Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1518

 

Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                                   

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Нацагдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдох

 

Гачуурт тосгоны хэсгийн ахлагчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Нацагдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нацагдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбалтай 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан тус хорооны хэсгийн ахлагчаар ажиллах болсон. Ажилласан хугацаандаа би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагуй, хариуцлагатай ажилласан. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Засаг дарга Х.Цэдэнбалтай 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөлсөөр ажиллуулах гэрээ дахин байгуулан мөн хорооныхоо хэсгийн ахлагчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх болсон. Би тус хорооны 1 дүгээр хэсгийн ахлагчийн ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд сард 288 000 төгрөгийн цалин авдаг байсан ба 2017 оны 01 дүгээр сард мөн сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалин 245 455 төгрөгийг авсан. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбат нь нэр бүхий 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар би хамт халагдсан хэсгийн ахлагчаасаа сонссон. Надад ажлаас чөлөөлсөн тушаалыг өгөөгүй, би хамт халагдсан хэсгийн ахлагчаас хуулбарлаж авсан. Ингээд уг тушаалыг үзэхэд биднийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би халагдах болсноо мэдээгүй, ажил үүргээ гүйцэтгээд хорооны хэсгээрээ явж байсан. Манай хороо алслагдмал болохоор хөдөөгүүр явж байгаад иртэл ийм явдал болсон. Засаг даргын надтай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан ч би Засаг даргатай 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулснаас гадна би ажил үүргээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал гүйцэтгэсэн.

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар тооцон гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбатын шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анх Д.Нацагдоржийг Гачуурт тосгоны захирагчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилсон. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 тоот тогтоолоор "Хэсгийн ахлагчийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдөхөөр заасан. Уг журмын 1.4-т "Хэсгийн ахлагч нь энэхүү журамд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын тамгын газар, хорооны засаг даргын Тамгын газартай гурвалсан "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан ажиллана", 7.1-т "Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгоно" гэж заасан байна.

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал, 2 дугаар хэсгийн ахлагч Д.Нацагдоржтой Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоолыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан ба cap бүр зохих урамшууллыг Гачууртын ажлын албанаас олгож байсан. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 тоот "Нийслэлийн зарим дүүргийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор Баянзүрх дүүрэгт нэгтгэн харьяалуулсан Гачуурт дүүргийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоож, тус тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсэн. Гачуурт тосгон нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо төдийгүй тосгоны зохион   байгуулалтын  дагуу  тусдаа   төсөвтэй,   ажлын   албатай   бөгөөд  тосгоны захирагчийн хувьд бие дааж гэрээ байгуулсан байдаг. Гачуурт тосгоны захирагчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5 дахь заалт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23.6 дахь заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг тус тус үндэслэн Шар хоолойн хэсгийн ахлагч Д.Нацагдоржийн хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг тул тус харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэхгүй бөгөөд Иргэний хуулийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө", нэхэмжлэгч Д.Нацагдоржтой байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 6.1-д "Дүүргийн засаг даргын тамгын газар хороодын Засаг даргаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж зохих урамшууллыг тооцон олгоно" гэж заасны дагуу хөлсөөр ажилласан тохиолдолд урамшуулал олгохоос биш ажиллаагүй хугацааны олговор төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 361.1-т "Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно" гэж заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан тул гэрээ дуусгавар болсон байна. Түүнчлэн иргэнтэй хөлсөөр ажиллах гэрээг 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал байгуулсныг дээр дурдсан бөгөөд Х.Цэдэнбалыг дүүргийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар огцруулж, 2017 оны 01 дүгээр сарын Б/01 дүгээр захирамжаар Д.Отгонбатыг Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Х.Цэдэнбал нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл тамга тэмдгээ хүлээлгэж өгөөгүй тул цагдаагийн байгууллагын тусламжтай 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тамга тэмдгийг хүлээн авч 1 жилийн хугацаатай байгуулсан гэрээний дагуу чөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс ажлаа хүлээж аваад Иргэний хуулийн 220.3-т "Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй", 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасны дагуу хөлсөөр ажиллуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн. Д.Нацагдорж нь 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах болсон нь түүнийг ажлаас чөлөөлөх 1 үндэслэл болсон.

Иймээс иргэнтэй байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусч үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгч Д.Отгонбатын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Д.Нацагдорж нарын 9 хэсгийн ахлагчийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалыг Д.Нацагдорж нь   нэхэмжлэлд хавсарган өгсөн. Нэр бүхий хэсгийн ахлагч нарыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс бус 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 366 дутаар зүйлийн 366.1-т зааснаар 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Д.Нацагдоржийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчаар ажиллуулах үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн албанаас 733 092 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Нацагдоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчаас 22 144 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359.1-д заасан хөлсөөр ажиллуулах гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа ажиллаагүй байсан хугацааны олговрыг гаргаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө" гэж заасныг зөрчиж, хөдөлмөрийн гэрээтэй адилтган ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй үндэслэлд хамаарна. Иргэний хуулийн 366.1-д заасны дагуу гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан боловч хариуцагчийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдсэнийг шүүх анхаарч үзсэнгүй.

Шүүх шийдвэрийн үндэслэлээ “нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, ажлаас чөлөөлсөн тушаалд уг үндэслэл тусгагдаагүй учир дүгнэлт өгөх шаардлагагүй” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан нь хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулж байгаа тохиолдолд үндэслэлгүй бөгөөд шүүх үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч шаардлага хангаж байгаа эсэх талаар талууд маргаж байхад энэ талаар дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Тус байгууллагад хэсгийн ахлагчийн эрх зүйн байдалд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 30/24 дүгээр тогтоолоор "Хэсгийн ахлагчийн ажиллах журам", Гачуурт тосгоны захирагчийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/55 дугаар "Журам батлах тухай" захирамжаар батлагдсан хорооны хэсгийн ахлагчийн ажиллах журам тус тус үйлчилдэг. Гачуурт тосгоны захирагчийн захирамжаар батлагдсан хэсгийн ахлагчийн ажиллах журмын 1.4 дэх хэсэгт хэсгийн ахлагч нь 20-60 настай байх шаардлага тавигдсан байна. Нэхэмжлэгч нь энэхүү шаардлагыг хангахгүй тул даалгаж шийдвэрлэсэн нь байгууллага хөлсөөр ажиллах гэрээний талдаа тавьж буй шаардлагыг анхаарахгүй орхиж буй нь гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчимд харш юм.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ хэрэгт тал бүрээс бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт хийж шийдвэрлэх байтал, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэх 2017 оны 12 дугаар сарыг дуустал хугацаатай гэрээг байгуулагдсан байдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан дээрх гэрээ нь эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хангалттай нотлогдож байхад буруу дугнэлт хийсэн байна. Иймээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Нацагдорж нь хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны буюу Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан 1-р хэсгийн ахлагчаар ажилуулахыг даалгах, цалин хөлс гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, ажиллагч 60 нас хүрсэн, ажиллаагүй хугацааны хөлс олгох үндэслэлгүй гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч Х.Цэдэнбалын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 5/05 тоот тушаалаар Д.Нацагдоржийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс тус тосгоны Улиастайн 2 дугаар хэсгийн ахлагчаар томилон, мөн өдөр 1-р хэсгийн ахлагчаар ажиллах хөлсөөр ажиллуулах гэрээг нэг талаас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн тус дүүргийн 20 дугаар хорооны Засаг дарга, нөгөө талаас хэсгийн ахлагч Д.Нацагдорж нар байгуулан, гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үргэлжлүүлэхээр хугацааны талаар тухайлан тохиролцжээ./хх-15-19/

 

Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн болно.

Зохигчдын хооронд үүссэн маргааныг хөдөлмөрийн гэрээний бус, харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж үзсэн тохиолдолд тухайн гэрээг нэг талын санаачилгаар цуцласан үндэслэлийн талаар шүүх дүгнэхээс гадна, ийнхүү цуцласнаас үүсэх үр дагаварыг шийдвэрлэх учиртай.

 

Нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчийн шаардснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах үндэслэлгүй. Хэргийн баримт, талуудын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах талаар заасан байх боловч хэсгийн ахлагчаар ажиллаж байсан нөхцөл байдлыг сэргээн, авч чадаагүй цалин хөлсийг гаргуулах агуулгатай шаардлага байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 359 дүгээр зүйлийн, 359.1 дэх хэсэгт хамааралтай гэж үзэхээр байна. Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байгаа нь нэхэмжлэгчийн гэрээгээр ажиллах эрхийг сэргээж, учирсан хохирлыг арилгуулах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай "Хэсгийн ахлагч нарыг чөлөөлөх тухай" тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дах заалт, хөлсөөр ажиллуулах гэрээг үндэслэн тус тосгоны хэсгийн ахлагч Д.Нацагдоржийг байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Гэтэл талуудын байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч ажиллагч үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэж байсан, гэрээний хугацаа дуусахаас өмнө ажиллуулагчийн зүгээс гэрээ дуусгавар болгохыг мэдэгдээгүй, гэрээг үргэлжлүүлэхээс татгалзсан болон гэрээг дуусгавар болгохыг Иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3 дах хэсэгт заасан хугацаанд ажиллагчид мэдэгдээгүйн улмаас хөлсөөр ажиллах гэрээний хугацаа сунгагдсан нөхцөл бүрдсэн нь хэрэгт авагдсан цалингийн карт, зохигчдын тайлбараар тогтоогдсон./хх-22-23/

 

Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болсон ч хэсгийн ахлагч нь ажил үүргээ гүйцэтгэсээр байсан байх тул Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно. Ийнхүү сунгагдсан гэрээний хугацаа дуусаагүй байхад ажиллуулагч тал гэрээний хугацаа дууссан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөн дуусгавар болгосон нь Иргэний хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн гэж үзнэ. Талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа сунгагдсан байжээ.

 

Шүүх Д.Нацагдоржийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 1 дүгээр хэсгийн ахлагчийн ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Харин ажиллагчийн ажиллаагүй хугацааны хөлс, урамшуулалыг олгохдоо ажилгүй байсан хугацааны олговор бус Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчснөөс учирсан хохирол гэж дүгнэх нь зүйтэй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/01226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ