Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/2017/01344

 

Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

      Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэр,

   Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар магадлалтай,

            Б-ийн нэхэмжлэлтэй,

            Х. А, Д нарт холбогдох

      Түрээсийн төлбөр 22.000.000 төгрөг болон хохиролд 5.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагч А, Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

                Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б , түүний өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагч А, Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

            Нэхэмжлэгч Б-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Х нь 2015 оны 6 сарын дундуур нэхэмжлэгч Б-ийн найз Б.Ганжигүүрт хандан ... Шарын гол суманд алт ухах гэсэн юм, найз Б ид энэ саналыг дамжуулан хэлж, Б  нь өөрийн эзэмшлийн Hyundai Robex 2900LC-7 маркийн экскаваторыг Х-д сарын 16.000.000 төгрөгөөр 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сарын хугацаагаар түрээслүүлэхээр гэрээ хийсэн юм. 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдөр А , Х , Д нарт экскаваторыг хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн төлбөрийн урьдчилгаа 8 сая төгрөг өгнө гэж тохирсон боловч мөнгөний боломж муу байна гээд 2.000.000 төгрөг өгөөд экскаваторыг авч явсан. 2015 оны 07 дугаар сарын 20 хүртэл чимээ сураггүй болсон учир экскаваторыг ажиллаж байгаа газрыг хайж Шарын гол суманд очиход Д байхгүй, А  ажилчдынхаа хамт байсан бөгөөд А тай уулзахад түрээсийн мөнгийг 8 дугаар сарын 25-ны өдөр өгнө гэж хэлсэн. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х миний найз Б.Ганжигүүр рүү утасдаж “нөгөө хүмүүс чинь техникийг чинь эвдчихсэн, найз нь Шарын голд айлын хашаанд аваачиж орхисон” гэж хэлсэн байсан. Бид энэ тухай сонсоод Шарын гол сум руу очиж техникээ олж, хот руу зөөлгөж, засвар хийлгэсэн. Үүнээс хойш түрээсийн төлбөр болон засвар үйлчилгээний мөнгийг өгнө гэсэн боловч өгөхгүй байгаа тул гэрээнд заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл экскаваторыг ашигласны түрээсийн төлбөр урьдчилгаанд өгсөн 2 сая төгрөгийг хасч 22 сая төгрөг, техникийг Улаанбаатар хот руу тээвэрлэсний төлбөр 2.000.000 төгрөг, экскаваторын компьютерийн удирдлагыг сольж засуулсан зардал 1.400.000 төгрөг, аккумлятор авсан үнэ 270.000 төгрөг, түлхүүр багаж, хэрэгслийн үнэ 80.000 төгрөг, тос тосолгооны материалын үнэ 914.000 төгрөг, цлиндр сальникийн үнэ 180.000 төгрөг, техникийг авахаар өөрсдөө Шарын гол сум руу ирж, очсоны зардал 300.000 төгрөг, нийт 27.144.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч А, Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын шүүхэд гаргасан тайлбарт: Түрээсийн гэрээнд юу түрээслэсэн нь тодорхой бус байна. Гэрээ байгуулсан нь ч тогтоогддоггүй. 2016 оны 1 дүгээр сард Ганжигүүр гэдэг хүн Б-ийн өмнөөс хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Уг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байгаа. Д нь Х-д экскаваторыг авчирч өгсөн боловч ажил хийж амжаагүй байхад эвдэрсэн байдаг. Хариуцагч Д , А  нар нь Б ид төлбөр төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Авто машин түрээслэх гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ эсэхэд дүгнэлт хийх ёстой. Гэрээнд 2015 оны 8 дугаар сар гэж огноо байгаа боловч яг хэдний өдөр гэрээ байгуулсан талаар байхгүй байна. Гэрээнд машины марк, дугаар, хэний эзэмшлийн машин болох талаар байх ёстой боловч тусгаагүй байдаг. 2015 оны 8 дугаар сард Б-ийн өмчлөлд энэ машин байгаагүй. Энэ машин нь тэр үед Д.Цэгмидийн өмчлөлд байсан. Нэхэмжлэл гарсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б-ийн нэр дээр энэ техник шилжсэн байдаг. Б  нь энэ машины өмчлөгч биш учир түрээслэх эрх бүхий этгээд биш юм. Техникийн бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байдаг. Авто машиныг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан талаар акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч хүлээлгэж өгсөн, хүлээн авсан акт байхгүй. Хэзээ машинаа өгсөн, буцаан авсан талаар тодорхой биш байдаг. Уг машин Б-ийн өөрийнх нь машин биш Д.Цэгмидийнх гэдгийг ч мэдэгдээгүй. Гэрээнд нэг талаас Б , нөгөө талаас Д нар гэрээ байгуулсан байна. Гэрээний 3 дугаар зүйлд түрээслэгчид машин шилжүүлэхэд бичиг баримтын хамт шилжүүлэн өгнө гэж заасан боловч бичиг баримтыг нь түрээслүүлэгчид шилжүүлж өгөөгүй байдаг. Б  гэрээнд заасан машиныг бусдад түрээслэх эрхгүй этгээд юм. Улсын дугаар марк, хөдөлгүүрийн дугаар, арлын дугаар, бичиг баримт нь гэрээнд хавсаргаагүй байх тул машин түрээслэх гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т тус тус заасныг баримтлан Б ийн гаргасан Д , А , Х нараас 27.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298.000 төгрөгөөс илүү төлсөн 4330 төгрөгийг Төрийн сангийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, үлдэх 293.670 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 288 дугаар зүйлийн 288.2.2-т тус тус заасныг баримтлан Б-ийн гаргасан Х. А, Д нараас 27.144.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.2, 242 дугаар зүйлийн 242.11-д тус тус зааснаар хариуцагч Х. А, Д нар тус бүрээс 8.104.667 төгрөг, нийт 24.314.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ид олгож, нэхэмжлэлээс 2.830.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагч Х. А, Д нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 144.625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ид олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

       Хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 83 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн 412 тоот шийдвэр нь хэргийн бодит байдалд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Маргааны гол зүйл болох “Автомашин түрээслэх тухай гэрээ” Иргэний хуулийн 318.3-т зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд 318.4-т энэхүү хуульд заасан шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заажээ. Гэтэл уг гэрээнд 2015 оны 8 сар гэсэн огноо байгаа боловч яг хэдний өдөр гэрээ байгуулсан нь тодорхойгүй. Гэрээнд уг автомашины марк, дугаар, хэний эзэмшлийн машин болох талаар дурдах ёстой боловч тусгаагүй байдаг. Гэрээ байгуулсан гэх 2015 оны 8 сард энэ автомашин Б-ийн өмчлөлд байгаагүй. Нэхэмжлэл гаргасны дараа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны Б-ийн нэр дээр техник шилжсэн байдаг. Иймд Б  нь энэ автомашины өмчлөгч биш учир түрээслэх эрх бүхий этгээд биш юм. Уг автомашины техникийн бичиг баримт нь гэрээнд хавсаргагдаагүй байдаг. Автомашиныг хүлээлгэн өгсөн болон хүлээж авсан талаар акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч хүлээлгэж өгсөн болон хүлээж авсан акт байдаггүй. Хэзээ машинаа өгсөн болон буцааж авсан талаар ч тодорхой биш байдаг. Мөн ямар зорилгоор гэрээ байгуулах талаар ч тусгаагүй байдаг. Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд түрээсийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Ийм байдлаар түрээсийн гэрээ байгуулах хуулиар тогтоосон журмыг зөрчсөн бөгөөд нотлох баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон “Автомашин түрээслэх тухай гэрээ”-нд хууль зүйн үүднээс үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй уг хууль бус түрээсийн гэрээг “...Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээ нэртэй хийгдсэн боловч болсон үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэж Х-д 8.104.667 төгрөгийн төлбөр ногдуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2017.05.31-ний өдрийн 83 тоот магадлал, анхан шатны шүүхийн 2017.03.24-ний өдрийн 412 тоот шйдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

          Хариуцагч А, Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 83 тоот магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Иргэн Д нь Х , А  нартай тохиролцож газар шорооны ажил хийхээр болсон ба Х нь Улаанбаатар хотод манай найзад экскаватор байгаа ирээд үз гэхээр нь А ийн хамт заасан хаягаар нь очиж үзэхэд эзэн нь гэж тодорхой хүн байхгүй, эзэнгүй хашаанд очиж үзсэн ба мөн тос масло нь гоожсон, засвар үйлчилгээ хийгээгүй тул дэмий юм байна больё гээд энэ тухай Х-д хэлсэн. Үүний дараа Х нь удаа дараа дээрх экскаваторыг авах талаар ярихад би мөн л татгалзсан. Хэд хоногийн дараа Х экскаваторыг ачаад ирсэн байсан. 2015 оны 8 сар гараад бодож төлөвлөсөн ажил бүтээгүй болохоор экскаваторыг Х ачаад явсан. Анх дээрх төхөөрөмжийг Х нь ачиж ирэхдээ хэн гэдэг хүнээс ямар хугацаатай авсан талаар олон техник түрээслэсэн ямар ч акт баримт байхгүй эвдэрхий тоног төхөөрөмж авчирсан ба бид энэ тоног төхөөрөмжийг ашиглаж чадаагүй, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 288.1.1-д “Хөрөнгийг хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хөлслөгчид шилжүүлнэ” гэж тодорхой заасан байхад Х техникийн эзэмшигч гэх Б тай түрээсийн гэрээ байгуулсан гэх боловч гэрээнд 2015 оны 8 сар гэж бичсэн нь яг хэдийд байгуулсан, хэний эзэмшлийн юу түрээслээд байгаа нь тодорхой бус, Б-ийн өмч мөн эсэх талаарх техникийн гэрчилгээ тухайн үед байгаагүй. Мөн техникийг хүлээлгэн өгсөн, авсан акт үйлдэнэ гэж гэрээнд заасан боловч энэ талаарх баримт хэрэгт хавсаргагдаагүй байдаг. Дээрх үйл явдал болоод өнгөрснөөс хойш 1 жил 3 сар өнгөрсний дараа Б  нь өөрийн нэр дээр төхникийн гэрчилгээ авсан нь тухайн үед техник Б-ийн эзэмшилд байгаагүй гэдэг нь батлагдаж байхад шүүх хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд Б  нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлнэ, түрээслэгч нь тохирсон түрээсийн төлбөр төлнө” гэж заасан байхад Б , Х нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээг утга агуулгын хувьд буруу тайлбарлаж хөлслөх гэрээ гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Харин анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн гэрээний тэгш эрхийн зарчим гэж байх ёстой байтал хууль ёсны гэрээ байгуулагдаагүй, техник хүлээлцсэн акт баримт байхгүй, үйл явдалд хэн нь ямар үүрэг оролцоотой оролцсон, гэм буруугийн хэм хэмжээ ямар байгаа зэргийг харгалзан үзэлгүй хэтэрхий нэг талыг барин 3 хүн ажилласан байна. Тиймээс төлбөрийг 3 хуваан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            Нэхэмжлэгч Б  хариуцагч Х. А, Д нарт холбогдуулж түрээсийн төлбөр 27.144.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, И.Энхболд нар “...зохигчдын хооронд 2015 оны 8 дугаар сард хийгдсэн түрээсийн гэрээнд эрх зүйн талаас нь дүгнэлт хийвэл нэхэмжлэлээр шаардаж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.          

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

          Автомашин түрээслэх тухай гэрээ гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч Х. А, Д нар Б-ийн эзэмшлийн Hyundai Robex 2900LC-7 маркийн эксковаторыг 1 сарын 16.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, урьдчилгаа төлбөрт 2.000.000 төгрөг өгч, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 25 хүртэл авч ажиллуулсан нь хэргийн 49-55 дугаар талд авагдсан Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр, гэрч С.Өлзийхишигийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэргээр нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

        Талуудын хооронд Түрээсийн гэрээ нэртэй гэрээ хийгдсэн боловч болсон үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “Гэрээний аль нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Хэрэгт авагдсан гэрээг Х төлөөлөн бичгээр байгуулсан байх боловч хариуцагч Х. А, Д нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид мөн байх бөгөөд хариуцагчид нь адил тэнцүү үүрэг хүлээх учиртай гэж үзсэн нь Иргэний хуулийн 242.11-д нийцсэн гэж үзнэ.

           А , Х нарын гарын үсэг зурсан “Баталгаа гаргах нь” гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, гэрээний нэг тал эд хөрөнгийг ашиглаж байгааг гэрчлэх баримт гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

       Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т зааснаар нэхэмжлэгч Б  нь хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй, хөлслүүлсэн эд хөрөнгө нь хүлээлгэн өгөхөд хэвийн ажиллаж байсан болон буцаан авахад эвдрэлтэй байсан талаар гэрч С.Өлзийхишигийн мэдүүлэг, засвар хийснийг нотлох зарлагын баримтууд, тэдгээрийн цаг хугацаагаар нотлогдож байх бөгөөд хариуцагч Х. А, Д нар Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтад нийцжээ.

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 83 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч А, Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, хариуцагч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч Х-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 144.625 /нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөг, хариуцагч Д гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 279.420 /хоёр зуун далан ёсөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН