Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2019/0879/З |
Дугаар | 221/МА2020/0375 |
Огноо | 2020-06-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2020/0375
“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Б.Э, Ш.Г, өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд Ө.Б, түүний өмгөөлөгч Н.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн УХТЭ201901005/03/01 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8, 47.9, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “С-У” ХХК-иас Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдогдуулан гаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн УХТЭ201901005/0301 дугаартай Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн “20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, Үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн ““Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно” гэсэн хэсгийг, “ “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг болон захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай 349,530,500 төгрөгний “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер” гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хариуцагч тал нэхэмжлэлд нь зориулан хариу тайлбар гаргаж, мэтгэлцээнд бэлтгэж ирсэн боловч нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийн талаар ганц өгүүлбэрээр тайлбар гаргаагүй тул энэ асуудлыг шүүх хуралдаанд хэлэлцээгүй билээ. Хариуцагч тал нь шүүгчид хандан нэхэмжлэгч энэ талаар маргаж байгаа эсэхийг тодруулсан боловч шүүх тодруулаагүй, энэ талаар хэлэлцүүлээгүй атлаа ийнхүү дүгнэсэн нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “Ч” ХХК техникийн тодорхойлолтод нийцэхгүй, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй материал ирүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэг дээр яриагүй үйл баримт тул нэхэмжлэгч энэ асуудлаар маргаагүй гэж хариуцагч тал ойлгосон. Б.Э нь Тендерийн үнэлгээний хороог анх байгуулахад гишүүнээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн удирдлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан Тендерийн үнэлгээний хорооны дарга өөрчлөгдөн Б.Э даргаар томилогдсон байсан болно. Төрийн алба тасралтгүй байх зарчимд тулгуурлан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, цаг алдахгүй үзүүлэхийн тулд тус эмнэлгээс өмнөх Тендерийн үнэлгээний хорооны даргыг чөлөөлмөгц Б.Эрдэнэбулганыг даргаар томилсон бөгөөд ийнхүү томилогдсоны дараа хуралдаан явуулсан нь хууль зөрчөөгүй болно. Харин Тендерийн үнэлгээний хорооны даргыг томилсон тушаалын огноо техникийн алдаанаас үүдэн буруу гарсан байсан бөгөөд шүүх энэ талаар өмнө тодруулаагүй, хариуцагчийг энэ талаар тайлбар бичгээр гаргуулаагүй, холбогдох нотлох баримт гаргуулаагүй ийнхүү гэнэт шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно. Хэрэв шүүхээс Тендерийн үнэлгээний хорооны даргыг томилсон тушаалын огнооны талаар шалгаж байгаагаа мэдэгдсэн бол бид техникийн алдаа байсан талаар бичгийн нотлох баримт гаргаж өгөх, зарим шаардлагатай гэрчийг оролцуулах боломжтой байсан. Хуралдааны тэмдэглэлээс үзвэл шапгаруулалт хийгээгүй гэж үзэх боломжгүй, шалгаруулалт хийхгүйгээр хэн нэгэнтэй гэрээ байгуулах ч боломжгүй юм. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байхад шүүгч аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах, талуудын маргаагүй асуудалд дүгнэлт өгөхгүй байх зарчмуудыг зөрчин, нэг талд илтэд давуу байдал олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно. Тендерийн үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнтэй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч “С-У” ХХК энэ талаар тендер шалгаруулалтыг явуулахаас өмнө захиалагчид хандан гомдол гаргах, Сангийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гомдол гаргах ёстой, ийм эрхтэй атлаа гомдлоо гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч “С-У” ХХК энэ талаар мэдэж байсан атлаа гомдол гаргахгүй тендерийн үнэлгээг хийлгэсэн бөгөөд өөрийнхөө ялсан багцуудыг хууль ёсны гэж үзэж байгаа, харин ялагдсан багцаа ийм байдлаар маргаж байгаа нь үнэслэлгүй бөгөөд зөвхөн энэ багцыг шийдвэрлэсэн шийдвэрээс болж, хууль ёсны эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хэрэв нэхэмжлэгч “С-У” ХХК тендер шалгаруулалтыг хууль бус үнэлгээний хороо явуулсан гэж маргаж байгаа бол ялсан тендерийн гэрээнээсээ өөрөө татгалзаж, бүгдэд нь маргаж байгаа бол шударгаар маргаж байна гэж үзэх болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч “С-У” ХХК-иас маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байхад шүүх санаачилгаараа маргаан бүхий асуудлыг тус тус хууль бус байсан болохыг тогтоосон шийдвэр гаргасан нъ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн байна. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэр гаргана гэжээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоохдоо уг захиргааны актуудын эрх зүйн үйлчлэл бүрэн дуусгавар болсон байхыг шаардах бөгөөд анхан шатны шүүхээс хууль бус болохыг тогтоосон захиргааны гэрээ нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд нэг жилийн хугацаанд хүчинтэй, эрх зүйн үйлчлэл нь бүрэн дуусгавар болоогүй байхад хууль бус болохыг тогтоосон нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн яаж зөрчиж буй тухайд, уг актуудыг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ашиг сонирхол хэрхэн яаж сэргэх талаар хууль зуйн дүгнэлт хийгээгүй байх бөгөөд Улсын 2-р төв эмнэлгээс зарласан тендерийн маргаан бүхий 20, 22 дугаар багцуудад нэхэмжлэгч “С-У” ХХК нь бусад оролцогчдоос 45-80 хувиар өндөр, ЭМДҮЗ-ийн үнийн дээд хязгаар болон өвчтөний төлөх мөнгө орсон нийт үнээс 92-95 жувиар /нийт 739,000-759,000 төгрөг/ тус тус өндөр үнийн санал ирүүлсэн байх бөгөөд ТБОНӨХБАҮХАТХ-ийн 28.7.5-д заасан хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “С-У” ХХК нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг, тус эмнэлгийн УХТЭ201901005/03/01 дугаартай Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн УХТЭ/201901005/03 дугаартай дүгнэлтийн “20 ба 22 дугаар багцад “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлэх шатанд оруулахаар шийдвэрлэв” гэсэн хэсгийг, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2 дугаартай дүгнэлтийн ““Ч” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн тендер нь техникийн шаардлагад нийцэж, харьцуулах хамгийн бага үнийн саналтай гэж үнэлэгдэн шалгарсан болно, “С-У” ХХК-ийн 20 ба 22 дугаар багцад ирүүлсэн үнийн санал төсөвт өртөг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн жишиг үнийн дээд хязгаараас давсан байна” гэсэн хэсгийг, захиалагчийн “Ч” ХХК-тай 20 ба 22 дугаар багцад байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Өндөр өртөг бүхий эмнэлгийн хэрэгслийн тендер гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Ч” ХХК-ийн тендерт санал болгосон эмнэлэгийн хэрэгсэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцэхгүй, 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй учраас үнэлгээ хийгдэхгүй, хянан үзэх шатнаас хасагдах ёстой байсан” гэж тайлбарлан маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэмэгдүүлж “Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ыг зөрчиж хууль бус бүрэлдэхүүнтэй хийсэн тул гаргасан шийдвэр дүгнэлт нь хүчин төгөлдөр бус” гэж тодорхойлжээ.
Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, тендер сонгон шалгаруулалтад оролцохдоо нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг тогтооход хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлж, энэ талаар нотлох баримт цуглуулсан төдийгүй шинжээч томилж дүгнэлт гаргуулсан атлаа эдгээр нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн, тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/49 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хорооны 11 гишүүнээс Б.Эрдэнэбулган, Ш.Гансаруул, Г.Билгүүн, Б.Ариунболд, Н.Алтанчимэг, З.Аръяасүрэн, Д.Жаргал, Н.Мөнгөнзагас, Д.Нямсүрэн нарын 9 гишүүн оролцож дүгнэлт гаргасан байх ба энэ тохиолдолд Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.2-т “Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Хэдийгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/58 дугаар тушаалаар Б.Эрдэнэбулганыг үнэлгээний хорооны даргаар, Д.Энхцэцэгийг гишүүнээр томилж, Ц.Ганзоригийн үүргийг хүчингүйд тооцсон байх боловч Б.Эрдэнэбулган нь үнэлгээний хорооны гишүүн тул үнэлгээний хорооны даргаар томилогдоогүй байхдаа даргыг төлөөлж гарын үсэг зурсан гэх үйл баримт нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн хуралдааныг хууль бусад тооцох, гишүүдийн ирц хүрээгүй байсан гэж үзэх үндэслэл болохуйц зөрчилд хамаарахгүй.
Мөн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанд 10 гишүүн оролцсон болох нь хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх ба анхан шатны шүүх “дарга, нарийн бичгийн дарга, 6 гишүүн оролцсон” гэж ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэсэн нь ойлгомжгүй, үнэлгээний хорооны гишүүдээс санал авсан эсэх, шалгаруулалт хэрхэн явагдсан талаар шалгаж тогтоогоогүй, хариуцагчаас нотлох баримт гаргуулаагүй атлаа хуралдааны тэмдэглэлийн агуулгаар явцуу дүгнэлт хийн “үнэлгээний хорооны гишүүдээс санал аваагүй, хэнийг шалгаруулж байгаагаа шийдвэрлэх хэсэгтээ тусгаагүй” гэх үндэслэлээр гаргасан дүгнэлт, шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон нь учир дутагдалтай байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл гагцхүү тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаа хүчин төгөлдөр бус явагдсан үндэслэлээр үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй бөгөөд анхан шатны шүүх “захиалагчийн техникийн тодорхойлолтод нийцээгүй, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй” гэх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүх хянаж, дүгнэлт хийх боломжгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн ...шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, ...илт хохирол учруулахаар бол” гэж заасан түдгэлзүүлж болохгүй нөхцөл байдлыг анхаараагүй төдийгүй хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасныг хэрэглэхдээ зөвхөн маргаан бүхий 20, 22 дугаартай багцын гэрээний 2 болон 3 дугаар сарын нийлүүлэлтийн хуваарьт холбогдох хэсгийг хүчингүй болгосон
алдаа гаргасныг тусгайлан дурьдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.Хонинхүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН