Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/01358

 

Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлалтай,

            Н-ийн нэхэмжлэлтэй,

            Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох

        ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

      хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч Н-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбалтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан тус хорооны хэсгийн ахлагчаар ажиллах болсон. Ажилласан хугацаандаа би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, хариуцлагатай ажиллаж байсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Засаг дарга Х.Цэдэнбалтай 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллуулах гэрээ дахин байгуулан мөн хорооныхоо хэсгийн ахлагчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон. Би тус хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчийн ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд сард 288.000 төгрөгийн цалин авдаг байсан ба 2017 оны 1 дүгээр сард мөн сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин 245.455 төгрөгийг авсан байсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат нь нэр бүхий 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар би хамт халагдсан хэсгийн ахлагчаасаа сонссон. Надад намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй, би хамт халагдсан хэсгийн ахлагчаас хуулбарлаж авсан. Ингээд уг тушаалыг үзэхэд биднийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас маань чөлөөлсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би халагдах болсноо мэдээгүй ажил үүргээ гүйцэтгээд хорооны хэсгээрээ явж байсан. Манай хороо алслагдмал болохоор хөдөөгүүр явж байгаад ирсэн ба ирэхэд ийм явдал болсон байсан. Засаг даргын надтай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан ч Засаг даргатай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулснаас гадна би ажил үүргээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал гүйцэтгэсэн. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас маань үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны буюу Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбатын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх Н-ийг Гачуурт тосгоны захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг хавсралтаар баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр заасан. Уг журмын 1.4-т “Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын тамгын газар, хорооны засаг даргын Тамгын газартай гурвалсан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллана”, 7.1-т “Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгоно” гэж заасан байна. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал, 2 дугаар хэсгийн ахлагч Н-той  Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба сар бүр зохих урамшууллыг Гачууртын ажлын албанаас олгож байсан. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот Нийслэлийн зарим дүүргийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Баянзүрх дүүрэгт нэгтгэн харьяалуулсан Гачуурт дүүргийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоож, тус тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсэн.

Гачуурт тосгон нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо төдийгүй тосгоны зохион байгуулалтын дагуу тусдаа төсөвтэй, ажлын албатай бөгөөд тосгоны захирагчийн хувьд бие дааж гэрээ байгуулсан байдаг. Гачуурт тосгоны захирагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг тус тус үндэслэн Шар хоолойн хэсгийн ахлагч Н-ийн хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг тул тус харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, нэхэмжлэгч Н-той  байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 6.1-д “Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж зохих урамшууллыг тооцон олгоно” гэж заасны дагуу хөлсөөр ажилласан тохиолдолд урамшуулал олгохоос биш ажиллаагүй хугацааны олговор төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 361.1-т “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон байна. Түүнчлэн иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээг 20 дугаар хорооны Засаг дарга Х.Цэдэнбал байгуулсныг дээр дурдсан бөгөөд Х.Цэдэнбалыг дүүргийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулж, 2017 оны 01 дүгээр сарын Б/01 дүгээр захирамжаар Д.Отгонбатыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Х.Цэдэнбал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгууллагын тусламжтай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тамга тэмдгийг хүлээн авч 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс ажлаа хүлээж аваад Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т “Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй”, 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу хөлсөөр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Н нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болсон нь түүнийг ажлаас нь чөлөөлөх 1 үндэслэл болсон. Иймээс иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

         Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбатын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Н нарын 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг Н нь нэхэмжлэлд хавсарган өгсөн байсан ба уг тушаал манай байгууллагад байхгүй. Нэр бүхий хэсгийн ахлагч нарыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс бус 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэжээ.

         Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Н-ийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албанаас 733.092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н-д  олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчаас 22.144 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Н-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллуулах гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа ажиллаагүй байсан хугацааны олговрыг Иргэний хуулийн 219.1-д зааснаар хохирол учирсан гэж үзэж хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг зөрчиж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан нь үндсэн үүрэг, нэмэлт үүргээ 2 талт гэрээний аль тал нь биелүүлээгүйгээс бодит хохирол учирсан тохиолдолд харилцан биенээсээ шаардах эрхийн тухай ойлголт юм. Тухайлбал, хөлсөөр ажиллагчийн зүгээс ажлаа гүйцэтгэсээр байтал ажиллуулагч тал хөлс төлөхгүй байгаа тохиолдолд үүргээ гүйцэтгэж, хөлс төлөхийг шаардах, нэмэлтээр хөлсөө тодорхой хадгаламжид хийдэг бол хүүний орлого олох ёстой байсан гэж учирсан хохирлоо давхар нэхэмжлэх тохиолдолд хэрэглэх боломжтой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хариуцагчийг нэхэмжлэгчийг хөлсөөр ажиллуулахаас татгалзсаныг үүргээ зөрчсөн гэж үзэж, ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 366 дугаар 366.1-д заасны дагуу гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан боловч хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдсэнийг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт тал бүрээс бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэх байтал 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаатай гэрээг байгуулагдсан байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан дээрх гэрээ нь эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хангалттай нотлогдож байхад буруу дүгнэлт хийсэн байна. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

           Нэхэмжлэгч Н нь хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулахыг даалгах, цалин хөлс гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, Н-той  байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, ажиллагч 60 нас хүрсэн, ажиллаагүй хугацааны хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

      Гачуурт тосгоны захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/55 дугаартай захирамжаар “Хорооны хэсгийн ахлагчийн журам”-ыг баталж, хэсгийн ахлагчийн ажил, үүргийн хуваарийг тодорхойлсон ба хэсгийн ахлагч дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэх, захирагчийн ажлын алба урамшуулал олгохоор харилцан тохиролцсон байна. 

           Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбалын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/05 тоот тушаалаар Н-ийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тус тосгоны Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилон ажиллуулахаар шийдвэрлэж, түүнтэй 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацааг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байхаар тохиролцжээ.

         Хэрэгт авагдсан баримт, зохичдын тайлбараас үзэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хууль хэрэглээний хувьд зөв байна. 

        Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн “... ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах” тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхгүй.

            Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай "Хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх тухай" тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дах заалт, хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тус тосгоны хэсгийн ахлагч Н-ийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Н-той  байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч тэрээр ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө ажиллуулагчийн зүгээс гэрээ дуусгавар болгохыг мэдэгдээгүй, гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан болон гэрээг дуусгавар болгохыг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3 дах хэсэгт заасан хугацаанд ажиллагчид мэдэгдээгүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх нөхцөл бүрдсэн нь хэрэгт авагдсан цалингийн карт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тухай анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

           Гэрээний хугацаа дуусгавар болсон ч хэсгийн ахлагч Н нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан тухай үйл баримтад тулгуурлан Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

           Иймээс ажиллуулагч тал нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, гэрээг дуусгавар болгосон нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцээгүй байх тул анхан шатны шүүх Н-ийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д нийцсэн гэж үзнэ.

         Н нь сард 288.000 төгрөгийн хөлс авдаг байсан ба түүнийг ажиллуулаагүй 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл  хугацаанд 733.092 төгрөгийн хөлс олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны олговор бус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж дүгнэсэн нь зөв байна.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтыг үндэслэлтэй хэрэглэсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т нийцжээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1518 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

                                    ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН