Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ХШТ/104

 

 И.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр магадлалтай, И.Б-д холбогдох 2227000730154 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Ц.А-ийн гаргасан гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И.Б, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, алт, мөнгөний дарханы ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын **** баг, **** тоотод оршин суух хаягтай, РД: ****,

урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,

мөн аймгийн сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 05 сар 03 хоногийн хорих ялаас хугацаанаасаа өмнө суллаж хяналт тогтоосон.

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 27-нд шилжих шөнө **** аймгийн **** сумын **** баг, **** тоотод байрлах гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-г хэвлийн тус газарт нь нэг удаа өшиглөж биед нь элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөсний орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх шүүгдэгч И.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан 2 жил 2 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 7 сар 3 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Т.Батсүх хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Магадлалыг эс зөвшөөрч, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, уг хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 36.7 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэхдээ “...хохирогч Ц.А-ийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж чадахгүй, эргэлзээ бүхий байна” гэснийг зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хохирогч Ц.А нь удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд “...И.Б босож ирээд миний хэвлий хэсэг рүү өшиглөсөн, ... цээж хэсэг рүү өшиглөсөн, ... миний аюулхай хэсэг рүү өшиглөсөн...” гэж тогтвортой хэлж эх сурвалжаа зааж мэдүүлсэн байдаг бөгөөд харин “дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан, морин жимийн үүдэнд хэвтэж байсан” гэж хэлсэн нь түүнийг И.Б-д өшиглүүлснийг үгүйсгэх, улмаар гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэх ач холбогдолтой мэдүүлэг биш юм. Өөрөөр хэлбэл, И.Б нь Ц.А-тэй маргалдаж түүний хэвлий рүү нэг удаа өшиглөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг төгссөнөөс хойшхи үйл хөдөлгөөний талаарх хохирогчийн алдаж онож зөрүүтэй байдлаар хэлсэн үгийг шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоход ач холбогдолтой гэж үнэлж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

Хохирогч нь миний цээж, хэвлий, аюулхай хэсэг рүү нэг удаа өшиглөсөн гэх бөгөөд энэ нь хүний биеийн анатомын хувьд эрс тэс зөрүүтэй байрлал, хэсэг биш бөгөөд тухайн хүний өөрийнхөө биеийн араас, хажуунаас, эгц урдаас эсхүл биеийн дээд толгой хэсэг, доод хөл мөч хэсгийн алинд нь халдсан болохыг үгээр нэрлэж илэрхийлж буй хэлбэр юм. Нөгөө талаар “дээд өргөн чөлөө”, “морин жим” гэх мэтээр мэдүүлсэн нь тухайн хувь хүний мэдүүлэг өгөх үеийн сэтгэл анааны байдал, үйл явдлын дарааллыг ямар ч алдаагүй хэлэх, эс хэлэх чадвараас хамааралтай бөгөөд архи их хэмжээгээр ууж хэрэглэсэн согтуу хүний хувьд эхэлж хаана сэрсэн, дараа нь хаана хэрхэн ямар байдалтай сэрсэн зэргээ анх мэдүүлэг өгөхдөө дарааллын ямар ч алдаагүй бүрэн сэргээн дүрсэлж чадах эсэхтэй холбоотой. Агуулгын хувьд болон тоо, хэмжээ, цаг хугацаа, өдөр хоног, газар орон, байр сав зэрэг хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлын талаар харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нь хууль зүйн болон эрх зүйн ухамсарт тулгуурласан үнэлэмжээр хэргийн бодит байдалд нийцсэн гэж үнэлэх, эсхүл бусад эсрэг агуулга бүхий нотлох баримтуудыг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар бид шүүх хуралдааны үеэр мэтгэлцээний замаар тодруулсан.

Улсын яллагчийн яллах дүгнэлт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан хууль зүйн дүгнэлтүүдийг шүүх хэрхэн үнэлсэн, дүгнэлт хийсэн талаар магадлалд огт тусгагдаагүй. Мөн энэ хэргийн ганц гэрч болох О.А “...Тэгсэн чинь И.Б ах Ц.А ахад хандаж “Чи манай эхнэрийг янхан гэсэн байна лээ” гээд хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тухайн үед би согтож байсан учраас яг юу юу ярьсан болохыг санахгүй байна. Хэрүүлээс нь залхаад гараад явсан...” гэх мэдүүлгийг хэрхэн үнэлсэн болон О.А нь И.Б-ийн “хуурай дүү” болохын хувьд хувийн сонирхолтой нөхцөл байдал байгаа эсэх талаар ямар нэгэн харьцуулсан оюун дүгнэлт хийгээгүй.

Хохирогч Ц.А нь шүүгдэгч И.Б-ийг өмнө нь хэрэгт шийтгүүлж, хугацаанаас өмнө суллагдаж ирсэн, тэнсэнтэй байгааг мэддэг учраас эхлээд түүнийг хамгаалах, өөрт нь халдсаныг нуух санаагаар өөрийн баз болох гэрч Д.Д-д “...юу ч санахгүй байна, хэдэн банди нар зодсон” гэж хэлсэн байдаг ба дараагийн мэдүүлгүүдэд И.Б-ийн төрсөн ахтай нь найз нөхрийн холбоотой учраас анхандаа бие зүгээр бол тэгэсхийгээд өнгөрөөе гэж бодож байсан талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр бас ингэж хэлсэн байдлаас харахад анхны мэдүүлэгт болсон үйл явдлын талаар бүрхэгдүү мэдээлэл өгсөн болохыг прокурор, өмгөөлөгч, шүүгч бид оюун дүгнэлт хийж дотоод итгэлээрээ үнэлж болно.

Дээр дурдсан хэрэгт ач холбогдолтой гэрч О.А, Л.Д-ийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Г-ийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Л.А-ийн мэдүүлэг зэрэг давж заалдах шатны шүүх магадлалдаа хэргийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой нотлох баримтуудын харилцан хамаарал, хангалттай эсэх, хүрэлцээтэй байдалд болон хохирогчийн хамгийн сүүлд өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, заах байдлаар зөрүүг арилгаагүй байж эргэлзээтэй гэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.7 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогч Ц.А хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...тус хэрэг дээр ажиллаж байсан мөрдөн байцаагчид нь нилээд хэдэн удаа солигдсон, И.Б-ийг цагаатгасан тухай шүүхийн магадлал ирэх хүртэл, цагдаа, шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, иргэн И.Б-д зохих ял шийтгэлийг нь хүлээлгэнэ гэдэгт маш их итгэж байсан.

...Хаалгаа онгойлготол Ц.А хувцас нь нил шороо болчихсон шууд үгийн солиогүй нөгөө өрөө рүү ороод орон дээрээ хэвтээд өгсөн. Жаахан байж байгаад ёолж эхэлсэн, маш чангаар үргэлжлүүлэн ёолсоор л байсан. Би өөр өрөөнд байсан учир 1 унтаад 1 сэрээд л байсан. Гэтэл гэнэт босч ирээд миний утас, бичиг баримт алга гээд гарсан би цаг эрт байсан болохоор замаараа явбал олдох байх гэж бодсон. Гэвч удалгүй орж ирээд хэвтээд өгсөн, ингэхдээ бүүр илүү ёолж, орилж эхэлсэн. Ингэхэд нь би хүнд зодуулсан юм байна гэж огтхон ч бодоогүй ил шарх сорви, цус нөж болоогүй байсан учир нойр булчирхай нь ч юмуу, аль нэг дотор эрхтэн нь өвддөг болж байгаа юм байна даа, бүүр болохгүй бол өвчин намдаах эм өгөөд эмчид үзүүлье л гэж бодож байсан. ...Ус аваад иртэл Ц.А байхгүй гэр онгорхой байсан, ширээн дээр байсан утсаа аваад үзтэл, хажуу айлын эмнэлэгт сувилагчаар ажилладаг Д зөндөө залгасан байсан, юу болсон юм бол гээд эргээд залгатал, Ц.А ахын бие их тааруу байх шиг байна. Хүнд зодуулсан юм шиг байна, түргэн дуудаад явуулчихлаа. Та хааччих ваа гэхээр нь гэнэт И.Б-ийг санаад Ц.А ах чинь танайхаас хэнтэй гарсан юм бэ, хүнд зодуулсан бололтой, эмнэлэг рүү муудаад явчихлаа гэсэн чинь ганцаараа зүгээр л гарсан ш дээ яг хаана байгаа юм бол, дүү нь ойрхон юм чинь гүйгээд очъё, юу авч очих уу, та араас яваад оч, дүүгээ мэдэж байгаа биз дээ, дүү нь саяхан гарсан, дүү нь ахдаа иймээ тиймээ юм юу гэж хийхэв дээ, гэх мэтчилэн, тэр хооронд их олон юм яриад байсан. Манай гадаа утсаа хаясан байна, би ахад аваачаад өгье гэсэн.

Тэгээд би араас нь удалгүй эмнэлэг дээр очиход Ц.А-ийн орон дээр очоод сууж байсан, хэн зодсон гэнэ, яасан гэнэ, асуув уу гэсэн чинь гудамжинд явж байхад нь баахан залуучууд гарч ирээд, дэвслээд зодсон гэнээ, хэнийг нь ч мэдээгүй  гэнэ, дүү нь одоо явъя даа хүн амьтанд харагдаад дэмий биз гэхээр нь, түүнийг зодсон гэж огт бодоогүй байсан учир мөрөөрөө явж байгаа хүнд гай болно гэж бодоод би ч түүнийг миний дүү одоо яв яв л гэсэн. Түүгээр ч барахгүй араас нь мессеж бичээд, танай гаднаас утас нь олдсон, чамайг эмнэлэг дээр аваачиж өгсөн гэж цагдаад хэлэхгүй, чамд аягүй бол гай болно гэж хүртэл мессеж бичсэн. Энэ бүхний эцэст би анх И.Б рүү ярьж, түүнийг түрүүлж Ц.А рүү очуулсан нь миний алдаа байсан. Харин цагдаа нар шууд хараад л наад хүн чинь гудамжинд зодуулсан хүн биш байна, үгүй ядаж, нүүр аманд нь шалбархай ч алга гээд байсан. Зодсон хүнээ хэлэхгүй бол маш хүнд хагалгаа болно, хатуухан хэлэхэд хэрэв хагалгаа амжилтгүй болбол, ар гэрийнхэн чинь гэмт хэрэгтний нэр ч үгүй хоцорно, гэж өөрт нь хэлсэн.

Мөн И.Б-ийг тэр Ц.А-г хагалгаанд орохтой зэрэгцээд, судсаа ханасан гэж сонсоод өөрийгөө гэмт хэрэгтэн гэдгийг тод томруунаар нотоллоо доо л гэж бодож байсан. Би эхнээсээ түүнийг бодож зөөлөн хандсан биш сүүлдээ өөрөө нөхрийгээ зодож гэмтэл учруулсан болж, түүнийгээ нуух гэж И.Б рүү мессеж бичсэн болж, Ц.А-г шөнө ирээд агсам тавьж байгаад гарч яваад, хүнд зодуулаад ороод ирлээ гэж И.Б рүү ярьсан гэх мэтээр байж боломгүй, ор үндэсгүй зүйлүүдийг санаан зоргоороо зохион ярьж, түүнийг нь нотолгоо болгож хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг эсэргүүцэн цаашид албан ёсоор өмгөөлөгч авч, хуулийн дагуу бид эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг тогтоолгож, нэхэмжилнэ. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Хохирогч нь хэрэгт 5 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд мэдүүлэг бүртээ И.Б-ийн буюу шүүгдэгчийн өөдөөс харсан байрлалтай сууж байсан, шүүгдэгч нь хохирогчийн чээж, хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн гэдгийг тогтвортой мэдүүлсэн нь шүүх эмнэлгийн 5455 дугаартай дүгнэлтэд “...хохирогчид учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж тусгагдсантай тохирч байхад хохирогч “...чээж, хэвлий, аюулхай орчимд өшиглөсөн, сэрэхэд морин жимийн гадаа байсан, дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан” гэх зэргээр мэдүүлсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг үгүйсгэх баримт биш юм. Мөн давж заалдах шатны шүүх тухайн процессыг хараагүй гэрч Д.Д-ийн мэдүүлгийг үндэслэж эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.  Түүнчлэн хохирогч нь шүүгдэгчийн өөдөөс хараад сууж байсан, хоорондоо маргалдсан талаар хохирогч Ц.А, гэрч О.А нар, мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгч өөрөө мэдүүлсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хуулийн үзэл баримтлалаас өөрөөр буюу “хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт 2 удаа буцааж байсан боловч эргэлзээтэй нөхцөл байдал арилаагүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй” гэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримтыг бүхэлд нь үндэслэл бүхий эргэлзээтэй нөхцөл байдалтай адилтгах байдлаар хуулийн агуулга, зорилгыг алдагдуулан дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгохдоо гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийгээгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг хангаагүй буюу магадлалын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн үндэслэлээ бичээгүй, тогтоох хэсэгт И.Б-д холбогдох хэргийг хуулийн ямар зүйл хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байгаа талаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийн хүчингүй болгох үндэслэлийг удирдлага болгоогүй. Мөн шийдвэрийн удирдлага болгосон хуулийн зүйл заалтаас харвал хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийдвэрлэсэн тохиолдолд хүнд хохирол учирсан буюу хохирогч хохирсон фактыг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтэд буцаалгүй орхигдуулсан байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг оролцогчийн гомдлоор хянан хэлэлцээд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 16.2 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол зэргээс үзэхэд нотлох баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэх учиртай. Хохирогчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар хэрхэн нотлогдсон эсэх, хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууг хохирогч Ц.А, гэрч О.А, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээч эмч Л.А-ийн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч гэмтэл авснаас хойш 11 хоногийн дараа буюу ямар гэмтэл авснаа мэдсэн үедээ миний үйлчлүүлэгчийг цохисон гэдэг. Ц.А-г согтуу байхад нь огт мэдүүлэг аваагүй. Анх өмгөөлөгч Д.Д “...Ц.А бусдад зодуулсан” гэх агуулгатай гомдол гаргасан. Д.Д Ц.А-ээс юу болсон талаар асуухад “юу ч санахгүй байна, хэдэн банди нарт зодуулсан” гэж хариулсан талаар мэдүүлсэн байдаг. Хохирогчийн анх сэрсэн гэх Дээд өргөн чөлөө нь И.Б-ийн гэрээс 3-4 км зайтай. Дараа нь Дээд өргөн чөлөөний Дэлгэрэх хүнсний дэлгүүрийн хашааны буланд хэвтэж байсан гэх ба хоорондоо 500-600 метр зайтай. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй, зөрүүтэй гэдгийг хэлсний дараа хохирогч хамгийн эхэлж Морин жимийн ойролцоо, дараа нь Дээд өргөн чөлөөнд, сүүлд нь Морин жимийн ойролцоо ухаан алдаж унасан мэтээр ярьдаг. Түүнчлэн анх хэвлийд өшиглөсөн гэсэн бол сүүлдээ аюулхай орчим руу тийрсэн, өшиглөсөн гэж мэдүүлдэг.

Тухайн газарт буюу 40 см зайд хоёр хүн зэрэгцэж суух боломжгүй гэдгийг гэрч О.А мэдүүлдэг ба өөд өөдөөсөө хараад сууж байсан гэдэг нь үгүйсгэгддэг. Хохирогч О.А-г болсон үйл баримтыг харсан гэдэг ч О.А шүүх хуралдаанд оролцохдоо “...маргалдаж байгаад эвлэрээд гар бариад салсны дараа би явсан, миний хажууд хэрүүл, зодоон болсон зүйл байхгүй” гэж шийтгэх тогтоолд дурдсан үндэслэлийг үгүйсгэдэг. Мөн хохирогч Морин жим гэх газарт буюу чацарганын мод тарьчихсан, цэцгийн мандалтай, өндөр төмөр хашаан дотор байсан мэтээр мэдүүлсэн зэргээр түүний мэдүүлэг нотлогддоггүй.

Ц.А И.Б-нхээс шөнийн 01 цагт гарсан гэдэг нь Л.Д-ийн мэдүүлгээр нотлогддог ба 04 цагт гэртээ очсон. Маргааш өглөө нь Л.Д 11 цагт И.Б рүү ярихдаа “цаад чинь хүнд зодуулчихсан юм шиг байна, танайд байсан гэж битгий хэлээрэй” гэж хэлээд мессеж явуулсан байдаг. Тэгэхээр шөнийн 01-04 цагийн хооронд хаана байсан, ямар байдлаар гэмтэл авсан эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн дэлгүүрийн худалдагчаас мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч ирээгүй. Гэмт хэргийн талаар гаргасан гомдол, унасан, сэрсэн гэх газар, мэдүүлгүүд бүгд зөрүүтэй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар И.Б Ц.А-д гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй учир давж заалдах шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт хяналт тавьсан прокурор миний үйлчлүүлэгчийг “О.А-тэй цуг гарсан гээд хэлчих, хэдэн төгрөг нэхэх байх тэрийг нь өгчих” гэж ятгасан учир прокуророос татгалзаж байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хохирогч Ц.А-ийн гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн И.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.  Анхан шатны шүүхээс шүүгдэгч И.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

3. И.Б-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс бүрэн авч хэрэгжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Шүүхийн шийдвэр ийнхүү хүчин төгөлдөр болсноор мөн хуулийн 37.3 дугаар зүйлийн 1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд түүнийг биелүүлэх үүрэгтэй.

Анхан шатны шүүх И.Б-д холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 58 дугаартай шүүгчийн захирамжаар “гэмт хэрэг гарсан орон байранд үзлэг, туршилт хийх, гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад захирамжийг хэвээр үлдээжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас И.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлож тогтоогоогүй гэх дүгнэлтийг хийж хэргийг дахин прокурорт буцаасныг давж заалдах шатны шүүх хянаад захирамжийг хэвээр үлдээсэн байна.

4. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжид тусгагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагааг огт биелүүлэхгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дагуу хоёр шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д заасан журмыг зөрчсөн байх тул мөн зүйлийн 2-т заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаартай шүүгчийн захирамжуудад заагдсан ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийлгүүлэх шаардлагатай гэж хяналтын шатны шүүх үзэв.

5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн шалгасан эсэх, өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг дүгнэхээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр агуулгын хувьд харилцан зөрүүтэй нотлох баримтуудын алийг хууль ёсны, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэхийг өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох үүрэгтэй болно.

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Мөн гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

6. Шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.А  “...И.Б надад хандаж та манай эхнэр хүүхдийг зайл гэж хэлсэн байна лээ гэж байснаа гэнэт миний цээж хэсэг рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Тухайн үед би архи хэрэглэсэн байсан учраас нэг хэсэг ухаан алдсан тэгээд сэрсэн чинь И.Б-ийн гэрийн /ажил нь хамт/ хажуу талын морин жимийн үүдэнд хэвтэж байсан..., ...Би эхлээд И.Б-д өшиглүүлээд хэсэг ухаан алдсан, сэрэхэд И.Б-ийн гэрийн хажуу талын морин жимийн үүдэнд хэвтэж байсан...” /1хх-228/, “...морин жимийн үүдэнд сэрэхэд миний хэвлий хэсэг их өвдөж байсан...” /2хх-93/ гэсэн мэдүүлэг өгч байжээ.

Харин мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэлд “...А бид 2 хоймор хэсэг рүү харсан байдалтай модон сандал дээр зэрэгцээд суусан, И.Б өөдөөс хараад ширээг тохойгоор тулаад зогссон /ойролцоогоор 1 алхам/ байж байгаад гэнэт л миний цээж хэсэг рүү хөлөөрөө тийрч өшиглөсөн. Би хойшоогоо газарт унаад өгсөн, тэгээд л би гараад явсан гэснээр ажиллагааг дуусгав...” /1хх-229/ гэж тусгагдсан байна.

Хохирогч Ц.А-ийн дээрх мэдүүлэгт дурдсан И.Б-д нэг удаа өшиглүүлснээс хойш ухаан алдсан, эсхүл өөрөө гарч явсан гэх нөхцөл байдлын аль нь үнэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, эргэлзээтэй байх тул хяналтын шатны шүүхээс хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх боломжгүй юм.  

7. Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц хохирогч, гэрч нарын мэдүүлгийг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, зөвхөн хэргийн төгсгөл, үр дагаварт тулгуурласан байдлаар хэргийн үйл баримтыг эргэлзээтэй тогтоосон прокурорын шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасан журмын дагуу зөвтгүүлэх байтал хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг гүйцэд тогтоолгүйгээр хянан шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

8. Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хохирогч Ц.А-ийн гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний  өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                                        

                   ДАРГАЛАГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                  ШҮҮГЧИД                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Ч.ХОСБАЯР