Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 0071

 

 Б.Э, Д.М нар холбогдох эрүүгийн хэргийн тухай Хэргийн индекс 171/2018/0215/Э Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Шүүгдэгч Б.Э, Д.М Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э, Р.Ц Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолтой Б.Э, Д.М нарт холбогдох, 1825001460183 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.М, өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1992 онд Булган аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч Мөнхцэцэгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд нь 2011 оны 04 дүгээр сарын 26-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 4 жил 20 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, “Х” овогт Б.Э, Монгол Улсын иргэн, 1974 онд  Хөвсгөл аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр суманд  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,  “Х” овогт Д.М, Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М-тэй хэрэлдэж маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.М  2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Б.Э-тэй хэрэлдэж маргалдан түүний толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1., 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1.д зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Шүүгдэгч Х овгийн Д.М-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Д.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5,4.д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сард 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэн, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1.д хэсэгт зааснаар Д.Э-д холбогдуулан гаргасан Д.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 .д зааснаар Д.М-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах хэргийг прокурорт буцааж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурорын эсэргүүцэлд: Анхан шатны шүүх Д.М-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 450 нэгжгэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э нь Д.М-г түлхсэн цохьсон эсэх нь нотлогдоогүй, түүний үйлдлийн улмаас Д.М-н биед хүнд гэмтэл учирсаныг шууд нотлох хангалттай баримт авагдаагүй байна. Гэрч С.М, Д.Б, Н.Г нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын үнэн зөвийг шалгаагүй, хохирогч Д.М-н мэдүүлгээр зөрүүтэй, эдгээр зөрүүтэй нотлох баримтууд болон шүүгдэгч Д.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нь түүнийг яллах үндэслэл болохгүй байна. Хэрэгт ач холбогдолтой, үйл явдал болох үед байсан Д.Э-г гэрээс авч гарсан гэх Э-г гэрчээр асууж мэдүүлэг аваагүй. Яллах дүгнэлтийн үндэслэл болсон хохирогчийн мэдүүлэг, гэрч С.М, Д.Б нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар Д.Э-н гэм буруу нотлогдохгүй, эргэлзээтэй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн нь нотлогдсонгүй гэж дүгнэж Б.Э-г цагаатгасан шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг дурьдаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд гэрч гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг хэлэх бөгөөд тухайн нөхцөл байдлыг харсан хүн бүрийн мэдүүлэг зөрүүгүй тохирч байх албагүй. Гэрч тухайн үед өөрийн харсан үзсэн, сонссон зүйлээ л мэдүүлсэн байхад мэдүүлэг зөрүүтэй гэж шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Хэрэг явдал болох үед байсан гэх Э /бор/ нь шүүгдэгч Б.Э-н төрсөн ах, гэрч Б нь бэр эгч, С.М нь Б.Э-н эхнэр бөгөөд Б.Э-н эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хүмүүс байдаг. Хохирогч Д.М-н найз буюу гэрийн эзэн Г нь тухайн хэрэг явдал болох үед согтоод унтсан, болсон үйл явдлыг мэдээгүй байдаг. Хохирогч Д.М-н биед 2018 оны 02 сарын 07-ны өдрөөс өмнө буюу хэрэг үйлдэл болохоос өмнө ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй, эрүүл саруул байсан, өөр маргаан зодоон болоогүй нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Хохирогч Д.М-н биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх их хэмжээний цусан хураа, нүүр хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя, шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь Б.Э-н хохирогчийг түлхсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь дээрх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдэл хор уршигийн хоорондох шалтгаант холбоонд дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн шүүгдэгчийн би түлхээгүй, өөрөө зайлуулж холдуулсан, М согтуу байсан гэсэн мэдүүлгийг үнэлж Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй гг.\ хххэргхэрэгболгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хохирогч Д.М нь найз С.М-г өмөөрч Б.Э-г модоор цохих үед зөрүүлээд цохих шиг болоод ухаан алдсан, цохьсон уу. түлхсэн гэдгийг мэдэхгүй, ухаан алдаад 4 хоногийн дараа эмнэлэгт ухаан орсон талаараа удаа дараа тууштай мэдүүлсээр байхад шүүх хохирогчийн мэдүүлгийг үнэлээгүй, энэ талаараа дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1.д зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ гэжээ. Шүүгдэгч Д.М-н өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолыг эс зөвшөеоч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд .....Б намайг шууд түлхээд унагаасан тэгээд юу болсон талаар санахгүй байна..., ямар ч байсан толгойгоороо нэг юм мөргөөд унасан ..., гэсэн мэдүүлэг, мөн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 202 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар Б.Э нь хохирогч Д.М-н биед хүнд хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Үйлдэл нь Б.Э-н түлхсэн үйлдэл байх бөгөөд үүнээс өөр хүнд хохирол учрах үйлдэл гаргаагүй.., Хохирогч нь хэдийгээр шүүх хуралдаан дээр санахгүй байна гэсэн ч Б.Э-г намайг түлхэж унагаасан, нэг юм мөргөж унасан гэдгээ мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлж мэдүүлдэг. ..,Мөн шүүх хуралдаан дээр санахгүй байна гэсэн болохоос биш намайг огт түлхээгүй, цохиогүй хэмээн мэдүүлэг өгөөгүй. Хохирогч нь тархиндаа хүнд гэмтэл авч, хагалгаанд орсон тул зарим үйл баримтыг зарим тохиолдолд санах, мөн санахгүй байх тохиолдол тухай үеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан гардаг гэдгийг хохирогч өөрөө тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Э-г 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М-тэй маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож өгнө үү гэжээ. Шүүгдэгч Д.М давж заалдах гомдолдоо: .....Хохирогч Д.М миний бие мөрдөн байцаалтын шатанд Б намайг шууд түлхээд унагаасан тэгээд юу болсон талаар санахгүй байна.., Ямар ч байсан толгойгоороо нэг юм мөргөөд унасан гэж мэдүүлэг өгсөн..,Мөн Б-н ч гэсэн өөрөө М-г түлхсэн, М газар унах шиг болсон. Яг хаана яаж унаж байгааг хараагүй гэдгээ хэлсэн. Шүүхийн шинжилгээнний албаны 202 дугаар дүгнэлтээр миний биед хүнд гэмтэл учирсан гэдгийг тогтоосон. Хохирогч миний бие нь шүүх хуралдаан дээр санахгүй байна гэж мэдүүлсэн нь үнэн, харин би энэ хүн наймаг огт түлхээгүй, цохиогүй хэмээн мэдүүлэг өгөөгүй. Тухай өдрийн шүүх хуралдаан дээр миний бие ба шүүгдэгч болж байсан тул айж, сандарсан. Би яг хэрэгтэн шиг ял авна гэж бодохоор айхаас өөрөөр юуг бодогдоогүйн дээр тархиндаа хүнд гэмтэл аваад хагалгаанд орсноос хойш заримдаа мартаж, санах ялангуяа их ядрах, сандрах, айх, цочих зэргээр сэтгэл хямрахаар зарим зүйлийг мартхад тухай үед санахгүй болоод саатчихдаг. Одоо миний бие сайнгүй, тархи толгой байнга өвдөж, эм тариа хийлгэж байна. Мөн мартаж санадаг болсон. Эмчлэгч эмч маань хэлэхдээ цаашдаа унадаг, татдаг болж магадгүй тул болгоомжтой байхыг байнга анхааруулах болсон.., Иймд Б.Э-н хийсэн хэрэгт нь зохих ял шийтгэлийг нь оногдуулж надад учирсан хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлгүй гарсан гэж эсэргүүцэл бичсэн..,Эсэргүүцлээ дэмжиж байна..,шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М-тэй хэрэлдэж маргалдан түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.М Б.Э-тэй хэрэлдэж маргалдан түүний толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Э-н үйлдэл тогтоогдоогүй, түүнийг гэм буруутай гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй гэж үзээд Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, шүүгдэгч Д. М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн., мөн шүүгдэгч Д.М түүний өмгөөлөгч Р.Ц нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг хянаж үзлээ. Хэргээс үзвэл 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод оршин суух гэрч Н.Г-н гэрт Б.Э, Д.М болон гэрч Д.Б, Э, С.М нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж маргалдсан бөгөөд шүүгдэгч Д.М Б.Э-н толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн энэ үеэр Д.М-н биед хүнд хохирол учирсан үйл баримт болжээ. Гэтэл анхан шатны шүүх Б.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэрэгт авагдсан бүх нотлох баримтанд тал бүрээс нь дүгнэлт хийгээгүй, Б.Э-г гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа тодорхой заагаагүй, прокурорын яллах дүгнэлтийг үгүйгэсэн үндэслэл энэ талаарх нотлох баримтаа тодорхойлоогүй бөгөөд зөвхөн ...хэрэгт авагдсан зөрүүтэй нотлох баримтаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй.., эргэлзээтэй гэсэн дүгнэлт хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд ... шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдэл хор уршигийн хоорондох шалтгаант холбоо, нотлох баримтанд дүгнэлт хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцээгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ...Б.Э-н үйлдэл тогтоогдсон тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнийг гэм буруутайд тооцож өгнө үү.., гэсэн, хохирогч Д.М-н гаргасан ...Б.Э-н үйлдсэн хэрэгт нь зохих ял оногдуулж, надад учирсан хохиролыг барагдуулж өгнө үү... давж заалдах гомдлыг хэлэлцэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэж, хэргийн оролцогчдыг шаардлагатай бол шүүх хуралдаанд бүрэн хамруулах, тухайн үед үүссэн үйл явдалд бодит дүгнэлт хийж, хэргийн сэдэлт, санаа зорилгоос үүдэн гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоох, үүнээс хамаарч хэргийг зүйлчлэлд дүгнэлт өгөх, нотлох баримтаар тогтоогдохгүй үйл баримт байгаа бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.4., 39.9 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 39.9 зүйлийн 2. д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Э, Д.М нарт холбогдох, 1825001460183 дугаартай, 1 хавтас бүхий, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 2.Прокурорын эсэргүүцэлийг хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц болон шүүгдэгч Б.М нарын давж заалдах гомдлыг хэлэлцээгүйг дурьдсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР