Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 529

 

Б.Э, Д.М нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа, Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр магадлалтай, Б.Э, Д.М нарт холбогдох 1825001460183 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 20 хоног хорих ял шийтгүүлж байсан, Хулчин овогт Б-ийн Э нь 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,   

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Д-ын М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,  Д.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тал бүрээс нь дүгнэлт хийгээгүй,  шүүгдэгч Б.Э-г гэмт хэрэг үйлдээгүй болохыг нотлох баримтаар үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх хуралдааны даргалагчаас магадлалын тогтоох хэсгийг “Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай...” гэж уншиж танилцуулсан байтал гардуулсан магадлал болон хавтаст хэрэгт байгаа магадлалд энэ тухай дурдаагүй байна. Давж заалдах шатны шүүх Д.М, Б.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй гэж үзэж байна. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Б.Э Улаанбаатар хотоос ирж, найз М-ийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Их залуу багийн .-. тоот буюу Г-д очиход Ганзориг, Д.М- нар байсан. Шүүгдэгч Б.Э, гэрч С.М, Д.Б, Н.Г нар Д.М-гийн биед гэмтэл учирсан гэдгийг мэдээгүй, Э нэг удаа түлхэх шиг болсон, унасан эсэхийг мэдэхгүй, хараагүй, тэнд өөр хэрүүл маргаан болоогүй. Тэгээд Б, М, Э, Б нар гараад явчихсан” гэж мэдүүлдэг. Д.М-ийн биед учирсан гэмтлийг чухам хэзээ хэн учруулсан гэдэг нь нотлогдоогүй. Шинжээчийн дүгнэлтээр “...Д.М-ийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь луу чиглэсэн хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх их хэмжээний цусан хураа, нүүр, хүзүүний зүүн тал, зүүн өвдөг, гуя, шилбэ, баруун гарын сарвуунд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна” гэжээ. Улсын яллагч болон хохирогчийн тайлбарлаж байгаагаар Б.Э тэр орой эдгээр гэмтлийг учруулсан бол гэрч Н.Г мөрдөн байцаагчид мэдүүлэг өгөхдөө дурдах байсан. Н.Г Д.М-тэй хоёр өдөр хамт байсан бөгөөд тухайн өдрүүдэд юу болсон нь ойлгомжгүй. Д.М-ийн биед учирсан гэмтлүүд нь нэг удаа унахад үүсчих гэмтлүүд биш, олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ” гэж шинжээч эмч дүгнэлтдээ бичсэн гэж тайлбарладаг.

Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд буцаахдаа анхан шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, хэргийн оролцогчдыг шаардлагатай бол шүүх хуралдаанд бүрэн хамруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т заасан оролцогчид анхан шатны шүүх хуралдаанд бүрэн оролцсон, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн бөгөөд эдгээр баримтуудаар  Б.Э-г гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан анхан шатны шүүх түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.М-гийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Б.Э-г цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч Д.М-ийн биед хүнд гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирсноос гадна Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна. Хэрэгт авагдсан үйл баримтад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн  Б.Э, Д.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Орхон аймгийн прокурорын газраас Б.Э-г 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 15-16 тоотод Д.М-тэй маргалдаж, улмаар түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, Д.М-г мөн цаг хугацаанд Б.Э-тэй маргалдан түүний толгой руу модоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.М нь С.М-ийг өмөөрч түүний хамтран амьдрагч Б.Э-ийн толгой руу модоор цохих үед түүний үйлдлийг эсэргүүцсэн Б.Э нь Д.М-г түлхсэний улмаас гавал тархины битүү гэмтэл, гавлын хүнхрээ ясны суурь руу чиглэсэн хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан талаар хэрэгт авагдсан яллах талын нотлох баримтуудыг анхан шатны шүүх үндэслэлтэй няцааж чадаагүйгээс гадна Б.Э-г цагаатгах болсон нотлох баримтыг шинжлэн судалсан тухай болон түүнд тулгуурлан хийсэн үйл баримтын дүгнэлт ч тодорхой бус болжээ.

Иймд гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөл, Б.Э-ийн түлхэж унагасан үйлдэл болон Д.М-ийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо бий эсэх, хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг зөв тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 71 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН