Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0453

 

П.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч П.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн давж заалдах гомдлоор П.Ц-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан П.Ц-ээс Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны А/272 дугаар захирамжийн Х.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э давж заалдах гомдолдоо: “... нэхэмжлэгч нь 1986 оноос Шарга морьтын зусланд аав, ээж, дүү нарын хамт амьдарч, ашиглаж буй 04.4 м.кв талбайтай, зуны 4х6 метрийн харьцаатай байшинтай уг газраа 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын гарын үсэгтэй 0104-р газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулан авсан юм. Одоогийн дагаж мөрдөж байгаа Газрын тухай хууль 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн бөгөөд тухайн газар эзэмших гэрчилгээ авах үед кадастрын зураглал хийдэггүй, зөвхөн тойм зураг газрын байцаагчид гарган өгч, өөрсдөө ирж үзээд шийдвэрлэж байсан. Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.5-д заасан үндсэн үүргээ хэрэгжүүлээгүй юм. Энэ нь нэхэмжлэгч талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д заасан эрхийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас П.Ц-д газар олгосон 0104-р эрхийн гэрчилгээтэй холбоотой баримт бичгүүдийг шүүгчийн захирамж, албан бичгээр удаа дараа шаардсан боловч “байхгүй” гээд гаргаж өгөөгүй. Тэр ч байтугай 0104-р гэрчилгээ дээр байршил бичигдээгүй байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар хийж байх юм. Үүгээр бол П.Ц өөрөө уг гэрчилгээг бичсэн мэт ярьж байгаад гайхаж байна. Анх П.Ц-д 400 м.кв газар олгосон атлаа Х.Б-д 2018 онд А/272 дугаар захирамжаар Шарга морьтод 189 м.кв газар олгосон ба үлдэх хэсэг нь яасан талаар хариуцагч талаас асуугаад байхад шүүх түүнийг огтхон ч анхаарч үзээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхээс “ ... П.Ц-ийн эзэмшиж байсан гэх газрын байршил тодорхой бус, эзэмших эрх дуусгавар болсон, Х.Б-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь бусдын эзэмшиж байгаа газартай давхцаагүй тул Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтод зуслангийн зориулалтаар 189 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэн Х.Б-д эзэмшүүлсэн тус дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамж хууль зөрчөөгүй байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.Ц нь “маргаан бүхий газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0104 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг” үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг анх 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гаргасан, үүнээс өмнө хүсэлт гаргаж байгаагүй, хэргийн оролцогчид энэ талаар маргаангүй, харин гуравдагч этгээд Х.Б 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлтээ гаргасан болох нь тогтоогдсон байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/272 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн  31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0104 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий газрын эзэмших эрхийг олж авсан гэх боловч тухайн гэрчилгээнд заагдсан 400 м.кв газрын байршил тодорхойгүй, гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар мөн эсэх нь тогтоогдохгүй байх төдийгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлсэн гэх баримтгүй, дээрх гэрчилгээний хугацаа 2007 онд дууссан зэргээс үзэхэд түүний дээрх тайлбар нотлогдохгүй байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хангалттай хийсэн боловч ямар ч баримт байхгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч П.Ц-г 1986 оноос хойш маргаан бүхий газарт амьдарч, эзэмшиж байсан гэж дүгнэх боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН