| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 105/2017/0229/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2017-06-20 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 438
Б.Чинбатад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
ялтан Б.Чинбатын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Чинбатын өмгөөлөгч Ц.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Чинбатад холбогдох эрүүгийн 201625012967 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овогт Бүлтүүшийн Чинбат, 1967 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачингийн 15-232 тоотод оршин суух,
Найрамдал дүүргийн ардын шүүхийн 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 5 жил хорих ял шийтгэснийг тэнсэж, хянан харгалзсан,
Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 3 дугаар магадлалаар 1993 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялыг эдлүүлэхээр тогтоосон,
Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 2 жилийг нэмж нэгтгэн, 4 жилийн хорих ял оногдуулж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, /РД: ЦА67052210/;
Б.Чинбат нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 1-3б тоотод хүргэн ах Ц.Бат-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Бат-Эрдэнийн баруун гарын бугалга хэсэгт хутгаар зүсэж, түүний бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Чинбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Чинбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Чинбатыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Чинбатад оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Чинбат нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй, ажлын хэсэг дээрээ “Хонг Ли” гэсэн бичиглэл бүхий үзүүр хэсэг нь хугарч мухарласан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Б.Чинбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Чинбатын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шийтгэх тогтоол гаргах үндэслэл болсон гол нотлох баримт болох шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох хутгатай холбоотой баримтууд зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж бэхжигдээгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Эд мөрийн баримт болох хутгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 132, 133 дугаар зүйлд заасан журмын дагуу тогтоол үйлдэн хураан авч тэмдэглэл үйлдээгүй, энэ хэрэгт хэргийн газрын үзлэг хийгээгүй атал тус хутгыг хэзээ, хэнээс, хаанаас авч хэрэгт нотлох баримтаар тооцсон нь тус хутга гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг мөн эсэхийг тодруулахад эргэлзээ төрүүлэхээр байгаа нь дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Тухайлбал, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэгт /хх-126/ хохирогч хутгалуулснаа сүүлд нь мэдсэн, хутгалсан хутгыг хараагүй гэсэн бөгөөд тухайн хутганы талаар сайн мэдэж байж болох гэрийн эзэн, гэрч Б.Нэргүйгээс нотлох баримт шинжлэн судлах үеэр тус хутга хэний хутга болох, хэрэгт хэрхэн, хэзээ нотлох баримтаар авагдсан эсэх талаар тодруулаагүй болно. Шинжээчийн дүгнэлт гаргах процесс нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, хүний биед гэмтэл учруулсан тухай хэргийг шалгасан атлаа анхан шатны баримт буюу шинжилгээний объект болох өвчний түүх, өвчтөний эрүүл мэндийн байдлыг харуулсан ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээч томилсон тогтоол үйлдэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журмын заалт, шаардлагуудыг зөрчсөн тул нотлох чадвараа алдах байсныг анхаараагүй, энэ асуудлыг шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн зүгээс шүүхэд тавьсан боловч шийтгэх тогтоолд шийдвэрлээгүй орхигдуулж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт “Шинжилгээ хийх шаардлагатай гэж үзвэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргах бөгөөд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжинд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2 дахь хэсэгт заасан зүйлийг тусгасан байна” гэж заасан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь хэсэгт “Шинжилгээний объектын талаарх мэдээлэл тусгагдах ёстой” гэж заасан ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.3 дахь хэсэгт шинжилгээний объект гэдэгт “хүн, цогцос, хэргийн материал, эмнэлгийн бичиг баримт” зэргийг хэлнэ гэсэн байна. Хэрэгт өвчний түүх болон холбогдох баримтыг хавсаргаагүй гэдэг нь шинжээч томилсон тогтоолоос харагдаж байгаа бөгөөд шинжээч томилсон тогтоолд шинжээч ямар материал, эд зүйл хүлээж авч байгаа талаар бичиж гарын үсэг зураагүй байдаг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.2.3 дахь хэсэгт “эмнэлгийн бичиг баримт эх хувиараа байх ба эмнэлгийн тамга тэмдгээр баталгаажсан байна” гэсэн байхад энэ журмыг зөрчсөн гэж үзэхээр байх ба хэрэгт энэ талаар баримт тусгагдаагүй, хоёрдугаарт хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шинжээч эмчид үзүүлэхэд цагдаагийн шинжээч томилсон тогтоолоос өөр баримт байгаагүй, өвчний түүх байгаагүй гэх мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт сэлт, мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасныг зөрчсөн тул шинжээчийн дүгнэлт нотлох чадвараа алдахаар байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс өвчний түүх хавтас хэрэгт байхгүй гэдэг талаар маргадаг. Гэтэл шинжээч нь өвчтөнийг өөрийн биеэр үзэж, холбогдох баримт бичгийг үзсэний үндсэн дээр дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтээр хүнд зэргийн гэмтэл гэдэг нь тогтоогдсон байдаг. Хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга мөн эсэхийг асуугаагүй гэж байна. Гэтэл тухайн хутгыг гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан гэдгийг хохирогч, шүүгдэгч нар шууд заасан байдаг. Хохирогч хутгалуулсан даруй эмнэлэг явсан байдаг. Тийм учраас гэмт хэргийн ул мөр үлдээгүй гэж үзээд хэргийн газрын үзлэг хийгээгүй. Хутгыг хохирогчоор өөрөөр нь заалгуулж хурааж авсан. Өвчний түүхийг авахаар холбогдох байгууллага руу нь албан тоот явуулсан боловч ирээгүй. Гэхдээ өвчтөнийг үзээд шинжээчийн дүгнэлт гаргасан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
“Шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагч томилох тухай” Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 351 тоот Ерөнхий шүүгчийн захирамжинд “Б.Чинбатад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарыг томилж, шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяагаар даргалуулахаар тогтоожээ.
Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 406 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтад “Хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхийг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.2.2 дахь хэсэгт Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжинд “шүүх хуралдааныг шүүгч дангаар эсхүл хамтран шийдвэрлэх эсэх”-ийг тусгана гэж заасныг зөрчсөн байна.
Түүнчлэн Б.Чинбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “... хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ...” гэж заасныг үндэслэн түүний хорих ял эдлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх учиртай.
Харин шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “... гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчилж болох боловч ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заах ёстой...” гэж хуульчилсан байна.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо энэ талаар дүгнэлт хийлгүй, Б.Чинбатад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудалд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар давж заалдах шатны шүүх эцэслэн дүгнэлт хийгээгүй тул өмгөөлөгч Ц.Өлзийбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхив.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Чинбатад холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.Чинбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЮУНЧУЛУУН