Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 0065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е     

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Ц, Т.Э 

Шүүгдэгч Д.М, Б.Э  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1825001460183 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Б.Э, Д.М

 

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М-тэй хэрэлдэж маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

 

2. Шүүгдэгч Д.М нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Б.Э-тэй хэрэлдэж маргалдан түүний толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ ... “Би хотоос ирэхдээ авчирсан 0.75 грамм архиа М, Г, М бид 4 уусан. М эгч тасраад унасан. Манай ах Э 1 ширхэг пивотой ирсэн. М, Эрдэнэбаяр ах бид 3 гарч Б-лыг авчирсан. М анхнаасаа надад таалагдаагүй шарх сорви болсон хүмүүс байсан. Би эхнэр М-гийг чи яагаад энд байдаг юм гэж хэрэлдсэн. Гэтэл М эгч гэнэт босож ирээд мод авч миний толгой руу цохисон. Би нэг түлхсэн. Намайг ах Э, Б нар шууд авч гарсан. Би цүнхээ мартаад эргэж ороход М, Г 2 тэврэлдээд сууж байсан. Энэ хүнд би гэмтэл учруулаагүй” гэв.

Шүүгдэгч Д.М мэдүүлахдээ “Э, М 2 ирсэн. Хотын юм амсуулна гээд архи гаргаад ууж эхэлсэн. Дараа нь Бор гэдэг ах нь 0.75 гр архитай ирсэн. Би уухгүй гээд унтсан. Хүн орилохоор нь сэртэл Э нь эхнэрээ үсдсэн хэрэлдэж байсан. Би нэг мод аваад Э-г цохисон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд хагалгаанд орсон байсан. Түлхсэн цохисныг мэдэхгүй. М эмнэлэгт ирээд уйлаад “би түлхсэн” гэж эхлээд хэлсэн” гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Д.М-гийн ...“Намайг архиар шахаад байхаар нь би гурван хундага архи уусан. Тэгээд сууж байхад миний толгой эргээд дотор муухай оргиод байхаар нь унтлаа гээд ор засаад унтаад өгсөн. Ингээд хэсэг унтаж байсан чинь хүмүүс шуугиад байхаар нь босоод ирсэн чинь нөгөө Б эхнэр Мөнхцэцэгийг цохих гээд чи муу энд ирж байнга архи уудаг юм байна гээд дайраад байсан. Тэгэхээр нь юу болоод хардаж сэрдээд байгаа юм гээд босоод Б-ний дундуур ороод салгах гэсэн чинь Б намайг шууд түлхээд унагаасан тэгээд юу болсон талаар санахгүй байна. Ямарч байсан толгойгоороо нэг юм мөргөөд унасан. Тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь толгой өвдөөд дотор муухай оргиод байсан. Тэр өдрөө бие муу хэвтэж байгаад ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Тэнд хагалгаанд ороод хэвтэж байхад М ирж уулзаад Б /Э/ Улаанбаатар хотод бас хүний толгой хагалаад шалгагдаж байгаа. Сая чамайг би түлхсэн гэж байцаалт өгөөд ирлээ. Уг нь Б чамайг түлхсэн юм. Одоо эмчилгээний зардал хохирлыг чинь төлж барагдуулах болно гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13-14-р хуудас/

 

2. Хохирогч Б.Э-гийн ... “М босож ирээд чи муу юу гээд манай гэрт хэрүүл хийгээд байгаа юм гэж над руу дайрсан. Тэгэхээр нь би таньтай юм яриагүй байна эхнэртэйгээ юм ярьж байна гэж хэлээд гэрээс гарах гэж байсан чинь түлээний модоор миний араас толгой руу цохисон бөгөөд толгойноос цус гарсан. Тэгэхээр нь та яаж байгаа юм гээд М-г түлхсэн бөгөөд М газар унах шиг болсон. Яг хаана яаж унаж байгааг хараагүй. Б эгч Бор ах хоёр чи яах гээд байгаа юм гээд намайг түлхээд аваад гарсан. М араас хамт гарч ирсэн. Хашааны хаалгаар гараад цүнхээ мартсанаа мэдээд Б эгчтэй хамт буцаж орж цүнхээ авсан бөгөөд М, Г-той тэврэлдээд орон дээр хамт сууж байсан. Тэгээд цүнхээ аваад ямар ч үг хэлэлгүй гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

 

3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаартай дүгнэлтийн …“Д.М-гийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх их хэмжээний цусан хураа, нүүр хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя,  шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 3.1.2, 3.1.3-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Зөөлөн эдийн гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно” гэх дүгнэлт. /хх-ийн 30-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 331 дугаартай дүгнэлтийн ... “Б.Э-гийн биед хуйханд сорви үүсчээ. Уг гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн үедээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 32-р хуудас/

 

5. Гэрч С.М-гийн ... “Б 17 цагийн автобусаар ирсэн бөгөөд би тосож аваад Их залуу багийн баруун задгай 15-16 тоотод очсон. Гэрт М, Г нар байсан. Б, М эгчид хотоос авчирсан гээд 0.75 грамм архи гаргаж ирсэн. Архиа уугаад сууж байхад гаднаас Б-ний төрсөн ах Бороо орж ирсэн. Тэгээд хэсэг байж байсан чинь Бороо Б гэдэг эмэгтэйг дуудаад байсан. Бат- Эрдэнэ, Бороо бид гурав такси бариад Б гэдэг эмэгтэйг очиж авсан юм. Тэгээд буцаад Г-ийн гэрт очих замдаа дэлгүүрээс 1 том пиво авсан. Пивоо ууж дуусгаад явах дөхөж байхад Б энэ юун айл юм бэ? Чи энд ирээд архи уугаад байдаг юм биш биз дээ, яагаад энэ гэрийг шууд олоод ирж байгаа юм гээд над руу уурлахаар нь би чи юу яриад байгаа юм бэ би энд нэг удаа ирсэн гэж хэлсэн. Энэ үед М бүр согтоод унтсан байсан бөгөөд юу болоод байгаа юм бэ гээд босоод ирсэн. Тэгээд Б рүү чи яагаад байгаа юм манай гэрээс зайл гээд хөөгөөд байсан бөгөөд түлээнээс нэг мод аваад Б-ий толгой руу цохиод авсан чинь Бороо ах нь Б-ийг Б-ын хамт салгаад гэрээс аваад гарсан. Тэгсэн чинь  М чи яагаад надад гай болоод байгаа юм гээд над руу дайраад байхаар нь хоёр гараараа түлхээд гараад явсан бөгөөд М газар унах шиг болсон. Яг яаж унасныг нь би хараагүй. Намайг М-г түлхэх үед М цагаан өнгийн пийшингийн хажууд зогсож байсан. Б гарахдаа цүнхээ мартаад гарсан байсан бөгөөд Б-ын хамт орж цүнхээ аваад гарч ирсэн. Тэгэхэд М, Г хоёр босоод орон дээр сууж байсан гэсэн. Тэгээд бид нар яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

 

6. Гэрч С.М-гийн ... “Тэгсэн Эрдэнээ би тантай яриагүй, эхнэртэйгээ ярьж байна гэсэн чинь зайл гээд пийшингийн хажуугаас мод аваад Э-гийн толгойн тус газар цохиод авсан бөгөөд толгойноос нь цус гарсан. Э та яаж байгаа юм бэ гээд биенээсээ холдуулаад М-г түлхсэн чинь М цаашаа унах шиг болсон. Б Бор 2 цаашаа Э-г түлхээд гарсан. Би Э-г дургүй байхад нь хүчээр шахуу дагуулаад явсан. Миний буруугаас болж ийм асуудал гарсан юм шиг санагдаад байна. Тэгээд хохирогч эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уулзаад би чамайг түлхсэн шүү гэж хэлсэн юм”...гэсэн мэдүүлэг. /хх 25-р хуудас/

 

7. Гэрч Д.Б-лын …“Дэлгүүрээс 2 том пиво аваад нэг айлд ороход нэг эмэгтэй архи уугаад тасарсан бололтой газар хэвтэж байсан бөгөөд харахад миний таньдаг М гэж эмэгтэй байх шиг байсан. Мөн нэг согтуу залуу М-гийн хажууд сууж байсан. Тэгээд Бат-Эрдэнэ пиво задлаад аяганд хийгээд май эгээ гээд надад хийж өгсөн бөгөөд би амсаад буцаагаад ширээн дээр тавьсан чинь Б, М-гийг М чамайг энд дагуулж ирээд архидаад биеийг чинь үнэлүүлж байдаг юм байна гэж хэлсэн. М би юу гэж энд байнга ирдэг юм битгий хүн гүтгээд бай гэж хэрэлдсэн. Тэгсэн М босож ирээд чи юу гээд байгаа юм бэ? гээд Б рүү дайрсан чинь Б чи муу Мийгаа авгай дандаа уруу татаж архи уудаг биз дээ гэж хэлсэн. Тэгсэн М нэг юм аваад Б-ний толгой руу цохиод авах шиг болсон. Тэгсэн Бат-Эрдэний духнаас цус гарчихсан байхаар нь энэ юу болов гэтэл М цохичихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б, Бор хоёрыг дагуулаад гараад явсан бөгөөд М, М-тэй маргалдаад үлдсэн. Тэгээд бид нар хашааны гадаа хүлээгээд зогсож байсан чинь М маш ууртай хаалга савж гарч ирээд явъя гэж хэлсэн.  Бид нар явж байсан чинь Бат-Эрдэнэ би цүнхтэй хувцасаа мартсан байна гэхээр нь бид хоёр буцаж орсон чинь М нөхөр нь гэх залуу 2 орны хажууд газар үлдсэн жаахан архийг урдаа тавиад тэврэлдээд сууж байсан бөгөөд М болон нөхөртэй нь ямар нэгэн ярилгүй хувцасаа аваад шууд гарсан. Тухайн үед Мягмарсүрэн нилээд согтуу байсан бөгөөд гуйваад л байсан. М, Б-ний толгой руу юмаар цохиод авахад Б яаж байнаа гээд дайрах гэхэд би “чи зүгээр бай яах гэж энд ирсэн юм” гээд хориод гадагшаа дагуулаад гарсан. Бат-Эрдэнэ М-г түлхэж зодож цохисон асуудал байхгүй”  гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р хуудас/

 

 8. Гэрч Н.Г-гийн ...“Мөөгийгийн цуг ирсэн залуу цүнхнээсээ архи гаргаж ирээд өнөөдөр хөдөө явах ёстой байсан орой болчихлоо, танайд ганц хоёр шил архи ууж хоноё гээд бид нар нөгөө авчирсан архийг нь уусан. Тэгээд ойр зуурын юм ярьж сууж байгаад дуусаад Эрдэнээ ах руугаа залгаад ахыгаа тосоод ирье гээд Э Мөөгий хоёр гараад явсан. Удалгүй нөгөө Э Мөөгий 2 ахтайгаа гурвуулаа манайд нэг шил архитай орж ирсэн. Ингээд тавуулаа болоод нөгөө архиа ууж байтал Мийгаа согтоод ширээ дэрлээд унтчихаар нь Э бид хоёр, хоёр талаас нь өргөж орон дээр тавиад унтуулсан. Тэгээд бид 4 нөгөө архиа ууж дуусаад Э-гийн ах нь надад 20 000 төгрөг өгөхөөр нь би Э-тэй цуг гарч нэг шил архи, том пиво тамхи аваад буцаж гэртээ очоод нөгөө авсан архиа Э, Э-гийн ах Мөөгий бид 4 ууж байгаад би тасарсан байсан. Ингээд өглөө босоход Мийгаа бид хоёр унтаж байсан бөгөөд нөгөө хононо гэж байсан 3 хүн маань байхгүй байсан. Өглөө босоод хартал манай зуухны хажууд байдаг модны дөрвөлж байсан байрандаа харин дөрвөлж дотор байсан үртэс зуухны урд асгарсан байсан. Мөн хогийн савны таг голоороо хагарсан байсан. Тэгэхээр нь би гэр орноо цэвэрлээд усаа аваад түлээгээ хагалаад цайгаа чанаад Мийгааг сэрээж цай уухуу гэтэл Мийгаа үгүй гээд орондоо хэвтээд байсан. Би Мийгааг архи нь гараагүй юм байхдаа гэж бодоод шингэн бантан хийж өгсөн чинь бантангаас идэхгүй гээд байхаар нь бага зэрэг өндийлгөж байгаад бантан, цай өгсөн. Тэгээд жаахан байж байгаад бөөлжөөд, даараад байна гэхээр нь яасан юм болдоо шартаад байгаа юм болов уу гэж бодож байсан. Тэгээд бид хоёр гэртээ хоносон. Өглөө босоод галаа түлээд Мийгааг сэрээх гэтэл яг өчигдөрийн адил байгаад байхаар нь айгаад дүү рүүгээ залгаад ээжийг яаралтай холбоо барь гэж хэлээд Мийгаагийн хөнжлийг сөхтөл орондоо шээсэн байсан. Тэгээд түргэн тусламж дуудаж эмч нар ирээд эмнэлэг дээр ирж толгойндоо гэмтэл авсан байна гэсэн. Мөн цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19-р хуудас/

 

9. Гэрч Д.Н-ын … “2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гэртээ байж байхад зээ Мөнхүүш миний утас руу залгаад ээж ухаангүй байдалтай эмнэлэг дээр ирчихсэн байна. Та хүрээд ирээч гэж  хэлсэн. Би гэрээсээ гараад эмнэлэг дээр ирэхэд М сэхээнд ухаангүй байдалтай хэвтэж байсан. Одоо хагалгаанд орж байгаа. Тархи нь нилээд бэртчихсэн байгаа, хүндхэн байгаа шүү гэж эмч хэлж байсан. М-г юунаас болж гэмтсэн талаар мэдэхгүй байна. Гэрээсээ гараад 2 хоног ирээгүй гэж хүүгээс нь мэдсэн. Нэг залуутай хамт яваад байгаа сурагтай байсан. Тэр залуу нь цагдаа эмнэлэгт дуудлага өгсөн гэсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21-р хуудас/

 

10. Гэрч Д.Б-гийн … “10 гаран жилийн өмнө М зам тээврийн осолд ороод тархиндаа гэмтэл авч байсан. Толгой тархи нь өвдөөд чичрээд байдаг. Жаахан ядрахаараа тархи нь өвдөөд байдаг гэж өөрөө надад хэлж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-р хуудас/

 

11. Гэрч Ц.М-ын …“Өнөөдөр өглөө би ээжийн утас руу залгахад танихгүй нэг эрэгтэй хүн аваад эмнэлэгийн машинтай эмнэлэг рүү явж байна. Эмнэлэг дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би хүлээн авах тасаг дээр ирэхэд нэг ах хажууд нь зогсож байсан. Харин ээж юм ярьж чадахгүй орон дээр хэвтэж байсан. Би тэр ахаас юу болсон талаар тодруулахад өнгөрсөн шөнө манай гэрт М-гийн найз гэх эхнэр нөхөр болон 1 эрэгтэй хүн ирээд нэг шил архи уучихаад Булган аймаг руу явчихсан. Тэгээд бид хоёр хоноод маргааш нь сэрэхэд М орноосоо босохгүй хэвтээд байсан. Би шартчихсан юм байх гэж бодоод хүүг чинь дуудах уу гэхэд хэрэггүй гээд байсан. М орноосоо босохгүй хөдөлж чадахгүй нэг хоносон гэсэн. Өнөөдөр эмнэлэгт дуудлага өгөөд ээжийг авчирсан байсан. Тэр ахын нэрийг Ганзориг гэдгийг сая мэдсэн. Манай ээж М намайг бага байхад зам тээврийн осолд ороод тархиндаа гэмтэл авч байсан гэсэн. Би бол сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ болон шүүгдэгч Д.М-гийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 34-67-р хуудас/, шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.М-д холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Миний үйлчлүүлэгч  бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10-р зүлйин 1.1, 1.10-р зүлйин 1.2-т зааснаар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа учраас ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна. М хохирогчоор оролцож байгаа Э-д оногдуулах ялын хувьд өмгөөлөгчийн хувьд тусгайлан гаргах саналгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтийг дэмжиж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирол төлбөр барагдуулна гээд 5 хоногийн хугацаа авсан боловч өчигдөр ярьсан холбоо бариагүй 100.000 төгрөг өгч байгаа юм байна. хохиролоос хасч шийдвэрлэх үндэслэлтэй байна .” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Шүүгдэгч Э шүүхийн хэлэлцүүлэгийн явцад М-г нэг удаа түлхэсэнгээ хүлээн зөвшөөрдөг. М-гийн биед Э санаатай гэмтэл учруулаагүй болгоомжгүй учруулсан гэдгийг анхаарч үзнэ үү. Э-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Үүнд тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйж хохиролоо төлнө гэдгээ илэрхийлсэн хохирогчийн зүй бус үйлдлээс болж гэмт хэрэг гарсан юм. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзаж үзнэ үү. Хохирогчид эмчилгээний зардал 5 хоногт төлж барагдуулах талаас Э-гийн зүгээс авсан тэгээд хохирогч мөнгөө олоод ир гэсэн цагаан сар болоод айлууд санхүүгийн хүндрэлтэй үед хохирол төлөх болсон болохоор ямар ч боломжгүй болсон цаашид хурдан хугацаанд эмчилгээний зардал төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 1-д заасан гэмт хэрэг торгох болон хорих ялтай гэмт хэрэг байгаа. Эрдэнээ өнөөдрийн байдлаар хөдөө яваад хөлөндөө гэмтэл авсан. Э-гийн аав хөлөндөө гэмтэл авсан хүнээр асруулах шаардлагатай болсон учраас Э аавыгаа асарч халамжилдаг. Э хорих ял авбал аавыг нь асрах хүн байхгүй хамаатан байдаг боловч тус тусын амьдралтай учраас 10.000 нэгжээр торгох ял оногдуулж, 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгөн үү .” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М нь Б.Э, С.М, Д.Б, Н.Г нар архи ууж байгаад Д.М нь Б.Э-тэй маргалдан түүний толгойн тус газар нь модоор цохисны улмаас хуйханд хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б.Э нь Д.М-г түлхэж унаган гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх их хэмжээний цусан хураа, нүүр хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя,  шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг хүнд зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.М нь шууд санаатай үйлдлээр бусдын толгойн тус газарт модоор цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.Э нь бусдыг түлхэж унаган шууд бус санаатай үйлдлээр хүний амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гийн 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахад хуульд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Э нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.М нь гэм хорын хохирол 2 319 239 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад “Хас банк”, “Худалдаа хөгжлийн банк” гэсэн 2 ширхэг, 41800 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, гэм хорын хохиролтой хамааралтай гэж үзэж шүүгдэгч Б.Э-гээс нийт 2 277 439 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Э нь хохирогч Д.М-д 100 000 төгрөг төлсөн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна. Хохирогч Д.М нь цаашид эрүүл мэндийн хувьд эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн  нь үндэстэй байх тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 2 177 439 /хоёр сая нэг зуун далан долоон мянга, дөрвөн зуун гучин ес/ төгрөг гаргуулж хохирогч Д.М-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, Д.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС