Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 53

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Г.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, цалингийн 20 хувийн нэмэгдэл, томилолтын зардал 58.0 мянган төгрөг, унааны зардал 26.0 мянган төгрөг нөхөн олгуулах шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Ө.*******, гуравдагч этгээд Н.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 11 дүгээр сарын 1-нд Засаг даргын Тамгын газрын төсөв төрийн сангийн мэргэжилтэн П. Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхээр 3 сарын чөлөө авахад нь 2015 оны 10 сард төсөв төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцөд бүртгэлтэй байсан учраас ажлыг нь хүлээн авч 3 сар ажилласан юм. Энэ чөлөөний хугацаанд П. нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 213 дугаар цэцэрлэгийн санхүүгийн албанд ажилд орж эргэж энэ ажилдаа орохооргүй болсон юм. Гэтэл намайг 3 сар ажиллуулаад П.г ирээгүй байхад П.д ажил хүлээлцсэнээр тушаал гаргаж Санхүүгийн албаны дарга Р.*******д ажлаа хүлээлгэж өгсөн. Дараа нь нябо Н.*******д ажил хүлээлцсэн зэрэг хуурамч тушаалуудыг 3-4 удаа гаргаж Тамгын газрын дарга Ө.******* ажлаас халсан. Энэ тухайгаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж ажлын байранд нь эргүүлэн томилон ажиллуулах тухай хариу тоот ирсэн боловч Засаг дарга Т.*******, Тамгын газрын дарга Ө.******* нар надад ямарч шийдвэр хариу өгөлгүй чирэгдүүлж өдий хүрлээ. Иймд энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, цалингийн 20 хувийн нэмэгдэл олгуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, томилолт, унааны зардал гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр төсөв төрийн сангийн мэргэжилтэн П.гийн оронд томилогдсон. Гэтэл П. нь Улаанбаатар хотод ажилд орсон. Миний тухайд төсөв, төрийн сангийн мэргэжилтний ажлын байранд төрийн албаны шалгалт өгч тэнцээд, нөөцөд бүртгэлтэй байдаг. Намайг анх томилохдоо гурван сарын хугацаатай ажиллуулна гэж заагаагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т зааснаар сумын Засаг даргатай зөвшилцөнө... гэж заасан. Гэтэл маргаан бүхий тушаалыг гаргахдаа зөвшилцсөн зүйл харагдахгүй байна. Дараа нь 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсон гэдэг. Бид нарын тухайд харилцан тохиролцсон зүйл байхгүй. Би тухайн ажлын байрны нөөцөд бүртгэлтэй байдаг болохоор ажилдаа эгүүлэн томилогдох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн П.гийн чөлөөний хугацаанд 3 сар ажилласан Г.******* нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд доор тайлбарыг өгч байна. П. нь манай байгууллагын үндсэн ажилтан бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар 3 сарын чөлөөг 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авсан П.гийн ажлын байран дээр Г.*******ийг түр авч ажиллуулсан ба энэ хугацаанд өөрийн хариуцсан ажилдаа хайнга хандах, өөрийн хяналт муу байснаас төрийн сангийн гүйлгээнд 17 алдаа гарган байгууллагын гүйлгээг 1-3 хоногоор саатуулж байсан болно. Мөн жилийн эцсийн мал тооллогын дүн тушаах ажлаар Улиастайд ажиллахдаа ажлаа дутуу орхиж тойрохоо бүрэн зуруулаагүй ирсэн ба дутуу ажлуудаа санхүүгийн албаны дарга Р.*******тай хамтран зөвлөгөө авч гүйцээн явуулж байсан. Г.******* нь ажлын туршлага муутай, төрийн албан хаагчийн ёс зүйгүй, ажилдаа хайнга ханддагийг байгууллагын төсвийн менежер, санхүүгийн албаныхан бүгд мэдэж байгаа болно. Төрийн сангийн гүйлгээнд алдаа гаргана гэдэг нь төрийн сангийн үйл ажиллагаанд эрсдэл учруулсан явдал бөгөөд энэ нь сум, байгууллагын ажлыг хойш татсан томоохон зөрчил юм. Ийм учраас бид Г.*******ийг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй юм. П. нь ажилдаа хугацаандаа орох өргөдөл өгсний дагуу Г.*******ийг чөлөөлсөн. П. нь дотоод журамд заасны дагуу цалингүй чөлөө эдэлж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас дахин жилийн чөлөө авах хүсэлт гаргасны дагуу манай байгууллага чөлөөг олгосон болно. 2017 оны орон тооны бүтцээр Тамгын газрын нягтлан бодогчоор ажилласан Н.*******г төрийн сангийн төлөөлөгчөөр түр томилон төсөв, санхүүгээ хэмнэн ажиллуулж байна. П.гийн орон тоог хэвээр хадгалахын тулд П., Н.******* нартай тохиролцон уг ажлын байранд ажиллуулж байгаа болно. П. нь ганц бие, харж хандах ах дүү муутай, бүтэн өнчин, дүүгийн хамт амьдардаг. Улаанбаатарт эмнэлгийн хяналтанд удаан хугацаагаар эмчилгээ хийлгэхэд мөнгө хэрэгтэй тул түр ажил хийх тухайгаа ярьж байсан. П. нь манай сумын иргэн бөгөөд Засаг даргын Тамгын газарт 5 жил, Төрийн сангийн мэргэжилтнээр томилогдон 2 дахь жилдээ ажиллаж байгаа тул ажлын байрыг нь хэвээр хадгалан дотооддоо зохицуулалт хийсэн болно. Г.******* нь манай үндсэн ажилчин биш тул 2,3 сарын цалин олгох боломжгүй. Ажиллах 3 сарын хугацаандаа ажлын чадваргүй нь нотлогдсон тул нотлох баримт болгон санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч, төсвийн менежерүүдийн гарын үсэг бүхий тайлбарыг хавсаргав. Иймд цалин олгогдохгүй тул шимтгэл төлөх боломжгүй болно. Г.******* нь 2016 оны жилийн эцсийн мал тооллогын тайлан мэдээг статистикийн хэлтэст тушаах ажлаар явсан боловч хаяж ирсэн. Санхүүгийн албаны дарга Р.*******тай гүйцээж нөхөн явуулж байсан. Мөн төсвийн жил дууссанбайхад баримт материалаа өгөөгүй. Он дуусгаад 1 дүгээр сард Тамгын газраас томилолтоо авах хүсэлт гаргахад нь, дахин ийм алдаа битгий гаргаарай гээд цохолт хийж өгсөн байгаа. Томилолт нь нягтлан бодогч дээр хүлээгдэж байсан. Гэтэл санхүүгийн баримтын бүрдэл дутуу томилолтын хуудсаа буцаан авсан байна. Энэ асуудалд нягтлан бодогч Н.*******гийн тайлбарыг хавсаргав. Уг нь санхүүгийн дүрмээр бол хугацаандаа баримтаа өгөөгүй тохиолдолд олгох боломжгүй юм. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс дүгнэлт ирсэн. Аймгийн салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нартай уулзаад хариу тайлбарыг өгсөн болно. Г.*******ийг төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй тул үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилогдсон байгаа. Нэхэмжлэгчийг томилсон тушаал дээр П.д гурван сарын чөлөө олгож, Г.*******ийг түр томилсугай гэсэн байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т зааснаар сумын Засаг даргатай зөвшилцөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарлалаа. Тэгэхээр сумын Засаг даргын Тамгын газар бүтэц, орон тоогоо батлахдаа төсөв, төрийн сангийн мэргэжилтэн 0.5-аар хавсарч гүйцэтгүүлэхээр баталсан байгаа. Үүнтэй холбогдуулан зөвшилцсөн гэдэг санаа бол сумын Засаг даргын зөвлөлөөр хэлэлцсэн юм. Энэ нь хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. П. нь ажилдаа орно гэдэг өргөдлөө мэйл хаягаар ирүүлсэн. Энэхүү өргөдлийг сумын Засаг даргын зөвлөлөөр авч хэлэлцээд, нэхэмжлэгч Г.*******ийг ажлаас чөлөөлөх нь зөв гэж шийдвэрлэсэн. Тэгээд гурван сарын чөлөө авсан П.г буцааж ажилд томилохоор болсон. Яагаад харилцан тохиролцсон гэж үзсэн бэ? гэхээр анх авсан тушаал дээр гурван сарын чөлөө олгоод, Г.*******ийг гурван сарын хугацаагаар томилсон байгаа. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2, 3 сарын цалин нэхэмжилсэн байгаа. Харин 20 хувийн нэмэгдэл гэсэн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цалинг олгох боломжгүй. Ийнхүү цалин олгохгүй учраас эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг олгохгүй. Томилолтын мөнгөний тухайд гэвэл Г.******* нь статиктикийн тайлан өгөх гэж аймаг руу явсан. Гэтэл аймгийн статистикийн газраас тайлан нь дутуу байна, үүнийг засаад, янзлаад ир гэсэн байдаг. Тэгэхэд нэхэмжлэгч нь засаж, янзлахгүйгээр сум руугаа явсан байсан. Тэгээд хэлтсийн дарга *******тай хамтарч хийгээд, тайлангаа явуулж байсан. Маргаан бүхий тушаал гарахаас хоёр хоногийн өмнө Г.******* над дээр томилолтоо барьж орж ирсэн. Тэгэхэд нь би одоо ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа болохоор томилолтыг чинь батлаад өгье гээд өгсөн. Энэхүү томилолтоо нягтлан байсан ******* эгчид өгсөн байна лээ. Надаар томилолтоо батлуулахдаа унааны зардал гэж хэлээгүй. Зөвхөн хоёр хоногийн томилолтын зардал л байсан. Томилолтоор ажилласнаас хойш долоо хоногийн дотор бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Тэгэхээр хугацаандаа бичиг баримтаа бүрдүүлж өгөөгүй учраас олгох боломжгүй. Өөрөөр хэлбэл томилолтын мөнгө өгөх боломжгүй нөхцлийг өөрөө бүрдүүлсэн. 20 хувийн нэмэгдлийн талаарх албан бичиг ганцхан Г.*******т ирээгүй. Санхүүгийн албанд ирсэн байсан. Энэхүү албан бичгийг сумын Засаг даргын зөвлөлд танилцуулсан. Гэтэл 20 хувийн нэмэгдлийг олгох боломжгүй гээд шийдвэрлэсэн байгаа. Тиймээс 20 хувийн нэмэгдлийг хэнд ч олгоогүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 1-нээс Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнийг мэргэжлийн эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэхээр 3 сарын чөлөө авахад нь оронд нь түр томилогдон ажиллаж байсан. 3 сарын хугацаа дуусаад ажлаас чөлөөлөгдсөн. П. нь цаашид үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай тул 1 жилийн хугацаатай чөлөө олгоно уу гэсэн өргөдөл ирсэн тул төсөв төрийн сангийн мэргэжилтнийхариуцлагатай ажлыг туршлагатай хүн гүйцэтгэх ёстой гэсэн үндэслэлээр Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.******* миний бие томилогдон ажиллаж байна. Миний бие 2013 оноос эхлэн боловсролын байгууллагууд хариуцсан нягтлан бодогчоос эхлэн 5 дахь жилдээ төсвийн байгууллагад ажиллаж байна. Томилолтын мөнгө нэхэмжилсэн талаар өмнө тайлбарыг бичгээр өгсөн тул бичсэнгүй гэжээ.

Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 2 дугаар сард нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан. Үүний дараа намайг төсөв төрийн сангийн мэргэжилтнийг хавсарч хийх боломжой эсэх талаар Төрийн сан руу албан бичиг явуулсан. Гэтэл Төсвийн тухай хууль зөрчиж байгаа учраас хавсарч хийж болохгүй гэдэг хариу ирсэн. Тэгээд туршлагатай хүнийг төсөв төрийн сангийн мэргэжилтнээр томилох ёстой гэж үзээд, намайг томилсон байгаа. Нэхэмжлэгчийн тухайд П.гийн оронд гурван сар ажилласан гэж ойлгосон. Томилолтын тухайд гэвэл 2017 оны 2 сарын 10-ны үед томилолтоо оруулж ирж өгсөн. Ингэхдээ замын зардлын тийз авч ирж өгөөгүй. Тэгээд замын зардал авна гэхээр нь тийзээ авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Ер нь бол дутуу баримт бүрдүүлж өгсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Г.******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Ажлаас чөлөөлөх , ажилд авах тухай Б/04 дүгээр тушаал нь түүний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь П. өөрийн биеэр ирээгүй өргөдлөө өгөөгүй байхад ирж өргөдлөө өгсөн мэтээр хуурамч тушаалууд удаа дараа гаргаж намайг ажлаас чөлөөлсөн гэж маргасан байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сард сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд төрийн албаны шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэлтэй байсан ба тус сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн П. 3 сарын хугацаатай эмчилгээний чөлөө авсаны үндсэн дээр түүний оронд түр /тодорхой хугацаа заагдаагүй/ томилогдон ажиллаж байжээ.

Сумын санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.1.11 дэх заалтад зааснаар төрийн жинхэнэ албан хаагч ба төрийн жинхэнэ албан хаагчийн эзгүйд түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх асуудлыг Төрийн албаны хуулийн 21 дүгээр зүйлээр зохицуулсан байх ба тус хуулийн 21.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтоохоор заасан байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3.2-т Эзгүй байгаа албан хаагч гэдэгт дараах тохиолдлыг тооцно гээд 3.2.2-д эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтөй гэж тодорхойлжээ. Уг журмын 4.8-д Төрийн жинхэнэ албан хаагч .... эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагтай болсон тохиолдолд .... төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдээс сонгон авч хугацаа заан түр орлон гүйцэтгүүлнэ, 4.9-д Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа албан тушаалтны албан үүргийг энэ журмын 4.8-д заасны дагуу нөхөх боломжгүй бол .... шаардлага хангасан иргэнийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 23, 24 дүгээр зүйлийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно гэж зааснаас үзэхэд тухайн эмчилгээний чөлөөтөй эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчдаас болон төрийн албаны нөөцөд байгаа иргэдээс сонгон түр орлон гүйцэтгүүлэх зохицуулалттай байх ба нөөцөд бүртгэгдээгүй, төрийн үйлчилгээний албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлэх боломжгүй байна. Иймд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй, төрийн үйлчилгээний албан тушаалтан гуравдагч этгээд Н.******* нь уг албан үүргийг гүйцэтгэх боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.******* П.гийн чөлөөний хугацаа дуусч ажилдаа буцаж орохоор өргөдлөө өгсөн гэх үндэслэлээр түүнийг түр томилогдон ажиллаж байсан ажлаас нь чөлөөлсөн байна. Гэвч гэрч П.гийн мэдүүлэгт өөрийг нь тус сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр томилсныг мэдээгүй, чөлөөний хугацаа дууссаны дараа 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дахин 1 жилийн чөлөө хүссэн өргөдөл гаргаж, энэхүү өргөдлөө тус сумын Засаг даргын Тамгын газрын мэйл хаягаар явуулсан гэж мэдүүлжээ. П.гийн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн чөлөө хүссэн өргөдлийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б/07 дугаар тушаалаар П.д 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай чөлөө олгож, гуравдагч этгээд Н.*******г ажилд томилсон нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, бодитой бус, ойлгомжгүй байна. Мөн П.гийн чөлөө авахаар мэйл хаягаар ирүүлсэн гэх өргөдөл нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар баримтыг нотариатаар батлуулсан болох нь хариуцагчийн өөрийн мэдүүлгээр нотлогдож буйг дурдах нь зүйтээ байна.

Хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг маргаан бүхий захирамждаа үндэслэсэн байх боловч энэхүү 35.1.3 дахь заалтын нөхцөлд хамаарах үйлдэл гэрч П.гийн мэдүүлгээр тогтоогдоогүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсэх хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход хэрэглэгдэх 37.1.1 дэх заалтын зохицуулалтыг үндэслэсэн нь буруу байна.

Нэгэнт эзгүй байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа нэхэмжлэгчийг эзгүй байгаа албан хаагч П.гийн чөлөөний хугацаа дууссан, ажилдаа эргэж орно гэх бодит бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Г.*******г тус сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь цалингийн 20 хувийн нэмэгдэл олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба энэхүү 20 хувийн нэмэгдлийн үндэслэлийг Үндэсний статистикийн хорооны дарга, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 1/48,88 тушаал болон Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 01 дүгээр албан бичигт дурдсаны дагуу сумдын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн 20 хувийн нэмэгдэл олгуулах гэсний дагуу шаардаж байгаа ба нэхэмжлэгчийн түр томилогдон ажилласан хугацаанд болон түүнээс хойш энэ нэмэгдлийг олгоогүй, цалингийн төсөв хүрэлцдэггүй гэж хариуцагч тайлбарлаж байгаа ба томилолтын зардлын баримтыг баталгаажуулсан хэдий ч нэхэмжлэгч уг баримтаа хугацаанд нь гаргаж өгөөгүй учир олгох боломжгүй, мөн унааны зардлын баримтаа тухайн үед санхүүд өгөөгүй учир унааны зардал гаргаж өгөхгүй гэж маргаж байх тул уг шаардлагуудыг хасч, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтээ байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.*******г бодит бус үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.*******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 131хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.246.311 төгрөгөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 106.6, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтад заасныг баримтлан Завхан аймгийн сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Г.*******ийг сумын Санхүүгийн албаны төсөв, төрийн сангийн мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосугай.

2. Г.*******ийн цалингийн 20 хувийн нэмэгдэл олгуулах, томилолтын зардал, унааны зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хасч хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Г.*******ийн ажилгүй байсан 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх 131 хоногийн цалин 3.246.311 төгрөгөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР