 97-98/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Булгантамирын “... тэр хоёрт “мөнгөө өгөөрэй” гэж хэлтэл нөгөө хоёр залуу “мөнгө байдаггүй ээ, утсаа үлдээчихье гээд “Самсунг” загварын утас гаргаж ирээд, “өглөө ирээд мөнгөө өгчихье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлээд мотоциклыг нь явуулахгүй байж байтал Нарантуяа эгч байрнаас гарч ирээд “юу болсон юм бэ, яасан юм” гэтэл би Нарантуяа эгчид “энэ хоёрт мөнгө байхгүй байна гэнээ, би шатахууныг нь хийгээд өгчихсөн юм, тэгээд утсаа үлдээе гээд байна” гэхэд Нарантуяа эгч нөгөө хоёр залууд “юу яриад байгаа юм, манайх ямар барьцааны байгууллага юм уу” гэж хэлтэл хоёр залуугийн арай махлагдуу нь “яасан сүртэй юм, эсхүл гэр лүү дагаж яваад авчих” гэж хэлээд орилоод байсан. Тэр хоёр залуу нилээн согтолттой байсан. Нарантуяа эгч тэр залууд “чи тэгвэл найзаа, мотоциклтойгоо үлдээчихээд өөрөө гэрлүүгээ очиж мөнгөө авчихаад ир гэж хэлсэн. Тэгтэл нөгөө махлагдуу залуу “би юу гэж явган явж байдаг юм бэ” гэж хэлээд шууд мотоциклоо асаасан. Тэгэхэд Нарантуяа эгч мотоциклынх нь урд зогсож байсан ба тэр залууг мотоциклоо асаахаар нь хоёр гараараа мотоциклынх нь урд тулж зогссон. Тэгэхэд мотоциклоо асаасан залуу Нарантуяа эгчийг “холд” гэж хэлтэл Нарантуяа эгч “үгүй, холдохгүй” гэж хэлээд нөгөө залуу мотоциклынхоо хаазыг нэмээд шууд Нарантуяа эгчийн өөдөөс мотоциклоороо түрээд урагш явахад Нарантуяа эгч хойшоо ухраагаараа түрэгдэж, оройлцоогоор 7, 8 алхам хойш түрэгдсээр хойшоо нуруугаараа унаад өгсөн. Тэгэхэд нөгөө мотоцикл унасан залуу Нарантуяа эгчийг газарт унахад мотоциклоо зогсоохгүй урагш явсаар Нарантуяа эгчийн дээгүүр нь явсаар цээж хүртэл мотоциклоороо дайрчихсан. Нарантуяа эгчийн толгой нь молоциклын доороос цухуйчихсан “ёо ёо” гээд орилоод байсан. Тэгтэл нөгөө залуу мотоциклоо хойш ухрааж Нарантуяа эгчийн дээрээс мотоциклоо гаргачихаад төв зам руу ороод хойшоо чиглээд явсан ...” /1-р хх 134-136/,
Мөрдөн байцаалтын шатанд шинжээч эмч А.Амгаланболдын “... Зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа. Хохирогчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Учир нь шаант ясны түвшинд шаантны дотор давхарын доор 6.1х2, 2х7.9 см хэмжээтэй цус хуралттай байсан нь шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байна ... Үхжил гэдэг нь үе үүсгэгч гадаргууны мөгөөрслөг эдийн доорх ясны эд гэмтлийн улмаас бүтцээ алдах үйл явцыг хэлнэ. Үхжил нь анагаах ухааны ойлголтоор гэмтэл авсан тэр даруйдаа үүснэ. Хохирогчийн авсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой ...” /1-р хх 65-66, 101/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Түмэндэмбэрэлийн “... УБ 79-12 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 3 билүү, 4 сард “Титан интернэйшнл” ХХК-иас авч байсан. Манай компанийн эзэмшилд байдаггүй бөгөөд анх ямар нэгэн гэрээ хийж худалдаж аваагүй, төлбөрт тооцоод авсан. Өөрсдийн эзэмшилд авч чадаагүй мартсан байсан. Түүнээс биш манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл ...” /1-р хх 143-144, 145, 168/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “… М.Нарантуяагийн биед тархи доргилт, зүүн дунд чөмөгний доод булуу хэсгийн үхжил, зүүн өвдөгний үе, нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн 9569 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 63-64/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын “... Т.Жамъяншарав нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна ...” гэсэн 76 тоот шинжээчийн дүгнэлт /1-р хх 165-166/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 5-7, 8-9/, хохирлын баримтууд /1-р хх 20-21/, эд мөрийн баримт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх 32-33, 116-117/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 34-35, 118-123/, мэдүүгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 36-38, 39-41/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх 42, 43-44/, “Мега марз” ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээний тайлан /1-р хх 148-149/, хохирол төлсөн баримт /1-р хх 196/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай тодруулсан бөгөөд “гэмт хэрэг гарсан байдал, түүнийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ.
Прокурорын газраас Т.Жамъяншаравт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Ялтан Т.Жамъяншаравын өмгөөлөгч Б.Билгүүн “...Т.Жамъяншаравын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Т.Жамъяншарав нь согтуурсан үедээ өөрийн жолоодож явсан “PGO BR150AN 3” загварын 4 дугуйтай, цасны мотоциклдоо “Магнай Трейд” шатахуун түгээх станцаас 10.000 төгрөгийн шатахуун хийлгэж аваад, төлбөрөө төлөхгүй “мөнгө байддаггүй ээ, утсаа үлдээчихье ...”, “өглөө ирээд мөнгөө өгчихье”, “яасан сүртэй юм, эсхүл гэр лүү дагаж яваад авчих” гэхэд түгээгч М.Нарантуяа төлбөрөө төл гэсэн зүй ёсны шаардлага тавьж, өмнө нь зогсоход мотоциклоороо түрж хөөн унагааж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь ялимгүй зүйлээр шалтаглан, хүч хэрэглэсэн зохисгүй үйлдэл бөгөөд энэ үйлдэл нь хүмүүсийн хоорондын харилцааны соёлд илтэд хүндэтгэлгүй хандсан, нийгэмд тогтсон эрх зүй болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон, догшин зан авир гаргаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл” гэдэг нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах зүйлсийг ойлгох бөгөөд дан ганц халуун, хүйтэн зэвсгийг ойлгохгүй ба зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг танхайрах явцдаа хэрэглэсний улмаас хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учирсан эсэхээс үл хамааран хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх бөгөөд анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Т.Жамъяншаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.
Шүүхээс Т.Жамъяншаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялтны гэм бурууд тохирсон гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Гэвч Т.Жанъяншарав нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч М.Нарантуяагийн “… хэргийн улмаас 5.000.000 төгрөгийг Т.Жанъяншараваас хүлээн авлаа, ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх хохирол байхгүй ...” /1-р хх 196/ гэсэн хүсэлт болон ялтны хувийн байдлыг харгалзан үзэж, Т.Жамъяншаравт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ. Энэ талаар ялтны өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар Туулын Жамъяншаравыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Туулын Жамъяншаравыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж,
4 дэх заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Т.Жамъяншаравт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Т.Жамъяншаравт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Ялтан Т.Жанъяншаравын өмгөөлөгч Б.Билгүүний давж заалдах гомдлоос “... хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгээр зүйлчлэх ...” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Д.ОЧМАНДАХ
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ