Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1083

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч Э.Намуун /томилолтоор/, хохирогч С.С, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД:0294/, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0440/, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Санжаажамц /ҮД:1788/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан, Б овогт Г-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00662 0323 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б овогт А-ийн А, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Эко 26-7 байр, ** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

2. Б овогт Г-ын М, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин-жолооч мэргэжилтэй, “Си Эм Эм” ХХК-д засварчин ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт 2 дугаар гудамж, ** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

А.А нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Тоёота Ланд круйзер маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М-ий жолоодон явсан Хюндай Соната 7 маркийн 9448 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М, зорчигч С.С нарын эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.М-ий эд хөрөнгөнд 5490000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Г.М нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруул ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ “Хюндай Соната 7” маркийн **** УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлсэн явсны улмаас А жолоочтой “Тоёота Ланд круйзер” маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.А-ийн эд хөрөнгөнд 14,190,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Г-ын М нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруул ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ “Hyundai Sonata 7” загварын 94-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлсэн явсны улмаас А.А жолоочтой “Toyota Land Cruiser” загварын **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Б-ын эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.А-ийн эд хөрөнгөнд 14,190,000 төгрөгийн хохирол учруулсан, харин шүүгдэгч А.А нь “Toyota Land Cruiser” загварын **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн боловч уг үйлдэл нь гэмт хэргийн шалтгаан болоогүй” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би машин барьж зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо шулуун явж байгаа машинд зам тавьж өгөөгүй гэх гэм буруугаа 100 хувь ойлгож байна. Хэргийн процесс бол 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээнд шилжихдээ хурд аваагүй. Гуравдугаар эгнээгээр машин явж байсан. Хөдөлгөөн сийрэг байхаар нь тэр урсгалыг давчихъя гэж бодоод урагшлаад зогсож байсан. Зүүн гар талаас ирсэн машиныг хурдтай ирж байна гэж тооцоолж харж амжаагүй байсан. Чахарсан дуу гарч ирээд мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Г.М-ий шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 03 цаг гэрээсээ гараад эхнэртэйгээ Баянчандмань сум орох гээд явсан. Хотоос дөнгөж гараад хуучин 22-ын товчоон дээр ирээд эхнэртэй жолоогоо шилжүүлж өгдөг. Эхнэртээ жолоогоо өгнө гэж бодоод явж байсан. Урьд орой нь ажлаасаа тараад найзтайгаа пиво уусан байсан. Гэртээ оройны 00 цаг болох гэж байхад ирсэн. Шөнө 03 цаг хүртэл амарч байгаад эхнэрийгээ аваад гэрээсээ гарсан. Моносын уулзвар гараад хөдөлгөөн сийрэг болохоор нь би хурдтай явж байсан. Гэхдээ ухаан мэдрэлээ алдаагүй байсан. Бүх зүйлийг мэдэж байсан. А ахыг гарцаас хөдлөхөд нь би  хараад тоормос гишгэсэн. А ах зогсож байсан гэж мэдүүлж байна. А ах зогсож байгаагүй. Би тоормос гишгэсээр байгаад очоод мөргөлдөөд зогссон. А ах 1 болон 2 дугаар эгнээндээ зогсож байсан бол би хажуугаар нь тойроод гарах байсан. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч С.С-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би өглөө 08 цагаас орой 22 цагт тардаг ажил хийдэг. Орой 22 цагт ажлаа тараад 22 цаг өнгөрөөгөөд гэртээ орсон. Гэртээ ороод хоол ундаа хийгээд, хоёр хүүхдийнхээ хувцсыг угаагаад байж байсан. Манай нөхөр намайг гэрт ирснээс хойш 1-2 цагийн дараа орж ирсэн. Би орж ирэхэд нь цаг хэд болж байгааг хараагүй. Би шөнийн 03 цагт гэрээсээ нөхөртэйгөө цуг Баянчандмань руу аав, ээжээсээ мөнгө авах гээд явсан. Би шинэ жолооч учраас хотоос гараад хөдөлгөөн сийрэг болохоор машинаа барьдаг. Бид хоёр жолоогоо солино гээд ярилцаад явж байсан. Моносын уулзвар өнгөрөөд явж байхад замд байдаг Аяны амт зоогийн газраас машин хөдөлж байхыг би харсан. Тэр машиныг 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү чигээрээ явах гэж байна гэж би ойлгосон. Гэтэл гэнэт 1 дүгээр эгнээнээс эсрэг урсгал руугаа эргэж орж ирсэн. Би ч харсан, манай нөхөр ч харсан. Манай нөхөр тоормос нэлээн удаан гишгэсэн. Гишгэсээр байгаад очоод мөргөлдсөн. Би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг харахад машинаас гал гарч байсан. А ах миний талын хаалгыг онгойлгоод намайг гаргаад зам дээр хэвтүүлсэн. Зам дээр хэвтэж байхад шинжээч нар ирсэн. А ахыг эхлээд драйгер багажаар үлээлгэсэн. Үлээлгэж байгаа багаж нь дуугарсан. Би гурав аравны хэдтэй тоо гарсан гэдгийг сайн санаад байна. Үлээлгэдэг драйгер багажийн цэнэг нь дуусаад байна гээд цаашаагаа дагуулаад явсан. Би нэгдүгээр эгнээнд хэвтэж байсан. М надаас 10-аад алхмын цаана хэвтэж байсан. Тэрнээс цаашаагаа дагуулаад явсан. Би А ахыг согтуу байсан гэж хардаж байгаа. А ах урсгал сөрж орж ирсэн. Яг урдаас урсгал сөрж орж ирсэн. Тухайн замд ямар нэгэн эргэх гарц, тэмдэглэгээ байгаагүй...” гэсэн мэдүүлэг; 

4. Хохирогч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчимд нөхөр М-ий хамт ...Соната 7 маркийн **** УБТ улсын дугаартай автомашинаар Баяннуур орохоор явсан. Зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замаар явж байтал “Аяны анд” нэртэй 24 цагаар ажилладаг хоолны газрын үүднээс Ланд круйзер маркийн автомашин хөдөлж байсан. Би хувьдаа тэр автомашиныг чигээрээ явж байна гэж ойлгосон. Тэгтэл тэр машин урсгал сөрөөд өөдөөс /миний сууж явсан/ ороод ирсэн. Би жолоочийн хажуу талд явж байсан тул буруу талаас тэр автомашины дугуй харагдсан. Манай нөхөр тоормос гишгэж байгаа дуу чимээ сонссон. Тэгтэл түс тас хийх дуу чимээ гараад мөргөлдсөн. ...Манай нөхөр 22 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр хуудас);

5. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 3-10 дугаар хуудас);

6. Г.М нь 1.36 хувийн согтолттой гэсэн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11 дүгээр хуудас);

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан сиди, ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14 дүгээр хуудас);

8. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би А, Д нарын хамт Тоёота Ланд круйзер маркийн **** УНГ улсын дугаартай автомашинтай Гүнт ороод автомашины задаргаа хийгээд буцаад 20 цагийн орчимд тэндээс хөдөлсөн. ...Тэгээд 03 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар “Монос”-ын эмийн үйлдвэрийн хойд замаар баруунаас зүүн тийшээ явж байтал жолооч “Сэрээрэй, энд зогсоод ундаа авъя” гэж хэлсэн. Тэгээд хартал замын хойд талд “Аяны анд” нэртэй түргэн хоолны газар байсан. Тэнд зогсоод ундаагаа аваад гурвуулаа уусан. Автомашинаа ертөнцийн зүгээр баруун тийш нь харуулаад тавьсан байснаа ундаагаа аваад хөдөлсөн. Тэгээд ундаагаа ууж байтал жолооч “хүүе” гэж хэлээд зогсох шиг болсон. Тэгтэл түс тас хийсэн дуу чимээ гарсан. Би шокт орсон. Аваарын дэр задарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас);

9. Г.Д-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7225, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 880 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд (хх-ийн 53, 57-58 дугаар хуудас),

10. С.С-ийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 7354 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 61 дүгээр хуудас);

11. Г.М-ий биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 7355 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 63 дугаар хуудас);

12. А.А-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7224 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 66 дугаар хуудас);

13. Б.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 7223 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 68 дугаар хуудас);

14. “Тоёота Ланд круйзер маркийн 1074 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4210000 төгрөгийн шууд, 4860000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэсэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Мастер үнэлгээ ХХК-ий Автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 53 дугаар хуудас);

15. “Тоёота Ланд круйзер маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14190000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн 2019 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ий Автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 76 дугаар хуудас);

16. “Хюндай Соната 7 маркийн **** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5490000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн 2019 оны 06 дугаар сарын 13- ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ий Автомашин техникийн үнэлгээний тайлан (хх-ийн 87 дугаар хуудас);

17. Хюндай Соната 7 маркийн **** УБТ улсын дугаартай автомашины 62.0 м ба 50.2 м урттай хос мөрийн уртаар тухайн тээврийн хэрэгслийн бодит биш бага хурдыг тодорхойлох боломжгой, 100.1 км/цаг байна” гэсэн Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай дүгнэлт (хэргийн 93 дугаар хуудас),

18. Шүүгдэгч Г.М-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 171 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 170 дугаар хуудас), жолоочийн лавлагаа (хх-ийн 172 дугаар хуудас), шүүгдэгч А.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 162 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 161 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа (хх-ийн 164 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч С.С-ийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна. Тиймээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С-д 8,165,058 төгрөгийн хохирол учирсан нь баримтуудаар нотлогдож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирлын 19 хуудас баримтыг шинээр гаргаж өгсөн. Шүүгдэгч нарын аль алиных нь буруутай үйлдлээс болж гэмт хэрэг, хохирол төлбөр гарсан учраас С-ийн нөхөрт ногдох хэсгийг хасаж шүүгдэгч А-ээс хохиролд 2,082,529 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүгдэгч А нь хохирол төлөхөө илэрхийлж байна. Тиймээс хохирлыг гаргуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн Г.М-ий өмгөөлөгч Ж.Хандсүрэн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М нь гэр бүлийн хэрэгцээний машиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно/, 12.4 дүгээр зүйлийг зөрчсөнөөс А-ийн Ланд крүйзер маркийн **** улсын дугаартай машинтай мөргөлдөж 2 хүний биед хүнд хохирол, 1 хүний биед хүндэвтэр хохирол, 1 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. М өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өмгөөлөгчийн хувьд М-ийг гэм буруутайд тооцож байна. Гэм буруугийн асуудалд маргахгүй. Уг гэмт хэрэгт хоёр талын буруутай үйлдэл байна. Хохирлын хувьд тун ойлгомжгүй байна. М нь 400,000-500,000 төгрөгийн хохирлын баримтыг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Бусад баримтуудаа бүрдүүлж чадаагүй. Гэр бүлийн хоёр нэг дор гэмтсэн учраас хоёулаа хагалгаанд орсон. М машины үнэлгээг хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь М-ий эхнэр болон өөрөө хүнд гэмтэлтэй. Хоёр бага насны хүүхэдтэй, банкныхаа лизинг төлж чадахгүй асуудлууд байгаа. Хохирогч болон М-ий хохирлын асуудал давхацдаг тохиолдол бий. Цалингийн зөрүүг би бодохгүй шүүхийн эрх хэмжээний асуудал. Хохиролд нийт 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний журмаар нэхэмжлэх боломжтой талаас нь бодож байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирлын хувьд тодорхой хэлэх саналгүй...” гэв.

Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч С.Санжаажамц гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байна. Хохирогч С-д 2,082,000 төгрөгийг өгнө. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилбэл 50 хувьд оногдох хэмжээгээ мөн төлөхөө илэрхийлж байна. Машины 5,490,000 төгрөгийг хувилаад 2,245,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж өмгөөлөгчийн хувьд ойлгож байна. 2,245,000 төгрөгийг нэхэмжлэх байсан 14,190,000 төгрөгөөс хасаж М-д төлөх хүсэлтэй байна. М-ний эрүүл мэндийн баримттай хохирлыг өгнө. Цаашид гарах хохирлыг өөрт ногдох хувь хэмжээгээр төлж барагдуулна...” гэв.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бүр нь гэмт хэрэгт тооцогдохгүй. Тодруулбал, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй бол уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй.

Эрүүгийн эрх зүйд гэмт хэргийн шинжийг тодорхойлоход чухал шалгуур болгон авч үздэг шалтгаант холбоо гэдэг нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон үр дагавар хоёрын хооронд буй болсон дотоод мөн чанарын харилцан хамаарлыг хэлэх бөгөөд үүнийг гэмт хэргийн хохирол, хор уршиг нь тодорхой ямар үйлдлийн улмаас шууд шалтгаалсан болохыг логик оюун дүгнэлтээр тодорхойлдог.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч А.А, Г.М нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдийн аль нь гэмт хэргийн шалтгаан болсон бэ гэдгийг дүгнэж үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-д “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад шүүгдэгч А.А-ийг дээр дурдсан дүрмийн заалтыг зөрчиж хөдөлгөөн эхлүүлж буйг (**** УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг) шүүгдэгч Г.М, хохирогч С.С нар хэн аль нь харсан талаараа мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Г.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасанчлан зогсоох арга хэмжээ авсан буюу тоормос гишгэсэн боловч тээврийн хэрэгслийн хурд бүрэн хасагдалгүй, урдаа байгаа аюул саад болох УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Техникийн шинжээч шүүгдэгч Г.М-ий жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг хоёр биетийн мөргөлдөх үеийн энерги, бодит жинг тооцолгүйгээр зөвхөн тоормосны мөрийг үндэслэн тусгай томьёогоор бодит хурд биш, харин байж болох хамгийн бага хурдыг тооцож тогтоосон байх бөгөөд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөх хүртэлх тоормосны мөрөөр тооцсон хурд нь 100 км цаг байхад, хэргийн газрын үзлэгийн зурагт авагдсанчлан мөргөлдсөний дараах тээврийн хэрэгслүүдийн байрлал, эвдрэлээс үзвэл дээр дурдсан томьёоны тооцоололд ороогүй энерги нь их хэмжээтэй байсан болох нь илэрхий байна. Иймд шүүх шүүгдэгч Г.М-ийг тээврийн хэрэгслээ суурин газарт 100 км цагаас дээш хурдтай жолоодож явсан гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.М нь суурин газарт, шөнийн 03 цагийн үед 100 км цагаас дээш хурдтайгаар тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км цагаас хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл болохын сацуу мөн дүрмийн 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж заасныг давхар зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Жолооч суурин газарт, шөнийн цагаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хурдны дээд хязгаар болох 60 км цаг гэлтгүй түүнээс бага хурдыг сонгож явах учиртай. Харин шүүгдэгч Г.М тээврийн хэрэгслээ 100 км цагаас дээш хурдтай жолоодож явсан нь энэ гэмт хэргийн шууд шалтгаан болсон гэж үзэх бүрэн үндэстэй. Хэрэв тэрээр дээрх хурдны заалтуудыг зөрчөөгүй байсан бол хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авснаар тээврийн хэрэгслээ зогсоох бүрэн бололцоотой байхын зэрэгцээ энэ гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой байсан хэмээн шүүх гэмт хэргийн шалтгаант холбоог дүгнэв.

Нөгөөтээгүүр, шүүгдэгч Г.М-ий жолоодож явсан тээврийн хэрэгслийн тоормосны мөрөөр хурдны хэмжээг тогтооход 100 км цагийн хурд тодорхойлогдож байгаагаас үзвэл тэрээр 60 км цаг болон түүнээс доош хурдтай явж байсан бол илүү богино зайд буюу хөдөлгөөн эхлүүлж буй тээврийн хэрэгслийг мөргөлгүй зогсох бүрэн боломжтой байсныг харуулж байна.

Шүүгдэгч А.А нь хөдөлгөөнөө дөнгөж эхлүүлж байсан байх бөгөөд түүний замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь аюулын хэр хэмжээний хувьд суурин газарт, шөнийн цагаар 100 км цагаас дээш хурдтай явж байсан үйлдлээс илтэд бага бөгөөд хэрэв шүүгдэгч Г.М дүрмийн дагуу хурдаа сонгож явсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан нөхцөл байдалд үндэслэн шүүх Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Г.М Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “Согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн нь гэмт хэргийн үндсэн шинж болохгүй бөгөөд энэ нөхцөл байдал нь зөвхөн гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болно.

Үүнийг дэлгэрүүлэн авч үзвэл, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон боловч зорчин явах дүрмийн заалтыг зөрчөөгүй, харин өөр жолоочийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан бол согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг бус, хэрэг гарах шалтгаан болсон буюу зорчин явах дүрмийн заалт зөрчсөн жолоочийг буруутай гэж үзнэ. Энэ нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл бүр хохирол, хор уршгийн шалтгаан болдоггүй, гэмт хэргийн шинжийг хангадаггүй гэдгийн нэгэн илэрхийлэл юм.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч Г.М согтуурсан үедээ хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой. Учир нь, согтуурсан хүний анхаарал 3 дахин суларч, самбаачлах хугацаа 4 дахин уртасдаг бөгөөд согтуурсан жолоочийн осол гаргах магадлал нь эрүүл жолоочоос 7 дахин их байдгийг судалгаагаар тогтоожээ. 

Шүүгдэгч Г.М-ий замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу жолоочийн хувьд мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б овогт Г-ын М-ийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Жолооч А.А-ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол болон түүний эд хөрөнгөд учирсан хохирлын хэр хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй, мөн шүүгдэгч Г.М-ий гэмт үйлдлийн улмаас өөрийнх нь эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул шүүгдэгч Г.М-ийг эдгээр үйлдэлд гэм буруутайд тооцохгүй.

Шүүгдэгч А.А нь шүүх хуралдаанаас өмнө сайн дурын үндсэн дээр эмчилгээний зардалд тооцон хохирогч С.С-д 2,000,000 төгрөг, хохирогч Г.Д-д 300,000 төгрөг тус тус төлсөн, мөн хохирогч С.С баримтаар 8,165,058 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж тооцон 6,165,058 төгрөг нэхэмжилсэн, мөн А.А-ийн тээврийн хэрэгсэлд 14,190,000 төгрөгийн хохирол учирсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.М-ээс  22,655,058 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч А.А-д 16,490,000 төгрөг (14,190,000+2,000,000 +300,000), хохирогч С.С-д 6,165,058 төгрөг тус тус олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.М-ий өмгөөлөгчөөс хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын талаар хохирогч, шүүгдэгч нар харилцан тохиролцсон, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хасаж тооцуулах, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргах, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Г.М-ий жолооны үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын лицензийн төвд хүргүүлэх, А.А-ийн жолооны үнэмлэхийг буцаан олгох саналтай байна. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс энэ гэмт хэрэгт хэн буруутай, хэн буруугүй болохыг шийдэж өгсөн. Шүүхийг маш үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. М-ий гэм буруугийн асуудалд маргахгүй байна. Хохирогч нараас бичиж өгсөн хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх баримтыг шүүхэд гаргаж өглөө. М-д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг болон болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байна. Мөн шүүгдэгчийн хувийн амьдралыг харгалзан үзэх хэрэгтэй. Шүүгдэгчийн эхнэр хүнд гэмтэлтэй хагалгаа хийлгэсэн, өөрөө хүнд гэмтэлтэй бөгөөд дотор эрхтэндээ хагалгаа хийлгэсэн, 2 бага насны хүүхэдтэй, амьдрал ахуй хэцүү, ажил хийдэггүй зэргийг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байгаа учраас улсын яллагчийн сонсгосон ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Иймд шүүх дээр дурдсан хэргийн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, архины хор хөнөөлийг таньж мэдүүлэх зорилгоор таван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ хэмээн дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.М 5 хоног цагдан хоригдсон, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.А-ийг цагаатгасугай.

2.Б овогт Г-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4.Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар таван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.М тав хоног цагдан хоригдсон, тэд бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.А-дийн ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгч Г.М-ний ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М, А.А нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА