Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

2020                1               7                                         2020/ДШМ/35

 

 

 

   Г.М-, А.А- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав  даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

цагаатгагдсан этгээд А.А-, түүний өмгөөлөгч С.Санжаажамц,

хохирогч С.С-,     

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1083 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Г.М-, А.А- нарт холбогдох эрүүгийн 1903006620323 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигин овгийн Г. М, .................Улаанбаатар хотод төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, завсарчин, жолооч мэргэжилтэй, “Си Эм Эм” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй боловч .........................дүүргийн 13 дугаар хороо, ............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................../; 

 

2. Бэйсийхэн овгийн А.А, ......өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ........ дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................... дүүргийн 15 дугаар хороо, .........тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;

 

А.А- нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин “Тоёота ланд криузер” маркийн 00-04 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М-ий жолоодон явсан “Хюндай Сонота-7” маркийн 94-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М-, зорчигч С.С- нарын эрүүл мэндэд хүнд, Г.Даваагивийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Г.М-ий эд хөрөнгөд 5.490.000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.М- нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны шөнийн 03 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монос” эмийн үйлдвэрийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин 1.36 хувийн согтолттой үедээ “Хюндай Соната-7” маркийн 94-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин хурд хэтрүүлэн явсны улмаас А.А- жолоочтой “Тоёота ланд криузер” маркийн 00-04 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч С.С-ийн эрүүл мэндэд хүнд, Г.Даваагиваагийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн, жолооч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, А.А-ийн эд хөрөнгөд 14.190.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, Г.М-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.А-эд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 5 сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.М- нь 5 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.А-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.А-ийн 505811 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгч Г.М-ий 740785 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүгдэгч А.А- нь “Тоёота ланд криузер” маркийн 00-04 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Г.М-ий жолоодож явсан “Хюндай Соната-7” маркийн 94-48 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч Г.М-, зорчигч С.С- нарын эрүүл мэндэд хүнд, бусдын эд хөрөнгөд 5.490.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байдаг.

 

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч А.А-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-т “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар мэдүүлсэн байх ба А.А- нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн байхад түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Шүүгдэгч Г.М- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

            Шүүгдэгч Г.М-ий өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Техникийн шинжээчээс хохирогч, шүүгдэгч нарыг хоёуланг нь буруутай гэж үзсэн учраас прокурор албан үүргийнхээ дагуу эсэргүүцэл бичсэн шэж үзэж байна. Хэргийн хувьд Г.М-д холбогдох хэсгийг үнэн зөв шийдсэн тул гомдол саналгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд А.А- тус шүүх хуралдаанд “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд А.А-ийн өмгөөлөгч С.Санжаажамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээсэн хүн болгонд ял оногдуулах ёстой гэсэн асуудал байхгүй. Зам тээврийн ослын буруутай этгээдийг шүүх хэлэлцэж байж шийдвэрлэнэ. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Жолооч согтуугаар хурд хэтрүүлж мөргөлдсөн ба мөргөлдөхөөс өмнөх хамгийн доод хурд нь 111 км/цаг байсан. Мөргөлдсөний дараа “Хюндай Соната-7”маркийн автомашин эвдэрч, шатсан байдаг нь мөн хохирогчийн гэм буруутайг харуулж байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

            Хохирогч С.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ямар ч хуулийн мэдлэггүй. Би “Тоёота ланд криузер” маркийн автомашин унаад урсгал сөрөөд явж байхад ямар ч гэм буруугүй байж болдог юм байна гэж ойлгож байна. Хэрэв нөхөр маань гэм буруутай болж, ял оногдуулвал бидэнд илүү хүнд нөхцөл байдал үүснэ гэж үзсэнээс болж гомдол гаргаагүй, шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.М-, А.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Шүүгдэгч А.А- нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа “хөдөлгөөн эхлүүлэхдээ бусдад зам тавьж өгөх” тухай Замын хөдөлгөөний дүрмийн 10.2-т заасныг, шүүгдэгч Г.М- нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хурдны дээд хязгаарыг хэтрүүлэх”-ийг тус тус хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.4-т тус тус заасныг зөрчсөний улмаас мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол, бусдын эд хөрөнгөд эдийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас А.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Г.М-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд, 

“А.А- нь хөдөлгөөнөө дөнгөж эхлүүлж байсан байх бөгөөд түүний замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь аюулын хэр хэмжээний хувьд суурин газарт, шөнийн цагаар 100 км/цагаас дээш хурдтай явж байсан үйлдлээс илтэд бага бөгөөд хэрэв шүүгдэгч Г.М- нь дүрмийн дагуу хурдаа сонгож явсан бол энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан нөхцөл байдалд үндэслэн ...А.А-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад ““дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ”, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ““шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна.  

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар жолооч А.А-ийн хөдөлгөөнөө эхлэхдээ бусдад зам тавьж өгөлгүй шууд зам руу нэвтрэн орж, уг замаар шулуун чиглэлд чигээрээ явж байсан Г.М-ий жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн буруутай үйлдлийн улмаас уг осол гарсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, “А.А- нь Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.2 дахь заалт “жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө”, 2 дугаар хавсралтын 1.4 дэх заалт “1.1-1.3, 1.15.а-1.15.в тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэснийг зөрчсөнийг тогтоосон Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 275 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон байхад түүний үйлдлийг ”илтэд бага”, “замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл бүр хохирол, хор уршгийн шалтгаан болдоггүй, гэмт хэргийн шинжийг хангадаггүй гэдгийн илэрхийлэл юм”, “хэрэв тэрээр /Г.М-/ дээрх хурдны заалтуудыг зөрчөөгүй бол хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ авснаар тээврийн хэрэгслээ зогсоох бүрэн бололцоотой байхын зэрэгцээ энэ гэмт хэрэг гарахгүй байх бүрэн боломжтой байсан хэмээн шүүх гэмт хэргийн шалтгаант холбоог дүгнэв” гэх зэргээр дүгнэсэн нь ойлгомжгүй, хуульд нийцэхгүй байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэг талаас шүүгдэгч А.А-ийн бусад оролцогчдод зам тавьж өгөөгүй буруутай үйлдэл, нөгөө талаас шүүгдэгч Г.М-ий согтуугаар, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлж явсан хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан гэж үзэхээр байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, өрөөсгөл дүгнэлтдээ хэт автаж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын хэнийх нь илүү буруутай үйлдлийн улмаас осол гарсан талаар дүгнэж, тэдний гэм буруугийн хэр хэмжээг тогтоох нь зүйтэй.  

 

Иймд “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1083 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М-, А.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ