Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 462

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Баасанбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Гансүх, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Д.Эрдэнэчимэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сумъяжавын өмгөөлөгч Р.Булган,

            ялтан Т.Баасанбат /хорих 461 дүгээр ангиас цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Б.Тэнгис,

            нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.Баасанбат болон ялтны өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган нарын гомдлоор эрүүгийн 201626022425 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Таванхонгор овгийн Төмөрбаатарын Баасанбат, 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 1 дүгээр гудамжны 31 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД: МР88091317/,

            Т.Баасанбат нь 2016 оны 9 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” гэх бааранд үйлчлүүлж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 0.5 литрийн пивотой шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г.Оюунгэрэлийн толгой тус газарт нь шидэж гавлын дух ясны шугаман хугарал бүхий хүнд гэмтэл хүнд гэмтэл үүсгэж танхайн сэдэлтээр санаатай алсан,

            Мөн 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 2016 оны 9 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” гэх бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа 0.5 литрийн пивотой шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Ууганмягмарын нүүрэн тус газар нь шидэж уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.  

            Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Баасанбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баасанбатыг 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж, түүний хоригдсон 231 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн HP гэх бичигтэй цэнхэр өнгийн Си Ди-г хэрэгт хавсаргаж, үүрэн холбооны утасны Сим картыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгуулж, Т.Баасанбатаас 2,381,900 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сумъяажавд олгохоор шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сумъяажав нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Ялтан Т.Баасанбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2016 оны 9 дүгээр сарын 25-ны орой “Fire” нэртэй бааранд үйлчлүүлж бүжиглэж байгаад ариун цэврийн өрөө орчихоод буцаад ширээн дээрээ иртэл нэг танихгүй залуу сууж байсан тэгээд би тэр залууд бид нар энд сууж байгаа гэсэн чинь зөөгч ирээд та нар юм захиалах уу гэхэд хүний нэг нэг шил пиво захиалаад зөөгч тэр танихгүй залууг аваад гарсан. Гэтэл удалгүй 4-5 залуучууд орж ирээд нэг нь намайг цохиод чамайг ална гээд над руу дайрсан би эхнэртэйгээ болон нялх хүүхэдтэй хамаатан садныхаа эмэгтэйчүүдтэй хамт явж байсан болохоор эмэгтэйчүүдийг маань цохиж зодох юм болов уу гэж бодоод хамгаалах гэж газар унасан нойтон шилийг аваад өндийтөл тэдгээр залуучууд ахиад дайрах нь гэж бодоод айлгах гээд далайтал манай эхнэр болиоч гээд миний гараас зуураад татахад шил гараас мултраад шидэгдсэн гэтэл шүүхээс намайг санаатай үйлдсэн бөгөөд түүний уг үйлдлээс хэн нэгэн гэмтэх боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж хийсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Тухайн үед айсандаа болчимгүй үйлдэл хийсэндээ маш их гэмшиж харамсаж байна. Тэр үед би эхэнд шидэгдсэн шилийг шидье гэж бодож шидээгүй шил аваад далайтал эхнэр гарнаас зууралдаад таттал өөрөө ч мэдэлгүй гарнаас мултраад шидэгдсэн тухайн хэрэг болсон “Fire” баарны бичлэгээр харагдаж байсан гэтэл шүүхээс намайг ингэж дүгнэж гэм буруутай гэж байгаад маш их гайхаж байна. Бусдыг санаатай гэмтээх гэсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Тэр залуучуудаас хамт явсан хүмүүсээ хамгаалахийн тулд санамсар болгоомжгүй үйлдэл гаргаж гараас шил мултарсан. Тэр танхайрсан залуучуудыг олохгүй байна гэсэн шалтгаанаар гадуур сул чөлөөтэй явж байгаад их гайхаж байна. Хэрэв тэдгээр залуус болчимгүй үйлдэл гаргаагүй бол талийгаачийн амь нас, миний амьдрал ингэж доройтохгүй гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг өөрчилж зүйлчлэлийг минь хөнгөрүүлж хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ

            Ялтны өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ялтан Т.Баасанбат нь талийгаач Оюунгэрэлийг огт танихгүй, тэр бааранд бүжиглэж байгаад ч хараагүй, түүнийг алах ямар нэгэн санаа зорилго байгаагүй болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогддог. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангийн гэмт хэргийг бүрэлдэхүүний субьектив талын санаа зорилго үгүйсгэгддэг.Харин Т.Баасанбат нь “Fire” нэртэй бааранд эхнэр, найз нөхдийн хамт төрсөн өдөр тэмдэглэн үйлчлүүлж байхад гаднаас үл таних залуучууд орж ирэн ямар ч шалтгаангүйгээр зодож танхайрсан. Т.Баасанбат нь уг хүмүүст зодуулж байхдаа өөрийгөө болон эхнэр, найз нараа хамгаалах гарцаагүй байдалд хүрч шил авч шидсэн үйлдэл нь хайхрамжгүй хандсаны илрэл гэж үзэж байна. Иймд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгож хөнгөрүүлэн зүйлчилж өгнөүү. Мөн талийгаачийн ар гэрт хохиролын мөнгө өгсөн баримтыг шүүх хуралдаанд гаргаж байна гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Тэнгис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өмгөөлөгч Оюунгэрэлийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заагдсанаар зэвсэг, зэвсгийн чанартай бусад эд зүйл танхайрах явцдаа хэрэглэсэн гэж хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргаж байна. Шүүх хэргийг нэг талаас нь хандаж байна. Хэрэг болсон үйл баримтыг дүрс бичлэгээс харахад танхайн сэдэлт гэж үзэхээр нөхцөл байдал харагддагүй. Хэсэг залуучууд орж ирээд сууж байсан хүнийг зодож байгаа үйлдэл камерын бичлэгээс харагддаг. Гэхдээ сууж байсан ширээнээсээ болж муудсан юм шиг харагддаг. Камерын бичлэгт дүрс бичигдсэн, дуу бичигдээгүй. Дараа нь залуучууд камерын наана ирж, Г.Баасанбат руу дайрдаг. Пивоны шил булаацалдаад хайхрамжгүй байдлаар 2 удаа шидсэн үйлдэл харагддаг. Г.Баасанбатын пивоны шилийг эхнэртэйгээ булаацалдаж байгаад гараас нь мултраад, шигдэгдсэн шил хагарсан. Гэтэл энэ нөхцөл байдлыг тогтоолгүйгээр зөвхөн шүүгдэгчийг танхайрч бүх хүмүүс рүү шил шидэх явцдаа нэг хүний амь хохироож, нэг хүнд гэмтэл учирсан гэж буруутгасан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч камерын бичлэгт дахин үзлэг хийж өгнө үү.

            Хохирогч Д.Сумъяажавын өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүх Т.Баасанбатад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “шүүгдэгч нь эхнэр болон найзуудын хамтаар гэмт хэрэг гарсан бааранд үйлчлүүлж байсан ба агсам согтуу тавьж, бусадтай маргалдсан, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан ямар нэгэн үйлдэл гаргаагүй байна. Харин шилтэй пивыг 2 удаа бусад руу авч шидсэн тодорхой сэдэлттэй үйлдэл болох нь тогтоогдож байна. Хохирогч Г.Оюунгэрэлийн толгой тус газарт нь онож хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан” гэж дүгнэж Т.Баасанбатад холбогдох хэргийн зүйлчлэлийг 91 дүгээр зүйлйин 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэсэхгүй болгон шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Т.Баасанбат нь бусад хүмүүс өөрийг нь  зодсон гэдэг зүйлээр шалтаглан олон нийтийн газар согтууран танхайрч, хэрүүл зодоон хийж, тус баарны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, өөрийн танхайн үйлдэлдээ хүч оруулах зорилгоор тодруулбал, бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор ширээн дээр байсан пивоны шилийг авч 2 удаа олон хүн бүжиглэж байгаа талбай руу шидэж, танхайрах явцдаа хохирогч Г.Оюунгэрэлийн толгой тус газарт нь онож алсан, хохирогч Г.Ууганмягмарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд прокурорын газраас хэргийг зөв зүйлчлэн ирүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэж байна.Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Прокурор Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Г.Баасанбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийн цагаатгах болон яллах талын баримтад үндэслэн шийдвэр гаргасан. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл гаргааргүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд хүмүүсийн хоорондын маргааны улмаас үүдэнд гарсан зодооны явцад бусдыг санаатай алсан байна гэж үзэж, шүүх хэргийг зөв зүйлчилснийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрсөн.  Өмгөөлөгчийн гомдолд тайлбар хийхэд хэргийн нөхцөл байдал болон камерын бичлэгт тодорхой харагддаг учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт байхгүй. Пивоны шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж, бусад рүү чиглэсэн үйлдэл нь бусдын бие махбидод гэмтэл учруулахыг мэдсээр байж, санаатай үйлдсэн болох нь харагддаг, болгоомжгүй буюу хөнгөмсөгөөр хандсан хэрэг гэж үзэх үндэслэл тогтоогдолгүй. Прокурорын зүгээс хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                            ХЯНАВАЛ:

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Т.Баасанбат нь 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26 нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 0.5 литрийн пивотой шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г.Оюунгэрэлийн толгой тус газарт нь шидэж гавлын дух ясны шугаман хугарал буюу  хүнд гэмтэл үүсгэж танхайн сэдэлтээр санаатай алсан,

            Мөн 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 2016 оны 9 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Fire” гэх бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах явцдаа 0.5 литрийн пивотой шилийг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Ууганмягмарын нүүрэн тус газар нь шидэж уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сумъяажавын: “...талийгаач Ганболдын Оюунгэрэл нь миний төрсөн эгч Сумъяасүрэнгийн том охин байгаа юм. Талийгаач Архангай аймгийн Хангай суманд амьдарч байгаад 2016 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод орж ирээд хувийн цайны газарт ажилд ороод Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн гудамжинд тоотыг сайн мэдэхгүй байна, хүргэн ах Лүндээжанцан нь хашаа хөлсөлж амьдардаг ба тэднийд амьдарч байсан. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өглөө Хэнтийд байхад эгч Оюунчимэг залгаад Оюунгэрэлийн бие муудаад эмнэлэгт үзүүлэхэд нас барсан гэсэн байна гэж хэлсэн. Миний сонссоноор толгойноос нь цус гараад байхаар нь лент наасан талаар сонссон. Манай дүү хүнд толгойндоо цохиулж гэмтэл авсанд нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 79-80/

хохирогч Б.Ууганмягмарын : “... би хорооллын эцэст байдаг “Файэр” гэдэг нэртэй бааранд зохион байгуулагчаар ажилладаг юм. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед манай бааранд 30 орчим насны 3 эмэгтэй, 2 эрэгтэй архи уучихсан халамцуу орж ирээд 5 дугаар ширээ буюу зүүн урд талын булангийн ширээнд суугаад 5 шил “Сэнгүр” нэртэй пиво захиалсан юм. Тэгээд би гадаа гарчихаад буцаад баарандаа ороод иртэл 5 дугаар ширээн дээр суусан 2 залуу 3 эмэгтэй дээр 3-4 залуу оччихсон хэрэлдэж байхаар нь наанаас нь очоод яасан юу болсон бэ гээд яваад очтол наад талд нь зогсож байсан нэг залуу нөгөө 2 залуу 3 эмэгтэйг заагаад эд нар өөрсдөө эхэлсэн юм гэж хэлээд байж байтал 3 эмэгтэйтэй явсан хоёр залуугийн улбар шар өнгийн малгайтай цамцтай, туранхай, өндөр нуруутай залуу ширээн дээр байсан шилтэй пиво аваад над руу шидээд, шил нь миний уруулыг цохиод язалчихсан юм. Тэгээд би уруулынхаа цусыг тогтоох гэж гал тогооны өрөө рүү орчихоод буцаад гараад ирэхэд манай баарны хамгаалагч очиж уг хүмүүсийг салгасан юм. Цагдаагийн байгууллагынхан ирээд миний уруулыг цохисон хүнийг аваад явсан ...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 83-84/,

гэрч Г.Норовбанзадын: “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн үед би өөрийн ажил болох “Кинова” ресторанд байж байхад өмнө нь “Абука” барилга технологийн коллежид хамт сурч байсан манай найз болох Оюунгэрэл над руу мессеж бичээд хэдээс тарах вэ хоёулаа орой уулзах уу гэсэн. Бид хоёр гудамжинд зарж байсан шорлогноос нэг нэг ширхэгийг идээд би “Цэ” нэртэй каферуу оръё гэж хэлсэн Оюунгэрэл үгүй хоёулаа бааранд оръё гээд “Файэр” нэртэй бааранд орсон. Бид хоёр тус баарны 2 давхарт булангийн ширээнд суугаад хүний 1 шил “Эсса” нэртэй пиво авчихаад амсаад доошоо бууж бүжгийн талбайд бүжиглэсэн. Г.Оюунгэрэл бид хоёр бүжгийн талбайд бүжиглэж байтал миний толгойны хажуугаар нэг зүйл хүчтэй өнгөрөөд гарах шиг болохоор нь Оюунгэрэл рүү хартал доошоо тонгойчихсон намайг шилээр оночихлоо хамт 00 оръё гэж хэлэхээр нь хартал духны баруун талд байсан шиг санагдаж байна хонхойж хавдаад бага зэрэг цус гарч байсан. Тэгтэл баарны үйлчлэгч цэвэрлэгч эгч орж ирэхэд Г.Оюунгэрэл зүгээрээ  гайгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйж гараад зөөгч охинд хэлтэл текний хүнд хэл гэсэн тэр үед талийгаач яах гэсэн юм бэ хажууд байдаг эмийн сан ороод шархны лент аваад наачихъя гэж хэлээд бид 2 тус баарнаас гарсан. Баарнаас гараад гэмтэл оръё гэхэд Г.Оюунгэрэл яахын бэ би харьлаа гээд ганцаараа алхаад харьчихсан, гэртээ очоод толгой өвдөөд байна гэсэн мессеж ирэхээр нь би интернэтээс зөвлөгөө харж байгаад мессеж бичсэн. Тэрнээс хойш уулзалдаагүй, хараагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 86-87/,

гэрч Ж.Төрбатын: “...би тус бааранд ажилд ороод сар гаруй болж байна. 2016 оны 9 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө зөөгчөөр ажиллаж байх хугацаанд манайд шинээр ажилд орсон 4 зөөгч охин өчигдөр ажилд орсон. Ингээд Анхаатай нийлээд 6 зөөгч ажиллаж байсан. 00:50 цагийн орчим гаднаас 3 эмэгтэй 2 эрэгтэй халамцуу байдалтай орж ирсэн. Харин нэг хоосон ширээн дээр эд нартай зодолдсон гурван залуугийн нэгийг нь суулгаж өгөөд харин нөгөөх нь 2 залуу бүжиглэж байсан. Би эд нараас захиалга аваагүй байсан. Тэгээд удалгүй эргээд иртэл саяны 3 эмэгтэй 2 эрэгтэй хүмүүс нөгөө нэг залуу суучихсан байсан ширээн дээр суучихсан 3 эмэгтэйгий нэг нь хэл амаар доромжилсон байдалтай байсан бөгөөд түрүүний ширээн дээр суулгасан байсан залуу нь над дээр ирээд энэ хүмүүс хэл амаар доромжлоод захиалгаа өгөөгүй байж зайл бос гээд байна гэхээр нь би өөр ширээн дээр суулгаж өгье гээд суулгаж өгсөн. Харин нөгөө 2 найз нь ганцаараа явж байсан залуу дээрээ ирээд хоорондоо юу ярилцсаныг сонсоогүй тэгтэл энэ 3 залуу түрүүний орж ирсэн 2 эрэгтэй 3 эмэгтэйтээ дээр очоод юу ярилцсаныг мэдэхгүй цохиолцож зодолдоод эхэлсэн. Гэтэл 3 эмэгтэйтэй хамт явж байсан 2 залуугийн нэг болох улбар шаргал өнгийн малгайтай цамцтай залуу шилтэй пивоо ширээнээсээ аваад шидсэн бөгөөд миний зүүн мөрийг гараараа цохиод шилтэй пиво нь миний хойшоо шидэгдээд хаана унасныг нь хараагүй би зүүн мөрөө бариад ухраад шууд зохион байгуулагч болох Ууганмягмарыг дагуул ирсэн. Тэгээд зохион байгуулагчтай хамт эргээд нөгөө хүмүүс дээр ирэхэд Ууганмягмарын уруул руу тэр залуу шилтэй пиво авч шидсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 88-89/,

гэрч Г.Эрдэнэбулганы: “...2016 оны 9 дүгээр сарын 25-аас 26 нд шилжих шөнө Нарангуагийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд “Цэ” нэртэй баарны хажуугийн диско бааранд орсон.  Т.Баасанбат, Ууганхүү нар 50, 50 грамм архи, харин бид 3 нэг нэг шил пиво ууцгааж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэсэн. Бид нар бүжиглэж байгаад эргээд ширээндээ иртэл савхин куртиктэй танихгүй залуу сууж байсан. Бид нар энд сууж байгаа ш дээ гэхэд зөөгч намайг энд суулгасан гэж хэлсэн. Тэгэхээр нь зөөгчид яагаад манай ширээнд хүн суулгаж байгаа юм бэ гэхэд та нар юм захиалахгүй байна ш дээ гэж хэлсэн тэгтэл Нарангуа тек рүү яваад 5 пиво захиалсан. Тэгтэл манай ширээн дээр сууж байсан залуу босоод яваад өгсөн. Удалгүй манай ширээнд сууж байсан залуу  хэдэн залуучуудтай ирээд шууд Улаанхүүгийн толгой тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохитол миний дээгүүр Т.Баасанбатыг татаад, Т.Баасанбат миний дээгүүр цээжээрээ дараад доошоо тонгойгоод унахад ширээн дээр тавьсан байсан пивонууд бүгд газар унасан юм. Тэгтэл Т.Баасанбат миний дээрээс өндийж дээшээ босохдоо ширээний хажууд унасан пивотой шилийг аваад хөөе гэхийн завдалгүй шидчихсэн, яг хаашаа шидсэнийг болон шидсэн шил хэнийг цохисоныг харж чадаагүй, тэгээд Т.Баасанбатыг дахиад газар унасан пивоны шилийг зүүн гараараа бариад авахаар нь би шилийг нь гараас нь булааж аваад ширээн доогуур шилийг нь шидчихээд Т.Баасанбатыг цааш нь дараад буйдан дээр сулгасан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 111-113/,

            гэрч А.Одонтуяагийн: 2016 оны 9 дүгээр сарын 25-аас 26-нд шилжих шөнө хадам аав болох Лундаажанцангийнд очиж хоносон. Хүү бид 3 хадмынд хонож байхад яг хэдэн цаг болсон гэдгийг нь мэдэхгүй байна, хүү уйлагнаад байхаар нь сэрсэн чинь нөхрийн маань хамаатны охин болох Оюунгэрэл ороод ирчихсэн, утасныхаа гэрлийг асаагаад хаалганы хажуу талын тавиур дээрээс юм хайгаад байсан. Би гайхаад харж байтал утсанд нь мессеж ирж сонсогдсон, би харж байгаад унтаад дахиад сэртэл орондоо ороод хэвтсэн байсан. Хүү маань уйлахаар нь би босоод сүүгээ найруулаад Оюунгэрэл рүү харсан чинь духан дээрээ шархны лент наасан байснаа нэг харсан чинь авчихсан байсан, духнаас нь цус гоожоод байхаар нь “наанаас чинь цус гараад байна” гэхэд өө тийм байнам гээд духаа арчаад байсан. Тэгэхээр нь би хүүдээ сүүгээ өгч дуусгаад “гэрлээ унтраачих уу” гэсэн чинь “тэг тэг” гэсэн. Гэрлээ унтраагаад хэвтэж байтал талийгаач бөөлжөөд  байхаар нь “чи зүгээр үү” гэхэд юу ч дуугараагүй орондоо ороод хэвтсэн. Хүүхэд маань дахиад уйлаад байхаар нь сэрээд гэрлээ асаасан чинь орон дээрээ биш газарт унаад, хөнжил дээрээ хэвтэж байх шиг байсан мөн хурхираад байсан. Би тэр үед талийгаачийг унтчихсан байна даа гэж бодсон. Өглөө хадам ээж дуугараад эрэгтэй хүн дуугараад байхаар нь сэртэл Оюунгэрэлийн бие нэг л биш байна гэхээр нь би босоод хувцасласан. Хажуу айлын эгч түргэн дуудсан. Удалгүй эмнэлэг, цагдаа ирээд нас барсан байна гээд би хүүхдээ аваад гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 125-126/,

            гэрч Б.Оюунчимэгийн: “...манай хүү Мянган-Эрдэнэ, бэр Одонтуяа нар хойморт, би  зүүн орон дээр унтаж байхад шөнийн 03:00 цагийн үед Оюунгэрэл ирээд бөөлжөөд байсан. Би нээх их юм бодоогүй унтаад өгсөн. Тэгээд өглөө 07:00 цагийн үед сэрээд хартал талийгаач орныхоо урд нүүрээрээ газар уначихсан гараа эвгүй дараад унасан байсан. Тэгээд очоод сэрээх гэхэд нэг л эвгүй хөдлөхгүй байсан. Түргэн ирээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 129-130/

            Шинжээч эмч Т.Чимэд-Очирын: “...дээрх гэмтлийг авсанаас хойш ямар хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй, тархи дарагдаж амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл амьд явах боломжтой...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 29-30/,

            Сэжигтнээр Т.Баасанбатын: “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны үед 3,4 дүгээр хорооллын эцсийн “Цэ” гэдэг нартэй пабад эхнэр Нарангуа, найз Ууганхүү түүний эхнэр Батгуа, дүү Булгаа нарын хамт ороод Ууганхүү бид хоёр 0.5 литрийн 2 шил архи, Нарангуа, Батгуа нар хүний хоёр хоёр пиво ууцгаагаад 23 цагийн үед гэртээ харихаар пабаас гарсан юм. Тэгээд баарны хөгжим сонсоод хэдүүлээ бааранд орж 30 минут бүжиглэчихээд явцгаая гэж ярилцаад “Цэ” баарны хажуугийн “Файэр” нэртэй бааранд ороод булангийн ширээнд суугаад 3 шил пиво, 50 граммаар 2 хундага архи захиалаад уугаад сууж байтал манай эхнэр Нарангуа, Булгаагийн хамт гарч салхинд зогсож байгаад буцаад баарлуу ороод Ууганхүү, Батгуа хоёр сууж байхаар нь би очоод босож бүжиглье гээд бүжгийн талбайд гараад бүжиглэж байтал наднаас манай эхнэр Нарангуа, Булгаа хоёр орж ирээд хамт бүжиглэж байгаад ширээн дээрээ очтол 2-3 залуу сууж байгаад бид нарыг очсон чинь босоод явсан..., ...тухайн үед би нилэн согтсон ухаан санаа орж гараад байсан. Тэгэхээр нь би эхнэр Нарангуатай ширээний зүүн талд нь, Батгуа, Булгаа хоёр ширээний баруун талд нь суугаад Ууганхүү ширээний зүүн талд зогсож байтал хүмүүс хажууд зодолдох шиг болоод эргээд хартал Ууганхүүг хүн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би босоод нэг залууг нь цааш нь түлхээд нэг удаа цээжин хэсэгт нь цохиж байсан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдхэд манай эхнэр намайг авч гарч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн208/,

            яллагдагчаар Т.Баасанбатын: “...бид нар бөөндөө бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ суухад 3-4 залуу сууж байсан юм. Тэгээд зохион байгуулагч нь ирээд та нар ийшээ суучих гээд бид нарыг өрөөний баруун талын ширээнд суулгасан юм. Тэгээд Ууганхүү ширээний хойд хэсэгт зогсоод бусад нь суучихсан юм яриад байж байтал 00-ын өрөөний үүдэнд хүмүүс зодолдоод эхэлсэн, тэгтэл нэг залуу Ууганхүүг цохиод авах шиг болсон. Би босоод нэг залууг түлхээд цохих гэсэн тэр залуу хойшоо түлхэлтэнд яваад цохиулж амжаагүй. Тэгээд нөгөө 3-4 залуу миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод ширээний урд хэсэгт намайг шалан дээр татаж унагасан юм. Тэгээд би дээшээ босоод нөгөө хүмүүсийг өөрөөсөө холдуулах зорилгоор ширээн дээр байсан пивоны шилийг,нөгөө хүмүүсийн дээгүүр шидсэн юм. Миний шидсэн шил хаана, хэнийг цохисоныг хараагүй, тэгээд манай эхнэр Нарангуа намайг аваад гарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 209-210/,

            Эргүүлийн цагдаа Г.Жононгийн: “...2016 оны 9 дүгээр сарын 25-ны орой 20 цагаас 26-ны 08 цаг хүртэл Бугат 113 дугаар чиглэлд Баянгол дүүргийн 7,9,21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч Ууганбаярын хамт гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнийн 01 цаг өнгөрч байхад Бугат-10 буюу Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрээс Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хорооллын эцэст үйл ажиллагаа явуулдаг “Файэр” нэртэй бааранд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад уг “Файэр” баарны гадаа баарны зохион байгуулагч Ууганямгмар нь эргээр хүмүүст пивоны шилээр уруулаа цохиулаад гэмтлээ гээд 25-30 орчим насны архи уучихсан 3 эмэгтэй, 2 эрэгтэйн өндөр нуруутай улаан шаргал малгайтай цамцтай өөрийгөө Баасанбат гэж хэлж байсан залууг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн түр саатуулах байранд хүргэн эрүүлжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 85-86/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1785 дугаартай дүгнэлтэд: “...талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа /8х5х3.5см/ тархины  эдийн цусархаг няцрал, духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрээгүй, талийгаач нь 2 дугаар бүлгийн цустай”... гэх / 1 хх-ийн 158-159/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13448 дугаартай актад: “...Б.Ууганмягмарын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх /1 хх-ийн 187/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1785, 13448 дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 26-44/, талийгаач Г.Оюунгэрэлийн сим картанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 47-52/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон,  Т.Баасанбатын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл, хорих ял эдлэх дэглэм тохирсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй.

Давж заалдах гомдлуудын тухайд:

Ялтан Т.Баасанбат нь архи ууж согтуурсан үедээ бусадтай маргалдан улмаас пивоны шилийг бусад руу санаатайгаар шидсэн байх бөгөөд түүний шидсэн шилэнд  хохирогч Б.Ууганмягмар өртөж нүүрэндээ хөнгөн гэмтэл авсан,  амь хохирогч Г.Оюунгэрэл өртөж тархиндаа хүнд гэмтэл авч нас баржээ.  Амь хохирогч Г.Оюунгэрэлийн  гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1785 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “гавлын дух ясны шугаман хугарал, тархины хатуу бүрхүүл дээрх цусан хураа /8х5х3.5см/ тархины  эдийн цусархаг няцрал, духанд няцарсан шарх гэмтэл гэмтэл” учирсан гэж дүгнэсэн байх бөгөөд энэ гэмтэл Т.Баасанбатын буруутай үйлдлийн улмаас үүссэн болох нь гэрч Г.Норовбанзад, Г.Эрдэнэбулган, А.Одонтуяа, Б.Оюунчимэг нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, хэргийн талаар эргэлзээ бүхий байдал үүсээгүй байна.

Ялтан Т.Баасанбат нь “бааранд хэсэг залуустай маргалдаж, зодуулсан. Энэ талаар шалгаагүй” гэж гомдол гаргасан байх боловч прокурорын шатанд Т.Баасанбаттай маргалдсан залуустай холбоотой хэргийг  тусгаарлан түдгэлзүүлж, тэднийг эрэн сурвалжилж байгаа ба ялтны бусадтай маргалдаж, зодуулсан нь энэ хэрэгт хамааралгүй этгээдүүд рүү шилтэй пиво шидэж, гэмтэл учруулах, амь насыг нь хохироосон үйлдлийг зөвтгөх шалтгаан биш байх тул ялтан Т.Баасанбат, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын “болгоомжгүй хандсан гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Прокуророос Т.Баасанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх зөв дүгнэж гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны субъектив санаа, зорилго, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

Т.Баасанбатын “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн “үндэслэлээр”Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  үндэслэлтэй бөгөөд хууль ёсны болсон гэж үзлээ.

Харин шүүхээс Т.Баасанбатын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлгүй орхигдуулсныг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж,тогтоолыг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Булганы  “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 208 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Т.Баасанбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Т.Баасанбат, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Н.БАТСАЙХАН

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ГАНСҮХ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ